Юугаар ч орлуулж болдоггүй, байхгүй бол нь амьсгал тасарчих гээд байдаг тийм нэг юм.

4-р сарын 28, 29-нд Тусгаар тогтнолын
ордонд “Хатан ятга” тоглолтоо хийх гэж байгаа
Ятгын хатан хаан Чулуунбатын Мөнх-Эрдэнэтэй
хийсэн ярилцлага.

Цогтын Амгалан.  Урлагийн хүний  амсдаг аз жаргал, бас зовлон юу вэ?

Ч. Мөнх-Эрдэнэ. Дотроо байгаагаа  гадагшаа илэрхийлээд гаргачихаж чаддаг нь урлагийн хүний их зол заяа байх. Гэхдээ урлаг чин сэтгэлээс урсан гардаг болохоор заримдаа хөгжмийнхөө ард сууж ч чадахааргүй гутрах үед яах ч арга байдаггүй. Урлагийг хүчээр хийдэггүй нь их нажидтай. Үүнийг давчихвал л …

Ц.А. Хөглөгдөн дүүлэх нь ч амархан, шантраад живэх нь ч амархан урлагийнхны дунд тэр хүнд үеийн шалгуурыг давж чадаагүй хүмүүс цөөнгүй бий.

Ч.М.  Гэхдээ давж гарч чадахааргүй байх шалтгаан бас байдаг юм шүү. Зөвхөн сэтгэлийн тэнхээгээр гаталж барахааргүй юм бий. Сайн ханийн өмөг түшиг, гаднаас ирэх гэрэлгүйгээр туулж боломгүй юм байдаг гэж би бодож байна.

Ц.А. Ухаанаараа биш сэтгэлээрээ амьдардаг болохоор тэр үү?

Ч.М. Голоороо л амьдардаг хүмүүс шүү дээ.

Ц.А. Аливаа туурвил хүний оюунд төрснөөсөө хойш биелээд биежээд гараад ирэхдээ анхны тэр төсөөлөлд хэзээ ч хүрдэггүй юм шиг санагддаг.

Ч.М. Тийм тохиолдол бий. Ялангуяа анх удаа тоглогдож буй бүтээл хэцүү. Харьцуулах баримжаалах юмгүй. Ятга бол бэлэн хөгтэй хөгжим биш учраас хөгжмийн зохиолчидтой ярих зүйл ч байна. Хоёр хүн нэг болж байж жинхэнэ бүтээл гардаг.  Хөгжимчин, хөгжмийн зохиолч хоёр биш “бүтээл” гээч юманд хоёулаа уусч, өөрийгөө устгаж байж, бүтээлд амь өгдөг.

Ц.А. “Урлагийн анхны санааг эх барьж төрүүлдэг хөгжмийн зохиолч, зураач, яруу найрагч нар л жинхэнэ сэтгэгчид, харин тэр санааг  мэндэлсний дараа өсгөж бойжуулдаг хөгжимчид, дуучид бол гүйцэтгэгчид“ гэж нэг хөгжмийн зохиолч надад хэлж байсан. Яагаад гэдгийг мэддэг нь дарга болдог,  яаж гэдгийг мэддэг нь цэрэг болдог гэдэг шиг. Энэ үгэнд эмзэглэх үү?

Ч.М. Яалаа гэж. Анхны санаа, ер нь аливаа санаа гэдэг чинь хамгийн  үнэ цэнэтэй зүйл.

Ц.А. Урлагт гарын ур чухал боловч тулгын гурван чулууны нөгөө хоёр болох ухааны ур, сэтгэлийн ур гурвуулаа өнөөдрийн монголын урлагт бүтэн байж чадахгүй байгаагаас “гар урлал” тал руугаа хөгжөөд байх шиг. Жишээ нь, яг хөгжимчдийн хувьд гэхэд нөгөө нот үнэхээр дуугарч л байгаа боловч сэтгэлийн хөг, оюуны хөг нь солгой байна гэж хэлмээр үе байх юм.

Ч. М. Шалтгаангүй юм гэж байхгүй.  Европт найрал хөгжмийн гоцлооч байна гэдэг нэр хүндийн асуудал байдаг.

Ц.А. Бидний зүрх сэтгэлийн оршин орогнодог энэ махан биеийг тэжээх асуудал. Гэвч жинхэнэ урлагийн хүнд бол засгийн эрхэнд хэн байна, ерөнхийлөгч нь урлагт ээлтэй байна уу, үгүй юу гэдэг нь тийм амин чухал гэж үү? Өөрөөс нь өөр хэн ч тоогоогүй урлагаа хийсээр өлсөөд үхэж байсан хүмүүс бишгүй л байдаг. Урлаг бол өвчин. Энэ өвчнөөр эргэж буцалтгүй өвчилсөн өвчтөнүүд эдгэх гээд эсвэл бүр үгдрүүлэх гээд явж байхад гадны хүчин зүйлс тийм их ач холбогдолтой юу? 

Ч.М. Ер нь бол жинхэнэ урлагийн бүтээлийг бусдын үнэлгээг сонсох гэж хийдэггүй. Тэр бол хорьж барихын аргагүйгээр өөрийн эрхгүй сад тавьж байдаг зүйл. Гэвч зөнгөөрөө ургадаг хээрийн цэцгэнд хүртэл нар, агаар, ус хэрэгтэй байдаг шиг огтын юунаас ч хамаарахгүйгээр оршин байдаг зүйл байдаггүй. Хүмүүсийн зүрхний эрч хүч, урам, ойлгож мэдэрч байгаа сэтгэл нь бас л сайхан.

Ц.А. “ Амьдралын нүцгэн үнэнээс болж хүнийг үхүүлэлгүй байлгадаг чухам тэр зүйл бол урлаг” гэсэн үг байдаг сан.

Ч.М. Агаар. Юугаар ч орлуулж болдоггүй, байхгүй бол нь амьсгал тасарчих гээд байдаг тийм нэг юм.

Ц.А. Тэгвэл урлагийн хүн гэж хүн бэ? Жишээ нь, эрдэмтэн хүн болгон шинжлэх ухаанд хүчин зүтгэгч байдаггүй. Тэгэхээр хаана, юу хийдэг нь, хаяг нь гол биш юм шиг.

Ч.М. Урлагийг хуурдаггүй хүн л урлагийн хүн.

Ц.А. Урлагт үнэнч байна байлаа гээд тэр чинь мэдэхгүй, шийтгэхгүй биз дээ? 

Ч.М. Урлаг ба урлагийн хүний хоорондын харьцаа бол хугацаатай алба хаах, шагнах, шийтгэхээс ангижирсан ойлголт.

Ц.А. Монголын урлагийн өмнө гүнээ мэхийн ёслоод байгаа дэлхийн үгээр ч юм уу, бид өөрсдийгөө их магтах боллоо. Монголын урлагийн яг бахархмаар нь юу юм бэ? 

Ч.М. Жинхэнэ ардын урлаг гэдэг талаас нь ярих юм бол монголын гэгдэх жинхэнэ урлаг хөдөөд, монгол ахуйд л байдаг. Байгальтайгаа амь нэгтэй монгол хүний сэтгэлгээ, түүндээ ясны сэтгэлтэй байгаа байдал л юм. Цоорч Наранбаатарын цоордож байгаа нь бүр тэс ондоо, үнэхээр тэр цоорын амин сүнсийг аргадаад байх шиг байдаг. Б.Мөнхболд нарын зэрэг хөгжмийн зохиолчид туурвил бүтээлдээ цоор, лимбийг оруулж байгаа нь үгүй болохын даваан дээр байгаа ийм төрлүүдийг авч үлдэх гэсэн эх оронч, урлагт хайртай хүний оролдлого юм. Оюутолгойн тоглолтон дээр би Наранбаатарын цоор тоглохыг хараад бүр мэл гайхаж байсан.

Элсэн тасархайд болсон тоглолтонд Увсын бүр зах нутгийн хүний биелж байхыг  хараад монгол урлагийнхаа төрөлх амтыг амталж, онгон даахиных нь үнэрийг үнэрлэх шиг болж байсан. Бид өөрсдөө байнга л янз бүрийн арга хэмжээнд оролцож байдаг ч яг “жинхэнэ” юм гэдэг үнэхээр ховор байх юм. Тийм юмтайдаа л бид бахархах ёстой.

Ц.А. Түүнээс гадна  монгол хүн монгол хүнээ их мууллаа. Монголын амьдралыг, өнгөрсөн, одоо, ирээдүйг. Монгол хүн болохоор л ийм байгаа юм биш, энэ бол ерөөсөө л хүний байгаль. Ер нь амьдрал ганцхан Монголд хэцүү байгаа юм биш, дэлхийн аль ч өнцөг буланд, муу хүмүүс, амьдралын бэрхшээл бас байж л байгаа.  Гагцхүү энэ бүхэнд хандаж байгаа бидний харц дэндүү эрүүл биш байна.  Муу муухайг онгичиж, цус үзээд улайрах араатан шиг, цөсөө хөөргөн хөөс сахруулан дайрцгааж байгаа маань л гутамшиг. Нөгөө талаас бид хуурагдаж, хулхидуулсаар байгаад бие биендээ хүний ёсоор хандаж чадахаа ч байгаад, хэн намайг яачих бол, хэн нь түрүүлж багалзуурт асах бол гэсэн шиг биеэ хурааж отох болсон минь л энэ цагийн гамшиг. Ийм хэмлэлдээн дунд “ингэж сайн хадгалагдаж үлдсэж чадсан”-д чинь урьдын буян их байна аа даа. Өөрийгөө хэр сайн мэдэх вэ?

Ч.М. Би нэг удаа дөрөв хоног мацаг барьж үзсэн юм. Тэр үед би урьд өмнө нь хэзээ ч амсч байгаагүй мэдрэмжийг амталсан. Чи чадсан, чадна гэдгээ өөрөө мэдэж байгаа, харуулж чадаж л байхад заавал олон “дагуул”-тай байх шаардлагагүй. Том юм том асуудалтай. Нэртэй, мэдэлтэй, хөрөнгөтэй гэхээсээ энгийн сайхан амьдралаар амьдарч чадаж л байвал жаргалын дээд нь тэр.

Ц.А. Тэр энгийн сайхан амьдрал гэдэг чинь яг юу юм бэ?

Ч.М. Дуртай юмаараа өөрийгөө тэжээдэг, байгаадаа ханаж чаддаг, элдэв юм хүсч өөрийгөө зовоодоггүй, яг одоо яг энд байгааг яг цагт нь үнэлдэг л байвал болоо шүү дээ.

Ц.А. Хүн хүн болтлоо өсч, ухаарахын хэрээр хүний хэрэгцээ нэмэгддэг үү, багасдаг уу?

Ч.М. Уул нь багасах ёстой байх. Өнөөдрийн амьдралыг харахад эсрэгээрээ нэмэгдээд  л байх шиг байна шүү дээ.

Ц. А. Чамайг дампуурвал хэн ч гайхахгүй.  Харин өдий хүртэл дампуураагүйд чинь л хүмүүс гайхаж байгаа шүү гэцгээдэг.

Ч. М. Үнэн.

Ц. А. Чи энэ үгийг үнэн гэж байна, би ч үнэн гэж боддог. Тэгэхээр хүн гэдэг чинь тийм муухай амьтан уу?

Ч. М. Нэмэх хасах цэнэгтэй байж байж тогтдог орчлонгийн  жам. Энэ бүхнийг биеэрээ туулж байж л хүний зэрэгтэй хүн болох юм байна шүү дээ.

Ц. А. Хөөрхий тэр муу хүмүүс бидэнд үнэгүй багшилж, амьдралын мэргэжилтэн болгож байдагт нь баярлалаа гэхээс. Хүн амьдралын халуун тогоонд тэсч үлдэх гээд  янз янзын л юм хийхдээ хүрдэг. Харин чиний хувьд аминд тулсан ч хийхгүй гэсэн юм юу байдаг вэ?

Ч. М. Бусдыг гомдоох. Ээж минь надад “Хүнд хатуу үг битгий хэлж бай. Хүний сэтгэлийг хэзээ ч битгий өвтгө” гэдэг байсан. Өөрөө гомдсон ч гэсэн ямар ч тохиолдолд уучлах ёстой.

Ц. А. “Уучлал гуйсныг нь өөрийнх нь төлөө, гуйгаагүйг нь өөрийнхөө төлөө” гэдэг шиг.

Ч. М. Бусдыг уучлах нь өөрт их амар байдаг.

Ц. А. “Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь бас нэг алдаа” гээд хүмүүжчихсэн бидний хувьд уучлах, өршөөл эрэх, буулт хийж сурах нь маш хэцүү. Тэгээд ч чамайг гомдоосон хүнийг өршөөн хэлтрүүлнэ гэдэг бол хүчтэй хүний шинж байх.

Ч. М. Нэгэнт хийсэн зүйлийн араас залхаан цээрлүүлэх нь ерөөсөө гол биш. Харин бид сайн сайхнаа бусдад зориулсан, зориулж байгаа, зориулах гэж байгаа хүмүүст талархаж сурах нь л гол. Талархана гэдэг бол хамгийн гайхамшигтай мэдрэмжүүдийн нэг. Би бясалгал хийдэг болсноосоо хойш өчүүхэн жижиг юманд,аль хэдийн болоод өнгөрсөн зүйлст ч, амьтай амьгүй бүгдэд талархдаг болсон. Урьд бол зөвхөн хүмүүст, ойр дотныхондоо  л баярладаг байж.

Ц. А. Чиний уучилсан  хүн олон уу, уучлал гуйх ёстой хүн олон уу?

Ч. М.  Уучилсан нь олон. Гэхдээ би хэнийг ч гомдоогоогүй  гэж хэлж байгаа юм биш. Үйл хөдлөл хийж байгаа л бол санаатай санаагүй янз бүрийн  байдлаар шүргэлцэж, түлхэлцэж, хамтдаа урагшилж яваа хорвоод хэнийг ч өвтгөөгүй гэж хэн ч хэлж чадахгүй байх.

Ц. А. 50 настай нэг хүнтэй наманчлалын тухай ярьж байхад “Ямар ч муу юм хийгээгүй бол яах вэ?” гэж билээ. Бид өөрсдийгөө дандаа  ариун, ухаантай, зөв гэж боддог учраас сэтгэл дундуур явдаг юм болов уу.

Ч. М. Үргэлж миний зөв гэх бодол сайн гэхээсээ муу юманд хүргэх байх. Өөртөө биш, энэ бодолдоо эргэлзэж байх хэрэгтэй.

Ц.А. Нэг зураач нөгөө зураачийг өөрөөсөө илүү гэж байхыг би сонсоогүй. Манай нэг хөгжмийн зохиолчоос “Таны мэдэх хамгийн мундаг хөгжмийн зохиолч хэн бэ” гэхэд жаал дээш харан бодож байснаа “За даа, би л байх шив дээ” гэсэн юм гэдэг. Магадгүй, өөрийгөө цор ганц, хосгүй гэж мэдэрч байж урлаг төрдөг байж ч болох.

Ч. М. Өөртөө итгэх, өөрийгөө бадраах нь өндөрт цойлох түлхэц болдог. Би гэхдээ бусад хөгжимчдийг их сонсдог. Алдарт гитарчин Жон Виллиамсын тоглолтыг үзээд бүр биширч байсан. Хэдэн арван мянган хүнийг цэнгэлдэхэд цуглуулаад гурван цагийн турш эзэмдэн уйлуулж байсан тэр чадлынх нь өмнө сөгдөж байсан. Би бас тэр “Хос эрвээхий”-ээр анх их хүнд “өвчилсөн” сөн. Миний багш З.Нарантуяа гэж бурхан хүн байсан юм. “Хос эрвээхий”-н ноотыг багш минь надад өгөхдөө “За, чи л энийг хий. Үгүй бол би дахиж хадгалаад ч яахав. Бишгүй олон жил хадгаллаа” гэж билээ. Би “Хос эрвээхий”-д ёстой анхны харцаар ухаангүй дурласан даа. Өдөр шөнөгүй нойр хоолгүй санаандаа уян, бодолдоо хадаж явсаар гараасаа гаргаснаа тоглож үзүүлэхэд  багш минь уйлж байсан юм даа.

“Хос эрвээхий”-г заавал симфони найрал хөгжимтэй тоглоорой гэж багш минь захидаг байсан сан. Харин хожим хүний нутагт анхны үрээ аюулт өвчнөөр алдчихаад, хөгжмөө ч харж чадахгүй болтлоо сэтгэлээр уначихсан байх үед  Ганаа минь “Хэрвээ би ноотыг нь хөрвүүлж чадвал чи “Хос эрвээхий”-г найрал хөгжимтэй тоглох уу” гэж билээ. Хамгийн үнэтэй зүйлээр минь намайг гогдож тогтоох гэсэн нь тэр байсныг би сүүлд нь л ухаарсан. Тэгээд сар гаруй хонон өнжин суугаад симфони найрал хөгжмийн ноот гаргаад өгсөн юм.

Тэгээд Монголд нэг сард ирсний дараа бүр надад хэлэлгүйгээр дуурийнхантай яриад миний тоглолтыг дөрвөн сард хийхээр болсон байсан юм. 1994 онд анх энэ бүтээлийг тоглосноосоо хойш яг 10 жилийн дараа 2004 онд симфони найрал хөгжимтэй тоглосон. Энэ бүтээл хань хоёр минь намайг “дахин амьдруулсан” юм даа. Дурлана гэдэг учиртай. Заавал дурлаж байж тоглох бүтээл бол “Хос эрвээхий”. Дараа нь Родригогийн гитарын концертыг симфони найрал хөгжимтэй тоглохсон гэж мөн ч олон жил мөрөөдсөн минь одоо л биелэх гэж байна. Харин үүнийг яг над шиг мэдэрч догдлох хүн байна уу гэдэг бол өөр хэрэг.

Ц.А. Хэн ч мэдрэхгүй байсан ч чи хийх л байсан.

Ч.М. Тийм ээ. Хэн ч мэдрэхгүй байлаа гээд миний мэдрэмж өөрчлөгдөхгүй.

Ц.А. Бид хэзээ ч үхэшгүй болоосой гэж бодож байсан уу?

Ч.М. Би нөхөртөө дахин дурлаж байсан. Дахин дурлах гэдэг чинь бас анхны дурлалаас өөр, гайхамшигтай юм байна лээ. Тэгэхэд л, “Энэ үе хэзээ ч дуусахгүй, бид хоёр энэ чигтээ хэзээ ч үхэхгүй байгаасай”  гэж бодож байсан.

Ц.А. Үхэл биднийг муу зүйлээс салгаж байж болох уу?

Ч.М. Монголд яагаад ч  юм бэ, үхэлд их хүнд ханддаг юм шиг. Германд охиныг минь өнгөрч байхад “Охин чинь одоо маш амар амгалан байгаа. Юунд ч бүү санаа зов. Бүх зүйл хамгийн сайнаар шийдэгдэж байна” гэж хэлж байхад үхэлтэй нүүр тулж үзээгүй надад маш хатуу тусч байсан. Анх сонсоход харгис ч юм шиг хэр нь эргээд бодоход үнэхээр л үхэл зарим үед үхлээс ч бэрх зүйлээс ангижруулсан байдаг. Ер нь үлдэж байгаа хүмүүст л хамгийн хэцүү байдаг байна.

Гэхдээ охин минь явснаасаа хойш ч намайг их зүйлд сургасаар байгаа. Хүүхэд хэвлийд буй болоод л, төрөөд л, хар зөнгөөрөө хүн  болдог жамтай гээд л яван явсаар анхны хүүхдээ төрүүлж байсан намайг охин минь л хүмүүжүүлсэн. Эх хүн болно гэдэг нэг хэрэг, эх хүн байж чадна гэдэг өөр хэрэг. Шинэ амьдралыг өөртөө бүрэлдүүлж яваа эмэгтэй хүн гэдэг зүгээр нэг тээгч төдий юм биш. Дараагийн хүүхдээ мэдсэн цагаасаа би өөрийгөө, хүүхдээ тордож, тойлж эхэлсэн. Энэ бол бас нэгэн зүйлийн соёл, боловсрол, хариуцлага, бас энэрэнгүйн хэлбэр.

Ц.А. Монголчууд “Амны билгээс ашдын билэг”, “Хүн нэмбэл хүнс нэмнэ”  гээд байдаг. Харин хүнс авчрах хүнээ эрүүл биетэй, саруул ухаантай төрүүлэхийн тухайд …Нөхөртөө зодуулсан хүүхнийг хонуулах хүчирхийллийн эсрэг төв манайд байна. Өрх толгойлсон олон хүүхэдтэй нэгнийг нь тэтгэх халамж, элдэв сан, төсөл  бас байна. Харин охидыг багаас нь эмэгтэй хүн болоход, эхнэр, эх хүн байхад бэлддэг, сургадаг тогтолцоо гэр бүлд ч, боловсролын бүтцэд ч алга.

Ч.М. Мэдээлэл дутуу, боловсрол нимгэнээс болоод эцэстээ хүний амийг хүртэл алдаж байгаа нь дэндүү харамсалтай. Ер нь нийгмийн идэвх гэдэг бол шүүмжлэл, үгүйсгэл, тэмцэл, жагсаал цуглаан хийхдээ биш өөрөө нийгмийн сайн гишүүн байж, үр хүүхдээ нийгэмдээ тустай, бусад гишүүдтэйгээ эв зүйгээ ололцоод зөв амьдраад явчихаар хүмүүс болгон хүмүүжүүлэхэд оршдог. Энэ бол санаан зоргоор, хар аяндаа болдог зүйл биш. Хүүхдээ хүн болгохын тулд эр эм гэлтгүй хувийн орон зайнаасаа хэлтэлж золиосолдог. Золиослохгүй байхын ч аргагүй.

Ц.А. Хэн ч ордоггүй чиний гэх орон зай заавал байх ёстой гэж чи үздэг юм байна.

Ч.М. Бүх юм нийтийн байх ёсгүй. Оюуны, яг амины орон зай заавал байх ёстой.

Ц.А. Эргэлзэх юм улам л их болоод байдаг ч бүр үнэн голоосоо итгэдэг юм чинь юу вэ?

Ч.М. Миний хань. Энэ итгэлийг минь хэн ч, хэзээ ч ганхуулж чадахгүй.

Ц.А. Ийм хүн үнэхээр ховор шүү. Хүн гэдэг амьтныг чинийхээр хэмжвэл хэр том юм бэ дээ?

Ч.М. Уул нь надаас биш гүн ухаанчдаас л асууж баймаар асуулт байна. Гэхдээ хүн чинь нэг хэмжээндээ байдаггүй, хэмжих боломжгүй  амьтан. Өчүүхэн загнадаг агуу хүн ч байна. Агуу байж чаддаг өчүүхэн хүн ч байдаг.

Ц.А. Бидний хэн байх өөрсдөөс маань их шалтгаалдаг ч дан ганц өөрийн сайнаар энэ бүхэн бий болоогүй. Асар олон хүний бүтээл л дээ, бид гэдэг чинь.

Ч.М. Би хэрэв багштайгаа учраагүй сэн бол одоо байгаа бүхэн үүнээс өөр байх байсан. Өмнө нь хэнд ч хэлж байгаагүй зүйлийнхээ тухай би чамд ярья.  Багш минь Бурхан болоод удаж байгаа ч одоо хэр над дээр ирдэг. Надад дандаа тусалдаг. Заримдаа зүүдэнд ирнэ. 2008 онд Германд байхдаа би нэг зүүдийг хэдэн өдөр дараалан зүүдэлсэн юм. Би тайзны хажууд нэг юм бэлдээд л байх юм. Танхим дүүрэн хүн. Би юуг ч юм мэдэхгүй, дуусгаагүй бололтой.  Гэтэл багш маань намайг учиргүй зэмлэж, заавал үзүүл гээд шаардаад байна гэж зүүдлээд байсан.

Тэгээд удалгүй Монголд ирээд хөгжим бүжгийн коллежийн нэг багштай таартал, мэргэжлийн хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан удахгүй болох гэж байгаа, чи одоо хүртэл мэдээгүй юм уу гэж хэлсэн. Сүүлчийн өдрийн өглөө би  “Би заавал чадна. Надад зориулсан таны цаг хугацаа, сэтгэл, итгэлийн ачийг би заавал хариулна. Ямар шавь төрүүлснээ та минь хараарай” гэж хэлээд Багшдаа мөргөөд гарсан. Тэр  улсын уралдааны шалгаруулах комисс алга ташихыг хориглосон байсан ч намайг тоглосны дараа хүмүүс бороо шиг шаагитал алга ташиж билээ. Багш минь хатуу хүн байсан. Гэхдээ тэр хатуу гар л надад энэ хүртэл явах тэсвэр хатуужлыг өгсөн юм шүү дээ.

Ц.А. Бурхан байдаг уу?

Ч.М. Бурханыг би яг нүдээрээ хараагүй. Гэхдээ Бурхан байдагт би итгэдэг. Сайн санааг аварч ивээдэг хүч, тийм нэг гэрэл, эрч хүчийн бөөгнөрөл дандаа намайг дагаж, цуг байдгийг би мэдэрдэг. Бусдад өгсөн бүхэн эргэж ирдэг. Гэрэл гэгээ, өршөөл, буулт гээд л. Би дотроо урагдтал гомдсон гомдлоо угаан уйлж уучилсныг маань нөгөө хүн мэдээгүй ч  гэсэн цаанаа л нэг мэдрээд байдаг юм шиг санагддаг. Юу өгнө, түүнийгээ л авдаг.

Ц. А. Ямар ч үр дүнд хүрэхгүйг нь мэдсээр байж дурлаж хийдэг юм чинь юу вэ?

Ч. М. Би олон зүйл зэрэг хийж чаддаггүй. Би хийе гэж зорьсноо л хийдэг. Өөрийнхөө бүтээмжтэй болон ядруу байдаг цагаа мэддэг болохоор өдөртөө амжуулах ёстой зүйлсээ хийх ёстой цагт нь хуваарилж хийгээд, дээд зэргийн үр дүнтэй амьдрахыг  хичээдэг дээ. Амьдрал хязгаартай.  Тэр төгсгөлд  хүрэн хүртлээ сэтгэлээ ханатал бүтээсээр л байх болно.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !