АЗ ӨӨД

4-р сарын 22-оос эхлэн дараа жилийн ханш нээх хүртэл ээжүүд минь, бид юу хийх ёстой вэ?

Өнгөрсөн хагас сар амьдрал аль болохгүй байгаа хэсгүүд рүү биднийг харуулах гэж ихэвчлэн хатгалт, цохилт, өвдөлт хэлбэрээр дохионуудыг өгсөн, бид ч дор дороо аль чадахаараа тэр тэмдгүүдийг тайлж уншаад, тус тусын дүгнэлтүүдээ гаргасан байгаа. Хүн чихээрээ сонсдоггүй юмаа. Хүн хүслээрээ л сонсдог. Энэ чухал өдрүүдийн талаарх мэдээллийг хараагүй хичнээн сая хүн байгаа, хараад үл тоосон хэдэн мянган хүн байгаа гэж бодож байна? Анзаарч хараад, эргэж өөрийнхөө амьдралыг, хувь заяаг анхаарсан хэдэн хүн байгаа бол?

Түүн дундаас, санаандгүй мэт учрал, үгс, үйл явдлуудын хэлийг зөв тайлж уншаад, замын зүг, ахуйн хүрээ, сэтгэлийн өнгөө засах шийд гаргасан нь хэд бол? Зарим маань амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж нулимчихаад ганган савлагаатай, гялгар рекламтай маргарин руу явчихдаг, зарим маань олон жил гадна дотроосоо хордсон биеэ, сэтгэлээ цэвэрлэж авъя гээд зөв замыг хайж олдог. Аль аль нь тэр хүмүүсийн буянд харгалзана.

Яг одоо та энэ мөрүүдийг уншихад өөрийгөө хайрлах, хямгадах, өөрийнхөө
төлөө амьдрах сэтгэл хүчтэй төрж байгаа бол та буянтай юм.

Одоо харин тэр буянаа хэрэгтэй зүйлд зарах л үлдэж байна. Болохгүй байгаа эмзэг газруудаа бид мэдлээ, одоо юу хийх вэ? Бид хамгийн түрүүнд нөгөө хөндүүр газруудаа эмчилж, зовиураа арилгах гээд тал тал тийшээ гүйлдчихдэг.  “Би 10 өдрийн бясалгалд яваад, 7 өдрийн сургалтанд суугаад, ном уншаад, лекц сонсоод цоо шинэ хүн болчихлоо” гэж ярьдаг хүнтэй та таарч л явсан биз дээ? Магадгүй, хэн нэгэн хэдхэн өдрийн дотор, за бүр сарын дотор тэс ондоо хүн болдог л байх. Харин би өөрчлөгдөх гэж асар их удсан. Урамшуулагч, сэдэлжүүлэгч, амьдралын баяр баясгалан, маргааш нар манданаа гэгсдээс би ганц л юмыг асуумаар байдаг. ЯААААЖ????

  1. Уйлмаар байвал инээ.Цээж урагдаад, нүд хорсоод, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, болдогсон бол газрын гаваар ороод өгмөөр байхад ЯАЖ инээх вэ?
  2. Юунаас ч бүү ай. Бүх юм нурж, би яг одоо сөнөж, сөхөрч, хүчин мөхөстөж, цөхрөнгөө барж байхад ЯАЖ зориг төгөлдөр байх вэ, хэлээд өгөөч, гуйя!
  3. Бүү харамс. Харамсахгүй байхыг ямар их хүсч байна гээч! Энэ бүх юм болоогүй байгаасай гэж, энэ бүхэн зүүд байгаасай гэж би хичнээн их хүсч байна вэ? Цагийг эргүүлж болдогсон бол, хэрэв тэр үед би эргээд очдогсон бол…тэгвэл би…гэж дотроо орь дуу тавин чарлаж, шалан дээгүүр өнхөрч байхад “Битгий гутар. Зүгээр л март, орхи” гэдгийг ЯААААЖ хийх юм бэ?
  4. Хайрла. Би түүнийг үзэн ядаж, яг одоо өөрийн гараар улаан хоолойг нь тасалмаар, хариугаа аван тамламаар, надад хийсэн бүхнийг нь өөрт нь мэдрүүлмээр байхад, гэтэл тэр миний …хайртай хүн…ээж…аав…нөхөр…бүр төрүүлсөн үр минь байхад…би энэ бодлоосоо эргэн өөртөө ой гутаж, боож үхмээр байхад “Хайрла, зүгээр л хайрла” гэх юм. Үнэндээ миний хоолой сөөж байна. Надад чанга дуугарах ч тэнхэл алга. Тарчилж байгааг нь хараад бахаа хангамаар байгаа хүнээ ЯАЖ хайрладаг юм бэ гэдгийг л хэлээд өгөөч?
  5. Уучил. Тэр намайг тамын ёроолд хаясан. Тэр миний хамаг юмыг, намайг устгасан. Түүнээс болоод би өөрийгөө тэнэг, азгүй, муухай, бузар гэж боддог болсон. “Өө, зүв зүгээр, уучил”. Яг үнэндээ би түүнийг уучлах нь бүү хэл, үхэн үхтэл нь надад хийсэн бүхэндээ гэмшиж, надаас өршөөл эрж, нүгэл нь нүдээрээ гараасай л гэж хүсч байна. Би өөрийнхөө төлөө, сэтгэлийн амар амгалангийнхаа төлөө түүнийг уучлахыг хүслээ гэж бодъё. За тэгээд, ЯАЖ?

 

  1. Өөрийгөө бүтээ, өөртөө итгэ. Би өөрийгөө үргэлж бүтэлгүй гэдгийг харж, мэдэрч, энэ хорвоогийн хамгийн тэнэг гэж бодож байхад ЯАЖ өөртөө итгэх вэ? “Итгэ, итгэ, итгэ!” гэж хэлээд л болоо юу? Өчнөөн жил, өдөр бүр, магадгүй өдөрт бүр хэдэн удаа “Хүүш ээ, болиоч, ичээч, бойтог, болхи, мулхи мулгуу, өө…ээ… арай ч дээ, даанч дээ…” гэдгийг үгээр, нүдээр, нүүр биеийн хэлээр хэдэн мянган удаа хэлүүлж, харж, сонсож, дахин дахин давтан давтан мэдэрч, сэтгэл минь тэр цасан үгсэнд дарагдан дагтаршиж, мөнх цэвдэг болсон байхад “Чи чадна” гээл болоо юу?

Энэ хэлж буй урмын үгс үнэн үү гэвэл үнэн, хэрэгтэй юу гэвэл хамгаас хэрэгтэй. Та өөртөө итгэж байж амжилттай, аз жаргалтай байх нь мэдээж. Гэвч өөртөө итгэх амархан биш ээ. Хэлээд л итгэчихэж болдогсон бол, тийм амархан байсан сан бол хүн төрөлхтний бараг 90 хувь буюу 10 хүн тутмын 9 нь яагаад өөртөө итгэлгүй байна вэ? Тэд өөрийгөө голж чамлаж, шүүн яллах дуртайдаа, гашуун дурсамжиндаа живж, зовлонг залгилах хүсэлтэйдээ ийм байгаа гэж би огт бодохгүй байна. Тэр зовлонгийн далайн ёроолоос яаж гарахаа мэдэхгүйдээ л хахаж цацан тэндээ тэлчилж байгаа. Зовлонгоос гарах замыг би одоо танд хэлж өгье. Эхлээд зовлонтойгоо, өвдөлт байгааг олж харах. Өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүнийг эмчилж болохгүй.

Өөрийгөө жаргалтай гэж бодож байгаа хүнийг зовлонгоос татаж гаргах аргагүй.

Эхний алхам бол та эмзэг газраа өөрөө олж харах ёстой. Дээр хэлсэнчлэн хүслээрээ л сонсдог болохоор гаднаас хэлсэн юмыг сонсдоггүй юм. Дараа нь яаж гарах арга замыг олох. Хэрэв хүн танд зам зааж өгвөл тийшээ ЯАЖ очихыг асуу. Хэрэв Яаж гэдгийг л хэлж өгөхгүй байгаа бол таны цагийг алж байна гэсэн үг. Тэгэхээр таныг жаргалд хүргэх, зовлонгоос эдгээх зам хаана байгааг зааж зурж өгч байгаа хүнийг л түш, гараас нь хөтлөөд тийшээ яв, замчлахыг нь зөвшөөр.

Одоо замаа олсон бол алх даа. Зам дээрээ зогсчихоод, замдаа мөргөөд, замаа магтан дуулаад, бусдыг бас ийшээ дуудаад насаа барж байгаа хүмүүсийн эгнээнд бүү зогсоорой. Харин хүйтэн нойтон, харанхуй, өлсгөлөн ч хамаагүй урагш зүтгэж буй цөөхөөн хэдхэн хүний нэг болоорой гэж би танд хүсмээр байна. Би олон жилийг тэр замыг хайхад зориулсан. Зам дээр гараад бас олон жилийг дэмий өнгөрөөсөн. Одоо бол урагшилж л явна. Энэ хооронд хураасан туршлагаа, нөгөө ЯАЖ? гэдгийг олсныгоо хүссэн хүнд нь хэлж өгөх нь миний зам юм байна.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !