Дэндүү эрхэм энэ хэдэн өдөр

Карна гэдэг эмэгтэй тэнгэр эртний славянд байсан. Дайчдыг амь үрэгдэхэд тулааны талбарт ирдэг байсан гэх домгоор түүнийг уйлах, гашуудах, нулимсаар угаах, нас барагсдын араас хийдэг зан үйлтэй холбож ойлгох нь элбэг.

Эсвэл славян угшилтай зарим хэлэнд байдаг “кара” буюу шийтгэл, хариугаа авах, дэнслэх, шударга ёсыг тогтоох гэсэн үгээр тайлбарлах нь ч бий. Гэхдээ эдгээр санаанууд нэлээн хожуу, христийн шашны нөлөөгөөр нэмэгдэж орж ирсэн гэж үздэг. Эртний эх үндэс рүү нь хөөгөөд үзвэл Карнад маш гүн утга агуулагдсан байдаг.

Тийм ээ, хэн нэгэн ертөнцийн мөнх бусыг үзэх үед Карна ирдэг.

Зөвхөн баатруудын биш, хүн бүрийн эцсийн хормуудад тэр хажууд нь хамт байдаг гэлцдэг. Тэр хүмүүсийн яриад байгаа шиг гашуудахаар ирдэггүй юм. Карна хүний дараагийн төрлийг тодорхойлдог. Дахин төрөх, өөр биенд шилжин төрөх гэдэг утгатай инкарнаци, реинкарнаци зэрэг үгний үндэс Карнатай холбоотой. Хүн бүхэн эцэг эхээс, удам язгуураас бүр цаашлаад урьд төрлүүдээсээ дамжин ирсэн тавилантай байдаг. Энэ бол тухайн хүний хэрэгжиж болох нөөц боломж, нээж чадах эрдэнэсийн сан, хүрэх өндөрлөг, орчин үеийн хэлээр бол гүйцэтгэх төсөл гэсэн үг л дээ.

Хүн бүр амьдралынхаа турш тэр алтан боломж, хүндэт даалгаврыг эсвэл биелүүлж эсвэл анзааралгүй орхидог. Хүн бүр тэр эрчим хүчний сувгийг нээх эсвэл хаахыгаа өөрөө шийдэх бүрэн эрхтэй. Тэгээд хүний амьдрал эцсийн зогсоолдоо хүрэхийн алдад аугаа үнэний тэнгэр Карна ирдэг юм гэнэ лээ. “Тодорхой шалтгаанаар тодорхой хувь заяатай удам, ээж аавд мэндэлсан хүний үр чи атгаж төрсөн түлхүүрээрээ аз жаргалын хаалгаа нээж, араасаа үр ачаа, хойч үеэ дагуулж чадсан уу?” гэж Карна асууна.

Гэрийн маань хананд 2 цорго байдаг шиг оршихуй хүн бүрт 2 сонголт өгдөг. Нөгөө сувгийг нээвэл удмын хамаг муухай бүхэн, хараал, хэдэн төрлөөр эдлэх хар муу үйлийн аймшигт үр цутган гоожно.

Хүссэн хүсээгүй бид сохор мухраар аав ээж эмээ өвөөгийнхөө сайн муу бүгдийг дуурайсан байдаг.

Бас бид 2 түлхүүртэй төрдөг. Нөгөө түлхүүр нь удам дамжин ирсэн муу авъяас, муухай араншин, өвчин, эрт үхэл, ханийн тэнгэргүй, үрийн заяагүй байх зэрэг хатуу төөрөг. Нөхөртэй байвч жаргалгүй, үртэй байвч золгүй байхыг хэлээд байгаа юм л даа. “Нөгөө цоргоноос юу асгарч байгааг таниад, тэр урсгалыг зогсоох юу хийсэн бэ?

Нөгөө түлхүүрээр онгойлгосон дээврийн хөндийд байгаа хог новшийг цэвэрлэсэн үү, чи?” гэж Карна дараагийн асуултаа тавина. Хүн үхэхэд Карна уйлдаг. Гэхдээ зөвхөн хийж чадахаа хийгээгүй, буруу цоргоо нээж, бузар урсгалыг залгилан, өнөөх буруу түлхүүрээр нээсэн харанхуй өрөөний хогийг идэж амьдарсан хүний араас л уйлдаг.

 

 

Ийм юм хийж насаа элээсэн хүн эргээд хэн болж төрөхийг хараад уйлдаг. Карна тэр төрлийг өөрчилж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй болохоор уйлж байгаа юм. Хүн нөгөө гартаа буй алтан түлхүүрээ харах ч гүй байсаар, нөгөө цоргоны рашааныг хүртэн насаа нэмж, хүчийг олж, эрүүлжиж эдгэрэлгүй байсаар дуусахыг хараад уйлдаг даа. Карнаг зарим нь Карма гэдэг.

Тэр гагцхүү сүүлийн мөчид ирдэг юм биш ээ. Бидний төлөө бидэнд харагдалгүйгээр хавар болгон ирдэг. Замаасаа хазайсныг минь, бохир сувгаас уугаад, муу муухайгаар хооллоод явааг минь элдэв асуудал, өвчин, гарз, уналтаар дамжуулан хэлэхийг оролддог. Огт асуудалгүй хүн байдаггүйн адил зөвхөн зөвийг хийдэг хүн гэж байхгүй, урьд төрлүүд болон удамдаа гагцхүү сайнаар дүүрэн цорын ганц ч хүн байдаггүй ээ. Хаврын энэ 7 хоногт хүн бүр ямар нэг дохиоллыг авдаг. Дараа нь Карна Аз, Эз хоёрт бүрэн эрхийг шилжүүлэн өгнө.

Хэрэв түүний хэлж байгааг анзаарч чагнаад, хаана юу болохгүй байгааг засч чадвал, зөв дуудлагыг сонсч зөв чигийг сонгож, алхам бүртээ Үнэнийг эрхэмлэвэл Аз-тай учирна гэсэн үг. Энэ 7 хоног бол Азтай байх эсэхээ сонгох үе юм. Түрүүний 7 хоногт танд тохиолдоод байсан зүйлүүдэд нэг ерөнхий сэдэв байсан. Юу байв? Гэр бүл, хүүхдүүд, эсвэл эрүүл мэнд, амьдралын чиг хандлага…? Тэрхүү олж харсан сэдвээсээ та цааш хөөгөөд тэдгээр зүйлс танд юуны тухай аминчлан хэлэх гээд, юуг зогсоож болиулах гээд, эсвэл зүгээ өөрчлөөд хаашаа явах ёстой гэж хэлээд байна вэ гэдгийг тогтоох учиртай юм.

Цагаа олж зогсоод буруу замаас гарч, дэмий зүйлд үнэт амьдралаа үрэхээ больж, алгаа нээн, алтан түлхүүрээрээ онгойх эрдэнэсийн хаалгыг эрэх аянд гаръя гэдгээ шийдэх нь үнэхээр аз шүү дээ. Түүнээс биш хэн нэгэн тэр хаалгыг зааж өгч, магадгүй олон удаагийн гамшгийн ул мөр болсон бул хар чулуунуудаас орох олмыг чөлөөлж, эрсдэл туршлага, сорилуудыг амь дүйн даван байж таны элэнц хуланцын очир титмийг гаргаж ирээд зүүж өгөхийг аз гэх юм уу? Мэдээж үгүй.

За тэгэхээр энэ хэдэн өдөр бол Азтай уулзахын тулд, үргэлж хамт байхын тулд яах хэрэгтэй байгааг харах, юу хийх хийгүйгээ төлөвлөх, сонголтоо батлах цаг. Юун дээр тулж өндийх, доош тийрэн дээш дүүлэх тулгуур цэгээ олох үе. Нэгэнт хийчихсэн байгаа төлөвлөгөөнүүдээ эргэн харж, нягтлан дэнсэлж, алинаас нь татгалзах, юуг нэмэхээ чандлан шийдэх мөч.

Харин тэмдгийг харахгүй, дохиог сонсохгүй, ойлгохгүй, бултаж, бусдаар хийлгэхийг, аргалж зальдахыг оролдвол Эз ирдэг гэх юм билээ. Мунхаг харанхуй, залхуу, анхаарал сэрэмжгүй байдал, “мухар сүсгийн тэнэглэл” гэж үл итгэх хязгаарлагдмал үхширсэн үзлээрээ Азыг алдсан бол Эзийг дуудаж байгаа л хэрэг л дээ. Дараа хавар Карнаг эргэж ирэх хүртэл өөрөө ойлгоогүй зүйлийг чинь хүчээр ойлгуулах ажлаа Эз хийнэ дээ.

Карна ганцхан хавар л ирдэг юм бишээ. Байнга хажуунаас минь харж байдаг байх гэж би боддог. Хамаг байгаль дэлхий амилан, буй бүх юмс, амьдралын зохиолууд ч гэсэн хөдөлдөг болохоор хавар гэж онцгойлсон биз ээ. Зөв зам руу ороогүй л бол хаашаа ч явсан гэнэтийн осол, замын эвдрэл, мухар зам, төөрөлт бүтэлгүйтэл, магадгүй гэмтэл бэртэл, золгүй явдал, бүр хэцүүдвэл хэн нэгний үхэл тохиох болно.

Бид үүнийг хүсэх эс хүсэх огт хамаагүй. Аз Эзийн аль аль нь бидний төлөө л байдаг. Хүн бүрийг туйлын аз жаргал руу хөтлөх гэж өөр өөрийнхөөрөө зүтгэж байдаг. Ухамсар маань үүнийг хэрхэн нэрлэх нь гол биш ээ. Хамгийн хүнд сорилууд биднийг амин голын зорилго руугаа хар гэж, андуурлын нойрноос сэрээх гэж зам хөндөлсөн ирсэн болохыг гүн эрэгцүүлэл бясалгалаараа бид олж хардаг шүү дээ.

Карнагийн тухай миний хүндэтгэж явдаг гэр бүлийн тавилтын багш маань байнга ярьдаг. Би урьд нь тоодоггүй байсан. Харин одоо бол Карна гэх нь Харна гэж сонсогдоод, алхам бүрээ харж явахыг хичээх болсон доо. Карнагийн дохионууд бол миний хамгийн чухал материал юм билээ. Амьдралаа, сэтгэлээ ажиглах, анзаарах, тэр “дохионы хэл”-ийг уншиж чаддаг болох нь амьдралын сургалтын материал юм уу даа.

Аз Эзийн хэнтэй нь ч учирсан: “Бүх юм болох цагтаа л болж байдаг”-ийг санаж байгаарай.

Огт тэгж санагдахгүй байгаа ч гэсэн тийм л байдаг. ЗҮРХНИЙ УЛИРАЛ цомгийн 5 лекц бол Карнагийн нас насанд хэлж өгдөг дохионуудын тухай л яриад байгаа юм. Хэрэгтэй гэж олзуурхан сонсох, хэрэггүй гэж тохуурхан орхихын аль аль нь ТАНЫ СОНГОЛТ-ТАНЫ ЗАМ!

Ухаантай эмэгтэй хязгаараа мэддэг.

Бүр ухаантай нь хязгаар байхгүйг мэддэг.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !