Би хэн бэ?

Өөрийгөө танилцуул, хүүхдүүд нь хэр амжилттай яваа юм бэ, тэдэнтэйгээ хэр харилцаатай юм бэ, нөхөр нь хэн юм бэ, хоорондоо хэр сайн юм бэ, өөрөө ээж аавтайгаа ямар харьцаатай юм…гэж байгаа хүмүүст хариу өгье. 2-р асуултаас эхэлье.

Хүүхдийн амжилтаар намайг хэмжих хэрэг байна уу?

Амжилт гэж юу юм бэ? Яавал амжилттай, яавал амжилтгүй яваа юм байна гэж дүгнэх вэ?

Хэрэв би хүүхдүүдтэйгээ төгс харилцаатай байсан бол “Миний хүүхэд хэцүү” зэрэг ГЭРЭЭ ГИЙГҮҮЛЬЕ цувралын 5 лекцүүд уран сэтгэмжийн зохиол болж таарах нь уу? Хэцүү харилцаанаас эвлэрэлд хүрсэн замын туршлага минь л юм шүү дээ. Нөхөр хэн байх нь миний тренингтэй ямар хамаатай байх вэ?

Би хэрвээ нөхөртэйгөө огт асуудалгүй байсан юм бол ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД цуврал минь бас тооноор туссан гэрлээс төрсөн байх нь уу? Нөхөртэйгээ би их хурцадмал харьцаатай байх үед ажил хэргийн шугамаар уулзаж байсан нэг сэтгэлзүйч зөвлөгөө авахыг санал болгож байж билээ. 3 сараас дээш хугацаанд хүнтэй амьдарч үзээгүй эмэгтэй. 18 жил хамт амьдарч юм юм үзсэн хүмүүст юу хэлэх байсан бол? Мэргэжил? Эрдмийн зэрэг цол? Уншсан ном, ажилласан жил?

Хүүхэдгүй мөртлөө хүүхдийн сэтгэлзүйч, бэлгийн харилцаанд орж үзээгүй (!) гэр бүлийн сэтгэлзүйч…

Би мэргэжлийн боловсролыг өндөр үнэлдэг хүн. Тийм ч учраас сэтгэл судлалын доктор болох гээд суралцаж байна. Гэвч сэтгэлийн тал дээр зөвхөн ном уншаад, заалгаад болчихно гэж боддоггүй. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж бодож байна. Намайг маш мундаг чавганц гээд л ойлгочих.

Аав ээжтэйгээ би бүрэн ойлголцолд байсан бол ээжтэйгээ харилцаагаа сайжруулах замаар амьдралын асуудлуудаа шийдвэрлэх ИНЖ…ГИНЖ тренинг, аавтайгаа эвлэрч байж, нөхөр хүүхэд, мөнгөний асуудлыг цэгцлэх ОЧИРЫН БОРОО тренингийг боловсруулж чадах байсан уу? Хүмүүс минь, сэтгэлзүйн лекц, тренингийг зохиодоггүй юм шүү дээ. Энэ бол зовлонг амгаланд урвуулсан сэтгэлийн нэрмэл.

За, эхний асуултыг тавиад байгаа хүмүүсийг тренингт орох сэдлээр хандсаныг нь хүндэтгэж үзээд, “ДУУ ХООЛОЙНУУД” урлан-сургалт зарлах үеэрээ бичиж байсан постноосоо тавьчихъя. “Та лекцэн дээрээ яг юуны тухай ярих гэж байгаагаа яриад өгөөч” гэдэг хүмүүс хорвоод нэг биш нэлээн олон байдаг юм байна. Би товч чиглэл өгч чадна, харин яг юу болохыг дэлгэрэнгүй хэлж чадахгүй. Би энэ урлангийн удирдагч, уулзалт бүрийн тодорхой сэдвийн дагуу чиглүүлэгч, уран илтгэгч, судлаач-шүүмжлэгч, нэг үгээр МУЗА байх болно.

“Өөрийгөө танилцуул, зөв гэр бүлтэй хүнээс үг сонсмоор байна” гээд байгаачуудад:  “ХЭРЭВ ӨӨРИЙНХӨӨ ХЭН БОЛОХЫГ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА БОЛ БИ ХЭН Ч БИШ ЮМ БАЙНА ГЭСЭН ҮГ”. Хэн ч биш танихгүй хүнд хүүхдээ найдаж өгч болохгүй. Хэн хүний өөрийнхөө тухай ярих зүйлд итгээд бас хүүхдээ өгч болохгүй. “Өөрийнх нь бизнес шүү дээ, олигтойхон рекламдаад танилцуулахад яадаг юм” гэцгээдэг. Харин бүр тэр тусмаа, ашгийн төлөө арилжааны зорилгоор өөрийгөө танилцуулж байгаа үгэнд итгэж огт болохгүй.

Нэг талаас миний ажил мөн, тэр хэмжээнд миний хэлэх танилцуулга энэ. Нөгөө талаас та бүхэн хүүхдийнхээ богино цагаар ч болов хамт байх хүний талаар өөрсдөө судлах үүрэгтэй. Миний лекцэнд сууж болно, миний сэтгүүл ном бичвэрүүд, ярилцлагыг уншиж болно”. Би өөрийнхөө талаар нуудаггүй. Харин ч сайтынхаа нэг буланг дүүртэл өөрийнхөө түүхийг бичсэн байгаа.

Энэ ч бас хангалтгүй.

Миний лекц, тренингийн талаар яг сууж сонсож, хүртэж байсан хүмүүсийн бодит дүгнэлтүүдийг үз.

Надад дургүй хүмүүсийн үгийг ч сонс. Ер нь ямархуу этгээдүүд яагаад надад дургүйцээд байгаа чинь миний хэн болохын барьцтай баталгаа шүү.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !