МИНИЙ АМТАЛСАН… ПЬЯЦЦОЛЛА

Шинэ жилийн үеэр би хориод хоног гадагшаа явах болов. “Намайг явтал хоёрхон долоон хоног тэсээд, миний хамгийн дуртай баярыг гутаахааргүй дурсамжтай явуулчихаж үзээрэй. Урьд нь очиж үзээгүй газар дурсамжтайгаа л “хайр хийж” тайтгарна гэж хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ”. Би. “Би уран сэтгэж чиний тааллын орныг бүтээх гэж бүхнийг нурааж орхисноос дураараа цуглуулгаа бэлдэхэд чинь л хавсаръя ”. Тэр. Юу ч олж долоохгүй гэж биеэ хурааж байсныг бодвол ч, хэ хэ.

Тэгээд “Амьдралын нүцгэн үнэнээс болж хүнийг үхүүлчихэлгүй байлгадаг УРЛАГ”-ийнхнаар би хүний газрын хүйтэн чулууг долоох үедээ дотроо халаах юмаа нэрүүлэх болов.

“Novelmelody үзэх үү. Нумт хөгжмийн хамтлагийн концерт”.”?”.”Net  рүү ороод үз. Fb-ийг нь ч юм уу, хар даа”. Тэнд хоосон. Зар төдий. 12 сарын 2. Ахар сүүл хугарчихсан аятай өөрийн эрхгүй инээд алдсан энэ өдрийн их үдэд би дуурийн театрын кассын өмнө инээмсэглэлээ далдалж ядан зогсч байв. Нэг их хэрэг тарьчихаад алуулна гэдгээ мэдсээр байж, баригдсан ч яадаг юм бэ гэж амьтны хорхой нүдийг зөнгөөрөө соронздох дотор хайлангаа дарж ядсан амьтан л над шиг ингэж  жийтааж явдаг болов уу. Харьж явахдаа би хөнгөн дэгдсэн алхаандаа хөлөрч аз жаргал савсуулсан л юм газар шүргэлгүй хийсч явлаа.

Заримдаа яхир эзэгтэйн ёозгүй үнсэлт шиг ядчихсан ядуу санагддаг  чаат руу минь энэ удаа харин ч гэрэл цацруулан байж наалинхайтан наалдав.  Үүдэн дээрээс цэхийж,  шүдэн завсраараа сийгүүлэн “Сайн уу”-гаар чавхадсан цийлгэрийг эс тооцвол. Тэр намайг үстээд авсан ч түүний тухай бодол багтахааргүй бялхаж байлаа даа би, харин ч нэг. MC Н.Ганхуягийн үгийг ховх сорчихоод, анхны аялгуунд булхаж эхлэхдээ л би баярын совин татуулаад байсан энэ өдрийн одыг олж харсан юм.

Би Дурлалыг танив. Мэдээж, тэр дороо биш. Дурлалыг би ер нь хэзээ цагт нь таньж байлаа даа. Дандаа л сүүлд нь “Над дээр саяын ирээд явдаг чинь ТЭР байсан байж шүү” гэж үсээ зулгаадаг сан биш бил үү. Libertango. Энэ бол хөгжим биш, үгээр хэлж боломгүй түүх байсан. Соёлын амьдрал язганан буцалсан Буэнес- Айресийн “Бока Хуниорс” хөлбөмбөгийн клубийн тайзан дээр 1940-өөд оны нэгэн үдэш домогт Анибал Троилогийн найрал сонгодог “Inspiracion”-ы найруулгыг эгшиглүүлснээс л энэ бүх юм эхэлж орхисон  юм байна лээ л дээ. Бүжиглэж байсан хосууд гэнэт алмайран зогсож, зарим нь танхимыг унтууцан орхиж, үлдэгсэд нь энэ ер бусын хөгжмийг сонсохын тулд тайзыг бүчин ойртсон гэдэг.

Найрлын шинэхэн бандонеонч (баян хуурын төрсөн ах) наснаасаа гоц ухаантай залуу хүү зүгээр л бүжгийн хөгжмөөс арай илүүг бүтээснээрээ үзэгчдийг дайнч хоёр хуаранд  хувааж орхисныгоо “тангоны агуу хувьсал “ гэж нэрлэчихээд түүндээ амиа тавьж, амьдралынхаа  55 жилээ өгнө гэдгээ мэдээгүй билээ. Энэ бол Астор Пьяцолла  байсан юм. Чухам түүний ачаар танго сонгодог полифон, жааз хоршил, бүр Стравинскийн нээсэн уран өнгөөр баяжиж, бүжгийн талбайгаас суга үсрэн эрх чөлөөний тэнгэрт дүүлэн, nuevо tango  гэгдэх гайхалтай гүн хөгжим болох жигүүрээ дэлгэсэн хэрэг.

Хөгжмийн уламжлалын учрыг цоо шинээр олох гэсэн XX зууны хамгийн шазруун оролдлогуудын нэг болох Пьяццоллагийн “сортоо”-г Гершвиний жазз хувьсалтай зүйрлэдэг. Европ, АНУ, Бразил, Мексикийг сөгдүүлсэн Пьяццоллаг  төрөлх Аргентинд нь дэндүү хожуу, нас барахаас нь 10-хан жилийн өмнө, тээр хойно 1992 онд л хүлээн зөвшөөрсөн учраас тэр өөрийгөө Малер шиг л “гурвантаа ад үзэгдсэн“ гэж хэлэх эрхтэй.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тавалтайгаа гурван тивийг хэрж, урилга захиалгадаа дарагдаж явсан Пьяццоллаг Мстилав Росроповичоос авахуулаад Жерри Маллиган хүртэлх тэс ондоо хөгжимчид бишрэн шүтэж байв. Йо-Йо-Ма, Гидон Кремер, Дениел Баренбойм, Эммануэль Акс, Эл ди Меола нарын алдартнуудын тоглосон Пьяццоллагийн уран бүтээл  дэлхийн хөгжмийн урлагийн тэнгэрт мандсаныг эдүгээ Монгол Улсын ДБЭТ-ын алтан тайзнаа морин хуурын хос чавхдас зүрхэнд минь цацрааж буй нь энэ.

Антрополог Мария Сусанна Ацци, латин америкийн соёлын түүхч Саймон Коллиер нар анх удаа англи хэл дээр Пьяццоллагийн намтрыг гаргасан ч түүний зөрчилт натурыг тойрон өнгөрсөн нь харамсалтай. Уламжлалыг үл тоосон хурц үг хэл … хэрүүлийн хиншүүтэй хаян одсон эх нутагтаа хүлээн зөвшөөрөгдөхсөн гэсэн гунигийг нь өнгөлөн далдалж байдгийг либертанго цухалзуулдаг. Дараа нь нэтээр хайн явж үзсэн Анна Лучихина, Андрей Матвеенко нарын “Хамгийн тачаангуй танго”(сахиулсан тэнгэрийн милонга)-ны дэгийн санаа нь сайхан, гүйцэтгэл нь бүр ч сайн ч арай л ил драмтай мэт санагдсан.

Тангоны хувьсалч, хөгжмийн авангардист-Пьяццолагийн гөжүүд  язруун сэтгэлийн гүнд уламжлалын “хэв”-нд дэндүү үнэнч, номхон нэгэн байсан парадоксыг Milonga del Angel өгүүлэх болов уу. Хүрэхийн төдийд зангирсан эгшиг, агаарт тогтсон пауза, хуруугаар дамжсан зүрхний чичиргээ, цоо ширтсэн нүдний аньсага чийгтэн буух…Оршихуйн гүнээс ундрах улаан нүцгэн “ориг” мэдрэмж ба хатуу хяналт. Яг л тангонд байдаг шиг.

Ийм гайхалтай хослолыг галзуу Пьяццоллагийн ч зүрх даагаагүй. Тэр 1990 онд хүнд харваж, хоёр  ч жил бололгүй газраас явсан. “Агуу хөгжим заавал төвөгтэй байх”-ыг эсэргүүцэгч Пьяццоллагийн бараг кино шиг тодорхой өгүүлэмж,  эгэл хэллэгийг банденеоных нь уйлан байж бүтээсэн ид шидээс бараг л барьж болно доо. “Ультрамоодны “ мөртөө “боловсруулахад амар” зүйлээр сонсогчдоо дайлахыг оролддог академизм, формализм руу өнхөрчихөөгүй болохоор нь Пьяццоллад орчин үеийн уран бүтээлчид “нүд унагадаг”биз.

Хэрэв сонгодог хөгжмийн призмээр харвал энэ лут шинэчлэгч маань илэрхий ретро гоо сайхныг номлож байсанд хувь заяаны егөөдөл оршиж байгаа юм. Иймээс л симфони-зотон дээр хатгасан түүний аялгуунуудын царай зэвхий дааж, итгэмээргүй үхээнц болчихдог атлаа хуучинсаг тавлаар тогломогц тэр аялгуунууд амилан, бүр дэвэрч халиад сонсогчдыг илбэдэж гардаг. Гэхдээ морин хуурын чуулгын Fuga y misteria надад лав мундаг байсан. Дурласан хүнд хайртынх нь бүх юм сайхан байдаг болохоор надаас биш, харин хөгжим судлаачид ялангуяа дурлаагүйчүүдээс энэ тухай үг сонсвол  үнэнд ойртох байх.

Нэвт сүлбэсэн түрэмгий хэмнэл гэнэт нандин уянгатай огцом харшлах ч шиг, хорших ч шиг Adios Nonino-д шар нар, бор хоногийн эмгэнэлийг дэндүү хурц шивснийг мэдрэхгүй өнгөрөхийн аргагүй. Банденеоны гарамгай “obligato”-г хурцалсан энэ бүтээлийг Quntete Nuevo tango буюу банденеон, хийл, төгөлдөр хуур, цахилгаан гитар, контрабасаас бүтсэн тавал тоглоход гайхалтай байдаг. Бүтээлийн эх материал хөнгөн, тунгалаг хэрнээ имперессионист нарийн төвөгтэй учраас шинэ-хуучны, сонгодог- авангардын, ретро- орчин үеийн солбицлын цэг болсон нь гайхамшиг. Итгэл тэмүүллийг сэмлэсэн дурсамжийн салхины илбээнд дурлахгүй цусан зүрхтэн лав би биш юм байна гэдгээ энд л анх мэдэрсэн мэт.

Өө, Oblivion! Oblivion. Тэр бол гүн нарийны дууль, гоо үзэсгэлэн, амьдрал, бас амьдралаас ангижрах тэр ирмэгийн эцсийн цэг байсан. Өв уламжлан ирсэн хөгжмийн түүхий эдийг Пьяццолла болгоомжтойёо мөчлөн жиргэхдээ“танго” гээчийн “зүрхийг сугалж” шинэ аялгуугаар өргөсөн тахил- Oblivion. Урвалд орсон халдан довтлолт эргээд өөрийгөө егүүтгэхэд дэндүү эмзэг янаглалын хөндүүрээс л амтагддаг дээдийн жаргал мэт Oblivion!  “Хагацахын тулд учирч цэнгэлийн нулимсаа урив уу, Учрахын тулд хагацаж цээжний махаа урав уу, Oblivion.”

Жанцанноров гуайн хэлсэнчлэн “Морин хуураар хийлнийх шиг олон өнгө гаргахад хэцүү ч хийлэнд байхгүй дуурьсал, сэтгэлийн өнгийг уянгалуулж болно” гэдгийг морин хуурч Н. Жигжиддорж яруу тодоор үзүүлж байхад би өөр юу ч бодох тэнхэлгүй байсан. Харин дараахан нь ухаан орохдоо нөгөө гайхуулаад байдаг шилдэг хийлчдийн хийгээгүйг хийж чадсан морин хуурын чуулгынхны мэргэжлийн эр зориг, нөр их хөдөлмөрийн өмнө тэргүүн бөхиймөөр болсон юм.

Обливионыг хийлээр биш өөрийн чинь зүрхний ховдлын судсан дээгүүр тоглох шиг болдог. Лилия Доиковагийн ур чадварыг дэлхийн бараг бүх хийлчид хүндэлдэг бөгөөд мөнгөний биш хөгжмийн тэнгэрт хүчин зүтгэдэг гэдгээ ч тэр харуулсан байх. Обливионыг дуулсан нь ч бас олон.

Өмнө нь “Орчлонгийн хамгийн сайхан дуу авиа бол хүний хоолой” гэсэн үгээ
би лав энэ удаа буцаамаар болсон.

Энэ хөгжмийн үггүй хэлж байгаад элдэв шүлэг, хүний оролцоо ёстой илүүц юм шиг. Харин Клавдия Миаццо, Жан Поль Падовани нарын танго… цаг хугацааг мартуулмаар шүү. Гэхдээ Обливионыг яг мэдэрье гэвэл сонссон нь л дээр юм билээ дээ.

ХХ зууны сүүлээр европын, тэр дундаа италийн цагаачдын хөлд дарагдсан Аргентений боомтуудын харанхуйд дуутай шуутайхан  энгэр зөрүүлсэн хоёр тивийн хөгжмийн дундаас кубын хабанера, андалаузын танго, аргентений пайяда (гитарын аккомпанементтай дуурьсдаг яруу найргийн ипровизаци)–гийн бүгдийнх нь төрхийг шингээсэн “жигшмээр” агшиж сунасан милонга төрсөн даруйдаа афро-аргентений кандомбе бүжгийн төвөгтэй хэмнэл, задгай хөдөлгөөнтэй орь дуу тавин нийлснээр одоогийн танго үүссэн.

Эмсийн нялуун хүрээлэн, улаан дэнлүүний бөгчим гудамжнаас дээд зиндааны шилтгээн рүү мөлхсөн тангоны  хөгжимд немцүүдийн нээсэн банденеон гитарыг шахсанаар чавхдаст хөгжмийн эгшигтэй хоршоод ербусын зүйлийг төрүүлсэн юм. Эртний тангоны зонхилох хүч нь арай чарай хумьж ядсан сексуал хаялга, хав дарсан эротизм  хоёрын хайлш байсан. ХХ зууны эхээр ч гэсэн “дордсын заваарал” гэсэн хар тамгатай байсан тангод Парис хайрын нүдээ ирмэснээс хойш л Парисаас Ром, Мадридаас Лондон хүртэл хүндэтгэлийн хивс дэлгэгдсэн билээ.

“Зоориноос авирсан самуурал” гэх ялнаас тангог хэлтрүүлсэн Парисын жишгээр аргентений элитүүд  түүнийг фетиш болгохдоо алгуурласангүй. Тангог үндэсний билэг тэмдэг болтол нь мандуулахын тулд гэгээнтэн ба хөлөг баатар хэрэгтэй байв. Карлос Гардель бол зөвхөн үүнд зориулж Бурханы бүтээсэн бурхан байлаа. Хориод оноос тайз дэлгэцийг тангогоор эзэмдсэн Карлос Гарделийн хувь заяаг 1935 онд онгоцны сүйрлээр нас нөгчсөн төгсгөл нь хүртэл “чимж” байсан юм.

Tango cancion  буюу зөвхөн сонсоход зориулсан эстрадын жанрыг дэлгэрүүлсэн гавьяатай Карлос Гарделийн уран бүтээлийн нэрийн хуудас болсон “Por una cabeza” Novel melody тоглолтон дээр монголын сонсогчдын сонорыг мялаан эгшиглэсэн. 12 сарын 2-ны “Por una cabeza”-г  УДБЭТ-ийн гоцлон бүжиглэгч Мөнгөнхөлөг, (уучлаарай) нарын бүжиглэхэд А. Пьяццоллагийн “Аргентинд зуун ерөнхийлөгчийг халж болно, бүр шашнаа ч сольж болно, гагцхүү ариун дагшин тангог л оролдож огт болохгүй” гэсэн үг, “Эмэгтэй хүний үнэр” киноны Френк Слэйд (Аль Пачино), Донна (Габриэль Анвар) нарын танго хоёр эрхгүй санагдаж байж билээ.

Сонсох тоолон аз жаргалтай байсан газрын минь салхийг сэвэлзүүлэн, өр өмлөн өмөлзүүлдэг энэ хөгжимд би яагаад ч юм Моника Беллуччи, Бенисио Дель Торо хоёрыг хардаг. Жаргалын нялуу, зовлонгийн гашууг таньж,  биед хүрсэн насны уруул чимчигнүүлсэн шүлтийг шимж чадахаар болсон өндрөөс нисэх…эсвэл бүхнийг дуусгах хорыг залгилах… “Муу Санта” Билли Боб Торнтонд намайг дурлуулсан “гэмтэн” аялгуунд  минь харин 1-р сарын 20, 21-ний тоглолтон дээр тангодсон хоёрыг ойлгоогүй.

Энэ сайхан тоглолтын найруулагч, продюсеруудын эвшээх хооронд ийм хий орчихов уу, яав. Эсвэл эрт балрын тангоны дорд гарал үүсэл, compadritos–бага гарын хэрэгтнүүд, сутенерууд, орон нутгийн аман зохиолын баатруудын мэдрэмжийн түвшинг харуулах гэсэн юм болов уу, бүү мэд. Ямар ч атугай, хөгжимдөө жулдаж, байснаасаа байгаагүй нь дээр юм болчихно лээ. Зориглон хэлж байгааг минь өршөөж үзээрэй.

Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Гарделийн ачаар зах хязгаараас цөм рүү тэмүүлсэн ялалтын  маршаа ёслол төгөлдөр гүйцээсэн танго аргентинчүүдэд юу юунаас ч илүү чухал үндэсний билэг тэмдэг болохыг Хорхе Луис Борхесийн “Танго” шүлгээс харж болно. Гарделийн дараа тангог дэлхийн урлагийн тавцанд өндөрт өргөсөн Астор Пьяццоллагийн төрмөл авъяасаас гадна цуцалтгүй эрэл хайгуул, хөгжимд чин үнэнчээр сэтгэлээ өгсөн агуу “хайрын” боловсрол нь аварга даль жигүүр болсныг заавал хэлмээр байна.

Туршлагатай ч, мэдлэггүй хөгжимчидтэй шөнөжин цурамхийлгүй тоглочихоод, дөнгөж гэрээрээ орж эхнэр Дедетэйгээ өглөөний цайгаа уув уу, үгүй юу Альберт Хинастера (удалгүй тивийнхээ сонгодог хөгжмийн зохиолчдын дунд хүндтэй байрыг эзэлсэн)–гийн зохиомжийн лекцэнд суухаар хотоо хөндлөн туулдаг байсных нь ч ач байгаа. Хожмоо 1954 онд, Аарон Копленд, Элиот Картер, Вертил Томсон, Филипп Гласс нарын суутнуудын бүхэл бүтэн хоёр үеийг сурган хүмүүжүүлсэн агуу Нади Буланжегийн урланд хагас жил сурсны гүнзгий мөр ч байгаа.

Пьяццоллаг сонгодог хэллэгийн мэдрэмжгүй байдалд буруутгадаг байсан Буланжед  сурагч нь,

“…олон жил тангоны найруулга хийсэн, анхны хөгжмийн зэмсэг нь
төгөлдөр хуур биш,   банденеон байсан…”

гэдгээ дур муутайхан илчлэхэд, бичсэн тангоноосоо нэгийг нь тогло гэж шахсаар байж сонссоныхоо дараа Буланжегийн хэлсэн “Энэ чинь л ёстой жинхэнэ Пьяццолла байна. Та үүнийгээ хаяж хэрхэвч болохгүй” гэсэн үг түүний хувь заяаг шийдэж орхисон гэцгээх юм билээ. Хөгжмийн шал өөр ертөнцүүдэд ч гэсэн шүргэлцлийн цэг байдгийг өөртөө болон бусдад баталсан  Астор Пьяццолагийн нөр их хөдөлмөрийн үрээр эдүгээ бид аялгууны гоо сайхнаар амьсгалж, “Орчлонд бид азтай төржээ” хэмээн дотор кинондоо дуу оруулж байнам биш үү.

2012.01.23

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !