Дэлхийн хамгийн экстрим хот

Та мэдэх үү? Би бол мэднээ. Та ч бас мэдэхийг хүсч байвал зүрхээ чангалаад чихээ тавь. Энэ бол жижигхээн хот. Анх хүн ам нь 100.000 байхад 150.000 орчим хүнтэй болохоор төлөвлөж, орчин үеийн өрнийн хот байгуулалтын хуулийн дагуу босгосон боловч эдүгээ 1.500.000 хүн нь нэг өрөө байранд 40 хүн орогнохын адил л амьдарч байгаа газар. Хотын идэвхтэй амьдрал хааш хаашаа 20х7 км талбайн дотор өрнөдөг болохоор чихцэлдээн, түлхэлцээн, дайралдаан мөргөлдөөний талаар ярих юмгүй. 36 м квадрат талбай дах 40 хүн бие биеийнхээ хөл дээр гишгэх, тээглэх юм бишгүйдээ л байдаг шиг. Үүдээд гарах үр дүн, хариу урвал тодорхой. 10 дахин хэтэрсэн ачаалалдаа бөглөрсөн энэ хотын гүнд утаа май дундуур хорт утааны баг бүү хэл амны хаалт ч зүүлгүй хээв нэг явцгаах нь экстрим биш гэж үү?

Жил бүрийн зуднаар хотоо хоосруулж модоо барьсан малчдын дайралттай миний хот тулсаар дахиад хэдэн удаагийн дайралтыг тэсвэрлэж үлдэхийг нь ёстой Бурхан л мэднэ!

Сүүлийн арваад жилд миний мэдэх энэ хот хөгжиж цэцэглэсэн биш хөдөөжсөн гэвэл илүү үнэнд нийцнэ. 250 мянган өрхийнх нь 100 мянга орчим нь л халаалт, цэвэр бохир усны шугамд холбогдсон орчин үеийн байранд амьдарч, үлдсэн хэсэг нь энэ хэдхэн байшинг тойрч суугаад л… Тэгэхээр хотынхоо тэнгэрт өвөлдөө од харахын тулд дахиад дор хаяж 150 мянган өрхийн орон сууц барих шаардлагатай болно. Тэр хүртэл хүлээж суух зуур бидний уушигны бүтэц өөрчлөгдөөд“нүүрслэг хүчилтөрөгч”-д тэсвэртэй мутантууд болчих биз…

Хувьсгалаас арай өмнөхөн оросын консулын машин монгол иргэнийг дайраад алчихсан тухай та мэдэх үү. Монголын засгийн газар ч даруй оросын элчин рүү албан бичиг явуулсан байдаг. Харин хариуд нь оросын консулын зүгээс “Танай иргэн машин зам дээр хүндээр бие засч байсан тул бидэнд яах ч арга алга даа” гэсэн алга дарамхан цаас ирүүлсэн юм байх. 100 орчим жилийн өмнөхөөс өнөөдрийг хүртэл хот маань зүсээ чамгүй засан танигдахгүй болсон ч замын хөдөлгөөн маань л нэг их өөрчлөгдөж гавьсангүй.

Өдөр бүр бид дэлхий дээрх хамгийн аюултай замуудаар өгсөж уруудан явна. Замын даацаасаа 3 дахин давсан төмөр хөлгүүдийг жолоодогсдын 10 хувь нь согтуу, 5 хувь нь насанд хүрээгүй, 8 хувь нь эрхээ хасуулсан, үлдсэн хувь нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийн “хурц дутагдалтай”-н улмаас өнгөрсөн жилд л гэхэд манай хотын 300 гаруй хүн авто замын ослоор бурханы оронд заларсан.

Манай хотод хүссэн газраараа зам гарч (зам дээгүүр бэлчээрлэж гэвэл үнэнд ойртоно) буй “явган зорчигчид” гэгдэх экстрималуудын амь насыг өөрсдөөс нь хамгаалахын тулд малын хаалт хайс босгон хөрөнгөндөө хумсаа дүрэгч эрх баригчид маань ч экстрималууд. Бурхан багшийн сургаалийг эх хэлнээ хөрвүүлж, аугаа буяныг үйлдэгч нь зууны манлай (одоо бол мянганы болох байх) бизнесмэн. Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан “гавал толгойт” ардын баатар нь андууран цонхоор нь морь хардаг ордон бол манай хотын хамгийн дархан цаазтай улаан дэнлүүт харш.

Энэ хотын хүн ам ямар идэвхтэй амьдралаар амьдардгийг гайхмаар олон байдаг буудлуудын хамгийн оргил цаг нь “lunch time” гэдгээс харж болно. Хөөрхийс, үдийн хоолоо ч зооглох завгүйгээр хөдөлмөрлөж, монголын үрсийг маш олон болгож, эсвэл эмэгтэйчүүдийн эмч нарын цагаан халаатыг цаазын хар өмсгөлөөр солин, эрлэгийн хааныг илүү цагаар ажиллуулж, эсвэл бас гайхмаар олон байдаг эмийн сангуудын орлогыг нэмэгдүүлж, “Fantasy shop”-уудын эздийн “Намсрай” бурхад нь болж байдаг.

Юугаараа экстрим биш гээч? Хүн амынх нь 35 хувь нь нэн ядуу бүлэгт багтаж, гуйлгачилж, өлбөрч, хөлдөж, биесээ алж байхад хөгжингүй орнуудад хаалга барьж буй брендүүд энд л зах зээл байгааг тун чиг нухацтай судалж үзээд инээд алдан үүдээ цэлийтэл нээж байдаг хот. Бүсийн биш, тивийн биш, дэлхийн хэмжээний нээлт дээр ойрын хөршүүд нь “Ай яа, ёстой тасархай society” гэж алаг нүдээ алд дэлэм сугалаад буцахдаа тайзан дээр тарвалзах залуу танхимд тамхилах дүүгээ, тагтан дээр тансаглах аавыгаа, бас ээжийгээ таньж ядаж буйг хэлээгүй байлгүй л гэж найдъя.

Гэр бүлээрээ шоудна гэдэг бол надад л лав экстрим.

Бусдад ямрыг асуусангүй ээ. Энэ галзуу чемоданаас гараад хаачихаа мэдэхгүй бол бас л экстрим аялалд орж явчихна. Таксины жолооч нар нь хотоо нүхэлчихсэн уугуул байдаг Лондон, Бээжинтэй бүү эндүүр. Юун музей, галерей. Ганц байдаг драмын театраа ч мэдэхгүй, хэрэв гайхвал тан руу хутга биш юм гэхэд хурц үг шаана. Ер нь таксины жолооч нарын сайн мэддэг газруудаар манай хотын үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлох бүрэн боломжтой гэж би боддог. Бүгд бие биенээ мэддэг жижигхэн хотод амьдарч үзэхсэн гэж бүх насаараа мөрөөдсөн би нэг л өдөр яг ийм хотод насаа барж байгаагаа мэдсэн юм.

Азийн хамгийн сайн дуурийн театр надад төрсөн гэр шиг минь л дотно, эзэгтэй нь бас л нагац шиг минь наалинхай. Гараад байх бутикууд, ресторан, лоунжид дандаа л танил хүмүүс. Энэ номын дэлгүүр энэнийх, тэр ШТС түүнийх, түгээгч нь тэрний тэрний тэр. Өдөрт орж гарах газруудад уулзаж учрах хүмүүсийн нэр хаяг, зүс царай оймсны хээ шиг минь танил. Үдэштээ сууж, хэвтэх газруудад бас л адилхан.

Хөл, гарын хорин хуруунд эргэлдэх мэт хэдхэн оролцогчдын дундаас “Амьдрал” хэмээх хөгжөөнт тоглоомын ялагчийг тодруулах амархан ч, харин хэнд ч мэдэгдэлгүй адал явдал үүсгэе гэвэл “Сүүлчийн баатар”-ын авхаалж самбаа, экстрим зоригийг шаардана. Харин тийм төрлийн экстрималууд манай хотод олон байдгийг сонсоод би их гайхсан. “Яаж…?”. Ямар ч орлон тоглогч, дуу оруулагч, ээлжлэх хүнгүйгээр жүжиг тавиад, кассаа дүүргэнэ… гэдэг экстрим биш юм бол тэгээд юу юм бэ!

Гэхдээ миний муу хот жижигхэн ч гэлээ хэрэв нэг төөрвөл ёстой “сайн байна уу” л болно. То вангийн гудамж, Л. Энэбишийн өргөн чөлөө гэдгийг энэ хотын унаган хүүхэд би ч мэдэхгүй. Харин Ийст төвөөрөө баруун эргээд, жоохон уруудаад зүүн тийш харахад байдаг байшингийн хойд талын байрны урд хаалгаар ороод гурван давхарт гараад зүүн эргээд дөрвөн хаалга өнгөрөөд гэдгийг бол мэднэ. Таны гартаа барьсан хотын газрын зураг чинь энд африкийн хадза омгийн хэлний толь шиг л хэрэг болно. Тэгээд энэ бүхэн дунд амьд гарах гээд үз. Юун Робинзон Крузо.

Тэгээд л би жаалхан хотдоо хүссэн хүнтэйгээ тааралддаггүй байх. 1000 жил нэг газраа зогсоод ч таарахгүй. Ньютоны хууль биш л дээ, тэгэхдээ л яг биелнэ. Хэн ч олохгүй. Тэгэхдээ тэр сансрын холбоо, ТТГ гэх мэтийн үнэрч хамар эд нар бол олох байх. Би л лав биш. Гэвч энэ хотын хамгийн экстрим зүйл нь мэдээж хүмүүс.

Манай хотын бүрх иргэн-илбэчин. Шууд утгаараа.

Бүгдээрээ ховс болон өөрийн ховсоор мэргэшсэн учраас үнэн худлыг ялгаж, өмнөх замаа гэрэлтүүлэн, хавханд орчихолгүй, хармаа хотоо хоослуулчихгүйхэн шиг явъя гэвэл жинхэнэ экстрималын ур чадварыг шаардана. “Хороолол дунд дуут дохио гаргахыг хориглоно” гэдгийг нохой нь мэднэ, харин хүн нь биелүүлэхгүй. Зөвхөн Баасан гарагт бус жилийн бүх өдөр хэзээ ч үйл ажиллагаагаа зогсоодоггүй, эцэж цуцашгүй “Мөнхийн шоу” хотынхон дуртай газраа хүссэн цагтаа ямар ч чимээ гаргаж болох учраас та эрүүл боловч дүлий мэт байх чадварыг энд л эзэмшинэ. Ямар ч төлбөргүй. “Та яарагтун!”.

Тэгээд дээрээс нь манай хотын оршин суугчдад хамгийн үнэгүй зүйл нь-амьдрал. Үерийн аман дээр, далан дээр, шатамхай материалаар хийсэн оромжинд, оршуулгын газарт, газар доор, шатны хонгилд амьдардгаас гадна гараж нь үерт автах, дээврийн хонгилоос түймэр авалцах, янз бүрийн усны суваг сад тавих, хүйтэн усны цоргоноос нь шалзмал халуун ус гоожих зэрэг эрсдлээс дээд давхаргынхан нь ч хамгаалалтгүй.

Энэ хотынхон цөм “real time mix”-чид. Бүхнийг ямар ч төлөвлөгөөгүй, газар дээр нь шийднэ. “Төлөвлөхөөр юм бүтдэггүй” гэх монголчуудын ганц мэгзэм. Тэгэхээр маргааш бүү хэл, өнөөдөр юу болох нь мэдэгдэхгүй, цаг хормын дараа юутай учрах нь бүрхэг байх амьдрал дунд зүг чигээ алдалгүй явна гэдэг, ай мөн бэрх экстрим ээ. Баруунд бол таны өнөөдрийн цагийн хуваарь хагас жилийн өмнө л яг таг тодорхой болчихсон байсан. Хэрэв та эмч бол өнөөдрийн хүлээж авах хүмүүсийн нэр, цаг, бүгд тод. Цаг үлдвэл яахаа та аль эрт шийдчихсэн. Ямар ч удирдлагаас гадуур зүйл үгүй, бүгд хяналтанд, бүгд гарт.

Намайг багад “Газар дээр цөмийн дэлбэрэлт болбол жоом л үлдэх юм гэнэ” гэлцдэг байлаа. Харин одоо бол би “Дэлхийд галав юүлбэл манайхан л үлдэнэ” гэмээр байна. Бидэнд ямар ч хими, бактериологийн зэвсэг, хорт хий үйлчлэхгүй.

Бид утаан дунд хоёр үеэ бойжуулж байна.

Дотроосоо гэвэл бас ямар ч хор нэмэргүй, килограммаар нь л иддэггүй юм бол. Бид дандаа химийн бодисоор бордсон, шахсан, муудсан, өмхийрсөн, өтсөн, хөгцөрсөн, хөөсөрсөн юм иддэг, баталгаагүй тариа, дуслыг литр литрээр нь цусандаа шахуулдаг, эмийг бол ёстой бүү мэд. Элдэв эм, ХНБ, гоо сайхны барааны сүлжээ манайд л цэцэглэдэг. Дэлхийн бусад хотуудад хориотой юм чинь. Хүмүүс нь хордоод, харшлаад, хариу урвал үзүүлээд байна шүү дээ.

Манай хотод бол очир эрдэнийн, алтан, мөнгөн захирлууд нь л үржээд байна. Манай хотын авто замын мөргөлдөөнүүд бидний бие махбодыг ямар ч бодибилдингийн сургуулилтаас илүү хатуужуулдаг. Энхтайваны гүүрийг цөм мөргөөд доошоо нислээ л гэнэ, хөмөрлөө, эргэлээ, эсрэг урсгал, замын хашлага, шонгийн мод… Хн, яах ч үгүй, гүйж гарч ирээд л “Юу болсон бэ?” гэж асууна. Япон энэ тэрт бол үй олноороо сэтгэцийн хямралд орж, амиа хорлоод байгаагийн уг учиг болсон эдийн засгийн хямрал, улс төрчдийн луйвар, эрх баригчдын харалган бодлого бидэнд огт нөлөөлөхгүй, босоод л ирнэ. “Энэ хотын замыг тэсч гарч чадсан хүн гэгээрэлд хүрнэ” гэж нэг хүн хэлж билээ.

Нээрээ л энэ хүнд “эрүү шүүлтүүд”-ийг уур цухалгүй, цуурхалгүй, гуниггүй, гудиггүй давж байгаа бид чинь дэлхийгээр нэг хайгаад олохгүй байгаа “Бурхадын хот”-д амьдардаг юм биш үү. Гэхдээ л миний хот газар дээрх хамгийн сайхан хот. Халзарч яваа хүний толгой дээрх шиг тарчиг ургамалтай, бушуу туулайны борви шиг гудамжууд нь миний сэргэлэн бага насыг сануулж байдаг болохоор би хотдоо хайртай. Миний амьдралын хамгийн чухал үйл явдлууд энэ л хотын дотор цэцэглэж, хагдарсан. Орь залуу насныхаа дуунуудыг сонсон нүдээ анихад тэс ондоо хот өмнө сүндэрлэж, шал өөр үнэр хамар цоргиж, одоо байхгүй хүний амьсгаа хацар төөнөдөг ч нүдээ нээхэд үзэгдэх энэ л хотыг би тэр хот мөн гэж өөртөө итгүүлэхийг хичээж суудаг юм даа, Улаанбаатар минь!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !