Үхэл бол дараагийн амьдралын тийз

Сурвалжлагч. Үхэл гэгч юу болох, түүний мөн чанарын тухай буддын шашин талаас нь үзсэн ном цөөнгүй бий. Харин таны орчуулсан “Үхэл үгүй” ном шашингүйн үзэлт, шинжлэх ухааны эрдэмтэн хүний бичсэн ном атлаа буддын шашны үндсэн ойлголтуудтай таарч байгаа нь их сонирхолтой санагдаж байна. Өөрөөр хэлбэл хоёр өөр арга замаар үхлийн мөн чанарыг эрж хайгаад, нэг л зүйл дээр очсон нь … Яагаад чухам яг энэ номыг сонирхон авч хүмүүст хүргэхийг зорив оо?

Ц.Амгалан. Би бурханы шашны тухай болон  гүн ухаантнуудын бүтээлийг  багаасаа сонирхон үздэг байсан минь өнгөц төдий байжээ. Хэдэн  жилийн өмнө ээжийгээ алдсанаас хойш харамсал гэмшил цээжинд хадаатай, “Яагаад …?” гэсэн асуултад ээрээтэй байх болсон. Тэр үеэс л “Бардо тойдол”,”Тогмар ложан”, “Бодь мөрийн зэрэг” зэрэг бүтээлүүдээс үхлийн тухай сонирхож эхэлсэн. Гэвч эдгээр нь судрын хэлээр бичигдсэн бүтээл. Судрын монгол хэлнээс орчин цагийн ярианы монгол хэл рүү дураараа хөрвүүлж болдоггүй  нарийн учир утга байдаг юм байна.

Тэр нь эгэл хүмүүст  ухаж ойлгоход төвөгтэй учраас ухаарал тайтгарлыг өгөхөөсөө айдас,  сохор сүсэгт хүргэдэг байж болох. Харин энэ номыг шашны, ямар нэгэн гүн ухааны болон сүнс судлалын үүднээс биш, шинжлэх ухааны, тэр тусмаа хүний амьдрал бол бие организмын үхлээр дуусна гэж үздэг анагаах ухааны төлөөлөгч-эмч хүн бичсэн нь их сонирхолтой. Дотор нь байгаа баримтууд эрүүл саруул ухаантай хэнд ч болов нэгийг бодуулахаар байсан.

Би өнгөрсөн жил хавдартай хүүхдүүдийн талаар нэгэн өгүүлэл бичсэн юм. Би өөрөө амьдын хагацал гэдгийг үзсэн болохоор ард нь үлдэж байгаа эцэг, эхийн зовлон зүрхэнд минь ойр тусч, яг л над шиг ойр дотныхоо хэн нэгний үхэлд, цаашлаад өөрийнхөө үхэлд ямар ч бэлтгэлгүй байгаа хүмүүст би яаж тусалж чадах вэ гэж эргэцэж байх үедээ  Элизабет Кюблер-Россын нэг бүтээлийг олж үзсэн.

Энэ зохиогчийг мэддэг болсон тэр цагаас хойш түүний номнууд хувь зохиолоор миний гарт орж ирсэн гэж боддог. Ээжээсээ хойш 3 жилийн дараа л энэ номноос тайтгарлыг олж авсан болохоор надтай адил хүмүүст ч тус болно гэсэн үүднээс олон хүнд хүргэхсэн гэж орчуулж гаргалаа. Үхэл гэдэгтэй хүн бүр эрт орой хэзээ нэгэн цагт заавал нүүр тулна. Ийм хувь заяаг тойрч гарч чадахгүйгээс хойш хэнбугай ч үхэлд бэлэн байх.

Сур. Хүмүүс ойр дотныхноо болон өөрийнхөө үхэлд бэлэн биш байдаг хэмээн та сая ярилаа. Үхэл байгаа болоод л ийн ярина шүү дээ. Гэтэл номын маань нэр “Үхэл үгүй”.

Ц.А. Номны  гол утга бол “Бидний нэрлэж байгаачлан  үхэл гэдэг зүйл огт  байдаггүй. Үхэл гэж дөрвөн үсгээр нэрлээд байгаа ухагдахуун бол зөвхөн материаллаг ертөнцөд байгаа ойлголт” гэсэн санаа юм. Бүх юм дуусна гэж хүн мухар сохроор бодож  буйгаас л үхэл бол төгсгөл гэж ойлгож, айж шаналдаг. Бид үхлийн дараах амьдрал, өөр оршихуйн тухай таньж мэдэхгүйгээсээ болж ийм харанхуй айдас дунд амьдралаа буруу ойлгодог. Нүд анилаа, зүрх зогслоо гээд хүн үгүй болчихдоггүй, харин ч яг тэр мөчөөс өөр ухамсарт жинхэнэ  оршихуй эхэлдэг юм байна.

Энэ шатанд хүн бүр өөрийн бодсон, хэлсэн, хийсэн үйл бүхнээ эргэн харж дэнслэн шүүдэг. Гадны ямар ч нөлөөгүй, зүрх сэтгэлээрээ өөрийгөө өөрийнхөө өмнө дүгнэж байгаа учраас жинхэнэ амьдрал эхэлнэ гэж үздэг. Бид 3 хэмжээст ертөнцөд амьдарч байгаа. Тэгэхээр 21 хүртэлх хэмжээст ертөнцийг ойлгохгүй, мэдрэхгүйдээ түүнийг байдаггүй гэж үздэг нь харалганы харгай. Хүн төрөлхтний оршин амьдарч ирсэн хэдэн мянганы хугацаанд янз бүрийн шашин, бясалгал үүсч, тэр бүх гэгээнтнүүд амьдрал төгссөн цагаас эхлэх тэр зүйлийн талаар ярьж байгаа шүү дээ.

Сур. Тэгэхээр үхлийг 3 хэмжээст цаг хугацаа, орон зайны урсгалаас л салж, дараагийн хэмжээст оршихуйд очиж байгаа шилжилт гэж ойлгож болох нь ээ?

Ц.А.Тийм ээ. Үхэл гэдэг нь өөр оршихуйд мэндэлж буй төрөлтийн агшин юм. Зүйрлэж хэлбэл автобусны нэг буудалд буугаад дараагийн унаанд суухад тийз хэрэг болдог шиг урьдны үзсэнээс илүү сайхан газар очъё гэвэл тийз, зөвшөөрөл буюу үхэлдээ сайтар бэлтгэсэн байх хэрэгтэй юм.

Сур. Ёс суртахууны болоод үйл ажиллагааныхаа өмнө хариуцлага хүлээх нь, буян, нүглийн мөн чанарыг таньж, зөв амьдрах нь сайн төрөлд очих тийз гэж ойлголоо.  Тэгэхээр энэ тийз ямар үнэтэй байх нь сонин байна.

Ц.А.Тийз гэдгийг хялбараар ойлгох юм бол буян юм. Арван  цагаан буяны нэг болох өглөгийг бид юуны өмнө авч үздэг. Хүнд өглөг өгснөөр миний буян нэмэгдэнэ гэсэн сэдлээр өглөгт хандах юм бол тэр чинь өглөг биш бизнес болно гэж  аугаа номлогч нар үздэг. Хүнд юм өгөх, өгөхгүй өдөр, эд юм гэрээсээ гаргах гаргахгүй байх зэрэг шашны зарим догма болсон зүйлтэй би санал нийлдэггүй. Ингээд ирэхээр л буян гэдэг сэдэл нь байхгүй болчихож байгаа юм шиг санагддаг.

Хариу нэхэлгүй, ямар нэгэн өчүүхэн ч төдий нөхцөл тавилгүй чин
сэтгэлээсээ хийж байгаа бие, хэл, сэтгэлийн үйл бүхэн буян болно.

Тэгэхээр үхэлд бэлтгэнэ гэдэг нь зөв амьдрахыг л хэлнэ. Дараагийн оршихуйд шилжихээсээ өмнө хүн ямар замыг хэрхэн яаж туулж амьдарснаа дүгнэж, нэг үгээр бол дурсгалын танхимаар дамжиж өнгөрдөг. Төрснөөсөө авахуулаад үхэх хүртэл бүх хийсэн үйл, хэлсэн үг, бодсон бодол хүртэл бичигдсэн бичлэгээ харьцангуй гэмшил багатай, нүүр улайх юмгүй үзэх хэмжээнд байна гэдэг нь нэг ёсондоо үхэлд сайтар бэлдэж байна гэсэн үг юм л даа.

Сур. Энэ номыг уншиж байхад зохиогч нь Бурханы шашингүй оронд төрсөн атлаа бурхны шашны гол тулгуур ойлголт болох зовлонг танин мэдсэнээр бүхнийг энэрэхүйг өөртөө бүрэн шингээсэн хүн шиг санагдсан. Тэгэхээр хаана ч төрсөн бай, ямар ч шашинтан бай, энэ нь чухал биш, ерөөс хайр энэрэл нь энэ үхлийн мөн чанарыг  таних буюу бурхны шашны тулгуур ойлголтод хүрэх гол арга зам юм уу даа гэж бодогдсон. Ер нь үхлийн дараах амьдрал гэдгийг хүмүүсийн хүсэн хүлээдэгчлэн гарт нь бариулаад, аманд нь амтлуулаад мэдрүүлэх боломж байхгүй. Тэгэхээр үүнийг өөрөөр хүмүүст яаж итгүүлж, билгийн нүдийг нээхэд юу хийх ёстой вэ?

Ц.А. Харин ч миний бодлоор үхэлтэй ямар нэг байдлаар шүргэлцэж үзээгүй хүн цөөхөн. Ялангуяа бидний насан дээр ойр дотны хэн нэгнээ алдсан л байдаг. Хөдөөлүүлэх, хойдох ажил явдлын хэдэн хоногт  үхэл гэдэг чинь ийм ойр юм гэж үү хэмээн хэсэг эргэцүүлж байснаа тэгсхийж мартаад “ахуйн балчигтаа шигдээд, амьдын жаргал”-аа хөөгөөд явчихдаг.

Монголчууд бид өнгөрсөн хүний алтан хайрцаг нээлгэх, ээж аав нь эргэж төрөх, биен дээр нь тэмдэг тавих зэрэг урд, хойд нас, үйлийн үрийн тухай нэлээд нарийн ойлголттой хүмүүс. Энэ хүмүүсийн хэн нь ч ээж минь байж болно гэж би боддог. Эсвэл урьд төрлүүдийн минь ээж аав, хань ижил, үр хүүхэд явж л байгаа. Амьдрал ямар ахар богинохон хийгээд үхэл түүнтэй ямагт зэрэгцэн оршдогийг ойлгохын тулд заавал өөрөө үхэж үзэх хэрэггүй байх. Бүх юм, цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдгийг бид цаг мөч тутамд хардаггүй гэж үү.

Сур. Муу үйл хийвэл  муу аав ээжийн хүүхэд болж насан турш зовж үйлийн үрээ төлнө. Илүү сайн үйл хийвэл дээд түвшинд төрнө гэж ойлгож болох уу?

Ц.А. Ер нь үүнд би зүрх сэтгэлээрээ итгэдэг. Элизабет Кюблер-Росс хэмээх аугаа эрдэмтэн, оюуны хувьд өргөн цар хүрээнд сэтгэдэгтээ энэ номыг бичээгүй гэж би боддог. Тэр хүний цаанаасаа тээж ирсэн суурь өгөгдөхүүн, үйлийн үрийн учир байгаа болоод л хүмүүст амьдралаа зориулсан. Нэг  айлын хүүхдүүд битгий хэл ихрүүд хүртэл өөр араншин, өөр хувь заяатай байдаг шүү дээ. Энэ нь цаанаасаа тээж ирсэн архивтай холбоотой. Би бурханыг надаас ангид биш харин миний дотор оршдог гэж үздэг.

Бурханы шашны  2500 жилийн түүхэн явцад  юу нь яаж өөрчлөгдөж ирснийг би мэдэхгүй. Монголд ардчилал мэндлээд 20-хон жил болж байхад одоо юу болсон үгүйг мартаж санаад, маргалдаад сууж байна. Тэгэхээр 2500 жилийн өмнө амьдарч байсан хүний амнаас анх юу унасан нь  ямар хэлэнд хэний гараар хэрхэн орчуулагдаад, ямар шинэчлэл ямар зорилгоор хийгдэж ирснийг тэр бүр нарийн мэдэх боломжгүй. Гоатама Будда анх юу гэж номлосон бэ гэдгийг номноос л эдүгээ  уншиж байна. Ертөнцийг үүсгэсэн мөн чанар гэж хүн бүрийн дотоодод байдаг бөгөөд түүнийгээ онон барьж чадсанаараа л Бурхан гэж нэрлэгдэх түвшинд хүрдэг юм байна гэдгийг л би харьцангуй үнэн гэж ойлгож байгаа.

Сур. Үхэл гэдэг бол хүний хувьд хамгийн том зовлон учраас үхлийг танин мэдчихээр бүх зовлонг танин мэдэж байна гэж хэлж болох нь уу?

Ц.А. Бүх амьд амьтан зовлонгүй байхыг эрмэлздэг. Би ч гэсэн зовлонгүй байхыг эрмэлзээд л үхэл гэж юу юм бэ гэж эрж хайж эхэлсэн. Оюуны дээд түвшний өндөр дэст хүрсэн гэгээнтнүүд бүгд л амьдралын хэцүү бэрх зам туулан байж нөгөө цөм болсон мөн чанараа олж авсан байдаг. Энэ номонд “Зовлон бол дээш  гарах боломж, нэгэн зүйлийн сургууль юм”  гэж үзсэн нь бий. Зовлондоо түүртээд, хорвоод төрсөндөө харамсаад, өширхөөд явах бол нэг хэрэг. “Цохлоод ирсэн үйлийн үрээс цойлоод зугтааж болохгүй” гэдэг шиг зовлонг давж туулах ёстойгоос биш аргалж, нялзааж, бултаж болдоггүй. Нандин  чанараа алдалгүй, дараа нь ичиж улаймаар зүйл хийчихэлгүй даваад гарчихвал өөр хэрэг.

Хүмүүс бид амьдралаа бусдын хүчээр амар хялбар болгох, бусдаар
дамжин зовлонгоос гэтлэхийн тулд бүхнийг хийж байна.

Нэг талаасаа зөв ч нөгөө талаасаа зовлонгоос яаж ч зугтсан хэзээд л өмнөөс тосч байдаг тойрогт бид оршиж байгаа шүү дээ. Учрах зовлон бүрийг зөв таньж, зөв даван туулжан байж тэр тойргоос гарсан цагтаа л бид жинхэнэ утгаараа зовлонгоос гэтэлнэ. Зүйрлэвэл, даалгавраа хүнээр хичнээн сайн хийлгэсэн ч эцсийн дүндээ өөрөө гарцаагүй шалгалтанд орно шүү дээ. Хамгийн том, эцсийн шалгалт нь үхэл юм даа.

Сур. Ф.Достоевский “Хааяа зовж үзэх яасан сайхан юм бэ?” хэмээн дуу алдсаныг санаж байна. Таны саяны хэлдгээр бол Ф.Достоевский зовлонгийн өгөөж буюу танин мэдэхүйнх нь цэнгэлийг ийнхүү илэрхийлж байсан байх нь ээ дээ.

Ц.А.  Тийм. Зовлонг даван туулсны дараах амт. Хүн аз жаргалын оргилд зөвхөн зовлонгийн гүүрийг давж байж л хүрдэг юм гэнэ лээ.

Сур. Буддист ч бай, атиест ч, ер ямар ч шашинтай байсан ялгаагүй, мөн ямар ч нийгмийн нөхцөлд төрсөн их гэгээн хүмүүсийн хүсэл эрмэлзэл адилхан нэг л юман дээр нэгдэж байна. Энэ нь буяны үрийг бясалгах, гэгээрэлд хүрэх, үүний тулд хайр энэрлийг төгс төгөлдөр оршоох. Гэтэл шашин дандаа ийм байгаад байж чаддаггүй шүү дээ?

Ц.А.  Аугаа их гэгээнтнүүд “За, би нэг ийм шашин бий болгочихъё” гэж төлөвлөж гарч ирдэггүй байх аа.  Өөрийн биеэр зовлонг туулж, мөн чанарыг нь таниад гэгээрснийхээ эцэст улам цаашхи жаргалаа бодолгүй, зовж байгаа үй түмэн амьтанд туслах нинж сэтгэлийн үрээр номлолоо айлдсан эдгээр хүмүүс биш харин шавь дагалдагч нар нь үндэслэсэн шашнууд зан үйл, ёслолоор их баяжин, улмаар мухар сүсэг болж байгаа нь харамсалтай. Би Бурханы шашинтан боловч мухраар шүтдэггүй, зарим хэдэн догма болсон зүйлийг ойлгодоггүй. Мухар сүсгийг би мунхгийн нэг хэлбэр гэж боддог. Мунхаг гэдэг бол нүгэл, тиймээс мухар сүсгээр нь далимдуулж тэднийг мунхаг харанхуй байлгахыг оролдоно гэдэг бол их том нүгэл.

Сур. Тэгэхээр манай олонх лам хуврагууд буяны хувраг биш нүглийн элч болж таарах нь?

Ц.А. Амьгүй номын үсгийг амилуулж хүний байгаа сэдэл маш чухал. Нинж энэрэхүйгээр амилаагүй хоосон мэдлэг бол нөгөө хүчинд үйлчилдэг байх. Гэгээрэл бол энэрэн нигүүлсэхүйгээр ариуссан агуу их мэдлэг. Харин лам нарын хэн бэ гэдгийг шүүх эрх надад байхгүй. Ер нь хэнд ч байхгүй. Яллан гэсгээгч нь ч, авран адислах нь ч өөрөө шүү дээ. Би өөрийгөө хэн нэгэнд тайлбарлаж ойлгуулах ямар ч албагүй. Бас өрөөл бусдыг буруутгаж гомдоллох ч хэрэггүй. Надад таалагдахгүй байгаа бол өөрөө зам тавиад зайлахыг л би боддог.

Сур. Зөвхөн цөөн тооны лам гэгээнтний дунд яригддаг байсан үхлийн тухай номууд өнөөдөр нууцаа энэ мэтээр задалж, хүмүүсийн оюун санаанд ойлгомжтойгоор хүрч эхэлснээр  цөөн бясалгагч, лам нарын биш бүх түвшинд хүн сэхээрэх бололцоо гарч байна. Магадгүй 100 жилийн дараа хүн төрөлхтөн нийтээрээ гэгээрчихсэн байх тийм сайхан ирээдүй бий болов уу?

Ц.А.  Яг дэлхий гараг дээр бүх нийтээрээ гэгээрнэ гэж хэзээ ч байхгүй биз ээ. Хүн гэдэг амьтны жараад тэрбум сүнс байдгаас долоон тэрбум нь дэлхий дээр оршиж байна. Тодорхой хэсэг нь зуурдын оронд төрлөө олоогүй явж байгаа, зарим нь цэвэрлэгээний шатанд, бусад  нь диваажинд, үлдсэн нь хүлээлгийн танхимд дараагийн шатандаа очих гээд сууж  байгаа гэхчлэн бидний төсөөллийн чадал хүрэмгүй  олон газар байдаг. Эх болсон зургаан зүйлийн нэг хүн төрөлхтөний хөгжлийн зуу орчим шат байдаг юм байна.

Хар ухаанаар бол зуу дахь шатан дээрээ очоод хүн биш болж, хөгжлийн
өөр шатаар өгсөж, дээшээ өөр гараг галактик руу, өөр оршихуй ертөнц рүү шилждэг.

Мөн түүнчлэн доороосоо дэвшээд, амьтны аймгаас ч юм уу өөр зүйл төрлөөс сэлбэгдээд хүний төрөлд орж ирдэг. Хүн бүхний ачаа, үйлийн үр харилцан адилгүй байдаг учраас бүгд нэгэн зэрэг гэгээрнэ гэж байхгүй. Дэлхий бол үзүүр хязгааргүй хөгжлийн нэг шат дамжлага, сургуулийн нэг анги нь юм. Дэлхийгээс сурах ёстойгоо сурч чадсан нь дэвшиж, сураагүй нь улираад ахиж хүн төрөлдөө дахин төрөөд байгаа хэрэг.

Сур. Сүнсийг тамд оруулснаар цэвэрлэнэ гэдэг нь хүн зовлонг үзэж хат суудаг шиг сүнсийг хат суулгаад байгаа хэрэг үү?

Ц.А.  Сүнс гэдэг бол цааш хэдэн хэсэг задрах бүтэцтэй, амин мөн чанар гэж бүдүүн тоймоор хэлдэг юм билээ. Зарим нь үүнийгээ үйлийн үрийн бохир бузраар шавж зузаалчихаад  түүнийгээ олж үзэхгүй  байхад , зарим нь нэлээн цэвэрлээд цацрах гэрлийг нь мэдэрсэн байдаг. Тэр бурхан чанараа олоод барьчихсан нь Будда, Христ юм. Хүн болгон диваажинд очдог. Насаараа алуурчин явсан хүн ч гэлээ амьдралдаа ганц удаа ч болов ээжийгээ баярлуулахсан гэж бодсон, үр хүүхдээ хайрлаж, хүнд дурласан л байж таараа.

Тэр хариу нэхээгүй хайрынхаа үр дүнд диваажинд ядаж л таван секунд байх эрх олдог. Диваажинд хүрэх замд байх олон шүүлтүүрээр тэр хүний бүх насандаа хийсэн үйлийн үрийг цэвэрлэх цэвэрлэгээг зүйрлэвэл нэг нэг эсээр нь авч байгаа юм шиг маш их уддаг, маш их зовиур өвдөлтийг мэдэрдэг юм  гэсэн. Хэр их нүгэл хийсэн, тэр чинээгээрээ удаан цэвэрлэгдэнэ.

Магадгүй сая жил болохыг ч үгүйсгэхгүй, тэрийг л шашинд там байдаг гэж ойлгуулж байгаа байх. Найман үе шатыг дамждаг, тэр бүр нь  дотроо олон ангилалтай энэ цэвэрлэгээний аварга шүүлтүүрийн тогтолцоонд хүн том гэм нүглээсээ эхэлж салсаар адаг  сүүлд нь сэтгэлийн бузраас ангижирч, цэвэр Бурхан чанараараа үлдээд диваажинд байх таван секундээ эдэлснийхээ дараа санамсаргүйгээр биш, харин өөрөө өөртөө бэлдсэн үйлийн үрийнхээ дагуу төрлөө авна даа.

Их буян хийсэн, нүгэл багатай хүн нь хурдан цэвэрлэгдэж хэдэн мянган жилийг диваажинд өнгөрөөдөг юм гэнэ лээ. Үнэнхүү энэрэнгүй нинж сэтгэлтэд сансрын хүрднээс ангижирч бүр дээшлэх эрхээ авсан ч өөрийн хүслээр дахин дахин хүн төрлийг олж дэлхийд эргэн эргэн төрж байгаа нь Далай лам, Ринбүчи нар, бусад архад, бодьсадва нар юм.

Сур. Бурханы шашны ном сургааль нь өнөөгийн хүмүүсийн хувьд бараг л домог үлгэр мэт хийсвэр, эсвэл огтоос ойлгомжгүй зүйл болон хувирч байна. Ялангуяа та бидний ярьж буй үхлийн тухай ойлголтуудыг орчин үеийнхэнд ойлгомжтой хэл хэллэгээр бичиж, хүргэж байх нь шашны гэхээсээ илүү энэрэл гэгээрлийн ач холбогдолтой ч байж болох юм.

Ц.А. Би бол сэтгэгч, шинэчлэгч биш. Үүрдийн ба зуурдын хагацалд хатаж зовж яваа хүмүүст амарлил өгөхсөн гэсэн сэдлээр үхэл үгүйн  тухай номыг орчуулан гаргасан өчүүхэн бичгийн хүн. Буддын шашны тухай энгийн үгээр ойлгомжтой бичсэн гадаад номнуудыг л уншсан. Монгол хэл дээрх судруудыг уншъя гэхэд нэг хэл шинээр сурч буй мэт төвөгтэй.

Лам хүний хүлээн авах түвшин ба сонирхож байгаа хүний түвшин тэнгэр газар шиг ялгаатай. Миний хичээл зүтгэл дорой, оюуны ай савын 3 гэм байгааг би мэднэ. Гэвч тэрсүүд үзэлтэй харь хүмүүс Бурханы шашны номыг унших эрхтэй байхад уламжлалт шашны номоо би эх хэлээрээ уншиж чадахгүй байгаадаа гайхдаг. Манай лам нар яагаад бурханы номлолд хэлзүйн шинэчлэл хийдэггүйн учрыг сайн мэдэхгүй юм. Миний ухаж дөнгөхгүй гүн гүнзгий шалтгаан байгаа биз ээ.

Сур. Таныхаар гэгээрэл гэж юу вэ?

Ц.А.  Би өөрөө үүнийг томъёолж чадахгүй, харин өөрөөсөө илүү хүмүүсийн үгээр л ойлгож байгаа. Хэн нэгэнд өөрийгөө даатгаснаар, зөвхөн зан үйлийг ягштал мөрдөж, эсвэл номын далай болсноор гэгээрэлд хүрэхгүй гэж би боддог. Гэгээрэл бол энэрлээр ариуссан мэдлэг буюу мэдлэгээр гэрэлтсэн хайр гэж боддог. Гэгээрэл юуны өмнө сэтгэлийн ариусал, бусдыг гэсэн бодол сэдлээс эхэлнэ. Гэгээрлийг уулын оргил юм гэж үзвэл түүнд хүрэх үй түмэн арга зам бий. Бурхан багш хүртэл “Миний сургааль бол амьдралын далайг гатлах сал юм. Та голоо гатлаад салаа орхих ёстой болохоос биш энэ салны ачаар гол гаталлаа гээд насан туршдаа үүрээд явбал мунхаг болно. Хуурай газар очиход түүнд тохирсон өөр арга зам хэрэгтэй” гэж хэлсэн байдаг.

Бурхан багш шавь нартаа ганц навчийг атган үзүүлээд “Миний та нарт өгч буй ном мэдлэг бол аварга том модны ганц навч төдийхэн зүйл” хэмээснийг бодоход нэгэн насандаа оройд нь хүршгүй агуу их мэдлэг навчийн чинээхэн байхад цаашлаад тэр модыг, дараа нь бусад моддыг, тэгээд нэгэн ертөнцийг, улмаар хязгааргүйг таних гэгч юу болохыг би төсөөлшгүй. Ном гэснээс энэ ялдамд нэгэн  бодлоо хуваалцмаар санагдлаа.

Бодол сэтгэл гэгч асар хүчтэй гэдэг дээр бүх шашны үзэл нийлдэг.

Энэ талаар ном зохиол их гарч байгаа нь сайн ч хүмүүсийг  нөгөө тийш нь түлхээд байна. Жишээ нь, “Нууц” гэдэг ном ”Та юу бодно, хүсэл чинь биелнэ” гэж нөгөө л материаллаг ертөнцийн хүмүүсийн шунал хүслийг улам бүр өдөөн дэвэргэж байх шиг. Машин бод тэгвэл машинтай болно, өндөр албан тушаал мөрөөдөөд байвал биелнэ ч гэх шиг. Бодол хэмээх ер бусын ид шидтэй зэвсгийг юунд хэрхэн, хэзээ хэрэглэхийг заахгүйгээр хүмүүст тарааж өгөөд байна гэсэн үг.

Бодлын хүчийг машинтай, сайхан байртай болох гэх мэт ахуйн, цаг зуурын хоосон үзэгдэлд үр дүн багатай, залхуурал бэлэнчлэлийн зорилгоор ашиглахын оронд  зөв сэдлээр хайр, энэрлийн тусын тулд ашиглах учиртай. Тиймээс энэ бодол санааны хүчийг хэрхэн эзэмдэхийг зааж зурж байгаа зохиогч  хүн тэрхүү шидэт багажаа чухам юунд хэрхэн хэрэглэх талаар давхар хэлж өгөх эрхтэй байх.

Хутга дангаараа юу ч биш. Харин хэний гарт орсноосоо шалтгаалаад хүн алж ч болно, хүнийг эмнэж, амь аварч ч болно. Бодлын хүч гэдэг бол зөвхөн багаж хэрэгсэл болохоос эцсийн зорилго биш шүү дээ.

2011 он.  МОНЦАМЭ

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !