Үхэлтэй бүжиглэгч

Хүмүүс надаас намайг нэхээд байхлаар заримдаа гайхах юм. Би өөрөө тэр Амгаланг чинь хайгаад олохгүй байхад. Миний харц нүдтэйгээ хамт өршөөлгүй цаг хугацааны тээрмийн бул хар чулуун дор хумхийн тоос болж байхад юун тэр хэдэн өдөр сарын өмнөх Амгаланг олох. “Та хэдэн жилийн өмнө ийм байгаагүй”. Өө, хөх тэнгэр минь, хэдэн жилийн өмнө чи ч ийм байгаагүйгээ мэдэж байна уу. Яг л нэг үгэн дээр минь,  “Юун тэнэг юм бичдэг болчихсон юм бэ” гэхэд нөгөө нь, Урьд нь шаал мангар байсан чинь, одоо л нэг юм гиймээр аядаж” гэнэ. Хамгийн агуу үгс ч хүртэл зохиогчоо аз жаргалтай болгодоггүй юм гэнэ лээ.

Уншигчдынхаа ихэнхийг би зүс танихгүй. “Ингээд байвал чинь unfreind хийхээс” гэж “үнхэлцэг хагалагч”-ийг ч, “Таныг би шүтдэг” гэж захиа илгээгчийг ч. Явж л байдаг, ирж л байдаг хорвоо. Нэг нь намайг чагтлаад одож байхад 13 нь чатлаад орж ирж байдаг хүрдэн хөөрхий. Үнэндээ орлуулж болохгүй хүн гэж байхгүй шүү дээ. Хэн нэгнээр, хэдэн нөхдөөр, хэсэг бусаг юмсаар цойлдчихож болно. Намайг ч, чамайг ч.

“Тогтворгүй  байх нь ертөнцийн ганц тогтвортой мөн чанар”.

Хэн нэгний амнаас ямар нэг үг унахаас аргагүйд хүрэх хүртэл үй түмэн учир шалтгаан нөхцөл байдлын сүлжээс зангилаа байхад нүүрний арьс, нэрийн хуудсанд нь эгдүүцэх хэрэг байна уу. Шөнийн бүтэлгүйтэл, үүрийн нойргүйтэл, өглөөний хэрүүл, өдрийн хоол, тэгээд “урьд өдөр уусан юмны нөлөө”, боссдуулсан, боксдуулсан, ер нь юу эс байж болох вэ… гэж бодоод л би зүүн чихнийхээ цаахнуур зөрүүлчихдэг.

Би ч гэхдээ ийм байгаагүй юм аа. Би чинь их нямбай, чамбай, намбатай, ямбатай, “суусан цэцэн” байсан юм. Тэр цагаас хойш би хацрын булчингаа дасгалжуулж, шогийн мэдрэмжээ сэрээсэн гэх үү дээ. “Хорвоогоор дүүрэн ядчихсан ярвагарууд яатайж байхад… Би ч бас юү ч вэ дээ?” гээд нэг өдөр учиргүй их хөхөрсөн юм даг. Хошин шогт биш үхэлд шавь орсон минь тэр. Тэр надад бүжиг зааж өгдөг юм. “Үхэл бол амьдралын цорын ганц толь. Тэнд л бид жинхэнэ нүүрээ олж хардаг” гэдгийг би хожуу боловч тэгэхэд олж мэдсэн минь яамай.

Үхэлд булаагддаггүй зүйл л минийх юм бол хураасан нүгэл буянаас минь өөр юу ч надад байхгүй юм билээ л дээ. Миний бодол хүртэл минийх биш байхад бусдын бодол бол бүр долоон уулын цаагуурх цэцэгт нугын эрвээхийн зүүн далавчны баруун дээд өнцгийн хээ л гэсэн үг. Уул нь бол үнэхээр содон гайхамшигтай өнгөний зохицол, булбарай дэлбээний илбээ, бас өөр юу ч билээ, гэхдээ яг одоо яг энд байгаа надад тэр бүхэн ямар ач холбогдолтой байх вэ дээ. Бүжихдээ баг өмсчихдөг үхлийн царайг дараа нь би нэлээн хэдэн удаа ойроос харсан.

Тэр намайг аваачихаар ирээгүй л дээ, дуудсан хүмүүсийнх нь дэргэд би зогсч байсан хэрэг. Нялхас, өтгөс, эр эм, баян ядуу… хэн нэгний орны толгой дээр егзөр гэгч нь инээвхийлэнтонгойж байхдаа тэр надад “Ийм цаг мөч ирэхэд чи одоо санаа зовж байгаа зүйлсээсээ алийг нь эргэн санах бол …” гэж хэлсэн юм. Энэ бол асуулт биш, ам асууж, дотор түлсэн лүндэн шиг байсан.

Бүх зүйлс харилцан хамааралтай,  гэвч юунаас ч юм болоод
амьдрал маань нураад ойчдог баймааргүй л байна.

Улс төрчдийн ёс суртахуунаас, дэлхийн акул улсуудын мөнгөний ханшнаас, аав ээжийн алдар, үр хүүхдийн сурлага, ханийн юунаас болж миний оршихуй дэнжигнээд байж таарахгүй гэж ам автлаа бас л хөөрхөн хэдэн тойрог хийчихсэн л хүн дээ би. Дээр нь нэмээд тэр байгалийн гамшиг, гарагийн сүйрэл, дэлхийн дайн гэх мэтэд амьдралынхаа нэг ч хормыг ахин булаалгахгүй гэж хатуу шийдтэлээ. Огт нөлөөлөхгүй гэж би огт хэлээгүй. Мэдээж  данс, dance ба date-үүд нөлөөлж л таарна, харин миний амьдралын дэнсэнд  эд тун бага жин дардаг. Тэгээд ч би тэр бүхэнд шаналж, ярьж, тэмцэж тулалдлаа гээд юуг ч өөрчилж чадахгүй. Би хэний ч бодлыг өөрчилж хүчрэхгүй. Миний өөрчилж чадах ганц юм бол аливаад хандах хандлага минь. Өөр юу ч биш.

Урьд нь бол, сансрын уудамд тэнэж явсан нэг дэмий бодол миний санаагаар хальт дайраад өнгөрөхөд л би салганан догдолж, дээр нь яаран нэрээ нааж, шинэ шашин үүсгэх шахуу л юм болдог байж. Одоо бол хэхэ, ямар ч бодол нэвт салхилах агаар мэт миний дотор суурьшдаггүй. Зарим санааг би барьж, өөриймшүүлж, хэдэн цаг, өдөр найзалдаг ч тэр бодол өөрөө биш, бодлоос өөртөө үлдээж байгаа мөр минь, туршлагын “сорви” л миний анхаарлыг татах ёстойг би одоо мэднэ.

Бусдын бидэнтэй хийж байгаа зүйлээс миний тэдэнтэй хийж байгаа зүйлс л намайг илүү өөрчилдөг юм байна. Хүмүүний хийж буй бүх зүйл өчүүхэн ч харин түүнд хандаж буй хандлага л агуу. Гэхдээ энэ хандлагад ч гэсэн бүр нэг чухлаар хандаж эхэлбэл л ухраад явчихна. Ер нь бид дандаа л хөдөлж давшиж байдаг л даа. Гагцхүү чиг нь л чухал болохоос. Зарим маань доошоо чигтэй цойлж байхад, арагшаа зүглээд дүүлж  яваа нь ч байна шүү дээ. Бүгдээрээ л хөөрхий урагшаа зүглээд дээшилж  яваа л гэж бодож байгаа. Орон зай, цаг хугацаа, худал үнэн, зөв буруу … аль нь ч харьцангуй.

Алив хоёр ба түүнээс олон зүйлсийн харилцаан дундаас л тодордог зүйлс. Хэнтэй ч юутай ч харилцахгүй ганц юм цор ганцаар оршин байгаа газарт л “үнэмлэхүй” төрдөг байх. Агуйд битүүмжлээд орь гагцаар олон жил болж байгаа хүний хувьд харилцааны талбар дээд зэргээр хумигддаг ч огт юутай ч шүтэлцээгүй бас биш ээ. Энэ болоод урьд насны үйлийн үрийн холбооноос өгсүүлээд эцэг эхийн, багш шавийн, бие махбодын үй түмэн үзэгдэл, урвал хувьсал, сүлжээ хэлхээнүүд байсаар л байдаг.

Ийм нөхцөлд байж болох ганц аврах цагариг бол шогийн мэдрэмж л болоод байгаа юм даа. Учиръя гэж түүнтэй учирсангүй, тэрнээс бусад нь намайг араар тавиад байгаа учраас л би түүнтэй сүжрээд байгаа юм . Эцсийн дүндээ маллуулсан ба машид тахиулсан хоёрын хооронд нэг их ялгаа байхгүй ч би чинь “хүсэлт ертөнцөд хүлэгдсэн” хүүрэн биетийнхээ хувиар ханьдаа итгэмээр байх юм байна шүү дээ.

Ганц хань-шогийн мэдрэмж маань надаас урвахгүй юм шиг санагдана.

Гэхдээ одоохондоо л юм шүү дээ. Бүжгэндээ гарамгай болох хүртэл минь. Бүжгээ үргэлжлүүлэхийн тулд нэг нь заавал ухрах ёстой болдог танго шиг л хослон бүжиглэнэ гэдэг их юманд сургадаг юм байна. Ялангуяа нөгөөдөх чинь үхэл бол. Гэхдээ би шуугиан дэгдээж, өдөөн хатгаж, “мат” эрээлж, гот царайлах гээгүй. Амьд байгаа дээрээ амьдралаа үнэлж сурахын тулд энэ дамжааг заавал дүүргэх ёстой болоод л үхэлтэй бүжиглэж байгаа юм.

Бүжиг дагаж ирсэн хавсарга мэдлэгийн үзэмж тааруу ч жинхэнэ гоо үзэсгэлэнгийн хэмжүүр юм байна. “…хүн гэдэг баас тээсэн баасны хүүдий…” гэж Абай Кунанбайн хэлснийг 10 жилийн өмнө уншаад огиулж байсан амьсгаа л даа би. Харин хүнд байдаг хамгийн муухай юм нь зөвхөн энэ биш гэдгийг үхэл надад харуулсан. “Гэмээ нуугаад нэрэлхэх гэдсэндээ бадганатай ертөнц” гэдэг үгийг нь таалахгүй байвал ноён хутагтад урам хугарах хэрэггүй. ”Би цаг үргэлж чамд таалагдахаар юмыг л бодож, ярьж, хийж явах болно” гэж би хэнд ч амлаагүй.

Миний блог бол миний амины талбар, фэйсбүүк ч бас. Гэхдээ ямар ч хорио цээргүй, шүүлтүүргүй байлаа гээд хэзээ ч хийхгүй юм гэж бас байна аа, байна. Би индэр дээр, лекц уншихдаа, хичээл заахдаа, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, эсвэл бусдын өмчийн талбар дээр хэзээ ч ингэж ярихгүй. Явж явж ер нь фэйсбүүк, блог энэ тэр чинь юу юм бэ? Тэнд би “Амгалан” гэдэг бөөрөнцгийг өнхрүүлнэ, харин цөмийн тухай ярихгүй. Төв цэг дээр надаас өөр хэн ч очихгүй шүү дээ. Гэлээ гээд би тэс хөндлөн байх эрхгүй. Радиус дотроо л.

“Төвөгтэй юм. Яагаад чи цэг биш, тойрог биш, бөмбөрцөг байгаа юм бэ?” гэж надаас бүү асуу л даа.Үнэндээ би өөрөө хариултыг нь мэдэхгүй. Бүх тохиолдолд ганцхан нүүртэй байж болдоггүй л хорвоо юм байна. Хэнтэй ч, хаана ч ганцхан нүүрээрээ байдаг ганцхан л хүнийг би мэддэг байсан. Мэдээж тэр хүнд бидний дунд байхад хэцүү, бидэнд ч түүний хохь ганц нүүрийг дөрвөн цагийн эргэлтэд харах хэцүү байсан. Тэр явсан.

“Таалагдах урлаг бол хуурах урлаг” гэдгийг би энэ бүжгийн анхны “па”-г
хийхдээ ухаараагүй байсан юм байна.

Үнэндээ бид бусдынхаа голыг нь голдог юм биш, багаа андуураад зүүчихсэн авхаалжгүй занг нь л шоолдог. Бүжиглэхдээ өмсдөг багаа болбол тайлахгүй байхсан гэж би хичээдэг болоод байгаа. Тэр минь бүх хүнд, бүх нөхцөл байдалд таалагдах учиргүй ч гэлээ би “миний” гэгдэх ганц нүүртэй болохсон гэж ядаж явна.

Хажуугаар нь зохиогүй багтай алиалагчдыг анзаарахгүй байж сурч байна. Буруу газар, буруу цагт, буруу багаа зүүсэн будлиу гар нь биш, “хуурах урлаг”-ийн маэстро болох гэж ядсан, ялсан, ялласан тэмцэл л хүний алдаа байдгийг ойлгомор аядаж байна. Бүжгийн баг маань ч гэсэн миний бүтээлийн эцсийн зураас биш. Хэн ч хэзээ ч төгс төгөлдрийн ирмэгт тулахгүй. Яагаад гэвэл, тийм хязгаар байхгүй. Зүгээр л тухайн цаг хугацааны хэрчим, орон зайн хэлтэрхий дотроо л чадлаараа өөр өөрийнхөө зорилгод тэмүүлж, тэгэнгээ нөгөө муу, үнэнч ганц найз–шогийн мэдрэмжээ л алдчихгүй явбал дээдийн заяа болоод байна. Одоохондоо …

Б.БОЛДСАЙХАН

 

Нүүртэйдээ бахарх

Хорвоо чамайг хүн
Хоёр нүүртэй гэж зүхэх юм
Атгаалжин хар мангас
Арван таван нүүртэй байхад

Хорвоо чи харин ч
Хоёрхон нүүртэйдээ бахарх
Хорвоо чамайг хүн
Хоёр нүүртэй гэж гайхах юм

Хүн гэдэг өөрөө
Ганц ч нүүргүй байхад
Хорвоо чи харин ч
Хоёр нүүртэйдээ бахарх

2015 он

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !