Ганцхан 7 хоног

Ээжүүд бидний амьдралын маш чухал хэдэн хоног бол 4 дүгээр сарын 8-аас 14 байгаа юм. Ханш нээсний дараах, зарим жилүүдэд ханшийн өмнө тохиодог энэ өдрүүдэд амьдралын зохиол маань хүчтэй идэвхжиж, бидэнд олон олон мэдээлэл дохиоллуудыг өгдөг юм. Та нар минь ганцхан энэ 7 хоногт өөртөө жаахан цаг гаргаад хэдхээн зүйлийг хийгээд үзээрэй гэж хэлмээр байна.

  1. Энэ өдрүүдэд болж буй үйл явдлууд, ялангуяа сэтгэл хямраасан, бүтэлгүйтсэн, хуучин дурсамж шархыг хөндсөн зүйлсийг анзааран бүртгэж, чадвал бичиж аваад байгаарай. Эдгээр зүйлс бол бидний хамгийн их мартахыг, зугтахыг хүсдэг, тэгсэн мөртлөө бидний заавал учрыг нь олох ёстой, өөр хэн ч биш, гагцхүү бид өөрсдөө л “улаан гараараа” хийхээс өөр аргагүй тэр зүйлс байдаг юм. Тэр учралтай холбоотой хүмүүс бол биднийг урагшлуулах, ухааруулах, магадгүй, өвтгөж, “ташуурдаад” ч хамаагүй хөдөлгөгч хүч юм шүү.
  2. Гарцгүй мэт санагдах хүнд байдлаас гарах тулах цэгээ олж хараарай. “Газар унасан бол газраа тулан босно” гэдэг дээ.Таныг хамгийн их зовоож байгаа асуудалд л таныг өндийлгөх асар их нөөц байдаг.

    Харамсалтай нь, олонх маань одоо шинжлэх ухаан, техникийн буянаар хэдэн товчлуур дарахаас өөр юм хийхгүй шахуу үйлдэлтэй л болчихоод байна. Таны гүнд унтаж буй тэр боломжуудыг та өөрөө л анзаарга, ажиглалт, задлан шинжлэх, дүгнэн шийдэх замаар нээх болохоос ямар ч мэргэжилтэн, мэргэч төлөгч, аан бас ямар ч гүүгл википедиа нь хэлээд өгөхгүй юм.

    Орчлон хорвоо яаж ч хөгжөөд, хүн яаж ч супер болсон бай, зөвхөн энэ зүйл л таны заавал хийх цорын ганц зүйл болон үлдэж тун болзошгүй. Яваандаа секс ч байхгүй болно, хүүхдийг өөрсдөө төрүүлэхгүй, идэж уухгүй ч болно. Харин та жинхэнэ аз жаргалтай л байя гэж байгаа бол дотоод руугаа өөрөө л ханцуй шамлан орох ёстой болно. Бидний сүүдэртэй тал, зовлон, асуудал гэж нэрлээд байгаа тэр л газар бол тулж босох цэг маань хүлээн буй.

  3. Ирэх жилийн энэ 7 хоног хүртэл хийж амжуулах зүйлсийнхээ мастер төлөвлөгөөг гаргаарай. Бүтэн жилийн стратеги бодлого, өдөр тутмын тактикаа боловсруул. Жишээ нь, миний хөндүүр асуудал хүүхдүүдтэй харилцаа юм байна гэдгийг би олж харлаа гэж бодъё. Тэгвэл би энэ жилийн турш тэдэнтэйгээ харилцаагаа сайжруулж, чадвал шал өөр, чин сэтгэлийн дотносолд аваачъя. Тэгэхийн тулд тэднийг байх суух газаргүй болгоод, өөрөөсөө холдуулаад байгаа Гахай ээжийн дүрээсээ гаръя, бас ингэхийн тулд өдөр бүр уйгагүй хичээе, түүний тулд … гээд л явна даа. Танд та өөрөө хангалттай байж болно. Яахаа мэдэхгүй бол яг энэ жишээ татсан дээрх тохиолдлын хувьд бол амьдралын зохиолоо оношлох, өөрийгөө бүрэн “скандах”, тэр зохиолоос гарах аргаа тодорхойлох ёстой болно. Хэрэв таны хүч хангалтгүй байгаа бол мэргэжилтнүүдэд хандахаас аргагүй. 10 жил, 20 жил, бүр 30 жил нэг л юмаа яриад гомдоллоод явах мөртлөө тэр байдлаас гарах, амьдралаа өөрчлөхийн тулд гонгинохоос өөр юу ч хийдэггүй хүмүүсийг би нэлээн мэднэ. Та нартай тийм хүмүүс учирдаггүй ч байж болно, гэхдээ тийм хүмүүс бий. Хэрэв тэд 80 насалбал 50 жилээ үүнд зарцуулна. Амьдралаа юунд зориулж хэрхэн өнгөрөөх нь хүний цэвэр хувийн хэрэг.

Гэхдээ энэ байдлыг өөрчилье гэж үнэхээр хүсч байгаа хүнд бол туслах хүн олон бий. Харин энэ байдлаасаа гарчихвал өөр хийх юмгүй болоод, энийгээ л ярьж үүгээрээ л хооллож байгаад дуусна чухам гээд шийдчихсэн хүмүүст бол өөр төрлийн этгээдүүд тусална. Мэдээж энэ 2 замын алинд нь ч жаахан зальтай, давхар ёроолтой далд санаатай “мэргэжилтнүүд” байгаа.

Өө, сэтгэлзүйчийн үйлчилгээ үнэтэй, сургалт тренинг ядаргаатай, бясалгал эсвэл оюун санааны дасгалууд аймаар цаг ордог, тэгээд ч худлаа гэж явсаар өнөөх 50 жил урсана даа. Эргээд харахад сэтгэл засалд зарцуулахаасаа хэд дахин илүү хөрөнгөөр энд тэндхийн энтертайментыг тэтгээд, өчнөөн цагаа “хамт хоол идье, нэг тийшээ оръё, шинэ дэлгүүр нээгдсэн, гоё кино…”-нд өгчихсөн л байдаг.

Тэгэхээр мөнгө байхгүй, цаг байхгүй, чадал байхгүй гэдэг бол “ХҮСЭХГҮЙ БАЙНА” л байдаг гэдгийг би өөрийн биеэр мэднэ ээ. Би ч бас яг тэдэн шиг тэгж байгаад л, ном уншаад л болчихно, хэдэн удаа бясалгалд яваад л шийдчихнэ гэж эндүүрч явсан юмаа. Амьдрал нэг л өдөр дуусчихдаггүй.

Амьдрал өдрөөс өдөрт, агшин бүрт дууссаар л байдаг.

Би нэг эргээд харахдаа энэ хайран амьдралынхаа үнэт 10 жилийг сайн дурын уран сайханд, богино хугацаанд үлгэр амласан залилан мэхлэгчдэд зарцуулснаа олж үзээд даанч их харамссан. Би одоо олон багш нартай. Өөрөө сэтгэл судлалын докторантурт суралцдаг ч би бас л хүн юм хойно, хүний хувиар сэтгэл заслын үйлчилгээ авдаг, олон шатны онлайн тренинг, нарийн мэргэшлийн эчнээ сургалтанд байнга явдаг. Ганцаараа явдаг болох хүртлээ хөтлөх хүч хэрэгтэй гэдгийг би арай л хожуу, гэхдээ ясандаа тултал ойлгосон доо.

Та нар минь миний гашуун туршлагыг бүү давтаасай гэсэндээ олон тайлбар хийлээ. Өөр өөрийнхөө боломж, дор дорынхоо асуудалд нийцүүлээд замд тань хөтлөх тэр хүчийг олж хараарай. Амьдралын номоо санал гомдлын дэвтэр болгоогүй, харин “Болор хэрхэн очир болсон бэ?” хэмээх нандин судар болгосон бол та үнэхээр гоо үзэсгэлэнтэй юм.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !