Ханьдаа

Би чамдаа хязгааргүй их өртэй. Унах үед дээгүүр минь харайгаад хаяж одоогүйд. Урагшлах үед урдаас татаж, араас түлхэж, аахилж явсанд. Тохиолдсон бүхнийг хуваалцаж, өрөвдөж намайг өршөөж, өргөж хөөргөж, нөгөө нэг “чихэртэй давстай дарсыг хувааж залгилж байсанд”. Заримдаа хүүхэд гэдгийн мэдрэмж, “Эрхлэх хүнтэй би” гэх өег сэтгэлээр зүрхэнд хүртэл бялууруулдагт. Заримдаа өмөг тэнгэр болох ёстойг минь толгойд зоож, өмөөрлийн далай гэдгийг минь мэдрүүлдэгт би чамдаа баярлаж явдаг. Бас үг, тэгээд зовлонг даах чадварыг надад өгсөнд талархаж байна, чамдаа.

Чихнийхээ хажуугаар өнгөрөөж чадаагүй үгсийн өргөсийг ёо гэлгүйгээр зүрхнээсээ түүж чаддаг болсон минь чиний л гавъяа, миний хонгор оо. Байгаадаа ханаж, байхгүйгээ мартаж, жонхууг фуа-гра гэж, харин тирамисуг туйпуу гэж өөртөө итгүүлдэг болсон ховсчны авъяасаа би чамгүйгээр нээхгүй байсан. Чи минь байгаагүй бол би амьдралаа бутархай мөнгө шиг цацаж, дэлхийг эргүүлэх тулах цэгийг олно гэсээр өөрийгөө харандаа үзүүрлэх мэт л дуусгах байсан. Харин чи минь байсан болохоор би “Яагаад…” гэдгийг өөрөөсөө, номноос, бясалгалаас, Бурханаас асуусаар гүн ухаантан болсон.

Чинийхээ ачаар л би хатуужиж, шархтсан шувууны гасланг тэсвэрлэн, тайруулсан
далавчны дээр нулимс дуслан хорсгоход өрвөс гэлгүй сууж чаддаг болсон.

Хэрвээ чи минь надад амьдралын гүнийг нээгээгүйсэн бол “Би дахин төрмөөргүй байна” гэхийнхээ оронд сансарын хүрдэнд өөрийгөө хэзээ ч сулрахгүйгээр уях байсан биз. Ер нь чи минь л намайг Бурхан болгосон. Чи намайг бурханчлан шүтдэг. Зөвхөн Бурханаас л хүсч болох зүйлийг надаас хүлээдэг. Бурханы тэвчээр, Бурханы хайр нигүүлслийг чи л надаас нээсэн. Өөрийг нь цовдолж байгаа хүнийг энэрэх сэтгэл гэж юу байдгийг, нэг хацраа алгадуулаад нөгөө хацраа тавьж өгөхийн эр зориг гэж ямар болохыг чамгүйгээр би мэдэх байсан гэж үү, хайрын бурхан минь. Чи бас миний чөтгөрийг сэрээсэн.

Өөрийнхөө ямар өөдгүй амьтан болохоо би чамаас олж харсан. Зүүрмэглэж байсныг нь тааварлаж ч зүрхлээгүй шунал, урвалт, заль мэх, адгийн бэртэгчин авир, тэрийгээ нуух бүр ч аймаар араншингуудаар би хэзээний туршлагатай циркчин шиг л хээвнэг тоглож чадахаа чиний хажууд л мэдсэн. Ямар олон нүүртэйг минь, ямар их нүгэлтэйг минь чи намайг тэврэн үнсэх болгондоо сануулдаг.

Дотор минь оршиж, орчилдон тэмцэлдэж байдаг тэр олон хүмүүсийн дундаас жинхэнэ төрхийг минь зааж, жинхэнэ “БИ”-гийн дууг сонсгосон, үйлийн үрээр зангилагдсан энэ амьдралынхаа эрчлээсээр нэгэн цул болтлоо хоёр биедээ нийлэн ургасан миний хань, миний салаа амь. Би чамд хязгааргүй их өртэй.

МИНИЙ ХАМГИЙН АУГАА “БАЯРЛАЛАА”,                                                                         
МИНИЙ ҮҮРДИЙН “ХЭЗЭЭ Ч…” МИНЬ ДЭЭ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !