Аавгүй болсныхоо дараа аавтай байсан үеэ их тод санадаг юм байна.
9 сарын 1-нд аав минь намайг хөтлөн сургуульд минь хүргэж өгч байж билээ. Энэ тухай анх удаа бодож байгаа мэт мэдрэмж. Тэр жилийн хавар нь намайг орос сургуульд оруулах гээд ингээд л хөтлөөд явж байсан сан. Гарч ирээд “Аав аа, би тэнцээгүй байх аа, зарим үгээ санаагүй” гэхэд минь “Зүгээр ээ” гэчихээд, үүрд миний талд байна, үргэлж ард минь хамгаалан зогсох болно гэдгээ гарын атгалтаараа хэлснийг нь өнөөдөр л ойлгож байгаа мэт санагдана.
Аав надтай ярилцдаггүй, тоодоггүй гэж гомдоллодог байсан сан. Гэтэл гарыг минь халуунаар, удаанаар, чангаар атгасан аавын гар яагаад ийм тод, зүрх шимшрүүлэм тод санагдана вэ? Янз бүрийн өдрүүдэд, өглөө эрт, үдийн халуунд, жихүүн орой, хөшүүн шөнөөр, аргадан, магтан, ханьсан, харамлан гарыг минь хайрлан нандигнан атгасан аавын минь халуун гар…ямар ихийг хэлээ вэ?
Бурхан болохынхоо өмнөхөн, хажууд нь суугаад диваажингийн ерөөл уншиж байсан миний гарыг үнсээд, духандаа хүргэн мөргөж байсан аав минь. Хамаг бүхнээ надад зориулан арилжсан аав минь.
Багшийн хүү, багш аав минь. 9 сарын 1 болж байнаа, өнөөдөр.