Хөөрхий миний найз бүсгүй

Улаанбаатарт хөлгүй баянаас гадна тийм ч бийлэгжүү биш бүсгүйчүүд ч бас амьдардгийг анзаардаггүй мэт дүр эсгэдгээ больцгооё л доо. Энэ эсрэг хоёр бүлгүүдийн зарим нэг гишүүд нь бие биетэйгээ найзалж нөхөрлөдөг, бүр энэхүү нөхөрлөлөө хадгалахыг оролддог нь өнөөгийн бидний амьдралын нэгэн сонирхолтой дүр зураг юм.

Тэр дандаа л мэдсэн юм шиг тохиромжгүй үед утастана…

Онгоцны үйлчлэгч оргилуун дарс барингаа дур булаам инээмсэглэж цахилгаан хэрэгслүүдээ унтраахыг хүсч байх үе юм уу, “хоншоороо газар шаасан нохой” байрлалд зогсч, йогийн хувийн сургагч маань яавал нурууныхаа булчинг илүү сайн мэдрэх вэ гэдгийг тайлбарлахыг оролдож байхад ч юм уу, ер нь заавал нэг болохгүй үед залгадаг ч “Би чам руу эргээд ярья” гэж шуудхан хэлж болдог нь сайхан юм даа.

Би ч гэсэн түүн рүү нийтийн байрны хөршүүдтэйгээ, зад тавьсан бохир усны хоолойн талаар дуу шуутайхан “хэлэлцэж” байхад нь, хөдөөнөөс ирсэн идшээ янзалж байхад нь гэх мэтчлэн тийм ч таатай бус үед залгахад тэр хэзээ ч гэсэн “Би чам руу дараа залгая” гэж хэлж болох юм. Бид дөрөвдүгээр ангиасаа найзалсан хамгийн сайн найзууд учраас хэзээ ч бие биедээ гомддоггүй.

Тавдугаар ангидаа бид хоёр нэг хөвгүүнд зэрэг дурласан…

бол 16 настайдаа зуслангийн амбаарт анхныхаа балиар гашуун ундааг ууж, тэр намайг арай хийн чирч байхад, би түүнийгээ зовоож, заавал тэр Дондогдуламын рашааны хар хорхойг барьж ирэхийг шаардан орилж явлаа. Гуравдугаар дамжаандаа би түүний хуримын зууч, дараа нь тэр миний хуримын зууч, дараа нь би түүний хоёр дах хуримын зууч болж байлаа.

Бид долоо хоногт амжвал хоёр гурав уулзаж, хүүхдүүд, хүүхнүүд, нөхөр, СӨХ, шинэ сериал, хуучин ангийн охидын талаар ярьдаг. Заримдаа тэр надаас мөнгө зээлдэг ч удаалгүй өгдөг. Түүнийг анх удаа хагас сарын хугацаатай таван зуун мянгыг зээлэхийг хүсэхэд нь тийм их мөнгөөр яах гэсэн юм бол гэж хэл гацсан ч төгрөгөөр гэдгийг нь сонсоод амьсгаа авсан л даа. Би түүнд хүссэн хэмжээгээр нь зээлүүлж, тэр ч энэ талаар дурсаагүй байхад буцаан өгдөг. Яг үнэндээ, түүнд өр зээлийн тухай сануулахаасаа ичээд байдаг юм. Би түүнээс илүү байгаадаа зовдог.

Миний амьдрал бурханы ивээлд байхад түүнийх чөтгөрийн наргиан болсон мэт.

Тэр эмзүйчээр ажилладаг, “зүгээр л одоохондоо бусдын буруугаас болоод түр санамсаргүй эхнэрээрээ тэжээлгэж байгаа” ч “сайхан сэтгэлтэй” (минийхээр бол азгүй хүний дүрд маш сайн тоглодог, нарийн мэргэшсэн шимэгч хувалз, амьсгаа, адгийн муу… за, за больё, ингэж боддогоо би найздаа хэзээ ч хэлэхгүй) нөхөртэй, би өөрийн пиар агентлагтай, баян (тэднийхээр бол их гарын луйварчин) нөхөртэй. Би түүнтэй уулзах бүртээ гял цал байдлаараа түүнийг гомдоож, бага орлоготойг нь тодорхойлоод ч байгаа юм шиг байдаг.


Тийм учраас ярианы аятайхан сэдэв олох нь улам бүр хэцүү болоод байна уу даа гэж бодох боллоо. Нөхрүүдийн талаар ярья гэвэл бүүр ч дэмий нь мэдээж.

Ажлаасаа халагдаад удаагүй нөхөр нь буйдан дээрээ кино үзэх л ганц ажилтай.

Харин нөхөр бид хоёр баруун европт тун догь газар, гайгүй хотоос 50-иад км газар шинэ байр худалдан авсан. Дашрамд хэлэхэд, тэнд ч гэсэн ямар нэг усны хоолой нь задарсан хэдий ч би энэ талаар найз бүсгүйдээ гомдоллох аргагүй байв. Учир нь тэр манай эмээгийн хэлэх дуртай “Баян хүн ядуугийн зовлонг ойлгохгүй” гэдэг зүйр цэцэн үгийг хэлэх нь ойлгомжтой. Хүүхдүүдийн талаар ярих бүр хэцүү. Би хүүгээ Калифорнид амраах бол найз маань Сэлэнгэд байдаг нагац эмээ рүүгээ хүчээр явуулж байгаа. Нөхрийн маань эцэг эх Сэлэнгэд биш Калифорнид амьдрахаар шийдсэний төлөө би түүний өмнө ичих шиг болно.

Үнэндээ хаана уулзахаа шийдэх маань ч асуудал болж байдаг.

“Мэдээж, хоёулаа нөгөө кафе руу очихгүй биз дээ” гэж тэр хэлнэ. Мэдээж, би тийшээ очихгүй. Тэнд хямд болохоор очдоггүй гэж тэр боддог байх. Харин би түүнийг дуртай кафедаа урихаас айдаг. Тэндхийн каппучиногийн үнийг анх сонсоод найз маань “Аяга каппучиногийн үр бүрийг тусгай шивэгчин боловсруулж, сүүг нь 160-аас доошгүй IQ-тэй үнээнээс авсан тохиолдолд л ийм үнэтэй байх биз ээ” гэсэн юм.

Найзыгаа надтай уулзаж байхдаа хосгүй сод ухаантай үнээний тухай бодоосой гэж би хүсдэггүй учраас дунд зэргийн кофе, дундаж кафе, дундуур өртгийг сонгохоос аргагүйд хүрдэг юм.

Бид хоёр юуны ч тухай ярьсан мөнөөх гайтай мөнгөний асуудал гантайтал босч ирнэ.

Их мөнгө-бага цалин, хувийн банкны орлогын тооцоо-дахин сунгуулсан зээлийн хүү гэх мэтчлэн. “Би шинэхэн төсөл дээр сууж байгаа, нэг маш сайн клуб байдаг юм…” гэж яриагаа эхлүүлмэгц л найз маань үг дуусгалгүй “Гайхалтай санаа байна” гэнгүүт бид хоёр хэсэг хугацаанд дуугүй сууна.

Лав арав дахиа харж байгаа ягаан буурал даашинз нь (өөрөө оёсон нь тодорхой) түүнд үнэхээр зохидог ч гоо үзэсгэлэн, арвич хямгач донжийн тухай гэхээсээ ямар нэг бүтэлгүйтлийн талаар эрэгцүүлэх дохио болдог гэж би түүнд хэзээ ч хэлэхгүй. Бид хоёрыг ийнхүү дуугаа хураах хооронд бидний орлого хоорондоо мөчөөрхөлдөж эхэлнэ дээ. Минийх “Өө, уучлаарай, би чамайг надаас дор байдалд байгаа гэж сануулахыг огт хүсээгүй. Гомдооё гэсэндээ биш шүү. Ер нь энэ тухай ярих ч хэрэггүй байж” гэхэд түүний бага цалин: “Хн, яг л бодоогүй байж таараашд. Чи бодохын цаагуур бодсон. Намайг зүгээр л юу ч хийж чадахгүй, залхуу, арчаагүй, золгүй гэх гэж байгаа л биз” гэнэ.

Дөрөвдүгээр ангид хичээлийн дараах давтлагын үеэр манай ангийн охидын хэлэлцэхээс татгалзсан “Эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд найзалж болох уу?”, “Хоёр найзын нэг нь хагартлаа баяжиж, нөгөөх нь чадаагүй бол тэр хоёр цаашдаа нөхөрлөлөө хадгалж чадах уу” гэх асуудлын үргэлжлэлийг үзвэл, Үнсгэлжин үгээгүй ядуу байхдаа ч, үлгэрийн баян болсныхоо дараа ч сайхан сэтгэлтэй хэвээрээ байсан бол өнөө ялгаартай нийгмийн давхаргуудын төлөөлөгч болсон эмэгтэй баатрууд байнга л атаа жөтөө, эсвэл бахархал бардамналын амтыг үзэж байна.

Гэхдээ сэтгэлзүйчид болохоор үүнд баян, ядуугийн зөрүү ямар ч хамаагүй, бидний байр солигдсон ч бид яг л ийм байдалтай байна гэж баталдаг.

Би цалингаараа найз бүсгүйнхээ өндөрлөгт хүрч хэзээ ч чадахгүй, ер нь өндөр өртөгтэй ажил ихтэй хүний цаг завыг дэмий үрж байна гэж үхтлээ санаа зовж байхад манай найз Калифорнид байгаа хамаатнууд, Парисын тухай хошигнож ярих ёстой гэнэ. Материаллаг баялаг болон алив хямрал нь хувь хүний өмнө тулгарах асуудлыг улам хурцатгадаг.

Би түүний хамгийн сүүлийн үеийн брендизмийн шедеврүүдийг өрөөсөн нүдээрээ сонжингоо ” Хэрвээ чиний мөнгө надад байсан сан бол ийм мэдрэмжгүй “шошгоны цомог” болохгүй л байлаа” гэж сэм бодчихдогоо нуухгүй ээ. Ангийнхны уулзалтад зарим нь хүүхэд насаа дурсах гэж, нөгөө нь хэн нь ямар болсныг харах гэж, бусад нь шинэ машинаа гайхуулах гэж ирдэг.

Ангиараа саяхан уулзалдахад, “ангийн атамануудын” тамхинд гүйдэг байсан манай ангийн хамгийн доожоогүй хүү одоо “Оюу толгой”-д ажилладаг гээд “Та нар юу дуртайгаа захиалаарай. Би бүгдийг нь дааж байна” хэмээн онгироход манай ангийн хаан байсан, одоо жижиг гарын дээрэмчин болсон хөвгүүн

“Чи бүү санаа зов. Би чамд бүгдийнх нь мөнгийг даахыг зөвшөөрч байна”

гэж инээмсэглэн хэлэхэд манай найз бид хоёр бие бие рүүгээ гайхан харсан юм.

Үнэндээ тавдугаар ангиас хойш юу ч өөрчлөгдсөнгүй. Бидний өтөлж яваа биеийн дотор тэр л тэнэг хүүхдүүд амьдарсаар, ямар ч үйл явдалд нөгөө л реакциа үзүүлсээр. Урьдын адил бусдаас дор байхыг хүсдэггүй, эсвэл бусдаас өөр байхыг хүсдэг тэдний авирыг өндөр цалин, орон сууцны асуудал бага зэрэг эвддэг ч эрс өөрчилж чаддаггүй ажээ. Бусадтай өрсөлдөх хүсэлтэй хүн өөрөөс нь их мөнгө олдог хүмүүстэй харилцаж эхлэхээрээ юуны түрүүнд өндөр орлоготой танилуудаа цалингийнхаа хэмжээгээр бус зарлагынхаа түвшнээр гүйцэж түрүүлэхийг оролддогийг америкийн нийгэм судлаачид тогтоожээ.

Ийм хүмүүсийн хувьд бэлжиж, дээр заларсан ангийнхантайгаа уулзах нь тун аюултай. Үүнд мөнгө биш харин тухайн хүний хувийн мөн чанар буруутайг ойлгоход америкийн нийгэм судлаач байх ч хэрэггүй. Атаархуу, ядуу найз болон их зантай, баян найзын хэв шинж, балагтай баян, жаргалтай ядуу гэх үзэл бол зөвхөн сургуулийн өмнөх насныханд зориулсан үлгэр, манай соц реализмын сургамжит уран зохиолын сэдэвт л таарна.

Тийм ээ, хөрөнгө баялагт хандах миний хариу үйлдлүүд социализмын үеийн олон ааштай мистер Твистерийн тухай хүүхдийн шүлэг, нэгдүгээр ангийн багшийн “Чи дэлхийн хамгийн баян оронд цамаархаж байхад африкийн хүүхдүүд өлсч байна” гэх буруутгалаар угжуулсан. Өөрөө баян мистер Твистер байснаас ядуу өлсгөлөн хүүхэд байх нь зөв гэдэг нь тодорхой байж. Харин одоо “Оюу толгой”-н менежер болсон ангийн маань хүүхдийг багшийн үгс биш “Яагаад би бусдаас дорой байгаа юм бэ?” гэх хатуу гомдлын сэтгэгдэл хүмүүжүүлсэн юм.

Их мөнгө олох тусам нь урьд түүнийг гомдоож байсан хүмүүс хэн нь гол хүн болохыг ойлгоно.

Хүсэл зорилго л хүнийг баян ядуу байлгахаас мөнгөний их бага хамаагүй

хэмээн Иоанн Златоустын хэлсэн нь “Баян хүн ядуугийн зовлонг ойлгохгүй” гэдэгтэй яг дүйцэх тул эмээ үүнийг бүрэн дүүрэн зөвшөөрөх байсан биз ээ. Хоёр найз бүсгүйн нэгнийх нь заримдаа хэрэглэж чадахгүй байгаа инээдтэй хямд, наад захын юмыг нөгөөх нь хог руу чулуудаж байхад тэдний харьцаа эрх тэгш байх уу?

Нэг нь хямдарсан өргөст хэмх бөөндөн дарж, нөгөө нь гадаадад буй эдлэндээ усны хоолойг засах бүхэл бүтэн багийг бас нэг өөр улсаас хөлсөлж байхад охидын хамтдаа өнгөрөөх цаг нь улам багассаар, яваандаа тайлбар тавилгүй ойлголцож болох нийтлэг зүйлс тэдний дунд үгүй болно. Нэг ангийнхныгаа тэд огт өөр өнцгөөс харж, нэг нь дээд зиндааныхны бүлэглэлээс өөртэй нь адил ашиг сонирхолтой нэгнийг дэгээдэж, нөгөө нь өөрийнхтэй нь адил эрхийн балай болсон хүүхдийн эхтэй нөхөрлөж, ангийн багшийг нь өөлж муулна…

Хэсэг хугацаанд нам гүм суусны эцэст тэр “Чи “Хаус эмч”-ийн сүүлчийн ангийг үзсэн үү” гэж асуув. “Үнэндээ эмчийн нүдээр үзэхэд шал балай кино ч зурагтаас салах аргагүй юм. Өвчтөн бүр нь түүнд хэн болохыг нь зүгээр л харуулаад байгаа юм шиг ээ. Ер нь уулзсан хүн бүр түүнийг ямар амиа бодсон бэртэгчин болохыг нь батлах гэж л энэ кинонд тоглосон мэт байх юм” гэхэд минь “Харин тийм” гэж тэрээр баярлан өгүүлээд “Зөвхөн чи л кино юм уу номыг иймэрхүүгээр үнэлж дүгнэж чадна” гэж чин сэтгэлээсээ хэлнэ. Ухаан алдам цэнхэр нүдтэй Хью Лори, Кадди хоёрын хэтийн төлвийн талаар ам уралдан ярих бидний хажууд орлогонууд маань ам жимийн зэрэгцэн сууж, кафед байх хүмүүсийг уйтгартайгаар ажин, хэзээ тэдний мэтгэлцээн эхэлж болохыг арай ядан хүлээх мэт. Харин бид тэдний яриаг сонсохыг огт хүсэхгүй байна.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !