Хүчтэй эмэгтэй юугаар бахархаж, юунаас айдаг вэ?

Үгээгүй хоосон гэдгийг хоол, хувцас, мөнгөний дутагдал гэж үздэг. Яг үнэндээ жинхэнэ ядуурал гэдэг чинь аз жаргалын хомсдол л юм.

Чамтрул Ринбүчи

Ямар нэг бүтээн байгуулалтгүй хүн энэ хорвоод нэг ч байхгүй. Хүн бүр өөр өөрийнхөө эзэнт гүрнийг байгуулж байдаг. Бизнес, гэр бүл, төсөл, харилцаанууд, материаллаг хуримтлал, биет бус баялгийг бүтээж байдаг. Харин тэр баялаг эргээд сэтгэлийн цэнгэл, аз жаргалыг өгөхгүй байгаа бол бид өөрсдөөсөө асуух ёстой.

Би ядуу юу?
Яагаад би ядуу байгаа юм бэ?
Миний амьдралд юу буруу эргээд байна вэ?
Яаж би бүх талаараа өв тэгш баян байх вэ?
Бүтэн жаргалыг яаж олох вэ?
Хүчтэй эмэгтэйн эхний хэв шинжийнхэн бол:
Ололт олз бүрээрээ бахархана.

Гэвч энэ омогшил нь хонзон, хор шар, бах тавын ялалтаар будагдсан байх нь элбэг. Түүний ололт дандаа харьцуулалт дундаас төрөн гардаг болохоор тэр л дээ. Амьдралаа хамт эхэлж байсан тэр хүмүүстэй өнөөдрийн өөрийгөө харьцуулна. Гомдоогчидтойгоо. Хэзээ нэгтээ түүнийг үнэлж чадаагүй “билгийн мэлмийгүй мэлхийнүүдтэй”.

Хуучин амрагууд, экс нөхрүүд. Нөхрүүдийн нууц амрагууд. Хадмын талынхан. Өөрийн удмынхан. Төмөр амтагдсан ийм гашуун бахархал цээж хорсгох нь мэдээж. Ийм бахархалд баяр баясгалан үгүй. Үүнийгээ хэнтэй ч хуваалцах аргагүй. Нөгөө хэв шинжийнхэнд бол бахархаад байх юм байхгүй. Гэхдээ нэгэн нууц бах бий. Нууцлаг гэдэг нь бусдаас нуудагтаа ч биш, заримдаа өөрөөс нь хүртэл далд байдаг тийм нэг битүүхэн, бөгт дуутай хөх инээд юм.

Надгүйгээр бүгд баларна. Би л байхгүй бол юу ч бүтэхгүй” гэдэг дуулал.

Энэ эмэгтэй янз бүрийн “хөгжлийн бэрхшээлтэй” хүмүүс \өөрийгөө хөгжүүлэх, хэрэгжүүлэх чадваргүй нөхөр, насанд хүрсэн хүүхдүүд, зүсэн зүйлийн бэрхшээлтэй элдэв төрлийн садан, хамт ажиллагсад… гээд л энэ жагсаалтыг хязгааргүй үргэлжлүүлж болно\-ийг он жилээр асарч, өмнөөс нь бүхнийг хийж, бүхнийг нүд анин уучилж…гүн шөнөөр хүндээр санаа алдаж, “…би л байгаагүй бол…” гэж бахдан бахардана. Ийм мөчүүдэд ч гэсэн тэр ямар нэг таашаал, бүр гажууд ч болтугай сэтгэл ханамжийг мэдрэхийг өөртөө зөвшөөрдөггүй.

Харин энэ хоёр эмэгтэйн айдас нь адил. Тэд бусдад нээгдэхээс үхтлээ айна. Итгэхээс айна. Тэд хэнд ч найддаггүй. Гэхдээ энэ нь эрүүл тооцоолол, эрх үүргийн ухамсарт хариуцлага биш. Ерөөсөө л хэнд ч итгэхгүй, тэгээд л гүйцээ. Хамгийн аймшигтай нь, амьдрал үүнээс өөрөөр байж болно гэдгийг төсөөлдөг ч үгүй.

Тэд амьдралаас гадуур, энэ ертөнцөд хаа нэгтээ
чин сэтгэл, итгэл, дотносол, дэмжлэг байдаг гэдэгт ч итгэхгүй.

Ийм дарамтанд удаан, бүр насан туршдаа амьдарна гэдэг яггүй даваа. За, өнөөдрийн асуулт: Энэ даагдашгүй дарамтыг нуруун дээрээсээ авч хаяад, цээж дүүрэн амьсгалахын тулд тэр юу хийдэг вэ? Зүгээр нэг богино аялал, өдрийн амралт, түр зуурын зугаацлын тухайд биш шүү. Амьсгалаа удтал түгжсэний дараах ийм шинэ агаар-сэтгэлийн амралт юугаар дуусдаг юм бол?

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !