АМЬДРАЛ

Би гэрийн ойролцоох кофе шопт, байнга суудаг ширээний хажуугийнх дээр суугаад цонхоор харж байв. Ширээ болгон хүнтэй, том жижиг бэлгийн уут, тууз, саа болсон янз бүрийн хайрцаг сав суудал бүрийн ард урдгүй…Шинэ жил, шинэ учрал, мөрөөдөл, аз жаргал…гэтэл гэнэт гунигтай гарыг би олж харав. Тийм ээ, гар минийхээр жаргалтай, гунигтай, сандарсан эсвэл итгэл төгс байж чаддаг. Би зориуд эзнийг нь харахгүйг хичээж, энэ гар юуг үзсэн байж болох вэ гэж бодож үзлээ. Хар ажил нэлээн хийдэг байрын, гэхдээ ямар нэг бяр бялхсан…магадгүй тамирчин байсан болов уу. Би харц дээшлүүлэв. Уудаг болтой залуу хүн байна.

Уудгаасаа болж дотроо буй агуу тамирчныг алсан, агуулахын ачигч.

Түүний өөдөөс хараад моодны мэргэжил сонгохдоо хосгүй жүжигчнийг гишгэн санхүүч болсон бүсгүй сууж байна. Лангууны цаана стандарт бус галбираасаа болоод үхсэн нэрт балетчин баристагийн дүрээр зогсч байна. Тэр эмэгтэй балетын урлагт хувьсгал хийх байсан. Надад латте авчирч өгсөн зөөгчийн дотор сод нэгэн зохиолч үхсэн байна. Гар бичмэлийг нь унших сөхөөтэй редактор байхгүй, хэвлэх чадал өөрт нь байхгүй. Хэвлэгдсэн ч хэн ч уншихгүй. Номонд нь мөнгө, секс, аллага, аймшиг гардаггүй. Гэвч тэр номнууд хүмүүсийн оюунд тэсрэлт хийх байсан.

Цонхны цаана хүүгийнхээ доторх зураачийг алаад хуульч болгосон ээж явж өнгөрөв. “Хүү чинь үнэхээр ховор авъяастай шүү” гээд байдаг урлангийн багшийнх нь дотор бас суут урлаг судлаач үхсэн л байсан биз дээ, тийм сүрхий юм бол өөрөө яасын…гэж өөрийгөө зөвтгөх аргаа олж яван буй эхийн дотор гэрлэлттэй нь зэрэгцэн үхсэн тансаг кутюрье байсан.

Илүү цалин, хурдан өсөх боломж, амар замаар арилжиж орхисон урлагийн тэнгэрүүд, соёлын зүтгэлтнүүд, эрдэмтэд, сэтгэгчид, нээгчид судлаачид-хүн төрөлхтний түүхийг эргүүлэгч, агуу хүмүүсийн сүнснүүд…“Хүмүүс ээ, өөрсдийгөө битгий алаач. Эрдэнэт хүний амьдралыг тулга тойрон хэдэн зоос тоолох төдийгөөр бүү солиоч. Ямар ч сонголт хийх болоход ганцхан өөрийгөө л сонгож байгаач” гэж хашгирмаар санагдана.

Гэвч би хашгирахгүй. Хэн ч сонсохгүй.
Өөрийнхөө зүрхийг сонсч чадаагүй хүн миний үгийг сонсохгүй.

Аврагдах хүн өөрийгөө авардаг. Аврагдах заяагүй нь мянгантаа эрэг дээр гаргавч эргэж үсэрсээр байдаг юм билээ. Шинэ жил хүн бүрт амьдрал авчраасай. Бид дотроо хэнийг ч бүү алаасай. Хэрэв хэзээ нэгтээ тийм юм болсон бол энэ жил бид бүгдээрээ дор дороо хайранд умбасан охин, хатан зоригт бүсгүй, жаргалтай хатан, агуу эзэнт гүрний хааныг амилуулах болтугай. Бид бүгдийн сэтгэл амь орон асч, хэн байсныгаа, ямар амьдралыг мөрөөдөж явсныгаа эргэн санаасай.

Та нартаа АМЬДралыг хүсье.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !