Эмэгтэй арьстай мангаснууд

Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг эцэст нь тултал ойлгоход дааж давшгүй саад тотгор болон хөндөлсдөг зүйл нь хүйс гэж үзэж болох уу?

22 настай Лхамаатай бид, түүнийг хүчиндсэн гэмт хэргийг авч хэлэлцэж байсан шүүхийн танхимд танилцсан юм. Ялын тогтоолд “хоригдох хугацаа 3 жил” гэж заахыг Лхамаа сонсоод сэтгэл гутсанаа “хатуухан” илчлэв.

Шүүгчид үрчилзэв.

Би Лхамаад дөхөн очоод “Та Гансүхийг өрөвдөхгүй байна уу?” гэж болгоомжтойёо асуувал тэр үнэн голоосоо гайхан эвгүйцэж, “Үгүй, та надад ингэж хэлэв үү?” гэв.

Би үргэлжлүүлэн, “Би таныг маш сайн ойлгож байна, гэвч… Тэр дөнгөж 18 настай. Ийм юу ч үгүй “хүүхдүүд”-ийг засч залруулах хүртэл манай шоронгууд өдий байгааг та мэдэх үү.

Ганц алдаа залуу хүүгийн бүх амьдралыг нь эвдэж магад. Эрүүл мэндээ алдах нь бүр наад захын хэрэг. Цаашлаад насаараа шоронгийн хадаас ч болж магад. Хүчирхийлэгчдийг гэмт хэргийн ертөнц зэвүүцэн цээрлэдэг учраас түүнийг зүгээр орхихгүй байх”. “Тэгвэл сайн л биз. Тэр миний үзсэнийг өөрөө үзэг. Би бүр өөрөө очиж, нэг камерынхнаас нь түүнийг бандидан хүчиндэхийг хүснэ.

Юу ч үгүй гэнэ шүү! Түүнийг “ажилгүй” эцэг эх нь намайг өргөдлөө эргүүлж татвал 15 мянган ногоон өгнө гэснийг нь яана? Өмгөөлөгч ч гэсэн дээ. “Богино банзал!” гээд л. Шүүгч нь ч таарсан эр. Бүгдээрээ новш” гээд Лхамаа үгээ ч дуусгалгүй уруул нь өмөлзөж эхлэхүй хажууд нь нэг залуу хүрч ирээд, мөрөн дээр нь гараа тавьж, “тайвшир” гэхийг үзвэл сүйт залуу нь бололтой. “Амар, сэтгэлзүйч” гэж тэр өөрийгөө танилцуулаад “Би таны асуултуудад хариулах гээд үзье. Харин та эхлээд надад хэл дээ.

Та хүчиндүүлж үзсэн үү?”. “Үгүй”. “Тийм ч байх. Харин би бол үзсэн”. “Та юу?! Хэнд? Эрчүүдэд үү?”. “Охидод”.1987 оны 8 сар. Шарга морьт. Гэмт хэрэг гэж юу байдгийг өөрсдөө ч сайн мэдэхгүй эцэг эхчүүд хүүхдүүдээ шөнө орой болтол гадуур явахыг зөвшөөрдөг байв.

15 настай Амарыг ээж нь үдшийн 11 цагийн үед найзынх уруугаа маргаашийн баярт өмсөх гутланд явуулжээ. Зуслангийн дундуур, гэрэлтэйд явбал аятай ч хол учраас Амар дөт замаар, ойн дундуур явахаар шийдэж. Жаахан аймаар, гэвч 5-хан минут, тэгээд ч нар жаргаад удаагүй байна. Буцах замд нь хэн нэгэн цүнхийг нь булаагаад, дэгээдэн унагаажээ. 16, 17-той хэдэн охид түүнийг өшигчиж, шоолж, харааж, хөхрөлдөж байв. Нэг нь цээжин дээр нь сандайлан суугаад, бүдүүн шилбээрээ хоолойг нь, нөгөө нь эрхтнийг нь боож эхлэхэд…

Түүний дээгүүр ямар нэг үзээрийн муухай нялцгай, хүнд юм дайран өнгөрөх шиг болоод, амьсгаа нь боогдож, ухаан алджээ. Энэ аймшиг хэр удаан үргэлжилсэн бол? 40 минут орчим Амарыг ээлжлэн хүчиндэж, хоёр нь барьж, нэг нь хэрэглэж, нөгөө нь харуулд байж. Түүнийг маажиж, цохиж, хазаж, хөх няц болгожээ. “Олон жилийн хойно МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийг төгсөөд би тэр аймшгийн харагдах дүр төрхийг олохыг хичээсэн юм” гэж Амар ярьж байна. “Янз бүрийн зураг, киноны хэсэг, амьдралын сэтгэгдлүүдийн аль нь ч биш байв.

Пикассогийн “Герника”-г харах хүртэл л дээ. Мэдээж, ийнхүү харьцуулах нь нүгэл байх, гэвч сэтгэхүйд үлдээсэн уршгаараа энэ хүчирхийлэл миний хувьд атомын бөмбөгийн дэлбэрэлттэй л адил хэрэг болсон юм. Шинэ үеийнхэн муу муухайд эртнээс дасч, киногоор ч болтугай энэ аймшгийн бүх хэлбэрүүдтэй танилцдаг болохоор орчин үеийн хөвгүүн ийм хэргийг арай бага зовиуртай давах байсан ч байж болох”.

Арайхийн гэртээ хүрч очсон Амарын дотор үзэн ядалтын асар хүчтэй оргилуур тэсэрч, ээжийгээ нүүрэн дундуур нь цохиод, шууд утгаар нь “голомтоо самарч”, амиа хорлохыг оролджээ. Түүнийг түргэний тэргээр мэдрэлийн эмнэлэгт хүргэж, тариа хийж, унтуулж, тайвшруулжээ. Энэ хэргийг тэгсгээд бусдад тараалгүй өнгөрсөн ч толгойн өвчин, нойргүйдэл, гэнэтийн тэсрэлтүүд, хэнтэй ч харьцахгүй, сургуульдаа ч явахгүй… байсан нь насан туршийн сэтгэцийн тахир дутуу байдал, бэлгийн сулрал, гомосексуализм, ер юугаар төгсөх байсныг хэн мэдэх вэ.

Харин хүүхдийн мэдрэлийн эмч Мягмар 4 жил Амараас холдсонгүй, эмнэж, сургаж, амьдралд дасгаж байв. Ийм гэмтлийн дараа хоёр аргаар л эдгэрч болно. Өс хонзонгоо авах, эсвэл өршөөх. Шүүх бол өшөө авах иргэншсэн л хэлбэр. Энэ аргыг сонгоогүй Амар урт замыг туулжээ. Өөрийг нь тамласан хүмүүсийн сэтгэхүйн байдлыг дүгнэж, өөрийнх нь “БИ”-г нугалж хугалах гэсэн зорилгыг нь биелүүлэхгүй гэж ухамсар ба нигүүлсэнгүй сэтгэл дундуураа эцэсгүй эрэл хийсэн байна. “Эрчүүдээр бие, сэтгэл, итгэл нь эвдэгдсэн тэр охидын хувьд чи зүгээр л дайснуудынх нь нэг-эрэгтэй хүн байж, бусдын өмнөөс хариулах болж.

Чи хэрэв жинхэнэ эр хүн бол тэр гомдоогчдынхоо ачааг үүр. Тэднийг өрөвд, энэр. Тэднийг үзэн ядаж, тооцоо бодсоноор чиний дотор онгойхгүй” гэсэн Мягмар эмчийн үгээр Амар яваандаа хүн чадлаа сэлбэж, дунд, дээд сургуулиа төгсч, гэрлэж, хоёр охины эцэг болжээ. “Хүмүүсийг биологийн шинж тэмдгээр нь тэгж хатуу хуваах хэрэг байна уу? Бие, сэтгэлийн эмзэг байдалд орсон хичнээн эр хүн урьд нь “эмэгтэй” гэсэн тодорхойлолттой байсан дүрд тоглочихсон байна вэ дээ” гэж хэлээд Амар  нэгэн өвчтөнтэйгээ ойр танилцахыг санал болгосон юм.

ХАЙРААС ҮЗЭН ЯДАЛТ ХҮРТЭЛ

32 настай Төмөрийн онош сэтгэцийн ухааны хэл дээр ………………… гэж бичигддэг.

Харин хүний хэл дээр бол зүгээр л парадокс. Бүрэн тоноглогдсон 5 өрөө сууцтай, Мерседесийн сүүлийн загварын гайхамшигтай, банкиндаа валютын жинтэй хадгаламжтай залуу, сонирхолтой эр хүн амьдрах биш, амьдаараа сүг болж байна. Шөнөдөө унтахгүй хэр нь өдөртөө явуут зүүрмэглэж, тренажерийн дугуйг тавхан минут жийгээд ямар ч чадалгүй үхэтхийн унах атлаа бүх ажлаа зэрэг амжуулах гэсэн аятай хотоор цухалдан гүйж… цагийн өмнө зүрх нь ертөнцийн туйлууд руу савлаж байсан бол одоо судасны цохилт нь олдохгүй… 5 жилийн өмнө Төмөрийн 46 настай амраг, компанийх нь захирал Гэрлээ сул биетэйдээ ялархан, Төмөрийг үрийн суваг боох мэс засал хийлгэх санал тавьжээ. (Нэг ёсондоо эм нь үр хөндүүлэх үү, эр нь үргүй болох уу л гэдэг асуудал. Эм, бэлгэвч, хуанли, гадуур… Энэ бүхний хажуугаар та зорьж хийсэн юмныхаа жинхэнэ амтнаас хагацдаг байх л даа).

Хорооллын нэг өрөөнд хөгшин эхтэйгээ насаа барж, нийтийн тээвэрт чихэлдэж явах ирээдүйгээс халширч байсан Төмөр мэргэжлийн чадвараар онцгойрдоггүй, санасандаа хүрэх чанга хатуу характергүй нэгэн байв. Түүний карьер хийх эхний бөгөөд эцсийн боломж нь Гэрлээ гэж Төмөр сийрэг толгойгоор нягтлаад даруй зөвшөөрчээ. Хилийн чанадад амжилттай өнгөрсөн мэс заслын үеэр Төмөр 27-той байв.

Харин дараа нь тэр дурлаж орхижээ. Мэдээж, Гэрлээд биш. Азаар Гэрлээ өөрөө түүнээс холдож, Төмөр хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Тэгээд л эхэлж. Хүүхдээ гаргахаараа орыг нь энд тавина. Тэр чамтай адилхан байна байх даа. Дараа нь дахиад нэг хүүхэдтэй болно.

Тэр ч бас чамтай… гээд л муурч унатал үргэлжилж гарчээ. Ямар ч хүүхэд байхгүй, харин хүүхдийн оронд байр, машин, мөнгө гэж яаж хэлэх вэ? Аль нь дээрийг өөрөө ч мэдэхгүй байж. Мэдээлэл авсан сүйт бүсгүй “хүүхэдгүй бол юу ч хэрэггүй” гээд л яваад өгч. Хайртай гээд байсан Гэрлээ нь ийм үнэ нэхсэнд л Төмөр голоо тасартал гомдоод байгаа гэнэ.

ЭЭ ДЭЭ, ЭНЭ ХҮҮХНҮҮД ҮҮ…

Татварын хэлтсийн дарга 39 настай Мөнхөөгийн үгээр эхнэр нь ухаанаа гээжээ. 8 жил гэртээ томоотой суусан бүсгүй, юу ч болоогүй байхад гэнэт л 7 настай хүүхдээ орхичихоод “Намайг сонсч сурсан цагт чинь л ирнэ” гээд төрхөмдөө гүйгээд явчихаж.

Гадаадын хөрөнгө оруулалттай компанид хуульчаар ажиллаж, нөхөртөө мөнгө төлөх болоод, хүүхдээ хүмүүжүүлэх, хооллож хувцаслах зааварчилгааг нь Мөнхөө хэрхэн биелүүлж буйг шалгахаар амралтын өдрүүдээр ирдэг болов. “Хохирогч”-ийн ээж энэ нөхцөлд өөрийгөө сайнаар харуулсангүй. “Би бүх насаараа ажил, гэрийн хооронд мэдрэлгүй гүйсэн. Одоо болоо. Аавыгаа гуй” гэжээ.

Амьдралдаа ганц таваг ч угааж үзээгүй эцэг нь саад болохгүй л байвал их юм. Ингээд л Мөнхөө тоо томшгүй даалгавартай хүүгийн тусгай сургууль, хэлтэс хоёрын дунд амьсгаа дээгүүр таваргасаар ажил дээрээ чихээ халууцуулж эхлэв. Эхнэрээсээ ахиу мөнгө аваад өөрөө гэртээ суух саналыг Мөнхөө сонсох ч дургүй байв.

“Хормогч өмсчихөөд л, чавганц манертай ярьдаг болсон нэг танилтайгаа адил болох гэж үү?! Хэзээ ч үгүй!”. Эхнэр нь энэ тухай “12 жилийн амьдрал, 7 настай хүүхэд, гэр бүлийн хямрал. Үүнийг яаж ийгээд давах ёстой байдаг. Гэтэл түүнд цаг байхгүй, тэр ажилтай, “Харин чи зүгээр сууж байж!”. Ямар нэг дарганцар болж, цувдайгаа унжуулаад л, өөрийгөө хэт өргөмжлөөд, гэртээ зөвхөн таалагдсанаа л хийнэ.

Харин хадам маань төрсөн хүүхдээ сохроор өмөөрөлгүй, миний талд орсон шүү. “Эмэгтэй хүн гэдэг чинь вибратортай гал тогооны комбайн юм уу ямар” гэхэд нь би эвхэрч унатлаа инээж билээ. Мөнхөө одоохондоо намайг хүчирхийлэгч гэж бодож л байг. Би түүнийг хүний ёсоор юманд хандаж сураасай гэж бодсон юм.

Эрхээ эдэлж, өрхөө тэргүүлэх болохоор эр хүн болчихоод гэр орноо бүх талаар бүрэн дүүрэн байлгаж, асуудал шийдэх болохоор завгүй болоод бултчихдаг өөдгүй зангаа зассан цагт нь л би түүнтэй эмэгтэй хүний ёсоор ярих болно” гэсэн юм.

2010 он Гоодаль

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !