Би чиний аялгуу болно!

Миний амьдралд гайхамшигтай хүмүүс учирдаг юм байна гэдгийг мэдээд 7 жил болж байна. Түүнээс өмнө бол аз, тохиолдол, эсвэл миний заяа, эсвэл түүний хишиг гэж бодож явдаг байж. Надтай учирсан хүмүүс цэнгэлийн нулимсыг асгартал баярлуулж, цээжний махыг урагдтал тарчлаах нь ч бий. Гэвч бүгдээрээ надад цэцэн ухаан, хүч чадал, хатан зоригийг өгч, эрдэнийн дээд сэтгэлийг хайрласан байдаг юм байна.

Бүгдээрээ ямар нэг хэмжээгээр надад ҮНЭНийг нээсэн байдаг.

Үнэнч байсных нь төлөө хүний бүх алдааг уучилж болно гэдэг дээ. Надад үнэнч байсан, үнэний талд хүчин зүтгэсэн, ҮНЭН мөртэй хүмүүст мэхийн ёсолъё! Намайг тэжээж, миний үйлсийг дэлгэрүүлж, миний замыг тэтгэж, лекцүүдийг маань үнэнчээр авч, тренингүүдэд минь үнэнчээр оролцож байгаа бүх ачит ээжүүддээ мөргөе.

Лекцийг минь хүний гараас хямдхан авснаа илчилсэн, зарснаа ч хэлсэн, найз, эгч дүүстээ дамжуулсан, цахимд дэлгэсэн гэдгээ надад өөрөө хэлсэн ачит ээжүүддээ ч мөргөе. Нүгэлтэн байгаагүй гэгээнтэн үгүй, гэгээн болохгүй нүгэлтэн ч үгүй. Тэргүүлшгүй цагаас төрлөөс төрөлд төөрөн явахдаа бидэнд амсч эдлээгүй сайн муу юмс, хийж үзээгүй хэрэг гэж байдаггүй юм гэнэ лээ.

Зөвхөн өнөөдрөөр бүх юм хэмжигдэхгүй. Хэзээ нэгэн цагт эх үр бололцон явсан, хэзээ нэгтээ үр хойчоороо ураг төрөл барилдан, нэгэн хүний биенд цус болон нийлэн урсах ачит гэгээн дарь эх ээжүүд минь, хамгийн сайхан энэ өдөр миний хүсэлтэй хамт та нарын минь хүсэл биелэх болно.

Би та нарынхаа аялгуу болно!

Би чиний аялгуу
Биелээгүй дуу чинь болно
Зүрхэн гүний чинь энэлэн
Гэгээн мөрөөдөл чинь болно.

Энхрий хөнгөн навчис
Энгүй цагаан цас чинь
Эмээнгүй ариун үнсэлт
Эхнийх бөгөөд сүүлчийнх нь болно.

Чиний үхэл төрөлт би
Чиний уналт дүүлэлт
Гэгэлгэн хаврын салхи
Гэрээслэл бас захиагүй бүхэн чинь

Өнгөрсөн үеийн чинь зүсэм
Өглөө чинь ч, үдэш чинь ч
Ханатлаа хайрласан бас ханаагүй хайр чинь
Учирсан учраагүй тэр чинь

Би чиний ялалтууд
Биелээгүй байгаа бүхэн чинь
Зовлон үгүй жаргал би
Тавилан, чамайг тосч буй бүхэн

БИ ЧИНИЙ АЯЛГУУ

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !