Тонино Бенаквиста

IQ

Зуны цагийн хуваарьт шилжих өдөр аав минь сэрүүлэгтэйгээ яг л ялтан шиг тамаа цайхыг харахаас би огт уйддаггүй. Үгийн сүлжээтэй амрахыг хүссэн тэрээр “Бүх хосуудыг багтаасан оромж. Гурван үсэгтэй. Тэр бүгдэд гурван үсэг арай л багадах юм биш үү” гэх мэтийн асуулт ээжид тавихыг ч бас. Тэр “шүхэр” эсвэл “гэр бүлийн гэрээ” гэж бичихийг хүснэ, даанч багтахгүй. Би түүнд “Ной” гэж хэлэхийнхээ оронд хамраа номондоо дахин шургуулсан нь дээр гэдгийг мэднэ, яагаад гэвэл энэ тийм ч гялалзсан тодорхойлолт биш, хариулт нь бол бүр ч. Би аавыгаа гомдоохыг хүсдэггүй юм.

Татварын хуудас бөглөх нь түүний хувьд эмгэнэлт жүжиг, баярын ил захидлууд бол зүгээр л сүйрэл.

Заримдаа би бүр дэлбэрч, “Хэрвээ өөрөө мэдэхгүй байвал, надаас асуугаач, мал аа!” гэж чарламаар санагддаг. Гэхдээ би хэзээ ч ингэдэггүй. Ямар ч атугай, тэр чинь миний эцэг шүү дээ. Миний гайхшийг бардаг энэ тэнэглэлийг харах нь надад ямар хэцүү байдгийг хэлэх зоригийг би өөрөөсөө олохыг хүсдэг ч даанч чаддаггүй.

Яагаад гэвэл, би чинь дөнгөж есөн нас дөрвөн сартай юм. Сургуульд бол бүх юм өөр. Миний “гар чөлөөтэй”, гэвч би энэ эрхээ урвуулан ашиглахаар даварсан гар биш. Багш маань дажгүй хүүхэн, бүр хөөрхөн ч гэмээр, гэвч тэр “үгүй” нөхцлийн зөв бичих дүрмийг талбарлахыг оролдох үед би дотроо “үгүй” л гэдэг. “Байх нь үгүй сэтгэл”, “сэтгэл байхгүй” хоёрыг ямар ч дүрмээр тайлбарласан, чөтгөр ав, тэр гайтай харламар сэтгэл гээч чинь байхгүй л байгаа биз дээ.

Хэрэв би энэ бодлоо хэлэх юм бол, сөргөлдөөн үүсч, намайг хичээл дээр зэвүү хүрмээр биеэ авч явдаг гэж тэр хөөрхөн хүүхэн ёстой нэг зэвүүцэх болно, гэхдээ л хичээл дээр хийх юм надад үнэндээ олдохгүй юм. Багш нарын зөвлөл миний хувийн хэрэг дээр толгойгоо гашилгаж байгаа, нэг л сайхан өдөр намайг хааш нь явуулахаа шийднэ гэдгийг би мэдэхийн дээдээр мэднэ, гэвч хичнээн удаан хүлээх юм бэ?

Би аль хэдийн хоёр анги үсэрсэн, дахиад үсэрье гэсэн ч буух газар алга.

Ингээд л би номхоршгүй сониуч зангаа дарж сурсан ч надад тэвчихийн аргагүй уйтгартай байдгийг хэн ч мэддэггүй. Би хичээл дээр байнга эвшээдгээсээ болж “мунхаг залхуу” нэр авсан. Ийм болж төрсөндөө би буруутай гэж үү? Намайг шалгахаар байнга л ирдэг шар хүрэмтэй хүн сүүлийн удаа надад 148-ыг тавьсан. “За, жаалхүү минь тэр зүйлүүдийг байрлуулж тавиад, энэ бүхэн чамд юу санагдуулж байгааг хэл дээ, хүү минь”.

Оюуны хөгжлийн итгэлцүүр 148, харин тэр надтай хомсдолтой дүйнгэ амьтантай ярьж байгаа мэт л харьцах юм. Утгыг нь өөрөө ч ойлгохгүй байгаа асуултанд нь хариулахдаа би өөрийн эрхгүй түүнийг шоолчихдог, тэгээд юу гэж? Өөрийгөө хараад ханадаггүй тэнэгүүдийн нэг би биш л дээ, гэхдээ миний нейронуудыг хэмжих үүрэгтэй энэ годил толгойт, гортигон хөлт намайг “жаалхүү” гэхээ боливол таарна.

Аав, ээжид минь намайг бусадтай адилгүй гэж хэлэхээр ирсэн өдрийг нь би санаж байна. Хэрэв би Орост төрсөн бол шууд л нууц баазад байрлаж, өдөр шөнөгүй шатар тоглох байсан. Америкт намайг ямар нэг эрдэм шинжилгээний цогцолборт бас л над шиг сод ухаантнуудын хамт ханхүү шиг байлгах байсан. Харин Францад одоохондоо ийм юм байхгүй юм чинь, ядаж Парис явуулах хэрэгтэй гэж шар хувцастыг хэлэхэд аав минь, сургуулиа төгссөнийх нь дараа бодох цаг гарах байлгүй гэж хэлсэн.

Тэр сургуулийн гэрчилгээгээр чинь би яах юм бэ, аав аа? Наад шар хувцаст чинь намайг гурав, дөрвөн гэрчилгээг яг одоо ч гэсэн авах чадалтай гэж хэлээд байгаа юм биш үү гэж би дотроо хашгирсан. Гаднаа бол дуугүй л…Би хэн болохоо ч мэднэ. Логарифм, тэгшитгэлүүдэд би муугүй ч дорхноо залхчихдаг. Дүүргэж, суллаж байдаг усан сангуудын багтаамжийн тооцоо, эсвэл нэг тооноос нөгөөг гаргах мэтийг бол “Намайг элэглээд байна уу” гэж хэлмээр байдаг, гэвч энэ бол мэдрэмжийн л асуудал юм даа.

 

 

Харин цэвэр “учирлан тунгаахуй”-н сэдвүүд надад хамаагүй аятайхан байдаг шүү. Нэг хүн бичгийн ширээний ард, дэлгээтэй ном хараад сууж байгаа зургийг шар хувцаст надад харуулсан өдрийг би хэзээ ч мартахгүй. “Энэ хүн юу хийж байна вэ?” гэж шар хувцаст асуусан. Мэдээжийн хэрэг, хичээнгүй сурагч улирахгүйн тулд гэрийн даалгавраа хийж байна гэж хэлэхийг минь тэр хүлээж байсан. Харин би толгойдоо анх орсноо л хэлээд тавьчихсан.

“Ницшег дөнгөж уншиж дуусгасан энэ азгүй амьтан Бурхан гээч юм байдаггүйг ухаарсан. Шашинд урам хугарсандаа амиа егүүтгэхээр шийдсэн тэрээр “Өө, мөнхийн амьдрал, миний авсны цагаахан өмсгөл” гэдэг үгээр эхлэх зурвас үлдээж байгаа юм”. Шар хүрэмтийн царайг та харсан ч болоосой. Тэр дороо л намайг психоаналитикт үзүүлэхээр болцгоосон нь ойлгомжтой.

Аав, ээж минь наймдугаар сарын газар дундын тэнгисийг амталж байхад
би эрэг дээр нь “Психоаналитикийн үндэс”-ийг судалж байлаа.

Сэтгэл болгон өөрийн гэсэн үл танигдах ертөнцийг агуулж байдаг гэх мэтийн утга уянгын санаанууд нь надад таалагдсан л даа. Сэтгэлзүйч харин надаас аав, ээжийн минь тухай учиргүй олон юм асуусан. Намайг энхрийлсэн ялдам үгсийг сонсоход ямар тамтай байв аа. Тийм ээ, би үнэхээр тэндээс нүдэндээ нулимстай гарч ирсэн. Аймаар энгийн эсвэл энгийн аймшигтай ямар нэг юм, дотор минь байгаа ямар нэг юмыг хөндсөн болоод л тэр.

Харин би уйлах дургүй. Би хичнээн ухаантай ч гэсэн ердөө л нэг хүүхэд гэдгийг минь ойлгоосой гэж л би та нараас гуймаар байдаг. Та нар битгий ай даа, том болоод би бүгдийг мартаад, байдаг л хүн болно, энэ чинь хамгийн түгээмэл хувилбар шүү дээ. Надтай ярьдаг хоёрхон л хүн бий. Нэг нь Роже, радиоэкстрасенс. Тэр аль хэдийн 60 гарсан ч долгион барьдаг нэг юмаа хаа сайгүй үүрсээр л явдаг.

Зөвхөн надад зориулаад дайны үеийн сургуулийн цүнхээ хаанаас ч юм ухаад гаргаад ирэхэд нь би түүнд дурласан байх аа. Миний нүдэн дээр тэр эрдэнэсийн сангаа нээхэд үг, өгүүлбэр, тусдаа санаануудыг бичсэн үй түмэн цааснууд багтаж ядан байгааг би олж харав. Хүүхэд байхдаа Роже дэндүү хэрэгт дуртай байсан болохоор томчуудын ярианаас ойлгоогүй зүйлээ бичиж авдаг байж. Би таамгаар нэг цаасны тасархайг сугалж авбал: “Барьж болохгүй таашаал бол зөвхөн зүүд гэж авга хэлэв” гэсэн байна. Дахин нэгийг нээвэл:

“Эмээ дандаа л шүлсээ үсчүүлдэг, гэтэл өвөө эмээг үзэсгэлэнтэй гэх юм”.

Уншсан цаасан овоо нэмэгдэх тусам би уйтгарт гүн живж байв. Энэ орчлонд ойлгомжгүй зүйл даанч бага байх юм даа. Нөгөө ярилцагч маань Гаэль. Надаас тэр хоёрхон өдрөөр эгч боловч миний хийж зүрхэлдэггүй тэнэглэлүүдийг ямар амттайгаар гүйцэтгэдэг гээч! Ийм эрх чөлөө л намайг эвгүй байдалд оруулдаг юм. Түүнийг өргөст торны цаана орчих вий гэж томчууд шивнэлдэж байхад би атаархсандаа хувхай цайж суудаг. Нэг удаа тэр надад гэр бүлийн амьдрал гэж юу байдгийг тайлбарлаж өгч билээ. “Хүмүүс яагаад хоёр, хоёроороо амьдардгийг чи мэдэх үү? Нэг нь бүдрээд уначихвал, нөгөөдөх нь татаж босгоход яг хажууд нь бэлэн байхын тулд л тэр”.

Романтикууд, картезчүүд, сэтгэлзүйчдийг амаараа гартал уншаад ч өөрийн богинохон амьдралдаа үнэн гэгч юманд ингэж ойртож байснаа би санахгүй байна. Заримдаа бид хоёр уруулан дээрээ үнсэлцдэг. Түүнд үйл явц сонирхолтой юм гэсэн, надад бол амт. Хариуг нь хайгаад олдоггүй мянган асуултад Гаэль гацахгүй хариулдаг. Салхи гарч, араас нь хөөрөгдөн үлээх үед Гаэль бошинзоо доош нь угзран татахыг харах би дуртай. Пазлд дуртай минь биднийг бас их ойртуулдаг. Хэрэгтэй хэлтэрхийгээ хайж, хамаг цагаа барж суухад минь Гаэль аль ойрыг шуудхан шүүрч аваад л, гараа зангидаж байгаад байранд нь цохиод оруулчихдаг. Өө, жинхэнэ яруу найраг!

Сод хүмүүс аз жаргалтай байж чаддаггүй гэж би нэг номноос уншсан юм байна. Үнэн л байх, гэвч хүн амьдралын бүх салбарт нэгэн зэрэг сод байж чаддаггүй гэж би хариулмаар байна. Хэрэв сайтар бодоод үзвэл азгүй амьдрал өмнө минь хүлээж байгаа юм бол юундаа ч яарах юм билээ дээ. Том болохоо яаралгүй хүлээнгээ энэ дааж давшгүй оюуны потенциалаа би хаашаа хийхээ мэдэхгүй байна. Би үймүүлж, гэрээ онгин тойргийг нь эргүүлж, зүгээр л байгаагаа мэдүүлмээр байна. Тэгээд? Тэгээд яах вэ, уйдаж цөхсөндөө би нэг энгийн гаргалгаанд хүрсэн юм.

“Хэрэв Бурхан гэдэг чинь ямар нэг үл ойлгогдох төлөвлөгөөний дагуу явдаг юм бол, харагдсаар байтал нь хүмүүс олж харж чаддаггүй юм бол-би Бурхан юм байна!”.

Ингээд л дараагийн бүтэн жилийн турш өөрийн бяцхан хотдоо Бурханы үүргээ биелүүлж эхэллээ дээ, би. Миний мэдэх “Хуучин гэрээ”-ний Бурхан хүртэл ням гарагт амардаг байтал би энэ тухай бодож ч амжихгүй юм. Хийсэн бүхнээ тоочоод яах вэ, би аугаа үйлст дуртай ч жижиг юмсыг ч бас орхидоггүй.

Бурхан хаа сайгүй юм чинь. Заримдаа би ширүүн ч, ихэнхдээ нигүүлсэнгүй байдаг. Хамгийн гол нь, энэ бүхэн ямар ядаргаатай гээч. Түүнээс ч хэцүү нь, би ганцаардсан хэвээрээ л байна. Гэвч хэзээ нэгэн цагт би өөрийнхөн дээрээ эргэж очно гэдгээ мэднэ. Тэр өдөр л тэд намайг хүлээж авах юм байлгүй. Хэрэв Бурхан гэж үнэхээр байгаад эзэнт улс нь зөвхөн сэтгэлийн үгээгүйчүүдэд л нээлттэй юм бол надад багтах зай тэнд олдох байх л гэж найдаж сууна даа.

Орчуулсан 2010 он

 

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !