Өөрөөрөө байхын жаргал

Александра Буратаеваг 2009 онд Монголд айлчлах
үеэр нь хийсэн ярилцлага.

Ц.Амгалан. Та телевиздээ 2009 оны наймдугаар сарын 10-нд буцаж ирсэн. Гоодаль бас яг энэ өдөр дахин цэцэглэсэн нь маш сонирхолтой тохиолдол юм.

Александра Буратаева. Амьдралд бүх л юм ямар нэг сонин учралаар давхцаж, таарч нийлж байдаг мэт. Цэнхэр дэлгэц бол миний анхны хайр. Анхны хайр хэзээ ч зэвэрдэггүй гэдэг биз дээ. Өөр юм хийх үедээ би телевизээ санаж, эргэж буцаж, зурганд орж орж залхаад явдаг, гэхдээ дандаа л буцаж ирдэг дээ. “Цөхөрсөн гэрийн эзэгтэй нар” төсөлд намайг урих үед тэр нэвтрүүлгийн “Өөрөөрөө байхын жаргал” уриа нь надад их таалагдсан. Гэртээ суудаг, хүүхэд төрүүлсэн, өсгөж байгаа эсвэл түр ажилгүй байгаа хүүхнүүдээ дэмжье гэж бодсон юм.

Ц.А. Гэрийн ажлыг та тамын ажил гэж боддог уу?

А.Б. Энэ бол цаг хугацааны л асуудал. Би урт удаан хугацаанд гэрийн үйлчлэгчгүй байж чадаж байсан ч алив юманд хязгаар бий. Ажил ихсээд л байдаг, гэтэл гэрийн ажил хэзээ  ч багасдаггүй нь ёс. Тэгээд л би өөртөө “Зогс” гэж хэлж чадсан юм. Миний ээж бол хосгүй эмэгтэй. Гэрт хэрэв ганц ч болов бохир аяга байвал тэр хэзээ ч тайван байж чадахгүй.

Ээж минь “Нэг цагийн хойно унтлаа гээд ямар ч аймаар юм болохгүй. Харин ч өглөө бүх цэмцгэр, гялалзаж гялтганаад угтвал хичнээн сайхан” гэдэг байлаа. Хамгийн гол нь ээж намайг ч гэсэн тийм болгосонд л байгаа юм. Гэвч угаалтуурт байгаа бохир савнууд өглөө хүртэл хүлээлээ гээд ёстой ямар ч аймаар юм болохгүй гэдгийг би ойлгосон. Хэрэв чиний сэтгэл санааны байдал аяга тавагны ариун цэврээс шалтгаалдаг бол асуудал аяга шаазанд биш, чамд өөрт чинь л байна гэсэн үг шүү дээ.

Ц.А. Зуслангийнхаа байшингийн ханан дээр таны акриллан будгаар зурсан шувуудыг хараад бид бахархсан шүү.

А.Б. Өө, тэр чинь өнгөрсөн улирлынх. Одоо энэ ханан дээр Буддагийн том зураг байгаа. Харин нөгөө ханан дээрээ би цэцэг зурсан. Би улирал бүрт л ханын зургаа сольдог.

Ц.А. Та ер нь байнга өөрчлөгддөг үү?

А.Б. Тийм ээ. (инээв). Би чинь сэтгэлийн амьтан. Орой болгон би өглөө өмсөх хувцсаа бэлддэг ч заримдаа сэрээд шал өөр юм сонгочихдог.

Ц.А. Шууд бичлэгийн үеэр жүжиглэж болдоггүй. …адреналин, драйв…юу вэ?

А.Б. Амьд болохоор л тэр. “Мэдээ”-нд байхад хүртэл зарим дугаарыг бичлэгээр явчихъя гэхлээр л би чаддаггүй байсан. Шууд нэврүүлгийн үеэр нүд хүртэл өөр галаар асдаг юм.

Ц.А. Бидний амьдралд дандаа л үзэгч хэрэгтэй байдагтай та санал нийлэх үү? Яг л Ж. Сименоны туужийн баатар-гэмт хэрэгтэн мөрдөгчөө өөрөө өддөг шиг. Тэгэхгүй л бол тэр аугаа жүжигчнийг хэн ч олж мэдэхгүй байсан шүү дээ.

А.Б. Би телевизийн хуучин сургуулиар хүмүүжсэн. Миний багш Игорь Леонидович Криллов “150 сая хүний өмнө биш, нэг л хүний өмнө байгаа мэт төсөөлөн ажилла” гэж сургадаг байсан. Хүүхдийн нэвтрүүлэгт яг л өөрийнхөө хүүхдэд үлгэр ярьж өгч байгаа мэт, албаны хөтөлбөрт хамгийн дотны найздаа энэ бүхнийг тайлбарлаж байгаа мэт л байх хэрэгтэй. Хэрэв 150 сая хүнтэй ярихыг оролдож эхэлбэл өгөгдөл чинь шал буруу болно.

Ц.А. Эмэгтэй хүн эр хүнтэй хоёулхнаа байснаас хэсэг хүмүүсийн дунд байвал илүү их орон зайд хөдөлдөг нь үнэн үү? Хэн нэгнийг тэр тоглоомдоо татан оролцуулж, аальгүйтэж, энэ аяглалаараа нөлөөлье гэсэн хүндээ хүрч чаддаг болохоор түүнд үзэгч-хам хэрэгтнүүд хэрэгтэй байдаг байх.

А.Б. Эмэгтэй хүн бүрт эр хүний анхаарал таатай байлгүй яах вэ. Гэвч би заримдаа анхаарлаас залхаад, хүмүүсийн дунд зүгээр л дуугүй сууж, тайван байхыг хүсдэг. Хошин шогчид амьдрал дээрээ хамгийн уйтгартай хүмүүс байдаг. Олон нийтийн өмнө ил байдаг хүмүүс бүр ч дуугүй. Нэг газар өгсөн хүмүүс нөгөө газраас авч байдаг. Бусдын энергиэр хооллодог вампир хүүхнүүд ч байдаг. Ер нь эрчүүд бүх хүүхнүүдийг вампир гэж үздэг байх. Эмэгтэйчүүд тэднээс үргэлж л хайр энхрийллийн элдэв илэрхийлэл, янагийн үгс, үнсэлт, бэлэг сэлтийг хүлээж байдаг. Яг үнэндээ эрчүүд  уянгын халилаар ядуу шүү дээ.

Ц.А. Хариуд нь бид ч бас эрчүүдийн шимэгч сорогчийг дуудаж “хамаг залуу нас, гоо үзэсгэлэн, эрч хүч”-ээ нэхдэг биз дээ.

А.Б. Бид тэс ондоо. Жишээ нь, эмэгтэй хүнд яагаад цэцэг бэлэглэх хэрэгтэйг эр хүн ойлгодоггүй.

Ц.А. Асуудал цэцгэнд байгаа юм биш. Авъя гэвэл бид өөрсдөдөө зориулаад авчихаж чадна. Эсвэл шахаж шаардсаны дараа авч өгсөн цэцэг ямар хэрэгтэй юм бэ?

А.Б. Ер нь заавал ч аварга том баглааны хэрэггүй шүү дээ. Анхаарал сэтгэлийг зарцуулсан мөнгөнийх нь дүнгээр үнэлэхийн аргагүй.

Ц.А. “Эмэгтэй хүний тавиланг ойлгож, эхнэртээ тусалдаг эрчүүдэд мэхийн ёсолмоор байна” гэж та нэгэнтээ хэлж байсан. Эр хүний өөр ямар чанарыг та бахдан биширдэг вэ?

А.Б. Тэвчээр. Заримдаа ч биднийг тэвчихийн аргагүй байдаг шүү дээ. (инээв.) Жинхэнэ тэвчээртэй хүн л эмэгтэй хүнийг өөрийн болгож чадна. Гэхдээ явж явж хамгийн гол нь үнэнч чанар юм даа. Үнэнч байсных нь төлөө эр хүний бүх алдааг уучилж болно. Ямар ч гайхамшигтай чанаруудтай байлаа гээд үнэнч байж чадаагүй л бол үлдсэн бүх зүйл нь арчигдана л гэсэн үг.

Ц.А. Үнэнч байна гэж яг юу вэ? Зүгээр л амждаггүйгээсээ болоод, эсвэл “зүүн замаар зугаалах” мэтээр тансаглах зориггүйгээсээ болоод эхнэртээ үнэнч юм шиг харагддаг нэг бус нөхрийг би мэдэх юм байна. Харин толгойн доторхыг нь үзэж болдогсон бол…

А.Б. Гэвч зөвхөн эрчүүд л ийм бодлыг толгойдоо тээж явдаг юм биш. Эмэгтэйчүүд түүнээс ч галзуу юм бодох нь энүүхэнд, үгүй гэж үү? (инээв.) Гэвч давж болохгүй хил хязгаар заавал байдаг. Мөрөөдөхийг нь бол яаж ч болно л доо.

Ц.А. Хичнээн ч унисекс болсон, эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр туйл дээр байсаар л байх болно гэдэгт би итгэдэг.

А.Б. Би даяаршлыг үзэн яддаг. Хаа ч очсон адилхан болоод байгаа болохоор удалгүй аялах ч хэрэггүй болох нь. Унисекс урсгалыг ч би үзэн яддаг. Эрчүүдээс болж үсчин, маникюрт ч цаг авахын аргагүй болж байна. Дэндүү удаан маникюр хийлгэж байгаа залууг хараад би “Өө, тэнгэр минь, үүнд л эр хүний сэтгэл татах чанар оршдог гэж үү дээ?” гэж халаглан боддог. Эр хүн гэдэг бол гоо үзэсгэлэнгээрээ эмэгтэй хүнийг байлдан дагуулдаг байх ёсгүй.

Ц.А. Ганц бие хүүхнүүд олон л болоод байгаагийн нэг шалтгаан нь энэ ч юм уу?

А.Б. Амьдралд хэрэгтэй бүх чанаруудыг төгс цогцлоосон эр хүнийг хайдаг болсон хүүхнүүдэд маань л хамаг учир байгаа юм. Бэлэн бүтээгдэхүүн гэж модон дээр ургадаггүй, дандаа түүхий эдээс эхлэн түүнийг хийдэг биз дээ. Дундаж хүнээс өөрт хэрэгтэйгээ гаргаж авахын тулд бид өөрсдөө л уран баримал хийх мэт барьж хийж, алдаж, дахин оролдож, шинээр бүтээх ёстой болно. Энэ чинь эгэл ажил биш шүү.

Ц.А. Уран барималч нь заавал эмэгтэй хүн байх ёстой гэж үү? Эр хүн өөрөөрөө ямар нэг юм хийхийг оролдох хэрэггүй юу? 

А.Б. Эмэгтэй хүн. Эмэгтэй хүн л дандаа гол үүргийг гүйцэтгэдэг, гэвч гол дүрд эрэгтэй хүн л тоглодог л доо. Эр хүн гэдэг бол их хялбаршуулаад хэлэхэд, хаашаа заана, тийшээ л явдаг амьтан. Харин өөрт нь тэгж хэлж хэзээ ч болохгүй. Эр хүний бардам занг  хатгаад хэрэггүй.

Ц.А. Сансрын уудамд хүн төрөлхтний аялж яваа аварга хөлөг нь дэлхий юм гэж бодвол чи ямар яс үндэстэй нь нэг их чухал биш. Энэ онгоцоо живүүлчихгүйхэн шиг, бүгдээрээ амьд гарах нь л дэлхийнхний хамгийн гол асуудал. Энэ хөлгийн нэг зорчигчийн хувьд таныг юу баярлуулдаг вэ? Юу түгшээж байна вэ?

А.Б. Бид эх дэлхийтэйгээ юу хийгээд байгаагаа ёстой чөтгөрөөс л асуухаар болж. Харин дэвшил хөгжилд би үнэхээр баярладаг. Жмшээ нь, сонсголын эмгэгтэй хүмүүсийн хувьд интернэт чухам юу байсныг бид төсөөлж ч чадахгүй. Бүх ертөнц бүхий л өнгө будаг, дуу эгшигтэйгээ тэдний өмнө нээгдсэн дээ.

Ц.А. Нэгнийх нь доторх Бурхан унтаарч байгаа, нөгөөгийнх нь сэхээрч байгаа гэдгээрээ л бид ондоо, түүнээс биш Бурхан гэж нэг л юм гэж үзвэл өөрийгөө болоод бусдыг өршөөхөд хамаагүй хялбар болно. Гэвч өөрөө өөртөө танигдахгүй болтлоо зөрүүдэлдэг үе Танд бий юу?

А.Б. Тиймээ, сүүлийн үед бүхнийг л “хошигнон” хүлцэж, уучилж өршөөдөг болж дээ. Яагаад хашилтанд вэ гэж үү. Яагаад гэвэл хүмүүс өөрсдөө бие биедээ бодохоос ч аймаар сорил шүүлт тулгах юм даа. Гэвч уучилж болохгүй хэрэг гэж байхгүй, уучлахын аргагүй сэдэл л гэж бий. Гэхдээ, бид Бурханыг хэзээ ч таньж чадахгүй шүү дээ. Таньж болж л байвал тэр Бурхан биш. Эсвэл таньж буй нь өөрөө Бурхан болсон хэрэг байх даа.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !