100 дахь сармагчин

“Хавдар ба ухамсар. Үхэл амьдралын харилцан яриа” номын зохиогч Бери Брайант 1980-аад оны сүүлээр Элизабет Кюблер-Россын “Амьдрахуй ба үхэхүй” таван хоногийн семинарт суусныхаа дараа ярилцлага авсан байдаг. “Би түүнээс зөвхөн ярилцлага авсан юм бишээ. Миний ах хавдраар өвдөж, алгуурхан үхэж байсан үеийг аав, ээж, ах дүү нар маань яаж хямарч үймэрч туулсантай холбоотой, хэт хувийн гэмээр асуултуудыг түүнд тавьсан билээ.

Бидний ярилцсан тэр цөөн хэдэн хоромд, өөртөө ч хүлээн зөвшөөрч чадахгүй байсан хязгаарлагдмал атгаг хандлага, дэндүү давсалсан бодлуудаа давж гарахад Элизабет Кюблер-Росс надад хэд хэдэн удаа тусалсан юм” гэж Бери Брайант өгүүлсэн байна. Ярилцлагын үеэр Элизабет Кюблер-Россын хөндсөн “100 дахь сармагчин”-гийн түүхийг түүвэрлэн орчуулснаа та бүхэнд толилуулъя.

Номхон далайн өмнөд хэсэгт орших нэгэн бяцхан арал дээр амьдардаг, саяхан шинээр нээсэн бүлэг сармагчингийн нэг нь идэх гэж байсан жимсээ усанд санамсаргүй угаажээ. Дараагийн зоогийн үеэрээ тэр сармагчин жимсээ дахин угааж байхыг харсан бусад нь дуурайн жимсээ усанд зайлж.

Удалгүй, арал дээр амьдардаг 99 сармагчин идэхээсээ өмнө
жимсээ угаадаг зуршилтай болсон байна.

Сармагчингийн бүлгийн 100 дахь сармагчин энэ үйлдлийг давтаж, жимсээ ус руу дүрэх мөчид арлын нөгөө эрэгт тэднээс 70 милийн зайд оршигч энэ төрлийн нэгэн сармагчин жимсээ угааж эхэлжээ. Хүн ч юм уу, эсвэл амьтан, ер нь амьд биетийн нэг гишүүн тодорхой зүйлийг хийж, тодорхой хэв маягаар үйл гүйцэтгэх аваас бүх ертөнц дэх тухайн бүлэг, төрлийн дурын гишүүн болгон тэр үйлдлийг хийж эхэлдэг гэсэн үг.

Тэгэхээр газар дээрх амьдралын нөхцөл байдлыг ийм байгаад (сайн ч юм уу, муу ч юм уу мэдэхгүй, чухам яг ийм байгаад л) бид цөмөөрөө, хүн нэг бүр хувь нэмрээ оруулсан байж таарах нь. ”Тусгаар нэг хүний биеэ хэрхэн авч яваа байдлаас дэлхийн амар амгалан шууд шалтгаалж байгаа гэвэл нэг их үл гүйцэлдэх хийсвэр үг болохгүй” гэж Бери Брайант хэлсэн байна. Бидний хийж байгаа үйл болгон, хэлж ярьж байгаа үгс, бодож байгаа сэтгэлийн үйлдэл бүр ул мөрөө үлдээж байгаа гэдгийг ухамсарлаж, оюун ухаант хүний ёсоор өөрийнхөө үйлдэл бүрт хариуцлагатай хандаж байхсан.

Дашкагийн фэйсбүүк дээр “Усыг хайрлая”-д нь олон хүн лайк хийснийг хараад би зүрхний мухраас баярлаж билээ. “Хэрэглэсэн усныхаа тоолуураар мөнгөө төлчихнө” гэж усыг цацалж байгаа хэнийг ч ямар ч хууль шүүхгүй, хэнбугай нь ч буруутгахгүй. Гэвч ирээдүйн “усгүй” дэлхийд харангадаж үхэх үр ачийнхаа авсны нүхийг тэр хүн улаан гараараа ухаж байгаа хэрэг л дээ.

Хаа ч явсан усыг дээдэлж , усны эх ундаргыг нандигнаж байгаагаараа бид хүн төрөлхтөнийг устай байлгах “ид шид”- ийг бүтээж байгаа төдийгүй адгийн наад зах нь, өөрөө амьд яваа цагтаа усаар дутахгүй байх үйлийн үрээ тарьж байгаа юм. Ядаж сархинагаа хатаалгүй байж байгаад нөгөө гэртээ харья л даа, та минь.

100 дахь сармагчинг үйлдэл хийхэд 99 сармагчин 99-лээ л үүрэг гүйцэтгэсэн юм шүү дээ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !