“ХҮМҮҮС” сонин 2011.6-р сар

Монголд анх удаа сэтгүүлийн дүр төрхийг өөрчлөн гүн ухаан, философи, урлагтай холбож жинхэнэ дээд зиндааныхныг тодорхойлсон Гоодаль сэтгүүлийн үүсгэн байгуулагч  Ц.Амгалан Элизабет Кюблер-Россын “Үхэл үгүй” номыг орчуулан уншигчдын хүртээл болгож буй. Амьдын хагацлыг мэдэрч, үхлийн айдас харанхуй дунд бээрч яваа олон зүрхэнд хоргодох цамхаг, сэтгэлийн амар амгаланг мэдрүүлж, тэдэнд туслах зорилгодоо хөтлөгдөн “Гэгээн асар” цувралаа бүтээхээр зорьж яваа эх хүн. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.

Д.Оюунжаргал. Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хоёулаа ярилцлагаа таны орчуулан гаргасан “Үхэл үгүй” номоор эхлэх үү?

Ц.Амгалан. Би өнгөрсөн жил “Гоодаль” сэтгүүлд ажиллаж байхдаа хорт хавдартай хүүхдүүдийн тухай өгүүлэл бичсэн юм. Тэр нялх амьтдыг харахад элэг эмтэрмээр. Үхтэл үр гэж хэдэн жил, сар, өдрөөр асарч, амьдралыг нь  бага боловч уртасгахын тулд бүхнээ зориулж буй эцэг, эхчүүдэд туслахыг хүн бүр хичээдгийн адил би чадах зүйлээ хийхсэн гэж явахдаа Элизабет Кюблер-Росс гэдэг эмч хүний бүтээлийг олж үзсэн юм. Энэ хүн Америкт анхны  хосписууд/нэгэнт эмчилгээгүй болчихсон, эдгэшгүй хүнд өвчтэй хүмүүсийг эцсийн мөчийг нь хүртэл эмчилж сувилдаг газар/-ыг  санаачлан байгуулж байсан юм билээ.

Тэрээр ийм хүмүүстэй ажиллаж байхдаа үхэхүй хэмээх  үйл явцын үе шатуудыг  судалж,  клиник үхэл /хүмүүсийн хэлдгээр ком/-д ороод буцаж ирсэн, янз бүрийн үндэстний, бүх нас, хүйсний  25 мянга гаруй хүний тохиолдлыг бүртгэн шинжилжээ. Үүнээс өмнө шашныхан, сүнс болон далд ертөнцийг судлаачид үхлийн тухай бишгүй ярьсаар ирсэн ч Элизабет  эмч хүнийхээ хувиар,  шинжлэх ухааны үүднээс  үхэл гэдэг чинь ийм зүйл байдаг юм байна, тэгвэл амьд ахуйдаа үхэлд хэрхэн бэлтгэх, үхлийг таньж мэдсэнээр  амьдралыг яаж хайрлахын утга учирыг бидэнд хэлэхийг оролдсон хүн. Миний анхны үзсэн түүний  бүтээл бол  үхэж буй хүмүүс  болоод тэдний ар гэрийнхэн, эмч нартай  хийсэн ярилцлагууд байсан учраас нэлээд хүнд санагдсан. Харин “Үхэл үгүй” хэмээх түүний дараагийн ном нь илүү гэгээтэй учраас эхлээд орчуулсан минь энэ.

 Д.О. Таны дараа нь орчуулан гаргахаар бэлтгэж буй Элизабет Кюблер-Россын “Үхлийн сурах бичиг” гэдэг номын нэр сонин, бас жаахан аймшигтай ч юм шиг  санагдаж байна?

Ц.А. Элизабет Кюблер-Россын ном “Үхлийн дараах амьдрал” гэдэг нэртэй л дээ. Харин би “Үхлийн сурах бичиг” гэж нэрлээд байгаа юм. Энэ номонд хүнд ойлгогдохгүй шинжлэх ухааны нэр томьёо, зааварчилгаа, сургаж номлосон  зүйл огт байхгүй. Харин үхэж буй хүмүүстэй сүүлчийн өдрүүдэд нь хийсэн ярилцлага, дотны нэгнээ алдахаа мэдэж буй хүмүүсийн яриа, үхэлтэй өдөр бүр нүүр тулгардаг  сэхээн амьдруулах тасгийнхан, эдгэшгүй өвчтөнүүдтэй ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнуудтай хийсэн ярилцлагыг уншихаар элдэв чамин цэцэрхэлгүйгээр  “үхэл” гэдэг зүйлийг судалж,  ярилцлагууд дундаас үхэхүй ба амьдрахуйг таньж буй мэт надад санагдсан.

 

Яг л үхлийн тухай сурах бичиг шиг. Хүмүүс үүнийг илүү “том” зүйл гэж андуурч магадгүй л юм. Гэхдээ  амьдрал дахь жижиг зүйлс эцсийн дүндээ илүү агуу, эсвэл том хэмээн сүрдэж явсан зүйлс маань эсрэгээрээ өчүүхэн байдаг юм байна. Үүнийг хүн амьдралын тодорхой түвшинд хүрч байж л ойлгодог жамтай юм болов уу.

Д.О. Хүмүүс үхэхээс айж, үхэл гэдэг нэрнээс нь хүртэл жийрхдэг шүү дээ. Харин таны хувьд энэ сэдвийг зоригтойгоор барьж авч судалж, таньж мэджээ гэж би хувьдаа ойлгож байна. Аливаа зүйлийг хүн бүр өөр өөрийнхөөрөө харж, ойлгодог. Харин та үхлийн тухай судалж, Элизабет Кюблер Россын номыг орчуулж байхдаа юуг илүү их мэдэрч, мэдэж авсан бэ?

Ц.А. Асуулт ямар байна, хариулт тийм байдаг.  Мэдээж бид энэ номноос ямар асуултанд хариу авахыг хүсч байна, түүнийгээ л олж авна. Гэхдээ миний хувьд нэг их мундагтаа том асуулт тавьж түүнийхээ хариуг авчихсан гэж хэлэхгүй. Би ээжийгээ хүнд өвчнөөр алдсан. Гэнэтийн, зуурдын үхлээс ялгаатай нь өвчнөөр удаан шаналах, аажмаар үхэх гэдэг зүйлийг  биеэр туулаагүй ч өөрийн нүдээр харсан миний хувьд тэр зовлонг амсаагүй хүмүүсийг бодвол аливаа зүйлийг харах өнцөг маань   өөрчлөгдсөн.

Энэ ном миний амьдралд тус дэм болж, шаналандаа эмтрэн, дутуу дундуур болчихсон намайг бүтэн болгож, сэтгэлийн амар амгаланг мэдрүүлсэн учраас өрөөл бусадтай энэ гэрлээсээ хуваалцахыг хүссэн юм.

Хэдийгээр бид олон зүйлийн талаар номноос л уншиж мэддэг ч яг өөрийн амьдрал дээр  тохиолдох үед л орой руу орно гэдэг шиг ухаардаг. Үхлийн тухай номнууд миний  амьдралынхаа туршид цуглуулсан хэрэгтэй хэрэггүй мэдлэгийг цэгцэлж, зөв зам руу хөтөлж байгаа гэж найддаг. Яг энэ мөчид би ийм байр суурьтай байгаа ч магадгүй 10 жилийн дараа одоогийнхоо таамаглалыг үгүйсгэх, эсвэл бүр баттай нотолж болох юм.

 Д.О. Уг номын зохиогч нь клиник үхлээс буцаж ирсэн хүмүүстэй ярилцаж, судалсан гэсэн. Тэгэхээр үхлийг мэдэрсэн хүмүүсийн нийтлэг шинж болоод хачин санагдаж байсан зүйлсээсээ хуваалцаач?

Ц.А. Хүн  өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байх дургүй амьтан юм. Эрх мэдэл, эдийн засгийн хувьд өндөрлөгт хүрсэн хүмүүс ч амьдралд ямар нэгэн байдлаар гомдоллох шалтаг олоод байхад  тэднээс зүдрүү яваа хүмүүс бол бүр их цухал, бухимдалтай байх нь мэдээж. Харин комд байсан хүмүүс ямар нөхцөлд амьдардгаасаа үл шалтгаалаад амьдрахуйд маш их хайртай болоод эргэн ирсэн байх юм. Тэгэхээр үхэл бол амьдралыг таниулах чухал үйл явц бололтой. Мөн тэд бүгдээрээ бидний ярьж сурснаар  Бурхантай уулзаад ирдэг юм байна.

Олонх маань болхи, мунхаг ухаандаа янз бүрээр Бурханаа бүтээж, бадамлянхуа цэцгэн дээр суусан нэгэн эрхэм л  хүн төрөлхтөнийг шүүн цээрлүүлдэг  хэмээн төөрөлддөг. Гэтэл эргэж ирсэн тэр хүмүүс бүгд нэгэн дуугаар “Бурхан гэдэг чинь би юм байна, би өөрөө Бурханы нэг хэсэг юм” гэдэг дээр санал нэгдэж, гадны ямар нэг хүчин, Бурхан биш, хүн л өөрөө өөрийгөө яллан дэнсэлдэг юм байна гэцгээсэн нь гайхалтай.

Аав, ээжүүд маань  “Чи өөрийнхөө л үйл лайг эдэлж байгаа, хэн ч чамд зовлонг өгөөгүй” гэж хэлж сургадаг ч бид хэн нэгэн аврах гэгээнтнийг хайж, эсвэл бусдад гоморхож өширхдөг.

Элизабет Кюблер- Россын судалсан хүмүүсээс дөнгөж хэлд орж буй хоёрхон настай жаахан амьтнаас эхлээд 90 гарчихсан хөгшид буурлууд хүртэл  “Энэ үйлийн лайг би л өөрөө тарьж, түүнийгээ үүрдэг юм байна. Тиймээс амьдралыг амьд байхдаа хайрлах ёстой, энэ бол Бурханаас надад олгосон агуу их хишиг, буян заяа” гэдгийг мэдэрч, ойлгосон байх юм.  Бид Бурханд итгэдэг гэж ярьцгаадаг ч итгэх итгэхгүй зүйл гэж сургааль номыг нь ангилж байдаг маань өөрсдийгөө Бурханаас дээр тавьж байгаа хэрэг. Баяжихын тулд итгэж  Баяннамсрай номыг уншуулчихаж байна. Тэгсэн хэрнээ нөгөө Бурхан нь “Чиний  зовлонгийн үрийг чи өөрөө тарьж байгаа юм шүү” гэж хэлэхээр үнэмшдэггүй. Нэг ёсондоо хүссэн зүйлдээ итгэж, хүсээгүйгээ үгүйсгэж байгаа чинь оюуны нүгэл юм гэдгийг та бүхэн энэ номноос ойлгох болов уу.

Д.О. Та энэхүү номыг орчуулж байхдаа маш их сэтгэлийн тайтгарлыг олж авсан гэлээ. Тэгэхээр үхлээс айх айдсаа аль хэдийн даван туулжээ?

Ц.А. Хүн мэдэхгүй зүйлээсээ  айдаг. Бид материаллаг ертөнцийн намаг балчигт хэтэрхий живээд бодит зүйлд итгэдэг муу зантай болчихсон байна. Заавал бодитоор хараагүй л бол тэр зүйл байхгүй гэж үзэж болохгүй гэж би хувьдаа боддог. Бурханы шашны ном сургаальд бидний ядмаг ухаанд ойлгуулахын тулд үхлийн дараах амьдралын тухай янз бүрээр тайлбарлан хэлсэн байдаг.

Элизабет Кюблер Росс ганцаараа ч  биш эртний Сократ, Платоноос
эхлээд  бүх  л сэтгэгчид, гэгээнтнүүд үхлийн тухай ярьдаг.

Ер нь хүн эрт орой хэзээ нэгэн цагт энэ цэг дээр ирдэг юм байна.  Би харьцангуй зөв байхыг л  эрхэмлэдэг. Тэрнээс биш туйлын зөв, эсвэл туйлын буруу зүйл  гэж байдаггүй. Тиймээс миний тэр зарчимтай илүү ойр,сэтгэлд дөхөм байсан учраас энэ номыг орчуулсан. Одоо бол би үхлээс айдаггүй.  “Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг үхлээ иртэл ангайгаад суухын оронд  амьдралынхаа  мөч хором бүрийг үнэлж хайрлаж амьдрахыг хүсдэг. Гэвч хүн л хойно бухимдах алдах  зүйл гардаг ч энэ тухай мэдэхгүй байсан, харанхуй явсан үеэ бодвол их л өөрчлөгдсөн.

Монголчууд үхлийн тухай ярихаар муу ёр гэдэг.  Яруу найрагчдыг үхлийн тухай ярьж, зөгнөхөөрөө л нас барчихдаг гэж цээрлэн боддог. Үнэн хэрэгтээ үхлийг дуудаж далласан бус  тохиох  ёстой  зүйл цагтаа л ирж байгаа. Харин урлагийнхан илүү мэдрэмжтэй, газрын мандалд биш ментал оюуны мандалд сэтгэдэг учраас бидний үзээгүйг үзэж, түүнийгээ илэрхийлж байгаа л  хэрэг юм  даа. Буддын шашны сургаальд , Бодь мөрийн зэрэг гэх мэт ном сударт  үхлийг бясалгах тухай маш тодорхой бий. Хүн өдөр бүр амьд байгаадаа баярлаж, үхэл ойрхон байгаа тухай бодох тусам бид амьдралынхаа үнэ цэнийг илүү гүн  мэдрэх болно.

Хэрэв маргааш үхэл чамайг авахаар ирнэ гэвэл биднийг үргэлж хэмлэж байдаг  уур бухимдал, атаа хорсол, гомдол тунирхал  юу ч биш мэт санагдаж, хайртай хүмүүстээ аль болох сайхан үгийг хэлж, дахиад хэзээ ч мэдрэхгүй, харахгүй гэж бодохоор бүх зүйл сайхан харагдана биз  дээ. Тэгвэл бид өдөр бүрийг ингэж өнгөрөөвөл амьдрал хичнээн өөр байх бол оо. Буян заяагаа байг гэхэд бидэнд өөрсдөд маань хичнээн амар байх вэ. Гэтэл ихэнх маань явцуу атгаг санаатай юм байна шүү дээ. Хүслийг нь биелүүлээгүй хүмүүст өсөрхөж  гомддог, аль болох өөрийнхөө амрыг харж, санаа нь гүйцэхгүй бол төрсөн эцэг эхээсээ эхлээд бусад хүмүүст буруугаа тохож, нэхэл хатуутай амьдардаг.

Бид үхлээ хүлээгээд хэвтэж байхдаа бусдын тухай биш өөрийнхөө яаж амьдарсныг л бодох байх даа.  Гэтэл бүгд мөнх наслах юм шиг аашилцгааж, бие биедээ мартахгүй муу үгийг хайр гамгүй хэлж байна. ”Үхэлд үл булаагдах зүйл л чухал”  гэж нэг үг байдаг.  Бие маань хамгийн түрүүнд үхлийнх болно. Бүх насаараа үхэн хатан цуглуулсан мэдлэг, боловсрол, эд хөрөнгө ердөө хэрэг болохгүй.

Харин чин сэтгэлээсээ хайрласан хайр, үзэн ядалт бүхнээ бид тээсээр цааш одох  юм байна. Магадгүй хүмүүс  “Амгалантан буруу цэцэрхэж, Элизабет Кюблер – Росс гэдэг эрдэмтэн худлаа ярьж байна” гэж хэлж болох юм. Тэгвэл  олон эрдэмтэн, мэргэд, бурхад  гэгээнтнүүдийн  ”Үхэл гэж үгүй. Өөр оршихуйд шилжих шилжилт л бий” гэдгийн эсрэг  нотолгоог гаргаж ирэх хэрэгтэй байх. Орчлон хорвоо цаглашгүй юм чинь бүх үзэл бодол байгаа. Гэхдээ бид харьцангуй үнэн, зөвийг баримтлах ёстой болов уу.

 Д.О. Хүмүүс үхлийн дараах амьдрал  болоод сүнс гэж байдаг эсэх тухай их сонирхдог. Нэгэнт үхлийн тухай та судалсан учраас үүнд хариулт өгөх болов уу?

Ц.А. Би үхлийн дараах амьдралын тухай сайн судалсан гэсэн үг биш. Харин энэ тухай судалж мэдсэн хүмүүсийн номыг сонирхон уншиж байна. Тэрэн дунд итгэхэд үнэхээр бэрх, ойлгомжгүй зүйлс ч их байдаг. Гэвч би үхлийн дараа амьдрал байдаг гэдэгт итгэдэг. Манай монголчууд бурхан болоочийнхоо “Алтан хайрцаг”-ийг нь нээлгэж, дараа төрлийг нь тодруулж, тавьсан тэмдэгтэй хүүхэд нь төрлөө гэхэд хэн ч гайхдаггүй. Бурхан Буддаг 469 дэх төрөл дээрээ гэгээрсэн гэлцдэг. Далай ламаас эхлээд Ринбүчи нар урд насаа төрлөөс төрөлдөө санаж, ирэх төрлөө мэддэг. Хүний газар дээрх нас нь нөхцсөнөөр  төгсгөл болдоггүй, өөр амьдралд очдог. Бид бодит зүйлсийн бүдүүн ертөнцөд амьдардаг ч энэ ертөнцтэй зэрэгцээд оюун санаа, бодлын нарийн ертөнц оршдог. Нийт хүн төрөлхтний 60 тэрбум сүнс байдгаас эдүгээ дэлхий хэмээх гариг дээр 7 тэрбум нь амьдарч байгаа гэдэг.

Д.О. Гэгээрэхийн гол зам нь бясалгал юм уу, би таныг бас бясалгадаг гэж дуулсан юм байна?

Ц.А. Сократ үхэхийнхээ өмнө “Би юу ч мэдэхгүй гэдгээ л мэдэж байна” гэж хэлсэн түвшинд л хүн бүр хэзээ нэгэн цагт очдог юм байна. Зөвхөн бясалгалаар гэгээрэлд хүрнэ гэвэл маш том эндүүрэл болох байх. Дэлхий дээр 5000 төрлийн бясалгал байдаг. Бясалгал бүр өөрийн гэгээнтэн багштай, мөн энэ олон  шашнаас салбарласан олон урсгалууд байна. Тэгэхээр тэр тоо хэмжээгээр гэгээрэлд хүрэх арга байна гэсэн үг.  Өөрийгөө нэлээд өндөр дэст хүрч гэгээрэлд ойрхон ирчихсэн гээд байгаа хүмүүсийг би хараад бясалгал нь гэгээрэлд хүрэх ганц зам гэдэгт эргэлзэх болсон.

Ер нь гэгээрэл гэдэг чинь юу юм бэ гэдэг чинь ч бас их ээдрээтэй асуудал. Хүмүүс нэг л их гэрэл цацарсан, амар амгалан энхжингийн оронд бурхдын дунд заларна гэх маягийн юм боддогоо гэгээрэл гээд нэрлэчихсэн. Бид үг хөөцөлдөхөөс цаад мөн чанарыг нь ухаж ойлгодоггүй.

Хүний уг мөн чанар залхуу учраас дахин төрж, хүний зовлонг
мэдрэхгүйн тулд гэгээрэл рүү тэмүүлж бурхан болохыг хүсч байна.

Гэтэл үүнд ойрхон ирсэн хүмүүс гэгээрэлд хүрэхэд асар хэцүү, түүнд хүрснийхээ дараа энэ дэлхий ертөнцөд хүн заяанд төрснөөсөө нөр их зүйлийг хийдэг гэх юм билээ. Энэ бол бидний ухаанаас  хальсан ойлголт. Миний мунхаг ухаан урт, өргөн, өндөр гэх гурван хэмжээснээс цаадхийг төсөөлж чадахгүй байхад тэр 21 хэмжээс хүртэлх ертөнцүүд гэж чухам юу байдаг, тэнд оршиж буй хүмүүсийн амьдрал зорилгын тухай хэлж мэдэхгүй байна.  Оюуны амных нь салиа арилаагүй байж би энэ тухай ярих ч болоогүй.

Харин хамгийн гол нь сэтгэлийн ариусал гэж гол зүйл байдаг юм байна гэдгийг л баттай хэлж чадна. Бид бусдын өмнө өөрийгөө яаж ч өөрчилж үнэн төрхөө далдалж чадна. Харин өөрийнхөө сэтгэл рүү өнгийгөөд харахад л уур хилэн, мунхаг, шуналаас эхлээд түмэн зүйлийн нисванисууд байдаг биз дээ. Үүнийг сэтгэлийн хат, үнэнхүү чин зориг, нинж хайраар цэвэршүүлэх үйл явц нь эргээд биднийг хүчирхэгжүүлж, дотор гэрлийг маань хурцалдаг гэж би хувьдаа ойлгож байгаа юм. Хүн сэтгэлээ ариусгаагүй байж номын хүч, бясалгалын хүч, тарнийн хүч, их багшид итгэсэн итгэлээр гэгээрэхгүй.

 Д.О. Ном орчуулна гэдэг асар их мэдлэг, цаг хугацаа, хөлс хүч шаардсан ажил. Түүний дээр бүтээлээ уншигчдын хүртээл болгохын тулд мөнгө санхүү хэрэгтэй болдог. Гэтэл та “Үхэл үгүй” ном худалдаанд гаргахаасаа өмнө хүүхдийн хорих,  эмэгтэйчүүдийн хорих анги, ХӨСҮТ, ЭНЭШТ болон бусад газруудаар 1000 гаруйг нь үнэ төлбөргүй тараасны учир юу байна вэ?

Ц.А. Бидний ихэнх маань үхлийн тухай биш амьдын жаргалаа боддог. Бидэнд бусдын паян, бусдын зовлон амттай байгаа учраас өөрийнхөө сэтгэлийн зовлонг өрөөл бусдын зовлонгоор дарахыг оролддог. Би хүмүүст бусдын амьдралаар биш өөрийнхөө амьдралаар амьдар гэж хэлэхийн тулд нэг ёсондоо “Танд туслахыг минь зөвшөөрөөч” гэсэн оролдлого маань энэ юм. Гэхдээ намайг үнэхээр өрөвдөөд байгаа юм бол сургааль айлдахын оронд өөр юм өгчих гэж хэлэх хүмүүс олон байгаа байх.

Би энэ номыг одоохондоо худалдан авч чадахгүй байдалд байгаа 1000 гаруй хүнд тарааж, харин худалдан авах чадвартай бусад хүмүүс нь авч уншаасай гээд байгаагийн шалтгаан нь ухаарлын дэмээр дутаж буй хүмүүст үүнийг хүргэж, нэг ч гэсэн зүрх түр ч гэсэн тайвширч, амьдралыг ойлгож, өөрийнхөө зовлонгоос хэлтрээсэй гэж л хүссэндээ л тэр. Харин үүнд миний нэр дурдагдах ч албагүй.  Гэтэл зарим хүмүүс намайг нэг их буян хийх гээд эсвэл дааж давшгүй их нүглээ цайруулах гээд, үгүй бол бушуухан гэгээрэх гээд ном тараагаад байна уу гэж хардаж сэрдээд буруу сэдлээр бодоод байх юм.

Хэрэв би 1000 хүнд номоо тараачихлаа даа гэж бодож тооцоод суувал ямар юмных нь буян байх вэ.

Бараа солилцооны хэмжигдэхүүн нь мөнгө биш буян болчихсон л  бизнес болно биз. Хэрэв үнэхээр ном тараасан төдийхнөөр хүний нүгэл цайрчихдаг, буян нь дүүрчихдэг сэн бол…. Одоо миний орчуулж байгаа дараагийн номонд бидний ойлголт бодит биш тухай гардаг. Амгалан гэдэг хүнийг ямар хүн бэ гэж асуувал, аав, ээж , хань, үр хүүхдүүд маань хамгийн сайн хүн гэж хэлнэ. Өмнө нь надтай хамт ажиллаж байсан, миний ач буянаар амьдралтайгаа залгасан, миний тус хэрэг болж байсан хүмүүс намайг сайнаар үнэлнэ. Харин би хүслийг нь биелүүлж, гуйсныг нь өгөөгүй, амьдралд нь саад болсон хүмүүст над шиг муу хүн байхгүй биз.

 

Тэгэхээр Амгалан гэж хэн бэ гэдэг чинь бодит бус зүйл. Тэр дундаас би өөрийгөө хэн бэ гэж бодож дүгнэх бас нэг тэс өөр ойлголт. Үнэн хэрэгтээ Амгалан гэдэг хүний амьдрал чинь энэ сүнсний асар  урт замын өчүүхэн хэсэгт нь оршиж  буй болохоос бус өнгөрсөнд хэн байсан, ирээдүйд юу болох нь ангид зүйл. Бид амьдралын нугачаанд тохиолдсон ганц, хоёрхон учралаараа бусдад нэр томьёо өгч, дүгнэчихдэг. Гэтэл бидний үзэн ядаж байсан хүн аварч, харин хайрлаж, итгэж явсан хүмүүс урван тэрсэлж, амаар минь шороо өмхүүлэх нь энүүхэнд.

Өнөөдөр бидний амьдралд тохиолдож буй бүхэн өөрсдийн маань хийсэн үйлийн үр.

Бурханд таныхаас  өөр гар байхгүй гэдэг. Тиймээс би өөрийгөө бурхны гар хөл болж хэн нэгэн хүнд тайтгарлыг өгөх гэж яваа гэж боддог. Өнөөг хүртэл би гагцхүү өөрийнхөө сайнд энэ хүртэл өсөөгүй. Олон хүмүүс надад тусалж байсан. Номоо хэвлүүлэх санхүү босгох гээд явж байхад олон хүн надад татгалзаж байсан ч бас өөр олон хүн намайг түшиж тулан, номын цагаан буянаар бүх үйл хэрэг  эерэгээр шийдэгдэж ирсэн. Энэ олон хүмүүс өөрөө мэдсэн мэдээгүй Бурханы хүсэл зоригийг гүйцээгээд буян хийж яваа гэж би боддог.

Энэ номоо 14 хоногийн хугацаанд л орчуулсан ч эхлээд амин зуулгаа залгуулсныхаа дараа хэвлүүлье гэсээр явтал  миний гарт ирсэн цагаасаа хойш бэлэн болтлоо яг 9 сар болжээ. Зүйрлэж хэлбэл хүн эхийн хэвлийд 9 сар бүрэлдэн бие болдог шиг “Үхэл үгүй” ном маань бүтэн хүүхэд шиг болж ирэх гээд л байсан бололтой.  Энэ номны эх барьсан аав ээж  нар нь уншигчид. Номын үсэг зөвхөн уншихад амилдаг учраас номонд минь амь амьдрал хайрлах Бурхад нь та бүхэн юм.

Д.О. Та бол Монголд анх удаа гүн ухаан, урлагийг хослуулж шинэ өнгө төрхийг илтгэн гарч ирсэн нэрт хүндтэй “Гоодаль” сэтгүүлийн үүсгэн байгуулагч. Анх сэтгүүл гаргах сэдэл санааг хэрхэн олж, ямар замналыг туулан байж уншигчдын хүртээл болсон юм бол?

Ц.А. Би бага байхын л оюун санааны өндөрлөгт хүрэхийг хүсдэг, хэрээ мэдэхгүй байж олон зүйлийн тухай боддог жижигхэн оготно байлаа. Харин эх хүн болохоор их өөрчлөгддөг юм байна. Миний л хүүхэдтэй адилхан хүүхэд даашгүй зовлонг үүрч  яваагийн  ард дандаа ээж нар байдаг. Амьдралын тохиол бүр өөр ч гэлээ, хүүхдийн хувь заяанд эх хүн их бага боловч буруутай гэж би хувьдаа боддог юм. Эмэгтэйчүүд маань нийгмийн болоод иргэний, дээд болон түүнээс дээшхи боловсролтой ч амьдралын боловсролгүй байх юм. Бүсгүйчүүд, ээжүүд  маань нийгэмд эзлэх байр суурьнаасаа үл шалтгаалан эмэгтэй хүн, эх хүн, эхнэр хүн  байж чадахгүй,төр нийгмээ, цаг үеэ, нөхрөө буруутгахаа урдаа барьж байна.

Тиймээс би эмэгтэйчүүдэд зориулан, өөрчлөгдье гэсэн эрмэлзлэлтэй хүмүүст  хаалга нь нээлттэй клуб байгуулах юмсан гэж их боддог байлаа. Гэтэл үүнийгээ хэрэгжүүлэхэд мэдээж санхүү шаардлагатай болно. Би өөрөө урлагийн хүн учраас дэврүүн, сэтгэлийн хөдөлгөөнтэй, амьдралын амттай сайхан бүхэнд шунадаг хүн учраас мөнгийг гоё аргаар олохын тулд сэтгүүл хийхээр шийдсэн юм болов уу.  Аль ч салбар,  хүрээний хүмүүст зориулсан ямар ч сэтгүүлийг хийж би чадах байсан. Гэхдээ өөрийнхөө баримталдаг зарчимдаа үнэнч үлдэх нь надад юу юунаас илүү чухал.

Бүх талаараа дээд зиндааны гэгдэх “Гоодаль”-ийг  сэтгэлдээ эхэлж
босгочихоод дараа нь гаргаж байсан түүхтэй.

Хүмүүс тухайн үед ийм том сэтгүүлийн ард хэн нэг хүн, эсвэл нам байгаа. Түүнээс энэ нэг “халтар хар хүүхэн” ганцаараа хийж хүчрэхгүй гэж ярьдаг л  байсан.  Үнэндээ миний хань бид хоёр ганц өрөө байраа барьцаанд тавьж, хувийн жаргалаа умартан явж, амьдралынхаа хоёр жилийг үр хүүхдүүдээсээ ч харамлан байж “Гоодаль” сэтгүүлдээ зориулж байлаа. Би тэр үеийн Амгалангаар үнэхээр бахархдаг. Одоо бол миний зүрх мохсон, хэрэв ийм их золиос шаарддаг гэдгийг мэдэж байсан бол хэзээ ч үүнийг хийхгүй байсан юм. Би нэр хүнд гэдэг зүйлийг дээдэлдэг.

Гоодаль сэтгүүлээ өр зээлээр чадан ядан  гаргаж байхдаа хүртэл зарим нэг рекламыг авдаггүй, хэдэн сая төгрөг амлаад захиалгат ярилцлага өгье гэсэн хүнд, үгүй ээ та манай сэтгүүлд гарах ёстой хүн биш гэж хэлж чаддаг  байсан. Харамсалтай нь, би хувь заяаны эрхээр сэтгүүлээ зарсны дараа урьдын юм ул болж , миний хамаг охь шимээрээ босгосон нандин зарчим, нэр хүндийн үнэ цэнэ алдагдаж буй нь дуулдах юм. Гэхдээ мөнгө төлсөн  нь дуугаа захиална гэдэг чинь өнөөгийн амьдралд чанд мөрддөг ганц хууль болоо юу даа. Гэвч Гоодаль үүрд миний үр хэвээр байх болно.

Заримдаа, тэжээж дийлэхгүй  болохоор төрсөн үрээ баян  хүнд үрчлүүлж, хойд эхийн царай харуулж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Гоодаль маань нүдээ бүлтэртэл гоёчихсон хэрнээ сэтгэл гундуухан бэтгэрч яваа хүүхэд шиг санагддаг. Гэхдээ  Гоодалийн амьсгаа  тасалдчихсан байх  үед амь тариа залгаж, одоо авч яваа хүмүүсийн ачаар энэ сэтгүүл  уншигчдад хүрч байна.

Би юм бүрийг өөрийнхөөрөө байлгах хэрэггүй юм байна гэдгийг
ойлгосноо өөртөө хэрэгжүүлэхээр тарчилж буй нэгэн.

Гэсэн ч ариун нэр төрийг, ариун явдал мөр, ариун бодол оюуныг  ямар ч үед дээдэлнэ. Би өөрийгөө ариун явдалтай эмэгтэй гэж ярих нэг хэрэг. Харин хүмүүс намайг үнэхээр тэгж үнэлж хүндэлж, би үүний эсрэг үйлдэл хийхгүй байх өөр асуудал. Би өсч яваа хүүхдүүдтэй хүн. Нөхөр бид хоёр үр хүүхдийнхээ төлөө гэр бүлийн нэр хүнд гэдэг зүйлийг нандигнахыг эрмэлзэж, хийх хийхгүй зүйл дээрээ  хатуу зогсож чаддаг.

Манай гэрийн босгыг хүлээн зөвшөөрөгдсөн, тодорхой хүмүүс давна уу гэхээс хүн бүрийн өмнө нээлттэй байдаггүй. Гэр бүлийн үнэт зүйл, гэр бүлийн үзэл санаа гэдэг их нарийн нандин юм. Би өөрөө тодорхой хүмүүстэй л уулздаг болохоос бус ямар ч хамаагүй аргаар зорилгодоо хүрдэг, юугаа ч худалддаг хүн биш. Буяныг ч гэсэн муу аргаар хийхгүй байхыг эрмэлздэг. Гэхдээ юунд ч  ам гарч болохгүй гэдэг үгийг би хатуу санаж явдаг.

Д.О. Таныг Гоодалийн Амгалан гэдгээр тань хүмүүс андахгүй мэддэг. Харин одоо ямар ажил эрхэлж байгаа вэ, мөн  гэр бүлийнхнийхээ тухай манай уншигчидад яриач?

Ц.А. Би “Гэгээн асар” номын цуврал гаргахаар “Үхэл үгүй” номоороо шавыг нь тавилаа. Гэгээн асар маань оюуны ухаарал, гэрлээр харангадаж яваа хүмүүсийн цангааг тайлж, ганцаардаж буй олон зүрхэнд  орогнол болох байх. Би нөхөр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Хоёр бурханыг хамт амьдруулсан ч ямар нэгэн асуудал тулгардаг байх гэж би заримдаа боддог. Гэр бүл дэх асуудлаа дайн болгож дэвэргэхгүй зохицуулах нь уран бэрийн ухаан байх. Өөрт тулгарсан элдэв асуудлаа шийдвэрлэхийн тулд л гэр бүлтэй болж болохгүй.

Миний туулж буй амьдрал миний л зам. Үүнийг би цор ганцаараа л барж  эдэлнэ. Би хүүхдэдээ туслахыг яаж ч хичээсэн амьдралын зам дээр нь гишгэх ч эрх байхгүй. Миний хань миний амьдралын замд тулгуур түшиг болно уу гэхээс яг миний амьдралын замналаар явахгүй. Үүнийг бид ойлгож мэдэрч чадвал амьдрал маань хичнээн амар болох билээ. Тэр чинээгээр бид ханиа зөв ойлгож, хүндэлж хайрлаж чадна. Нөхөр бид хоёр нэгэн дээвэр дор, нэгэн саванд байгаа ч тус тусын зам өөр гэдгийг маш сайн мэддэг.

 

Гэхдээ зам минь тусдаа ч махбод маань хамтдаа болохоор бие, сэтгэлээрээ хоёр биендээ бардам үнэнч байж чаддагаараа бид хоёр бахархдаг. Зөвхөн  үүнийг л ойлгохын тулд их замыг туулдаг юм байна. Хожуу ч гэсэн ойлгохыг чадан ядан оролдож буй маань яамай гэж боддог. Өөрийнхөө амссан зовлонг хүүхдүүддээ амсуулахгүй гэж, харин өөрийнхөө хүртсэн жаргалаасаа илүү ихийг мэдрүүлэх гэж тэмцэх нь эцэг, эх бүрийн хувь заяа юм даа. Бүсээ нэлээд чангалж, олон зүйлээс татгалзаж явна. Гэхдээ би үүндээ харамсдаггүй. Тэр чинээгээрээ хатуужиж яваа болов уу гэж боддог.

Хүн заавал зовлонг давж байж ухааралд хүрдэг гэдэг шүү дээ. Хэзээ нэг өдөр үр хүүхдүүд маань намайг орхиж өөр хүмүүст өөрсдийгөө зориулах болно. Тэгэх ч ёстой юм. Ер нь нэг хүнээс авснаа нөгөө хүнд өгч байдаг нь орчлонгийн жам. Эцсийн дүндээ би өөрөө өөртэйгөө л үлдэнэ гэдгээ мэддэг. Үр хүүхдийнхээ ачлалыг амсаж, гар дээр нь бөмбөрч байгаад дараагийнхаа үйл тавилантай учирна гэдэг дээдийн заяа боловч   тэр хувьтай учрахгүй байсан ч харамсахгүй.

Миний хүүхдүүд амьдралаа буруу томьёолж дэмий юманд шунан дурлаж насаа барах бус харин надаас эрт залуу насандаа амьдралын үнэ цэнийг ойлгож, аз жаргалтай л яваасай гэж боддог. Тэрнээс би үүнийг зааж зааварласнаар тэд маань ухаарна гэж байхгүй. Амьдралынхаа жамаар л явна шүү дээ. Зовлонг толгой өндөр туулж гардаг байгаасай гэж оюун ухаант хүнийхээ хувьд бодох юм даа. Харин эх хүнийхээ хувьд миний үр хүүхэд зовлон бүрийг тойрч гараасай гэж л хүснэ.

Д.О. Сүүлийн үеийн хүмүүс хэт материаллаг хэрэгцээндээ анхаарлаа хандуулж, шунан дурладаг болсон. Ялангуяа хүүхнүүд эдэлж хэрэглэж байгаа зүйлсээрээ уралддаг болжээ. Би таныг нэлээн үнэтэй тансаг машинтай болов уу гэж бодсон чинь харин таныг “унаагүй” гэж сонсоод их гайхлаа?

Ц.А. Гоодалийн буянаар би олон сайхан танилтай болсон. Нэр хүндтэй сэтгүүлээр овоглосон намайг ганган, тансаг, бичээд байдаг дээдсүүдтэйгээ адилхан гэж боддог юм шиг байгаа юм. Намайг сэтгүүлээ нойр хоолгүй хийгээд өрөөндөө халтайгаад сууж байхад таньтай л танилцах гэсэн юм гэж зорьж ирсэн хүмүүс намайг харчихаад, нүдэн дээр минь царай нь хувираад, нүд нь бүлт үсрээд явчихыг бишгүй харж дассан хүн дээ би. Надтай ярилцаад намайг ойлгож үлдсэн хүмүүс нь гарын таван хуруунаас цөөхөн дөө.

Хүмүүс гадаад үзэмжинд их хууртдаг.

Үргэлж гоё сайхан харагдаж өөр хүний дүрд хувирч тоглоод байх цаг, зав надад алга. Гоодалийг авч явж байх үедээ хэрэгтэй цагтаа би уулзаж учирч байгаа хүмүүсийнхээ зиндаанд нийцэж дүйцэхийг хичээдэг байсан. Харин амьдрал дээр надад тийм шаардлага байхгүй. Би хувцасны зураач, урлаг судлаач мэргэжилтэй ч  гоо сайхан бүхэнд дурлах үе маань нэгэнт өнгөрчихсөн байна. Би даавуу шуувуунд шунан дурлаж, чөтгөрийг хэрхэн бурхан болгон хувцаслахад өөрөө 6 жил суралцаж,мөн тийм хэмжээгээр бусдыг  сургаж багшилсан. Цаг цагаараа байдаггүй.

Нөгөө талаар би хоногийн 24 цагийн турш сэтгүүлийнхээ хэлээр ярина гэж юу байхав. Намайг хүмүүс маш их мэдлэгтэй, юм үзэж нүд тайлсан, гадаадад олон жил амьдарсан байх гэдэг л  юм гэсэн, би бол тэгж яриагүй. Үнэндээ би хойно сургууль төгсөж ирснээсээ хойш Монголоос гараагүй. Яахав миний аливаа зүйлийг харах өнцөг бусдаас өөр байх.

Долгион таарахгүй бол би хэнтэй ч ярьдаггүй.

Надад найз нөхдийн өргөн хүрээ байхгүй. Би хүмүүсээс аль болох хол байхыг эрмэлздэг. Хэрэгтэй үедээ шаардлагатай зүйлсийг л ярина. Тэрнээс биш хэн дуртайтайгаа ном хаялцаж, цэцэрхэхийг хүсдэггүй. Ялангуяа дарс сөгнөсөн ширээний цаана ийм үгсийг ярих нь хямдхан. Тиймээс ихэнх үед цаг цагт нь тааруулаад шалдар булдар зүйлс л ярина уу гэхээс сэтгэлийнхээ мухрыг юу гэж  онгичоод сууж байхав дээ. Тэгээд ч би үргэлж тийм  зүйлсийг сэтгээд бодоод явдаг гэвэл худлаа, үе үе толгойд цахилаад ороод ирснийг цаасан дээр буулгадаг дамжуулагч шиг заримдаа өөрийгөө санадаг юм.

Харсан хүмүүс энэ Амгалан сэтгүүл дээрээ  сүртэй хэрнээ бодит байдал дээрээ гуйлгачин царайлчихаад гэж хэлж л байдаг юм. Би өөрийгөө мундаг, язгууртан эмэгтэй гэж худлаа яриагүй, харин хүмүүс өөрсдөө дотроо босгосон Амгалантайгаа  дүйцэхгүй болохоор надад хууртагдчихсан юм шиг бодоод байдаг юм шиг байгаа юм. Манай гэр бүл хамгийн  жирийн амьдралтай. Унаж босч яваа миний амьдралын зураг зиг заг ихтэй ч миний зам өөдөө чиглэлтэй зогсолтгүй өгсч байгаа нь л наддаа болоо.

Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Таны санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, олон зүрхэнд нөмөр нөөлөг болох  ариун  үйлсэд тань их аз хийморийг хүсэн ерөөе.  

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !