АМЖИЛТ ХҮСЬЕ!

Намайг багад дурсамжийн дэвтэр гэдэг нэг зүйл байдаг байлаа. Анги дунджаар 36-40 орчим хүүхэдтэй. Нэг хүүхдэд 2 хуудас гэж бодоод 96 хуудастай дэвтэр аялуулдаг байв. Тэр 2 хуудас, 4 нүүрэн дээр хүүхдүүд зурж, нааж, шүлэг, дууны үг бичиж, хайрын тухай, амьдралын тухай эшлэл үгсээр угалзруулан чимдэг байв.

“Хэрэв 40 хүрэхдээ чиний сэтгэл баяр жаргалаар дүүрээгүй бол гуниг зовлонгоор дүүрнэ” гэдэг үг олон дэвтэрт бичээстэй байдаг байсан. Хэний ч үг юм бүү мэд. 40 нас гэдэг тэр үед сарнаас хол байлаа л. Хүршгүй алсын, санаанд багтамгүй 40 гэдэг тоо миний нас болон ирэхийн цагт би хамгийн жаргалтай, алдартай, хамгийн баян, ганган болно гэдэгт бат итгэдэг байжээ. Сүүлдээ тэр үгийг мартсан. Харин 40 хүрээд гэнэт санасан даа.

Хүүхэд байхдаа мөрөөддөг байсан шигээ ч хүн болсонгүй.
Жаргалтай байхад тэр бүхэн ямар ч хэрэггүйг ч мэдсэн.

40 хүрэхдээ сэтгэл нь ганц удаа ч болов баяр жаргалаар дүүрээгүй хүн гэж байдаггүйг мэдсэн. Хэрэв дүүрээгүй бол гуниг зовлонгоор дүүрэхгүйг ч мэдсэн. Азгүй байна гэдэг нь 40 хүрэхдээ өөрийн гэсэн гэргүй, хар ажил хийгээд явахыг хэлнэ гэж олон хүн боддог юм билээ. Эсвэл нөхөргүй, хүүхэдгүй байхыг ч юм уу.

Сэтгэл зүйч М. Лабковскийг өөр харц, үнэн үг, хурц шулуун гаргалгаанд нь болж олон хүн хайрладаг, хүндэлдэг, бас эдгээрээс нь болж олон хүн эгдүүцдэг, дургүйцдэг. Амжилтгүй байна гэж юу болох талаар Лабковский ингэж үздэг.

Хүссэнээрээ ганц өдрийг ч болов өнгөрөөхгүй байх.
Сайхан ажилтай ч түүндээ дургүй.
Сайн хүнтэй гэрлэсэн ч түүндээ хайргүй.
“Өөрийн биш” биеийг өмсөхийн тулд өдөр бүр калори тоолон, төрсөн биеэ хэрчих.
Нэг юм хийхийг насаараа мөрөөддөг ч эхлэхээс айдаг, эхлүүлсэн ч дуусгадаггүй.
Хүсээгүй хүнтэйгээ унтдаг.
Хамгийн янаг, халуун сэтгэлтэй, халамжтай ханьтай ч өрөөлийг мөрөөддөг.
Хүүхэд чинь үргэлж чамтай тоглохыг хүсдэг, харин чи үргэлж чамайг тайван орхихыг хүсдэг.
Цонхны цаадах амьдралд баясан, урдаа байгаа бүхнийг таашаан ханан, тайван цайлахыг хүсдэг ч явуут дундаа ам руугаа юу ч юм чихсээр жолооны ард суудаг.
Энэ бүхэн дуусаасай гэж өдөр бүр хүсдэг ч өөрчлөхийн төлөө юу ч хийдэггүй.
Энэ бол амжилтгүй байх юм.
Азгүй амьдрал.

 

Үүний эсрэг мянган баримт дэлгэж, олсон, олж байгаа, олох гэж байгаа бүхнээ жагсаасан ч сэтгэл зүйчийн хувиар би баттай хэлж чадна:

“АМЖИЛТ зөвхөн дотор байдаг юм”.

Сэтгэлзүй гэдэг бол хүнийг дотроо амжилттай болгох л ухаан билээ. Амжилттай гэдгээ олж харах, өөрийнхөө амжилтанд итгэх, амжилт бус зүйлсээс чөлөөлөгдөх, дотоод амжилтанд хүргэхгүй бүхнээс татгалзах. Тренингт ийм чадварыг өгдөг. Тиймээс эхлээд заавал хэдэн лекц сонсохыг санал болгодог. Ер нь бол эдгээр лекцийг хүн бүр амжилттай эсэхээсээ үл хамаараад заавал сонссон байх ёстой байдаг.

Миний анзаарсан нэг зүйл гэвэл яг тренингийн өмнөх хэдэн хоногт лекц их авдаг, бөөнөөр нь өдөр шөнөгүй сонсч дуусгадаг. Энэ бол нийтлэг үзэгдэл. Эсвэл “Надад ийм зүйл тохиолдчихлоо, нөхөр, хүүхэд, тэр энэ намайг ингэчихлээ, би яах вэ, яаралтай тусламж хэрэгтэй байна” гэдэг. Сэтгэлзүйн түргэн тусламжийн үйлчилгээ ер нь байдаг уу гэвэл байдаг. Гэхдээ би тэр чиглэлээр мэргэшээгүй. Түр зуур өвчин намдаах, гал унтраахыг би гол болгодоггүй.

Сэтгэлийг эдгээх нь миний зорилго.

Тэгвэл эдгэрэл гэдэг бол ганц агшинд, маш амархан болчихдог зүйл биш. Хүн бүрт сэтгэлийн хөндүүр хэсэг заавал байдаг. Энэ бол ертөнцийн жам юм. Энэ жамыг үнэн худал гэж мэтгэлцэхийн оронд өөрийн сэтгэлийг өнгийж нэгэн үзээд, өвдөлттэй эмзэг хэсгээ олж, ганц өдрийн ч өмнө болов эдгээхийг бодсон нь дээр.

Дээр хэлсэнчлэн, өөрт байгааг биш байхгүйг мөрөөдөх, донтох, таашаал үл авах, уйдах, гансрах, өөр амьдралыг хүсэвч юу ч хийх сэтгэлийн хатгүй байх зэрэг бол сэтгэлийн өвчний шинж тэмдгүүд юм шүү. Хүмүүс нийтээрээ тийм байж л байг, өвчин хууч нь хөдлөх үед түргэн дуудан сүржигнэчихээд, халуун нь буурангуут эргээд “амжилтгүй” амьдралдаа живэн унтаарч л байг.

ТА СЭР. Өчигдрийн тренингт амжиж ороогүй нь үүрд амжихгүй боллоо гэсэн үг биш. Дараагийнхт ор. Тренингт оръё гэж байгаа бол аажим бэлд. Лекцүүдийг аль таалагдсанаасаа эхлээд сонс. Нэг сонссон хүн заавал бүгдийг нь сонсдог.

Яагаад гэвэл тэнд үнэн байгаа юм. Таны сэтгэл үнэнийг таньдаг. Сонсох явцдаа танд байгаа олон асуудлыг та өөрөө бие даан шийдэх чадвартайгаа олж харна. Мэдээж, олонхын маань хүсэл бол хэн нэгэнд төлбөрийг нь өгөөд, өөрийн асуудлаа бусдаар шийдүүлэх л дээ. Хэрэв та сэтгэлээ бусдад даатгадаг бол эцэстээ эрүүл биш, харин ч эсрэгээрээ эрэмдэглэгдсэн сэгтэй хоцрох магадлал өндөр.

Сэтгэлзүй бол хүнийг өөрөөр нь эмчлүүлдэг ухаан юм.

Сэтгэлзүйч бол ердөө л хөтөч. Лекц сонсох явцад тренинггүйгээр юмс цэгцрээд ирж болно. Эсвэл тренинг маш чухал хэрэгтэй юм байна гэдэг дээр очиж ч болох юм. Аль нь ч байсан, амжилттай байхын төлөө, аз жаргалтай байхын төлөө л амьдар, аз жаргалтай л амьдар. Нуршуу ярианы эхэнд дурьдсан тэр үг худал болохыг та одоо мэдлээ.

Хүний сэтгэл хэдэн ч насандаа баяр жаргалаар дүүрч болно. Сэтгэл бүрийн туйлын зорилго бол ЖАРГАЛААР ДҮҮРЭХ л юм. Таны сэтгэл жаргалаар дүүрэн байг.

 

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !