Хэлж амжаагүй үгс

Жинхэнэ талархал бол тодорхой нэг хүнд биш амьдралд, амьд яваадаа баярлах сэтгэлийн угийн баяр баясгалан юм гэнэ лээ. “Намайг төрүүлээд өгөөч гэж би гуйгаагүй” гэх мэт тэнэглэлийг дайрч өнгөрөөгүй хүн ховор, гэвч эрт орой хэзээ боловч энэ буртгаас ариусч, өөртөө тохиолдсон бүхний төлөө талархаж сурдаг. “Хохирогсдын” гэж нэрлэж болмоор өнөөдрийн нийгэмд аз жаргал өөрт нь заавал ногдох ёстой гэж тооцдог хүмүүс үржиж, жаргалгүй байгаагийнхаа хохирлыг барагдуулж өгөхийг шаардацгаах болж.

Хувь заяа өөрөөс нь бусдыг л арай илүү эрхлүүлээд байгаа мэт гомдоллогсод
зовлонгоос салгах ямар нэг арга зам заавал байгаа гэж сохроор найддаг.

Салан бутарсан, нэгдэл нягтралгүй манай нийгэмд өөрийнхөө хар толгойг хариуцах нь ямар хэцүү болохыг, харин шоовдорлогдон, ёроол руу нисэх ямар амархан болохыг би мэднэ. Гэлээ ч гэсэн одоо байгаагаасаа илүү жаргах ёстой байсан гэдэг мухар итгэлээс болж, амьдралын өгч байгаад талархах чадвараа бид гээсээр хувь тавиландаа сэтгэл дүүрэн байгаа нэгнийгээ бараг л сул дорой, тэмцэх чадваргүй, ичмээр амьтан гэж үзэхдээ тулж байна. Санамсаргүй тохиолдол, урьдчилан тооцоолж чадаагүй зүйлээсээ таашаал эдлэх нь талархлын эхлэл байдаг.

Амьдрал гэдэг үнэн хэрэгтээ хүсэл мөрөөдөл, тэдгээрийн биелэлтээс биш харин бидний хүлээлт, бодит үйл явдлуудын зөрсөн өнцгүүдээс тогтдог. Миний өгч байгаа, авч байгаа, миний хүсэл зориг, нөгөө хүний тусгалаас дандаа зөрдөг. Бидний зориулалт бол, үүнийг яг байгаагаар нь хүлээн аваад, үүнтэйгээ амьдрах явдал! “Ямар ч хохиролгүй хувилбар” гэж хэзээ ч байдаггүй.

Үг нь их байх тусмаа бид өөрсдөө багасчихдаг, чанга сүржин ёсорхолгүйгээр сэтгэлээ илчлэх нь хэцүү, гэвч хүний давж чадахгүй бартаа гэж байдаггүй. Сайхан үг, магтаал, бэлэг, сэтгэлийн илэрхийлэл гэнэтийн байх тусмаа бид өөрсдийгөө илүү эмзэг, хамгаалалтгүй, дорой, нөгөө хүнээс хамааралтайгаар мэдэрч байдаг. Тайван байж, хөнгөн зөөлнөөр тэр хүний илгээлтэд хариу барьж, “Ялангуяа, танаас үүнийг сонсох (хүлээн авах) сайхан байна” гээд хэлээд сурчихвал ч. Өөрийн үнэлэмж төсөөлөл маань бусадтай харилцах явцад тэднээр дамжиж бүрэлдсээр, “Би ийм юм авалгүй яах вэ. Харин энэ ч надад ахдаж байна” гэх мэт бодлууд тархинд маань бат суусан байдаг.

Тиймээс л бодсоноосоо илүүг авах үедээ өөрсдийнхөө тухай төсөөллийн хөтөлбөртөө засвар хийхдээ бид хэзээд бэлэн биш байдаг. “Өө, би ингэнэ чинээ санасангүй”, “Ийм их анхаарал татах юм гэж бодсонгүй” гэх зэргээр гайхсан, тэвдсэнээ илэрхийлж, яг энэ мөчид юу мэдэрч байгаагаа нөгөө хүнтэйгээ хуваалцвал бидний хооронд болж өнгөрсөн явдал хоёуланд маань үнэ цэнэтэй болохсон. Бид дандаа ичимтгий, хаалттай, шийдмэг бус, яаруу байдгаасаа болж хэрэгтэй үед нь хэрэгтэй үгсээ сонгон хэлж амжилгүй хойшлуулсаар бидний төлөө санаснаас минь илүүг хийсэн хүмүүсийг мартаж орхих юм даа.

“Үл гүйцэлдэх хэт эрэлтээр боомилох орчин үеийн нийгмийн, бүхнийг идэж байгаа өмөн үү шиг материализмын дунд талархал л биднийг аварна” гэж Майкл Маккалохын хэлснийг би бүрэн ойлгохгүй байгаа ч олон улсын “Баярлалаа”-гийн өдөр нэгдүгээр сарын 11-нд юу хийснээ эргэн санав. Хэзээ ч засрахгүй адайр аашныхаа гайгаар тарьсан хэргийнхээ төлөө уучлал гуйсан, ам нээсэн дээрээ уушиг нээж орхисон, харин уушигныхаа араас хэлээ харуулчихсан.

Яагаад үнэнийг хэлэхэд хэцүү байдаг вэ? Тамхины гал асаагаад өгсөн хүнд “Баярлалаа” гэдэг үг өөрөө л амнаас үсрэн гараад наалдчихна. Харин тэр хүн сэтгэлд минь гал ноцоож, тэр галд нь би дулаацаж, уяран хайлсныхаа төлөө сэтгэлээ нээж, “Баярлалаа” гэх гэвэл нөгөө дуртай үг чинь улаан хоолойн махнаас зүүгдчихээд ам давахгүй л гэж мэд. Яагаад? Бүү мэд.

Их сургуулийн багш нэгэн цэмцгэр цэгцтэй хүнээс, дипломын номзүйг сонгоход тусалсанд нь талархал илэрхийлээгүйг минь сануулахыг сонсох ямар гутамшигтай байсан гээч. Тэр хүн ямар ч бэлэг сэлт, биет талархлыг хүсээгүй, нөгөө л аядуу дуугаараа “Энэ чинь эелдэг биш шүү дээ” гэхэд нь би ууршаад алга болохыг л хүсч байсан.

Тэр цагаас хойш би баярласнаа илэрхийлэхийг хичээх болсон, гэхдээ үргэлж бүтэлтэй биш.

“Би найзууддаа лав, баярлалаа гэж ерөөсөө хэлдэггүй, тэд маань тэртэй тэргүй хайртайг минь мэдэх юм чинь” гэх Оюунаагийн үгийг сонсч суухдаа экс залуудаа төрсөн өдрөөр нь мессэж илгээснээ эргэн саналаа. Зөвхөн бид хоёрт л ойлгомжтой үгсийг ашиглан, энхрий дотно илгээмж явуулсныхаа хариуд хагас өдрийн дараа “брлаа”-г авснаа. Мэдээж, гомдмоор л байсан.

“bayar”,“brla”, “brll”, “tnx”-ын оронд зүгээр л амаа хамхисан нь хавьгүй дээр байхсан. Хэн нэгэнд зарим үгсийг хэлэх нь бүү хэл, бичих нь хэцүү байдаг бол заримынх нь аманд орсон тэр үг жинхэнэ халуун сэтгэлээс аль эрт холбоогоо тасалчихсан байдаг. “Тийм ээ, би юм худалдан аваад баярлалаа гээд инерциэрээ л хэлчихдэг. Харин амьд яваагийнхаа төлөө ээждээ хичнээн их баярлаж явдгаа хэлэхдээ энэ үгийг хэзээ ч хэрэглэдэггүй, илүү ач холбогдолтой, нандин үгнүүдийг сонгохыг хичээдэг. Иймэрхүү тохиолдолд ганцхан “баярлалаа” дэндүү жингүй санагдана” гэх үгсийг та сонсож л байсан байж таарна.

Би найзуудтайгаа уулзаад харих замдаа хэн хэнд сэтгэлийн үгээ хэлэх ёстойгоо тунгааж явав. “Бэлтгэл” хийж, нөхөртөө хэлсэн үгнийхээ хариуд санаснаасаа хавьгүй илүүг сонссон би дотроо өөрийн Бурхандаа бас талархсан. Зарчмын хувьд гэвэл надад байсан бусад эрчүүдэд ч гэсэн би баярлах л ёстой. Тус тусдаа тэд намайг юунд ч юм сургаж, хатуужуулж, зөөлрүүлж, хатааж, норгосон. Нэг нь надад хөлдүү байхын гайхамшгийг үзүүлж, мөнх цэвдгийг ч хайлуулах их хүчийг надаас нээсэн бол нөгөөдөх нь намайг байранд нь тавьж, “үг бол мөнгө, дуугүй байх нь алт” гэдэгт сургасан.

Надад ухаангүй хайртай байсан өөр нэг залуугийн ачаар би хэрэгтэй үгсийг хэрэгтэй цагт нь хэлж сурсныхаа оронд өөр нэг дэндүү сайхан, дэндүү өөдгүй мачод унан тусан дурлаж байж өөрийгөө хайрлахын ач тусыг ойлгосон юм даа. Харамсалтай нь, зүгээр л царай царайгаа харалцаж, цай уунгаа хуучилъя гэдгийг минь эрэгтэй хүн бүр яагаад ч юм, бүхнийг шинээр эхлэх санал гэж хүлээн авдаг нь хяслантай учраас Дэлхий нийтийн талархлын өдөр есдүгээр сарын 21-нийг л хүлээхээс. Нөгөө хүндээ сайхан үг хэлэх далимдаа хэт гүн утга, үл ойлголцлоос бултах бузгай сайн өдөр.

Ялимгүй хэтийдсэн уянгын халилдаа жигүүрлэсэн би жагсаалтынхаа дагуу утас цохиж эхлээд хагас цаг ч болоогүй байхдаа (уул нь бүтэн сарыг төлөвлөсөн юмсан)өөрийгөө шоолон элгээ хөшөөв. Үнэн хэрэгтээ, бүх юм дэндүү тэнэг юм. Залгасан нэг хүн маань, дуугаар нь таамаглавал, хүүхдүүдтэйгээ болон нохойтойгоо учраа олох гэж оролдох завсраа, “За, за, чамд ч гэсэн баярлалаа. Дараа уулзахдаа юунд баярлаад байгаагаа яриарай” гэх маягийн юм хашгичаад өнгөрөв. Надад туйлын хүнд байсан үед тэр надтай цаг гарган сууж, эцэс төгсгөлгүй гомдол гонгиноог минь сонсдог байсан юм л даа.

Амьдралын их шунал, тэмүүлэл, гандан буурахгүй хөгжил хөөрөөрөө нэгэн цагт сэтгэлийн хөлгийн далбааг минь төдийгүй амьдралын онгоцыг минь хөөргөж байсан дараагийн залууд юу ч уугаагүй гэдгээ батлах гээд барсангүй. Тэгсгээд миний тэсгэл алдарч, дотроо талархлын “бясалгал” хийсэн нь дээр юм байна гэж шийдэхэд хүрэв.

Цагаа олсон эсэхээс их юм шалтгаалдаг болохоор нөгөө хүн маань сэтгэлийн нээлтийг минь хүлээн авахад бэлэн байгаа, үгүйг бодолцох хэрэгтэй юм байна л даа. Тэгээд бодоод байх нь ээ, бас өөртөө ч гэсэн талархахад суралцах ёстой юм шиг. Бид хааяа өөрийгөө магтдаг ч талархлын үгийг цөөхөн хэлдэг юм биш үү? Жагсаалтдаа би нэрээ нэмж бичээд, дахин дахин, шинэ шинэ нэрийг нэмэхийн тулд, тэр нэрс маань Осип Мандельштамын олон жилийн тэртээ тавьсан,

“АМЬСГАЛАХ, АМЬДРАХ НАМУУХАН ЖАРГАЛЫН ТӨЛӨӨ

АЯА, БИ ХЭНД ТАЛАРХАХ ЁСТОЙ ВЭ?” асуултад хариулахад минь тус болоосой гэсэндээ дэвтрээ гар дороо тавилаа.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !