Хүүхэд vs. Нохой

Би яагаад ийм олон хүүхэдтэй болсноо удаан хугацаанд ойлгоогүй явсан билээ. Тав. Цаг даган манан сарнисаар, тэд юунд хэрэгтэйг, чухамдаа, өтлөхдөө өлсөхгүй байхын тулд хэрэгтэй гэдгийг би ухаарсан. Аав ээжийгээ хөгшрөхөөр сард ганц удаа ганц том цүнх хүнс авчирч өгөх даалгавартай таван амьтан торниж байна. Ингээд сард таван том цүнхтэй болсон бидэнд төр засаг, нийгмийн хамгаалалтайгаа хулсаа татна уу, олсоо булаацалдана уу, хамаагүй боллоо гэсэн үг. Миний эхнэр жоохон хүүхдэд дуртай. Ээлжит хүүхэд нь энгэрээс зүүгдэхээ больж эхэлмэгц, эргэн тойрноо хараад эхнэр маань хүүхэдтэй болмоор байна гэдэг юм.

Жоохон хүүхэд бол батерейг нь байн байн сольж, баадууг нь чангалан
түлхүүрдэх шаардлагагүй жинхэнэ амьд энергийн эх үүсвэр.

Үнэндээ бодит байдал гэдэг чинь дэндүү хуурай, ганцаардмал, тоомжиргүй байдаг. Гагцхүү жоохон хүүхдүүд л “миний ертөнц” гэж нэрлэдэг тэр савангийн хөөс шиг бөмбөрцгийг хагалчихгүйхэн шиг хадгалж байдаг юм даа. Эсвэл нохой ч юм уу. Зарим хүмүүст нохой л байхад хангалттай байдаг. Хүүхдүүд өсч, өөрчлөгддөг,-гэхдээ ёс юм шиг муу тал руугаа. Нохой болохоор ярьж л чаддаггүй болохоос биш, гурван настай хүүхдийн оюун ухааныг хадгалсан хэвээр байдаг.

Ярихгүй байна гэдэг ямар том чанар гээч. Дээрээс нь нохой ханан дээр зурдаггүй, компьютерийн CD оролт руу юм чихдэггүй, хоол руу усан будаг хийдэггүй. Тэглээ ч гэсэн би нохойнд дургүй, тэгээд ч энэ яриа нохдын тухай биш.

Миний танил нэг захирал, бие даасан (ганц бие гэх нь зөв юм болов уу) эмэгтэй, нэрийг нь дурьдахыг хүсэхгүй байгаа нэгэн ордны хонгилд таараад, хүүхэд төрүүлэхийг хүсч байгаа тухайгаа, харин үүний тулд түүнд эрүүл эр хүн донорын хувиар хэрэгтэй байгааг хэлсэн юм. “Болно ш дээ, надад туршлага бий шүү” гэлээ би. “Чиний цусны резус бүлэг чинь хэд вэ?” гэв ээ, тэр. Таарахгүй гэдгээ мэдэлцлээ.

Би амьдралыг нөгөө тийш нь чулуудаад, тэгснийгээ тэгсхийгээд мартчихаж чадах хүн биш болохоор тэр нь ч сайн биз.  Тийм ээ, эрчүүд үрийнхээ шингэнийг тахин шүтдэггүй л дээ. Гэвч миний л хувьд, чиний хэзээ ч олж харахгүй, оршин байгааг нь мэдэх ч үгүй хүүхдүүд дэлхийн бөөрний хаа нэгтээ гүйлдэж явааг мэднэ гэдэг,-тэвчихийн аргагүй зүйл. Орчин үеийн зарим хүүхнүүд хүүхдийг өөрийн экстерьерийн бүрдэл болгохын тулд л хүсдэг. Асрагч эх, үйлчлэгч эм, жолооч бүгд бэлэн. Тэгэхээр эр хүн юунд хэрэгтэй юм бэ? Ямар ч сайхан эр хүн эвдэрч, сулбайж, гэнэт сахил хүртэж эсвэл ууж эхэлж мэднэ.

Нээрээ л бодоод байхад, орчин үеийн эмэгтэйд эр хүн хэрэггүй юм байна.

Харин хүүхдэд эцэг хэрэгтэй шүү! Төрсний гэрчилгээн дээр нь эцэг гэсэн үгний ард зүгээр л зураас татаастай байдаг хүний хувиар би үүнийг хэлж байна. Зөвхөн ээжийн хайрын сургууль, аавын тэмцлийн сургуультай нийлж байж л нөгөө савангийн хөөсний ханыг зузаан, бөх болгоно шүү дээ. Харин экстерьерийг гүйцээхийн тулд (яг л нохой шиг) буй болсон хүүхэд насанд хүрээд олон зүйлийг ойлгохгүй, баахан комплексоор шаналж, магадгүй, нэг бус гайхалтай боломжийг алдана.

Эмэгтэйчүүдтэй зүгээр л нэг, элдэв хоосон чалчаа үг, маяглал, маазралгүйгээр харьцахад намайг сургах эцэггүй өссөн болохоор би одоо хүртэл ингэж чаддаггүй. Дөнгөж одоо л нэг, 40 хүрэхийнхээ алдад, эмэгтэй хүн гэдэг чинь үр тогтоох тоосонцруудаас бүтдэггүйг ойлгож байна шүү дээ, би.

Нэг эмэгтэй сэтгэлзүйч надад “Та яагаад хэзээ ч хараагүй биологийн эцгээ ингэтлээ үзэн яддаг юм бэ? Танд тэр хүний олон сайхан төрх шингэсэн байж ч магад биш үү? Ийм сэтгэл татам төрсөндөө та түүнд баярлаж явмаар юм” гэж билээ. Тийм дээ гэж би дуртай дургүй толгой дохимор аядахдаа нэрийг нь мэдэх ч, хэлэх дургүй тэр хүнээс юугаараа өөр гэдгээ дотроо маш тодорхой мэдэж байсан юм.

Би хэзээ ч хүүхдүүдээсээ татгалзахгүй. Сарын таван цүнх хоолноос болоод биш. Яг үнэндээ бол яагаад гэдгээ өөрөө ч сайн мэдэхгүй байна. Энэ бол дүрслэн бичихийн аргагүй тийм нэг сонин мэдрэмжүүдийн нэг. Тэгэхээр энэ мэдрэмжийг амсч үзээгүй хүн намайг юу гэж хэлэх гэснийг хэзээ ч ойлгохгүй биз ээ.

2010 он Гоодаль “Бодрол”

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !