Хаалга цонх хоёр

Эцсийн шатандаа орсон хоёр өвчтөнийг эмнэлгийн тасагт оруулаад нэгийг нь цонхны дэргэд, нөгөөг нь хаалга руу харсан орон дээр хэвтүүлж дээ. Хоёр нэг хоногоос дуугарахтайгаа болсон үүдний өвчтөн  “За чи, цонхоор юу харагдаж байна, нүдэнд үзэгдэж гарт баригдтал хэлээд байгаарай“ гэснээр нөгөө нь “цонх” хэмээх бяцхан цоорхойгоор цухуйсан бүхнийг тоочин хэлэх болжээ. Тэнгэрт нүүх үүлс, нар, модод, шувууд, эсрэг талын цэцэг хуар шиг өнгөлөг байшингийн харалдаа цонхны хөшиг… гээд л.

Хүч нэмэхийн хэрээр хүсэл өсдөг хойно.

Хаалган талын өвчтөн “Хн, миний азгүй гэдэг нь. Цонхны хажууд байсан бол энэ бүхнийг нүдээрээ харж байхгүй юу. Энэ нэг юм бүүр, би л илүү харж байна гэсэн шиг гайхуулж ирээд л ярихыг яана. Сүүлдээ дэндээд, гуйгаагүй байхад, өөрөө яриа өдөөд л, харж байгаагаараа дээрэлхээд ч байгаа юм шиг. Хараа ч гэж бүргэдийнх бололтой, муу хуухайг” гэж атаархалдаа бөглөрөн дуугарч ядах болов.

Гэсэн ч цонхны дэргэдхээр нүд хийж,  урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй юм шигээр ертөнцийг дотроо зуран, амьдралыг амталж байгаадаа өөрийн мэдэлгүй баясч байв. Нэгэн үүрээр “цонх” гэнэт ханиалгаж эхэлснээ бүр зогсч чадахгүй хахаж цацав. “Үүд”–ний яг хажууд сувилагч дуудах хонх байсан ч, яагаад ч юм “хуруу” хөдөлсөнгүй. Ханиалга хамаг биеийг сэгсчих мэт болсноо тагларан, ямар ч тэнхээгүй болсон зовлогоны эцсийн хийг шахан ганц нэг түлхчихээд  салхивчаар доогтойхон гараад явчихыг “үүд” ар дагзаараа мэдрэн, тэр чигээрээ нэгэн том чих болчихсон шиг амьсгаагүй шахуу хэвтэж байв.

Тэр муу хүн биш. Тэр хэзээ ч муу юм хийж байгаагүй. Сая ч гэсэн. Хонх дарчихаач гэж хэн ч түүнд хэлээгүй. “Цонх” хонхоор хэн нэгнийг сэрээе гээгүй ч юм бил үү. Өглөө нь сувилагч нөгөө орыг гаргахад  “хаалга” цонхны чанх дэргэд орыг нь тавиад өгөөч гэжээ.

Цээжийг нь өндийлгөсөн хэвтэртээ додигор сууж асан “үүд”,
Үгүй энэ чинь … гэснээ үгээ залгичихав.

Ганц ч цонхгүй гөлгөр саарал хана хоёр байшингийн хоорондох агаараас бусдыг халхлан зэвүүн гэдэг нь цэхийн дүнсийж байлаа. Ороо яаж ч босгоод энэ дүлий бетонон хананаас өөр юу ч  харагдахгүй юм байна шүү дээ. Нөгөө хүн яагаад … гэвэл сувилагч “Тэр чинь таг сохор байсан юм” гэжээ.

Ойн мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай, сохор атлаа худлаа ярьдаг, гажиг “муу” хүн байдаг. Хуруугаа хөдөлгөдөггүй  ч хорхойд хоргүй  “сайн” хүн бүр ч олон байдаг. Энэ бол хүний хорвоо. Хорвоо үргэлж ийм байна. Өөрчлөх ганцхан зам бий. Өөрөө хорвоогоос гэтлэх…

                       2012.04.09

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !