Би солиотой

Нэгэн хаант улсыг мөхөөе гэсэн атгаг шидтэн ундны усны ундаргад нь хараал хийж, уснаас нь амссан хүн бүр маргааш өглөө нь ухаан солиорохоор болгожээ. Шидтэн бүр сайхан сэтгэлтэй байдаггүй нь ямар харамсалтай юм бэ. Үнэхээр л булгийн уснаас дуслыг ч болов хүртсэн хүн бүр өглөө нь солиотой амьтад болон сэрцгээж байлаа. Хамгийн гол нь, тэдний хэн нь ч өөрсдийнхөө болон бие биенийхээ солиорсныг огт мэдэхгүй байв.

Харин ордны эдлэн дэх худгийн цэнгэг уснаас уудаг байсан хаан болон түүний гэр бүлийнхэнд л энэ хараал жатга хүрсэнгүй. Хамгийн агуу шидтэнд ч гэсэн хүрч чадахгүй газар байдаг нь бас яамай даа. Ингээд хаан булгийг битүүмжлэн цээр тавьж, хүмүүсийг хорлолоос ариулах тухай лүндэн буулгахад аль хэдийн эрүүл ухаанаа алдсан сайд, шадар туслахууд нь “Хаан солиорчихож!” хэмээн бужигналдаж эхэлжээ.

Ер бусын жигтэй авирлах болсон хааныг ширээнээс нь унагаах, амь
насыг нь егүүтгэх тухай ард түмэн нь жиг жуг хийлдэх болов.

Солиорсон хаант улсад үлдсэн эрүүл ухаантай иргэд нь “ухаан самуу” гэж чичлэгдэн гадуурхагдах болж, ордныхоо өрөөнөөс хамраа ч цухуйлгаж чадахаа байхад дандаа л үлгэрт гардаг шиг хатан л мэргэн санаагаа айлджээ. Хортой уснаас нь уугаад адилхан солиорчихъё, эрүүл ухаантайнхаа төлөө ингэж тарчилж байхаар гэж хаан шийдээд шөнө дөлөөр гэр бүлээрээ хар нөмрөгөөр халхалж гараад хараалт усыг хүртэж орхиж. Өглөөний нарыг өөр нүдээр харсан хаантан саруул ухаанд багтамгүй аашилж эхлэхэд хаант улс нь тэр чигээрээ “Хаан илааршлаа” хэмээн хөөр болж дээ. Энэ гүрнийхэн бүгд солиотой юм чинь хоорондоо эв зүйгээ ололцоод, дугуй дугуйндаа эвцэлдээд, их л олон жил оршин тогтносоор байсан юм гэнэ билээ.

Би ч гэсэн солиотой. Харин найдваргүй солиотнуудаас ялгаатай нь солиотойгоо мэддэг, тиймээс эрүүл ухаантны багийг маш уран хэрэглэж чаддаг л солиотон. Солиотой юм байна гэдгээ би анх хэзээ мэдлээ дээ. Бүр бага сургуульд байхын л миний ярихыг сонссон хүүхдүүд бие бие рүүгээ нүд ирмэн жуумганаж, санааг минь үл тоож эхлэхэд үү, эсвэл бүх юм надад харь санагдан бачуурч, дандаа орондоо уйлдгийг минь мэдсэн ээж “Солиотой юм уу, хаашаа юм бэ” гэх болсноос уу, эсвэл зургадугаар ангийн зуслангийн дурсгалын дэвтэр дээр минь цөмөөрөө үгссэн юм шиг л “Чи нэг л өөр. Чи онцгой. Чи хэнтэй ч адилгүй. Чи…” гэж бичсэний учир уу?

Том жижиг, тэгш муруй, хавчиг, бүдүүн янз бүрийн үсэгнүүдийн дундаас “Чи эндхийнх биш” гэсэн үгс дурайж байх шиг санагдсан тэр цагаас би хаанаас ирснээ таамаглахыг оролдож эхэлсэн байх аа. Үеийн охид хормой дэрвүүлэн дээсдэж, хошуу холбон чалчиж, болзоонд оочерлож, орцонд буландуулж байхад би Стефан Цвейгтэй хамт хүмүүсийн зүрхэнд түлхүүр тааруулж, Антон Чеховын нүдээр нулимс асгаруулж, П.Лувсанцэрэнгийн хажууд монгол нутгийн зуны тэнгэрийн оддыг тоолон хэвтдэг байв.

Надад хөвгүүд сонирхолгүй байсан байх гэж та бүү баярла. Би хэвийн хэмжээнээс ч хэтрүүгээр эр хүйсэнд татагддаг байсан. Харин тэд тахианаас томгүй тархитай, үнээнээс багагүй хөхтэй, загас шиг амтай, зээр шиг хөлтэй, муур шиг аальтай, үнэг шиг зальтай эмст тархиа бариулдгийг би олж мэдээд тун ч удаагүй байгаа л даа. Энэнээс өмнө бол би сэтгэлээ өгсөн эр хүнээ ертөнцийн цөм хэмээн сэтгэж, миний хайр намайг, түүнийг, хорвоог аварна гэж сүсэглэдэг байж.

Харин үүнийхээ оронд ертөнцийн сүв шиг түүнийг ховх сорж, хар нүхэнд төөрүүлж, тогос мэт тонтгонож, тоть мэт “Чи жинхэнэ мангас” гэж давтаж байвал л болох байж. Тэгээд ч хүмүүс авралыг биш, сүйрлийг л мэдрэх чадвартай юм байна. Одоо бол би маанагдуухан инээмсэглэж, “мэдэхгүй” хэмээн мэдэн будилж, алдааг ар араас нь угсруулж, сульдаатай “сувсаа цувруулж” явдаг болсноос хойш маш олон эрхэмд таалагдаж байгаа. Тэнэг байх тусам эмэгтэйчүүд итгэдэг юм байна. Нөхөртэйгөө хүртэл орхино. Хэл бөөрөнхий, хол хардаггүй л байвал эрчүүдээр хахах юм байна.

Эхнэрээ хүртэл орхино. Харин миний доторх солиот торондоо цовхчин үсчиж, багаа хуулах мэт нүүрээ самардан эхэр татаж, эндээс зугтахыг, гэртээ харихыг гуйна. Харих цаг болоогүй, би хийх ёстойгоо эхлээ ч үгүй, хангалттай хатжаагүй байхад яая гэхэв, дэлхий гэдэг айлынд түр хавчуулагдаж байгаа хатавчиндаа очоод, эсвэл хөлсөө асгаруулан шалзрам халуун онгоцонд нөгөөхийг нурж унатал нь хэвтэнэ, эсвэл түүнийг угаартуулж нам дарна даа.

Гэтэл азаар, эсвэл эзээр ч юм уу, дэлхий улам жижгэрч, угаарын арга улам л олон болж байна. Харин би дотор солиотоосоо ичдэггүй байсан бол яах байсан бэ гэж үү. Дандаа л хийхийг хүсдэг ч зориг дутдаг алдаануудаа харин ч нэг баавартайяа хийх болно. Энэнээс болоод л үхчихгүй, ухаанаа алдчихгүйгээс хойш үе үехэн нөмрөөд ирдэг ёроолгүй ганцаардал, гацлыг нүд цавчихгүй хүлээн авдаг болно. Би шинэ найзуудтай болж, тэднийгээ цэцэн ухаантай болгохын тулд солиотой байж чадахад нь сургана.

Дээдсийн хүрээлэнгийн үүдийг нээхэд нь биш доод язгуурын сувгаа хаахад нь тусална.

Тэгвэл яг одоо хийдгийнхээ эсрэг юмаа л хийх нь дээ. Би католикуудад Экклезиастыг, лалуудад Коранаас нь, иуд нарт Тораг, шашингүйчүүдэд Аристотелийг иш татаж байгаад л Ертөнцөд ганц л шашин бий: байгаль; ганц л бурхан бий: сэтгэл гэж хэлнэ. Би дахин шүүгч болмооргүй байна. Хэн нэгнийг мөрдөж, буруу зөвийг нь дэнсэлж, гэм тулган зэмлэж, ял тулган яргалмааргүй байна.

Бас нөгөөг нь өмгөөлж, цээжээрээ хааж, нүглийг нь цайруулж, үүгээрээ бас хувь заяаг нь яйруулмааргүй байна. Би ерөөсөө л энэ нийгэм хэмээх яс модонд баригдсан шүүх танхимаас гармаар байна. Хохирогч, сэжигтэн, харгалзагч, гэрч ч болмооргүй байна. Би зүгээр л амьдарч, амьд явахын сайхныг амьдрал дундаа мэдэрмээр байна. Хэрэв би амьдрах юм бол Бурхан надтай хамт амьдрах болно гэдгийг бүгд мэддэг боловч хэн ч эхний алхмыг хийхгүй юм.

Солиотой гэгдэхээс айх айдсандаа дөнгөлөгдсөн эрүүл бус хүмүүсээс шийдсэн солиотны эр зориг илүү биш гэж үү. Би хүмүүст олж харсан Диваажингийнхаа тухай ярьж өгөхийг хичнээн их хүсдэг гээч. Миний өмнө ч гэсэн өөр бусад олон олон солиотнууд-Босх, Ван Гог, Вагнер, Бетховен, Эйнштейн нарын хэлэхийг оролдож байсантай л адил. Даанч хүмүүст энэ тухай яриа ямар ч сонирхолгүй л дээ. Эх оронд нь хямрал нүүрлэсэн энэ цөвүүн цагт гадны банкуудад 500 саяас дээш доллар хадгалуулсан хоёр (илүү ч байх), 300 саяыг хадгалуулсан гурван монголын нэрийг л мэдэх гэж шүлэнгэтнэ.

Тэр хэний албан ёсны эхнэрийн өмссөн Dior-ын хамгийн сүүлийн загварын хүрмэн дотуур ямар маркийн хэдийн үнэтэй хөхөвч хаана хийлгэсэн хиймэл хөхийг нь атгаж байгааг л шүүн хэлэлцэнэ. Бас түүний албан ёсны бус эм нь хаанаас яасан мөнгөөр дэвэн дэлхийгээр дэгддэг тухай хөлнийх нь чөмгийг сугартал ясыг нь жиргэнэ. Харин тэдний хэзээ, хэнийг хэрхэн баярлуулсан, хэдэн хүний амийг аварсан, ирээдүйд хичнээн хүний эдлэх цэнгэлийг өдгөө бүтээж байгааг бол хялам ч хийхгүй.

Яг л өөрсдийнхөө дотор бугласан идээ бээрийн үнэрийг авахгүй гэж хамраа чимхдэгтэйгээ л адил. Ээ, Бурхан минь, намайг солиотой чигээр минь л үлдээж хайрлаарай даа. Өчнөөн хүн бусдаас өөр гэдгээсээ айж, өөрийгөө харгислан өөлж, сэрсэн сүнсээ унтуулах гэж эм залгиж, лам залж, амьдралаа гяндан болгож, зүрхээ яндан болгоно вэ? Сэтгэцийн өвчтөнүүдээс “Энэ юу вэ” гэж зангиагаа заагаад асуугаарай. “Алд нь арван гэрийн үнэтэй, зөвхөн тайлах үед л таашаал амсуулдаг утгагүй эрээн даавуу” гэнэ.

Харин “эрүүл ухаантнууд” хүзүүгээ энэ эрээн даавууны тасархайгаар л оосорлохгүй бол ээж аавынх нь нүдний цөцгий мэт нандигнадаг амь нас нь сохор зоосны үнэгүй болчих гээд байна л гэх вий. Тэгэхээр Бурхан минь, намайг солиотнуудын дунд л байх боломж өгөөч. Энэ солиотой хүслийн минь төлөө намайг сэтгэцийн эмнэлэгт хүргэж, депресс гэх сонсголонтой онош тавих байх. Шалтгаан нь маш энгийн. Зүгээр л бие махбодид серотонин хэмээх химийн бодис дутсаных. Тэгээд л эмчилж гарна даа. Чи эдгэрээд харина.

Хүн төрөлхтөн аль өнгөрсөн зуунд хагардаггүй дугуй, урагддаггүй триконы нууцыг нээчихсэн атал дугуйны ба триконы үйлдвэрлэлийн эзэд шинэ нээлтийн технологийн патентыг асар өндөр үнээр авч хав дарчихаад нөгөө л хагардаг дугуй, урагддаг трикогоо улам л гоёмсог, улам хэврэгхэнээр хийсээр байгаад гайхдагаа ахиж хэнтэй ч хуваалцахгүй. Бичгийн машин, компьютерийн товчлуурууд дээрх үсгийн дарааллын QWERTY (ингэж эхэлдэг учраас л ингээд нэрлэчихье) систем хурдан бичихэд биш удаан бичихэд зориулагдсан нь хэний ашиг тусын тулд юм бэ гэж өөрөөсөө ч дахин асуухгүй.

Орон зай ч гэж байхгүй, цаг хугацаа ч гэж байхгүй, гагцхүү
тэдний нэгдэл гэж л бий гэж нээсэн Эйнштейний солиорлын ухаан надад лав алга даа.

Далайн цаадтай эцэсгүй хязгаар биш харин тив байна гэж зүтгэсэн Колумбын эр зориг ч надад бас сох дутна байх. Эсвэл Эверестийн оргилд хүн гарч чадна гэдэгт эргэлзээгүй Эдмонд Хилларигийн итгэл надад байгаа бил үү? Өөр ертөнцөд амьдардаг болохоор л солиот гэгддэг юм чинь Бурханыг харсан гэгээнтнүүд ч бас тийм байх нь уу? Гэхдээ би нэгэнт солиотой л юм чинь толгойдоо орсноо бодох эрхтэй. Эрхээ давуулж эдлээд нэг бодлоо дэлгэе л дээ.

Эрхзүйн ямар ч үндэслэлгүй нэг хуулийг зөрчсөний төлөө буюу Буян, Нүглийн модны үр жимсийг хүртлээ гэж Адам, Еваг диваажингийн цэцэрлэгээс хөөсөн шийдвэрээ Бурхан хүн төрөлхтөнд яагаад тайлбарлаж өгөхгүй байгаа юм бэ? Ингэж асууж зүрхэлсэн намайг та христийн шашинтан гэж бүү бодоорой, би олонд ойлгомжтой байхын тулд л энэ жишээг татсан юм. Ямар ч зан үйл үйлддэггүй, ямар нэг аврагчид итгэдэггүй, миний дотор цохилж буй зүрх, бүх амьтад, ургамал, ертөнцөд оршин буй бүхэн Бурхан гэж үздэг болохоор би шашингүй үзэлтэн байх. Гэхдээ би Будда, Есүс, Мухамед, Моисейг бүгдийг нь бишрэн, тэдэнд байсан өөрийгөө төгс ялагч агуу чанар надад ч бас оршоосой гэж залбирч явдаг.

За, яриандаа эргэж оръё.

Хэрвээ Бурхан ийм юм болоосой гэж хүсээгүй л юм бол тэр аюултай модыг яагаад диваажингийн гадна биш цэцэрлэгийн яг төвд байрлуулсан юм бэ? Би нөгөө шүүхийн танхимдаа хөөрхий хосыг өмгөөлж байсансан бол Бурханыг “удирдлагын завхрал”-аар буруутгах байлаа. Түүнд бас “гэмт үйлдэлд өдөөн турхирсан” гэсэн ялыг ч тулгаж болно. Тэр л өөрөө Адам, Ева хоёрын анхаарлыг яг л тэр мод руу татаагүй гэж үү? Хэрэв тэр юу ч хэлээгүй бол хүмүүс үеэс үед газар дээгүүр явахдаа бусад л моддын адил жирийн ойд зүгээр л ургаж байсан тэр модыг тоож харах ч үгүй л байсан байх.

Харин Бурхан өөрөөр хөдөлсөн. Эсрэгээрээ, тэр хууль гаргаж, шийтгэлээ л
бодож олохын тулд өөрөө тэр хуулийг нь зөрчих хэн нэгнийг ятгах арга сэдсэн.

Адам Ева хоёр тэднийг нягт хүрээлсэн ой гутам төгс байдлаас нэг л өдөр залхаж, тэсгэлийг нь шалгаж эхэлнэ гэдгийг тэр мэдэж байсан. Тэднийг хэрэг тарихыг нь л хүлээж байсан бүхнийг чадагч Бурханд хүртэл төгс төгөлдрийн эцэст тулсан өөгүй байдал ядаргаатай санагдсан бололтой. Хэрэв Ева тэр гайт алимаас хазаагүйсэн бол энэ хэдэн тэрбум жилд газар дэлхий дээр ямар сонирхолтой юм болох байсан юм бэ гэж би асууя. Өөрөө ч хариулъя: юу ч болохгүй байсан.

Энхрийхэн хууль нь зөрчигдмөгц шүүгч Бурхан мөрдлөг явуулж, бүхнийг ил тольдогч харцнаас нь хэн нэгэн нуугдаж чадах байсан юм шиг л аашилсан. Энд сахиулсан тэнгэрүүд л цэнгэсэн дээ. (Люцифер Тэнгэрийг орхин одсоноос хойш тэд ч бас уйдаж цөхсөн байж таарна). Библийн энэ хэсэг надад триллерийн маш сэтгэл татам үзэгдэл байж болмоор санагдаад байдаг юм. Бурханы ойртох алхаа, айсан хосын солилцсон түгшүүрт харц, нуувчны өмнө гэнэт зогссон Бурханы хөл, “Чи хаана байна вэ?” гэх түүний хоолой. “Чиний дууг Диваажинд сонссон ч би нүцгэнээсээ айгаад нуугдчихсан юм” гэх Адамын хариулт-хийсэн хэргээ хүлээсэн гэмт хэрэгтний өчил.

Гүйцээ.

Хамгийн инээдтэй үзүүлбэрээр тэр Адам хаана нуугдсаныг, яагаад тэгснийх нь шалтгааныг нь ч мэдэхгүй юм шиг дүр эсгэж байж зорьсондоо хүрлээ. Энэ тоглолтыг нүд салгалгүй харж байсан сахиулсан тэнгэрүүдэд ямар ч эргэлзээ үлдээхгүйн тулд цааш алхаж “Хэн чамайг нүцгэн гэж хэлсэн юм бэ?” гэхдээ “Нөгөө модноос идсэн учраас л” гэсэн хариулт авахаа тэр мэдэж л байсан. Цаашид байцаах ч шаардлагагүй, тэр эмэгтэй буруутай эсэх, өршөөл буй эсэх талаар ямар ч яриа байж болохгүй нь ийнхүү тодорхой болж байгаа юм.

Ингээд л хууль, хуулийн зөрчил (зүй ёсны юу, абсурд уу гэдэг нь хэнд ч сонин биш), ялын тогтоол (хэн туршлагатай нь гэнэнгээ ялж байдгийн яруу тод жишээ), шийтгэлээс бүрэлдсэн үнэний шүүх бий болов. Харин давж заалдах эрхгүйгээр шүүгдсэн хүн төрөлхтөн хэрэв Бурхан дахиад хязгааргүй эрхт ганцын засаглалаараа түрий барих гэвэл бамбай болгох хамгаалалтын механизм бүтээж эхлэв.

Эцэстээ хэдэн зуун жилийн туршид хүмүүсийн бодож олсон тоо томшгүй олон арга хэрэгсэл нь хэрээс хэтрээд, XXI зууны үнэний шүүх гээч нь нөхцөл байдал, зүйл анги, заалт, зүүлт, ноорхой, цоорхойтой толгой эргэм нүсэр төвөгтэй аварга мангасыг төрүүлсэн нь хэн ч, тэр бүү хэл Бурхан ч учрыг нь олохын аргагүй аймшгийн юм болчихжээ.

Бурхан бодлоо өөрчилж ертөнцийг авруулахаар хүүгээ илгээхэд нь юу боллоо доо?

Тэр өөрийнхөө бий болгосон үнэний шүүхийнхээ торонд орсон. Хуулийн ээдрээ улам бүр орооцолдон, тайлахын аргагүй зангиран чангарсаар Хүү нь хэрээсэнд тэлүүлэхдээ хүрсэн. Энэ шүүн яллах үйл явц амар байгаагүй юм шүү. Аннагаас Каиаф руу, санваартнуудаас Пилат руу… Есүсийг яллаж чадахгүй шийргэнээд байсан Пилатаас ахиад л Ирод руу… Иудейн хууль цаазаар авах ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн Иродоос буцаад Пилат руу.

Яг л одоогийн прокуроруудын адил Пилат шүүгдэгчийг ашиглан карьер хийхийг хүссэн. Тэр Есүсийг Варраввагаар солихыг санал болгохдоо бүр тэгэхэд л үнэний шүүх нь аль хэдийн, төгсгөл нь буруутны үхлээр оргилдоо хүрдэг томоохон жүжиг болон хувирчихсан болохыг мэдэж л байсан. Эцсийн эцэст Пилат шүүгдэгчид биш шүүгчид эргэлзэх эрх олгодог зүйл ангийг хэрэглэсэн. Тэр гараа угааж “за ч биш, үгүй ч биш” гэсэн нь зүгээр л орон нутгийн шүүхийнхэнтэй харьцаагаа муутгахгүйгээр нүүр царайгаа авч үлдэнгээ шийдвэрийн ялыг ард түмэнд үүрүүлсэн ов мэх төдий л юм байсан даа.

За даа, би хэт өрнөдийн сэтгэлгээгээр хальчихав уу даа. Буддын сургааль дээр бүрэлдсэн миний дорнын үзлээр бол болох ёстой юм л болдог. Энэ орчлонд санаандгүй учрал, санамсаргүй тохиолдол гэж байхгүй. Есүс ингэж төгсөхийг мэдэж л байсан. Пилат ч гэсэн өрөөлийн хувь заяанд тоомжиргүй хандсанаараа өөрийнхөө хувь заяаг хайхрамжгүйхэн өшиглөж, төрлөөс төрөлдөө хараалын шонд хүлэгдэх заяатай байж. Адам, Ева хоёроос болж гэмгүй хүн төрөлхтөн хэдэн үеэрээ тарчилж байна гэж Бурханыг буруутгах хэрэггүй л дээ.

Нүглийн тулам руу гараа хамт дүрэгсэд л эцэг, хүү бололцон, лайгаа үүрэлцсээр явдаг болохоос гэмтэй эцгийнх нь ялыг буруугүй хүү нь идээд л явдаг юм биш. Төрлийн, цусны, ясны, долоон үеийн хараал энэ тэр гэсэн юм үнэндээ байдаггүй юм. Зүгээр л энэ үйлийн үрийг эдэлж барах учиртай хүмүүс л нэг айлд долоон үе дараалан ээлж халаагаа, дуу дуугаа авалцан төрөөд байдаг хэрэг. Ингээд бүх юм тодорхой байхад ер юунаас ч айх билээ дээ.

Харин сонголт үргэлж байдаг. Солиотон байх уу, эс байх уу гэдэг.

Тэгэхээр би Бурханаас өөрийнхөө төлөө хэдэн юм гуйдаг юм. Үнэндээ өөрөөсөө л гуйж байгаа хэрэг л дээ. Үргэлж зөв сонголтыг хийгээсэй гэж. Би битгий худлаа яриасай. Би хэнд ч муу юм бүү хийгээсэй. Би гагц хохимой толгойнхоо биш хорвоогийн хамаг амьтны тусын тулд улам хүчирхэгжээсэй. Надад муу мөнгө битгий олдоосой. Намайг чөтгөр битгий сонирхоосой. Надаас уур хилэн, шунал тачаал, мунхаг гурав холуур дөлж байгаасай. Би гэрлийн төлөө, гэгээрлийн төлөө зөвхөн Бурханд хүчин зүтгэж байгаасай. Би зөвхөн Бурханы гар байгаасай. Ийм гуйлгачин чинь солиотой байлгүй яахав гэж бодогсодтой би санал нэг байна. Үнэндээ ТЭР чинь би, би чинь ТА шүү дээ. Үүнийг та хэзээ нэгэн цагт заавал олж мэднэ.

Харин тэр цагт би энэ галактикт байхгүй л байх болов уу.

2010.07.07

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !