Би ойрд хөгжлийн бэрхшээлтэй: харааны, хөдөлгөөний, нийгмийн харилцааны өөрчлөлттэй зураачдыг жаахан сонирхоод байгаа юм аа. Тэгтэл харин өнөөдөр аутизмын мэдээлэл түгээх өдөр байж таарлаа. Аутистуудыг орчин, цаг үе, бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрдэггүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй гэж үздэг. Харин бүтээлүүдийг нь үзэхээр тэд гүнзгий мэдрэмжтэй, дотоод ертөнцөө илэрхийлэх онцгой чадвартай нь харагддаг.
Тэд зүгээр л бидний дассан арга замаар, үгээр, харцаар харилцдаггүй. Бид өөрсдөө тэдний хэлийг, харилцааны хэлбэрийг хүлээж авахгүй бгаа юм биш бгаа даа. Бидэнд бүгдээрэнд маань их бага ямар нэг хэмжээгээр байдаг хөгжлийн бэрхшээл бол “Би чамайг ойлгох гэж хуруугаа хөдөлгөх биш чи надад ойлгогдох гэж хувьсгал хийх ёстой” гэх хандлага юм.
Оюуны хөгжлийн хамгийн том энэ саадыг давж байж л хүн ХҮН болно.
Эргээд нийгэм маань хүнд ээлтэй болно, өөрөөр хэлбэл өөрсдийн маань амьдрах дэлхий маань төрсөн гэр шиг болох юм даа. Нийгэмшдэггүй, хүмүүстэй харилцаанд орохдоо өөрийгөө илэрхийлэх арга барилаа буруу сонгодог, цаг үе орчин, бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрдэггүй, алив шинжлэх ухааныг, ялангуяа бичиг үсэг, арифметик зэргийг эзэмшихдээ маш удаан буюу хэзээ ч гүйцэд эзэмшдэггүй…бол дислекс, аутизм, оюуны хомсдол, эсвэл бүр сэтгэц мэдрэлийн өвчин гээд л оношилчиход амархан.
Харин Уинстон Черчилль, Альберт Эйнштейн, Леонардо да Винчи, Ханс Христиан Андерсен, Владимир Маяковский, Том Круз нар дислекстэй, Моцарт, Билл Гейтс, Мария Кюри, Эмили Дикинсон, Ван Гог, Сатоси Тазири \покемоныг бүтээсэн геймдизайнер\, Г.Перельман \пуанкарегийн таамаглалыг анх баталсан оросын суут математикч, 2010 онд мянганы асуудлыг шийдсэн энэхүү ажилд нь өгсөн шагнал болох 1 сая доллараас татгалзсан\ нар хүнд хөнгөн хэлбэрийн аутизмтай байсныг харгалзан үзвэл эдгээр шинж тэмдгүүдийн цаана өвчин биш өөр тавилан байгааг олж үзэж болно.
Эдгээр хүмүүс эгэл хүнд байдаггүй онцгой чадвартай, урлагийн гүнзгий мэдрэмжтэй байдаг. Сүүлийн үед аутизмыг өвчин гэхээсээ оршихуйн өөр хэлбэр гэж үзэж байгаа. Гэхдээ бүх аутист, дислекстэй хүмүүс сод гэж туйлшрах хэрэггүй. Судалж эхлээд дөнгөж 50 жил болж байгаа ч аутизм нь ямарваа хэлбэрийн туурвигч, аливааг гүнзгий мэдэрдэг хүмүүст илүүтэй тохиолдож байгаа зүй тогтлыг судлаачид тэмдэглэж байгаа юм.
Аутизмтай ч бай, аутизмгүй ч бай, хүн бүр өөр өөрийн харцтай.
Тэрхүү сэтгэлийн нүдэнд нь хорвоо яаж үзэгддэгийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй учраас хэнд юу сайн эсвэл муу болох, яавал дээр болох, хэн ямар нүгэл буянтай байсныг заах шүүх эрхгүй билээ бид. Жишээ нь, Монголд сайн зураач \зөвхөн дүрслэх урлагийн хувьд яриагүй\ цөөн боловч байдаг. Зах зээлийн үнэлэмжээр бол арчаагүй, азгүй амьтан л гэгдэх байх л даа.
Чин зүрхний бүтээлийг нь хүмүүс тоодоггүй болохоор юухан хээхэн хийж явааг нь харахаар өр өмөрдөг. Капиталист нийгмийн хэмжүүр бол бодит үнэлгээ биш. Тэр туурвигчдын дотор юу болж, тэд яаж хувьсч, өсч, боловсорч байгааг гаднаас нь хараад хэлэх боломжгүй юм чинь дээ. Гэхдээ хүмүүн бид нэг зүйлийг хийж чадна.
БҮГДИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ. Өөрийгөө ч бас.