Даашинзны онош

Хамт шоппинг хийхдээ хүний талаар олон зүйлийг олж мэдэж болдог. Даашинзаа хэр няхуур сонгож байна, амьдралынхаа чухал шийдэлд яг тэгж ханддаг. Нэг танил маань авсан бүх хувцсаа засдаг. Танаж, тайрч, тавьж, нэмж…эцэст нь хүнд өгөх юм нэгээр нэмэгдэнэ, гэвч авсаар байдаг. Нөхрөө англи хэлний дамжаанд явуулж, харилцааны сургалтанд бүртгүүлж, үсний засалтыг нь өөрчилж…”Байгаагаар нь л байлгах байж” гэж тэр нэг ч удаа хэлээгүй. Ихэнх тохиолдолд засна гэдэг бол муутгана гэсэн үг байдгийг дизайнерын хувиар би бат хэлнэ. Хэрэв засаад авна гэдэг бодол төрж байгаа бол тэр хүнтэй анхнаасаа зам нийлэх хэрэггүй гэдгийг бол сэтгэл судлаачийн хувиар бүүр чиг бат хэлмээр байдаг. Даанч бидний дотор айхтар “засдаг эм” орших юм даа. Багын нэг найз маань 90-ээд оны зургаа харж байгаад “Ёооё, энэ нүдийг будсан дотор стилистийнхээ гарыг нь тастчих юмсан” гэж билээ.

Харин эр нөхрөө өөрчлөх гэж дайрдаг “засдаг эм”-ийнхээ гарын талаар хүүхнүүд бид бодож үздэг болов уу. \эр хүнийг өөлсөөр хэн ч биш болгодог, эргээд өөрийг нь хүсэх эр хүслийг нь ч устгадаг эмэгтэй шинж чанарыг шууд утгаар нь “засдаг эм” гэж сэтгэл зүйд нэрлэдэг\.
Даашинз аа гэж…

Сэтгэлийн л тухай яриа юм даа.

Бас нэг танил маань бий. Түүний бүх гутал хувцас нь ангаймаар үнэтэй…аймаар тухгүй. Явахад биш, хөлөө гоё тавиад суухад таарсан туфли… өмсөхөд биш, харуулахад зориулагдсан даашинзууд нь амьсгал боомоор… ганган. Эрчүүд нь яг л гялгар сэтгүүлийн хавтсан дээрээс буугаад ирсэн мэт цэмцгэр, гэвч тухгүй: нэг бол зугаацаад алга болчихно, нэг бол сээтэгнээд баригдчихна. Тэдэнтэй амьдрах аргагүй ч солиотой селфинүүдтэй дурсамжийн цомогтой болно.

Ганц даашинз авах гэж хөлийн улаа эргэтэл явж, насныхаа тоог дуустал өмсч үздэг ч, хамгийн мууг нь яг олоод сонгочихдог  нэг мэргэн танил минь байна. Эрчүүдийг сонжиж, шинжиж, шилж голж… гэвч нэг л өдөр доожоогүй хархүүг харуулна. “Та нар сэтгэлийг нь мэдэхгүй ээ, тэр сайн хүн”… Тэр сайн хүн нь ажил хийх дургүй, ажил хийх дуртай бол бас дагаварт нь архи, хүүхэн, аар саархан юмст дурламтгай болж таардаг.

Харин нэг танил маань юу авахаа маш сайн мэддэг. Хэрэв тэр даашинз авах гэж байгаа бол хослуулах туфли, цүнх, ээмэг бөгж нь мэдээж байхаар барахгүй, өмсч очих арга хэмжээ, уулзах хүн нь ч тодорхой байгаа гэсэн үг. Хэрэв түүнд ямар нэг даашинз бүр ухаан алдмаар таалагдсан ч тэр хэзээ ч ухаанаа алдахгүй: зохицуулж өмсөх дотуур хувцас, цүнх гутлаа барьж ирээд хамт үзэж, хазаж, зажилж байж сая авна.  Хувцасны шүүгээ нь дээд моодны үзэсгэлэн, гэр нь интерьерийн гялгар сэтгүүлийн загвар. Нөхөр нь өсч яваа карьерист, хэдэн жилийн дараа хаана очих нь тодорхой, хүүхдүүдийн ирээдүйн сургууль, гэр эдлэн жин тан.

Хамгийн сондгой хувцасладаг “солиотой” танил бүсгүй маань майк авахаар гараад шал хүрсэн улаан даашинз, тод ногоон өдөн хүрэм авч ч магад, эднийгээ ингээд хамтад нь өмсч ч чадна. Гэхдээ л түүний өмссөн бүх юм гайхмаар сайхан харагддаг. Нөхөр нь хөгжилтэй буржгар \эсвэл сэгсгэр\ залуу, хүүхдүүд нь дэггүй, гэр нь хөглөрсөн, гэвч бүгдээрээ цэвэрхэн.

Тэр үргэлж завгүй, гэвч бүх юманд амждаг…

Даашинз бол явж явж сэтгэлийн л онош байх юм даа.

Бидний дотор нэгэн зэрэг оршигч эсрэг тэсрэг эдгээр дүрүүдийн дундаас “Би яг юуг хүсээд байдаг хүн бэ” гэдгээ олж харна гэдэг чинь л жинхэнэ онош юм уу  даа.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !