Бодлын хүч

Хүн бүр хэзээ нэгэн цагт “Энэ бүхэн үнэн үү? Үнэхээр надтай учирсан нь үнэн гэж үү? Энэ чинь тэгээд үнэмлэхүй жинхэнэ үнэн мөн үү? Өдийг хүртэл тэр тэгээд хаана байсан хэрэг вэ?” гэх асуултыг өөртөө тавьдаг. Зарим нь эрт, зарим нь орой. Зарим нь ирэх насандаа, эсвэл гурван төрлийн дараа энэ асуултыг өөртөө тавих түвшинд хүрнэ. Зарим нь хариултаа олох гэж чармайн, бясалгал хийж, эрэл сурал, мөргөл залбирал болж, багш шавь, ном судар гээд явчихна.

Даанч ном сурснаар үнэнийг нээхгүй. Бурхан өөрөө нээе гэсэн хүндээ л нээж өгнө. Тэгээд тэр Бурхан гээч чинь биеийн гадна биш бидний дотоодод оршдог гэх. Тэгэхээр зөвхөн оюун сэтгэлийн хүрээн дэх амьдрал л жинхэнэ амьдрал, бусад бүх хүрээний амьдрал ямар ч гялгар, өнгөлөг, баялаг, жаргалтай байг-зөвхөн үхлийн хэлбэр болж таарна.

Энэ үүднээс үнэнийг танья гэсэн эрмэлзлээс өөр юу ч биднийг
хүчирхэг болгодоггүй гэсэн гаргалгаанд хүрнэ.

Эсрэгээрээ хүчээ олоогүй хүн үнэнийг таньж чадахгүй болж таарах. Үнэнийг би өөрөө л, өөрийн туршлагаар л танина уу гэхээс, заалгаад, гаднаас шахуулаад олохгүй. Зөвхөн “Үүнийг надаас өөр хэн ч хийхгүй” гэсэн хариуцлага бүхлээрээ мөрөн дээр минь оногдож байхад л бид хамгийн сайн ажиллаж, хамгийн шилдэг, хамгийн өндөр байранд, хамгийн удаан байж чаддаг юм гэсэн.

Гэхдээ яг нарийндаа гэвэл илэрхийлэлд л ялгаа байгаагаас биш бид бүгдээрээ л адилхан гэрэлтэй гэнэ лээ. Хүмүүсийг ангилдаг хамгийн зэрлэг, болхи хэлбэрийн шатлал болох баялаг, эрх мэдлийн тухайд бид огт тоож ярихгүй нь мэдээж. Харин оюун санааны ертөнцөд газар авсаар буй мэдлэгийн цар хүрээ, номын чадлын чансаа тэр гэрэлд хамаатай юу гэдгийг тодруулъя.

Үнэндээ бол зөвхөн хуурай ухааны хүчээр бид дэвшихгүй, гагцхүү сэтгэлийн бохирдлын буюу ариуслын зиндаа гол юм гэдгийг шашныхан ч, шинжлэх ухааныхан ч нотлох боллоо. Тэгээд ч зөвхөн ухааны хөгжлөөр хүн сэтгэлээ цэвэрлэж чаддаггүй юм байна. Буддын 10 цагаан буян, Христийн уулан дээрх айлдварыг бид цөм мэднэ, цөм ухаарсан, харин ухаарч мэдэж байгаагаараа ариуссангүй. Эдгээрийг алхам тутамдаа биелүүлдэгсэн бол та ч, би ч аль эрт гэгээнтнүүд, Бурхад болчих байсан.

Бидний төлөө, биднийг Бурхан болгохын төлөө Бурханы сургасан хамгийн энгийн сургуулиудыг бид мөрдөхөөсөө залхуурч, оронд нь биднийг энэ нүгэлт ертөнцөд аль болох удаан хүлж баглах хөрөнгө мөнгө, сэтэр нэрийн төлөө атгаг өчүүхэн хүслүүдээ биелүүлж өгөөч гэж салганан мөргөж байдаг. Тэгээд тэр хүслүүд минь биелдэг ээ. Гэвч тэднийг Бурхан биш, Чөтгөр биелүүлдэг юм шүү дээ!

Бурханыг олсон хүн юу ч гуйдаггүй, юу ч ярьдаггүй.

Цэцэн үгсийг хэлхэн, уран яруу мэтгэлцээн, ном хаялцах урлаг бол мэдлэгтнүүдийн зугаацал болохоос шашин огтоос биш. Сэтгэлийн минь гүнд шашин биеллээ бодитоор олох тэрхэн мөчид л бид жинхэнэ шашинтан болно, жинхэнэ дэг ёстой болно. Гаднаа шашин хичнээн ч шүтээд хүний ёсзүй одоо малныхаас огтхон ч дээрдэхгүй байгаа биз дээ. Бид үнэндээ зөвхөн нийгмийн ташуур чөдрөнд л баригдаж байгаа шүү дээ.

Хэрэв “Хулгай хийх нь ямар ч ял шийтгэлгүй” гэчихвэл чухам юу болохыг та төсөөлөх гээд үз. Таны олсон хумисан бүхнийг хуу хаман цөлмөж одох нь ч яамай, харин энэхэн бололцоог ашиглаад та хуруугаа ч хөдөлгөхгүй гэж үү. Биднийг зөвхөн шүүх, цагдаа л ёсзүйтэй болгож байна. Хэрвээ хүний амь хөнөөх нь гэмт хэрэг хэмээн шийтгэгддэггүй байсан сан бол та өнөөдөр хэдэн хүний толгойг залгичихсан яваа бол? Ер нь та өөрөө ч гэсэн амьд байгаа болов уу?  Таныг үгүй болоод өгөөсэй гэх ядаж ганц ч болов хүнтэй та учирч байгаагүй юү?

За, бүүр болъё. Амьтны амь хөнөөх нь тамд унах нүгэл гэж айдаггүй байсан бол? Бид дандаа үр дүнг тооцож үйлддэг. Арван хар нүглийг тэвчих гол шалтгаан нь зөвхөн муу заяанд унахаас айсан, амиа хичээсэн атгаг санаа юм бол ямар юмных нь сахил байх вэ дээ. Та гараараа биш ч, бодлоороо муу бүхнийг үйлдэж яваа л гэсэн үг шүү дээ. Арван цагаан буяныг хичээгсдээс хэд нь айж, хэд нь өөрийн тусын тулд, хэд нь шан горьдож явдаг вэ? Бусдыг гэсэн сэтгэл, буянаа харамлаагүй өглөг, өөрөөрөө тахил өргөсөн золиосноос танд юу ч нэмэгдэхгүй, нүгэл тань нимгэрэхгүй, диваажинд очиход тань нөлөөлөхгүй гэвэл нигүүлсэхүйн энэ зам дээр хэд нь үлдэх вэ? Тийм дээ, бараг л хэн ч үлдэхгүй.

Тэгэхээр алив үйлийн үр бидний бодолд л боловсордог юм байна. Бодлын хүч гэдэг ертөнцийн хамгийн аугаа хүч. “За, энэ хүнд тус болчихвол буянт үйл болж, миний хурааж буй буяныг арвижуулна” гэж сэтгэн үйлдвэл, тэр хүний баярласан сэтгэлээр үүсэх өчүүхэн төдий үр танд жинтэй юм өөрчлөхгүй. Харин гагцхүү тэр хүнийг үнэн голоосоо энэрч, ямар ч үр дүн гарахаас үл хамааран, өөрийгөө ч золихоос буцахгүй хийсэн тань л жинхэнэ буян, жинхэнэ үйл болно.

Шарилжны үр тарьчихаад сарнай ургахыг хүлээн суух бид юутай хөөрхийлөлтэй.

Сайныг ярьж, сайныг үйлдэвч муу сэдлээр хийсэн бүхний үр, энэ бодол анх төрсөн цагаас л хувь заяаны талбайд чинь унаж, цаг мөчтэй уралдан соёолж эхэлнэ. Хэрвээ энэ бүхнийг олж үзэх чадалтайсан бол хог ургамлаар зайгүй хэрж ургасан балар зэвүүн ойг та хараад нэрээ марттал цочих биз.

Тийм ээ тийм, тээр жил нөгөө тэрнийг нэг их цэвэрхэн, хамраар нь газар шаалгаснаа татаж босгоод, сахиулсан тэнгэрийн дүрд жүжиглэсний чинь хариу тэнгэр баганадчихаж. Хажуу завсраар нь саяхан хутгасан хор, харамласан эд, занасан шүдний нялх үрнүүд нахиалан байгааг бас хар даа. Үндэс нь хор бол үр жимс нь ч хор шүү дээ. Халгайг эхийн сүүгээр услаад ч халгай л ургана.

ҮР, ҮР, ҮЙЛИЙН ҮР.

Гурван баян хүн хотдоо цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Нэг нь “Хэрэв би иргэддээ үнэгүй зугаацах ийм том юм босгоод өгчихвөл ирээдүйд нэр хүнд, зэрэг хэргэм хүртэхэд дөхөм” хэмээн сэтгэжээ. Нөгөө нь бусдад зориулсан бүхэн буяныг нь бум бумаар бурзайлгаж, Бурханд хүрэх замыг нь товчлог гэж бодож. Харин гурав дах нь энэ цэцэрлэгт хүрээлэнд сонсогдох хүүхдийн инээдний цалгиан, аз жаргалыг амсах хүмүүсийн сэтгэлийн гэрлийн цацрааны төлөө, юунд ч горилоогүй тэгш амгалангаар үйлджээ.

Энэ үрээр дараа төрөлдөө гурвуулаа чинээлэг айлд мэндэлсэн байна. Эхнийх нь зөвхөн өөрийн хэргээ бүтээлгэх гишгүүр хэмээн түүнийг долоох бялдуучид, элдэв арга бачаар хишгээс нь томхон зулгаахаар шуналын соёогоо шигтгэх “бирдүүд”-ийн дунд, нэг ёсондоо, алтан сараалжит гянданд насаа элээсэн бол удаах нь барагдашгүй баялаг дундаа хөл алдан хөвж явавч амьдралдаа үргэлж сэтгэл дундуур, өөртөө гутруу, шалтгаангүй түгшүүр, шангүй дүүжлүүрийн хооронд савчсаар өнгөрч.

Харин гурав дах нь ертөнцийн янз учрыг танин баясч, өөрийнхөө оршин буй цаг хугацаа, эрх мэдэл, орон зайны огтлолцолд дээд зэргийн сэтгэл хангалуун байж, бас энэ бүхнийг оршихуйн илүү нандин зорилгод дээд зэргээр ашиглаж чадсан байна. Дээрх түүхийн үнэн худлыг би нягталъя гэсэнгүй, “яагаад” гэсэн гинжин асуултдаа хариу олоход тань нэмэр болог гэж хавчууллаа.

Үгээгүй ядуу гуйранчдыг хараад “Арчаагүйдээ л тэр. Хөдөлмөрлөх хэрэгтэй байсан юм” гэж цэцэрхэх нэгнээс 320 мянган долларын тусгай байшинд амьдардаг Пэрис Хилтоны нохой ийм байртай (чааваас, нохойн оромж л доо, уул нь) болохын тулд үнэхээр их хөдөлмөрлөсөн болов уу гэж асуумаар байна.

Үнэхээр энэ насны явдал мөр, удам заяа, учир жанцангаар тайлбарлаж боломгүй
зүйлс мундахгүйг мэддэг ч харин энэ бүхний учгийг зөвхөн өөрсдийн бодлын хүчээр зангидсанаа ухамсарлагчид даанч чамламаар цөөн.

Нэгэн хааны үхлүүт өвчтэй хүүг эмчлэх хамгийн аз жаргалтай хүний цамцны эрэлд мордогсод эх захгүй бэлтэй баян, энгүй эрдэмтэй мэргэд, хорвоогийн хаад, сайдуудаар яваад ч зам мухардахын алдад тамираа баран амсхийхдээ “Би жаргалтай, би хамгийн жаргалтай” гэж хэн нэгэн дуулахыг сонсоод уралдан бахардан очвол нэгэн нүцгэн хүн модны ёроолд баясан бүжиглэж байж. “Чи үнэхээр жаргалтай гэж үү? Чамд дахиад юу ч хэрэггүй юу?” гэвэл өнөөх нь нүүр дүүрэн инээмсэглэж Надад юу ч хэрэггүй. Би хорвоогийн хамгийн жаргалтай хүн” гэжээ.

“Тэгвэл, тэгвэл цамцаа өгчих тэгэх үү?” гэсэнд “Байсан бол өгмөөр л байна. Даанч надад цамц байхгүй л дээ” гэсэн гэдэг. Тэгэхээр юу, юу, юутай байж байж азтай, жаргалтай амьдралтай болно гэдэг чинь тэнцэтгэл биш бас л олон үл мэдэгдэгчтэй тэгшитгэл болох нь. Бодсон бодол бүр минь үр дагавартай, хичнээн олон давтамжтай, хичнээн их сэтгэлийн хөдөлгөөний хүчийг шингээн, ямар сэдлээр бодсоноос шалтгаалан үр нь төдий чинээ хурдан, бат боловсордгийг, бодлын хурд гэрлийн хурднаас ч илүүг бид мэддэггүй.

Хэн нэгний тухай бодох агшинд л тэр хүнтэй чинь шууд холбоо тогтдогийг бүр ч мэддэггүй, мэдэрдэггүй. Бидний бодлыг хананд ойгч бөмбөгтэй зүйрлэж болно. Та бөмбөгийг хэдий чинээ хүчтэй шиднэ, төчнөөн хүчтэйгээр эргэж ирнэ. Хэн нэгний өмнөөс баярлаж, түүний төлөө залбирч, түүнд талархах халуун сэтгэлээр бодвол тэр хүнд чинь энэ бодлын эрч хүч нэмэгдэхээр барахгүй, хүч нь тэр хэмжээгээр үржээд танд эргэж ирнэ. Хамгийн аймшигтай нь, бидний бодлын ихэнх нь таагүй бодлууд байдаг нь харамсалтай.

Атаархал, үзэн ядалт, гомдол, өс хонзонгийн муу сэтгэл бол бодлын бай болсон
хэн нэгнийг очиж ниргэчихээд буцаж ирж эзнээ харвадаг.

Муу бодлоо та нүүлгэн, хичнээн амьтныг хорлож байгаагаа бодоод үз, түүн шиг олон амьтан танд бас ижил илгээмж явуулж байгаад бүү эргэлз. Харин бидний өдөр тутмын тос дааж, толио татсан сайхан төрх, уулзах тоолон нялуунаар үнсэлдэх цорвогор уруулууд юуг ч өөрчлөхгүй, бодлын дайнд ямар ч хамаагүй. Энэ дайнд оролцохгүй, шархтахгүй байх ганц л арга бий. Та хэний ч тухай муу юм бодохоо, хэнд ч муу санахаа больчих. Адил адилдаа татагддаг ёсоор муу бодол муу бодлоо л дууддаг. Та Х-т жөтөөрхөж, эсвэл зэвүүцэж, доош нь хийх тухай бодож байвал энэ бодол чинь орон зайд дохио цацан долгилж, ийм төрлийн бодлуудыг барих антенн болон чичирч гарна.

Тэгээд л хорвоогийн өнцөг булан бүрээс бие биедээ хорсч занасан хар дотортнуудын чивэлт бодлуудын урсгал тан дээр үерлэн буух болно. Хэрэв Х таны тухай мөн тийм бодолтой байвал өөрийн мэдэлгүй илгээсэн бодол тань ямар болж өсөөд эргэж ирэхийг таахын аргагүй. Харин Х таны тухай огт боддоггүй, эсвэл эерэгээр бодож, танд сайныг хүсч байдаг бол тэр мэдээж муу бодлыг тань хүлээж авахгүй, харин таны хар бодол Х-ийн цагаан сэтгэлд ойгоод хар толгойг тань тастах сахлын хутга шиг хурц иртэй бумеранг болон буцаж ирнэ дээ.

Х-ийн сайхан санаа таны эсрэг цэнэгтэй ханыг мөргөөд бас л эзэндээ очно. Хэрэвзээ, та Х шиг сайн бодолтой байсансан бол түүний гэрэлт сэтгэлээр цэнэглэгдээд зогсохгүй, Х-т ч бас аз жаргал нэмэх байсан.. .. гэх мэтээр л энэ сансар огторгуйгаар бодлууд битүү сүлжилдэн байдгийг дотор дэлгэцэндээ харахыг оролд. Тэгэхээр ажил яагаад бүтдэггүй, сэтгэл яагаад тавгүй, амьдрал яагаад амтгүй байдгийг ойлгоход ер төвөггүй байгаа биз. Бодол, сэдэл, сэтгэл, мэдрэмж бүгд нийлж хүний гэрлэн биеийг бүтээдэг бол дэлхийн бүх хүний бодол нийлж дэлхийн гэрлэн биеийг цогцлуулдаг.

Дэлхий хэмээх хагас эрэмдэг амьтан өнөөдөр цунамигаар бөөлжиж, галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлтөөр яраглаж, дайн, тэмцэл, алаан улайгаар амьсгаадаж байгаа нь бид бүхний, зөвхөн таны, миний бодлын л үр дүн.

ӨРГҮЙ БОЛ БАЯН

Дэлхийн ийм тарчлааныг үзэж, аюул нүүрлэхийг амсч байгаа бол бидний өөрсдийн л лай ланчиг. Түүнээс биш хэн нэгэн андуурч, зөв бодолт, зөв үйлт биднийг шударга бусаар ийм цаг үед төрүүлж, ийнхүү шийтгэлээ гэж сэтгэх нь хорт ургамлын үр цацсан дээрээ диваажингийн цэцэрлэгийн шошго зүүн өөрийгөө хуурахтай л адил. Юу тарьсан, түүнийгээ л хураана. Харин ч бүр тарьснаасаа илүүг, цаг хугацаагаар үржүүлж, цаад бодлоороо бордсон, ёстой идээд барамгүй ургац хураана л гэж бод.

Хаанахын хэн гэгч ламбугай таны тарьсан хогийн ургамлыг цаглашгүй гэрэлт бадамлянхуа болгох ном уншина гэнэ вэ? Ямар Бурханд хэдийн авилга өгөөд бодсоноо бодоогүй болгож болно гэнэ вэ? Үр нь хор бол үндэс мөчир нь ч хор шүү дээ, хө. Хүний гараар могой бариулж, бодол, хэл, биеэрээ гаргасан ялгадсаа өөр нэгнээр арилгуулах гэж Бурханы номыг урвуулан, шуналын сэдлээр ном уншуулж, бас нэг амьтныг араасаа чирэхээ болъё. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд… гэчихээд Бурханы “шавь” мөнгөнд алгаа тосох нь, түүгээр ч зогсохгүй дээдийн номыг ангилж, үнэ тогтоож, “Хэдий чинээ өгнө, төчнөөн чинээгээр алд бие тань ариусна, амны хишиг тань арвидна” гэх нь энэ цагийн эмгэнэл.

Гурван хэмжээст ертөнцөд физикийн хуулиар үйлдэх биеийн нүглээс нарийн ертөнцөд бидний хараахан ухаарч хүчрэхгүй байгаа хуулиар үйлдэх бодлын хүч, түүнээс урган гарах үр дагавар ой тойнд багтамгүй аварга юм гэдгийг ойлгохсон. Ахиулан цааш харвал та ертөнцийг зай завсаргүй хэрсэн өрийн сүлжээг олж үзнэ. Шууд утгаараа зээлсэн мөнгө, бодит зүйлсээс гадна зальдаж олсон бүхэн, хэн нэгний байх ёстой юмыг аргалан өөрийн болгосон болгон өр гэдэгт хамаарна. “Эс өгснийг бүү ав” гэж өөрийгөө цовдлуултал сургасан Есүс,

“Өөрийн дураар өгөөгүйг авбал хулгайтай дүйнэ”

гэж эцсийн амьсгалаа тасартал айлдсан Будда, “Хулгай хар мөртэй” гэх цагаан мөрт Мухаммед цөм цаг өнгөрөх бүрт үржиж байдаг өнөөх л үрийн хуулийг ярьсан нь тэр. Өнөөдөр та Х-ээс ганц сохор зоос мэхэлж монжчихоод, хөх инээдээр ханцуй дотроо залбирч суух агшинд чинь өрийн тоолуур тасхийтэл ажиллаж эхэлсэн л гэж мэд. Хөөрхий Х энэ тухай мэдэх ч үгүй, тэр муу ганц сохор зоосоо алдсандаа хотойх ч үгүй. Тэгвэл өрийн төмөр машинд таны хэнд өртэй нь ер падлийгүй, харин хэдийг, хэрхэн олсон нь л хамаатай. Та хэдий чинээ уран урхи зангидна, таныг барих занга төчнөөн мэргэн тавигдана. “Хүний юманд бүү хүр; эзний зөвшөөрөлгүй юу ч бүү ав” гэдэг чинь зүгээр л нэг соёлын заалт төдий биш байгаа биз.

Үнэгүй юм гэж байдаггүй. Эрт орой хэзээ боловч заавал эргүүлж төлнө. Газар дээрх өр хүртэл удах тусам хүү нь өсдөг биз дээ. Хүний юмыг хямдруулж байгаа нь ч, үнэ хаялцан хиймлээр үнэ хөөрөгдөж байгаа нь ч өөрийнхөө л өрийн тоолуурыг язганатал гүйлгэж байгаа хэрэг. Өнөөдөр унагасан хэдэн төгрөгийн ашиг, хүний хамгийн хөндүүр газар дээр гишгэн наймаалцаж олсон хонжоо тань баярлах юм ерөөсөө биш, харин ч нартаас буцахын алдад доош цаламдан чирэх, хүзүүнээс уяатай бул хар чулуу л гэж мэд. Тамын ёроол руу татах дөнгөндөө юундаа ингэтлээ баясна вэ, бид!

БОДЛЫН ХАРИУЦЛАГА

Бодлын хүчийг ухамсарлаж, өөрийн амьдралд төдийгүй гэр бүл, ойрын хүрээлэл, дэлхийн хувь заяанд нөлөөлөх хариуцлага үүрч яваа гэдгээ хүн бүр, алхам тутамдаа мэдэрч явбал дэлхий алга урвуулахын төдийд л диваажин болно. Хүн төрөлхтний ирээдүйд бодлоороо хувь нэмрээ оруулж, ирээдүйн эринийг бүтээлцэж байгаагаа ойлгох түвшинд та одоохондоо хүрээгүй бол ядаж өөрийнхөө төлөө бодлоо ариун байлгаж, сэтгэлээ цэвэрлэж байгаарай.

Таны бодсон бодол бүр тань эргэж ирнэ, санасан санаа бүр тань хувь заяаны талбарт үндэслэн цэцэглэнэ. Та нэг бол бусад руу харвасан муу бодлуудынхаа хорт сумнуудад сийчүүлэн мөнхийн сэтгэлийн тамд амьдарна, үгүй бол өрөөл өөд цацраасан гэрэлт бодлуудынхаа халуун илчинд умбан сэтгэлээрээ жарган дэвжинэ. Та муу бодлынхоо ширэнгэний муухай санаагаар амилсан зэрлэг махчдад зулгаалган тарчлах уу, таны бодлоор бүтээгдсэн аз жаргалын цэцэрлэгт цэнгэх үү, өөрөө л мэд.

Нэгэн хүн зайлуул, цаг нь болсон юм байлгүй, үйлдсэн нүглээ тоочин наманчлахаар Бурханд очжээ. “За, миний хийсэн муу үйл асар их ээ, түүнийг минь ариусган, намайг диваажинд төрүүлж соёрх. Нүгэл чивлээ ойлгож байгаа учраас Та л намайг аварч, дээш татаж хайрла” хэмээжээ. Бурхан хариуд нь, “За, тэгье. Гэхдээ чи эхлээд дүүрэн тостой ваарыг усны мандалд хоосон мэт хөвүүл, дараа нь би чиний нүглийг хоослон арилгаж, сансрын мандалд чамайг гаргаяа” гэсэн гэнэ билээ.

Тэгтэл нөгөө хүн “Бурхан минь, дүүрэн тостой ваар яагаад ч усан
дээр хөвж гарахгүй шүү дээ. Тэгж чадах хүчин газар дээр үгүйг Та мэднэ” гэж.

Харин Бурхан “Чиний нүгэл дүүрэн тулмыг би ч гэсэн хоосолж чадахгүй. Тэгж чадах гадаад хүчин газар дээр бүү хэл, газрын чанадад ч үгүйг чи мэднэ” гэжээ. Бурхан ч хусч үл дийлэх муу бодлын хур өнгөрийг нимгэлэн ариусгах цорын ганц хүчин бий. Тэр нь хүн Та өөрөө!

Таны хийсэн бүхний хариуг өөр хэн ч эдэлж барахгүй, танаас ондоо хэн ч туулж дуусгахгүй. Энэ зүйлийг уншаад сэтгэлийн тань мухарт нэг юм ёгхийн, өөрөөсөө ч нуудаг харанхуй өрөөний хаалгаа нээн, хар хогшлоо бүртгэх зориг хүрч байгаа бол Таны цаг нэгэнт болжээ. Муугийн тоолуураа зогсоо. Нэг мөсөн биш ч алгуурхан зогсоо. Харин энэ бүхнийг шал дэмий юм гэж бодвол зүгээр л мартаж орхи. Энэ хорвоод элдэв балай юм алийг тэр гэх вэ, юу ч байгаагүй гээд л бодчих.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !