Банзалтай мөнгөний уурхайнууд

Мөнгөтэй хүүхнүүд монголын бизнест дур мэдэн аашилж байгаа ч сэтгэл санааны хувьд дандаа л ганцаардалд автсан байх юм. Төмөр мэт хүйтэн харц, өөрийнхөө бодлыг хатуу хамгаалдаг байдлаас нь харвал тэдний ухаантай гэдэг нь эргэлзээгүй. Өндөр боловсролоороо цахиур хагалаагүй ч гүйлгээ ухаанаараа гарамгай тэдний хувийн амьдрал яагаад азгүй байгаад байна вэ гэдэг л сонин. Гэр бүлийн амьдрал болон хувийн аз жаргалаа золиослон байж баян болсон хүүхнүүдийн талаар л би ярьж байгаа юм шүү.Self made Womеn (SMW)

Миний найз бүсгүй Бадмаа Дарханы индиануудаас зугатан Улаанбаатарт ирэхдээ холын хамаатан болох нэг эмэгтэйн хаяг бичсэн цааснаас өөр юу ч үгүй байв.

Эхний үед хоолны мөнгөө олохтой үгүйтэй байхдаа дөнгөж биеэ үнэлж эхэлж буй нэг охинтой хамт нийтийн байрны умгар, уйлмаар өрөө хөлсөлдөг байв.

Бадмаад мэдээж ямар ч ажил байсангүй. Арван есхөн настай давжаахан биетэй тэрбээр шөнөдөө ууттай цемент, янз бүрийн ачаа зөөж багахан мөнгө олдог байснаа нарийн боовны газар ажилд орж, өглөөдөө шинэ талх зөөдөг болов. Харин сургуульд сурах болсноосоо хойш дахиад л шөнө ажиллах хэрэгтэй болжээ. Ингэж чардайгаад ч олсон мөнгө нь байрны түрээс, гол зогооход бараг хүрдэггүй байв. Гэхдээ цөөнгүй жилийн дараа Бадмаа Улаанбаатарт алдартай өмгөөлөгч болж, хэд хэдэн хуулийн товчооны эзэн болж амжсан юм. Дараа нь агуулах барьж, цахилгаан эрчим хүчний том компанийн захирал болж, шатахууны том корпорацийн Улаанбаатар дах салбарын техникийн захирал болов.

Ээж, эмээдээ хоёуланд нь байр авч өгөөд, өөрөө хувийн харш, эдлэн зуслантай болсныхоо дараа нөхөрт гарч гурван хүүхэд төрүүлсэн юм. Ийм эмэгтэйчүүд миний гайхлыг төрүүлдэг. Эрэгтэйчүүдээс илүү хүчтэй хувийн чанараа юм болгон дээр гаргаад байдаггүйгээрээ, хүрээлэн байгаа хүмүүстэйгээ зохицож чаддагаараа бусад эмэгтэйчүүдээс хавьгүй давуу ийм хүүхнүүд хямралт нөхцөл байдлаас гарах гарцыг бусдаас илүү хурдан олж чаддагт гайхах зүйлгүй.

Дээдсийн үдэшлэг дээр ганц жүнз вискинээс хэтрүүлэлгүй, өглөө нь эртлэн босч, биеэ хүчлэн байж ажилдаа дахин толгойгоороо шумбан орох нь SMW-уудын үндсэн чанар.

Тэд нас, үс, хувцас, уруулын будгаараа янз бүр боловч өөрсдийгөө илжигтэй зүйрлэхээсээ огтхон чичдэггүйгээрээ адил. Учир нь тэд бизнесээ, ажилчид, түншүүд, хамтрагчдаа чирэн явдаг. Урдах, хойдох нөхрүүд, эцэг эх, тэнэг ах, эгч, дүү нараа, бас азгүй найз хүүхнүүдээ хаяж чаддаггүй.

Өөрөөс нь илүү мөнгө олох болсон эхнэрээ тэвчиж чадаагүй, амьдралд итгэх итгэлгүй, амьдрах чадваргүй анхны нөхрүүд нь эхнэр хүн тогоо барихын оронд “өөр шигээ өөдгүй” хүмүүстэй юуны ч юм хэлэлцээр хийн, шөнө дунд ирээд, ор хөнжилдөө амьгүй гуалин мэт хэвтэхийг нь хүлээн зөвшөөрч чаддаггүй юм.

Харин ямар ч байсан нөхөрт гардаг SMW-уудын өөрөөс нь хамаагүй залуу нөхрүүд санхүүгийн хувьд хараат байх учир санал зөрөлдөх нь бага. Үнэт эрдэнийн чулуун шигтгээтэй томоо ээмэгний хажуудах хацрыг үнсэх тусам

“Мөнгөнөөс өөр юу ч үгүй тэр ямар ядуу юм бэ”

хэмээн үглэсэн италийн гүн ухаантан Артур Графын үгийг хэн ч санадаггүй байгаасай гэж би боддог. Харин хэн бэ гэдгээ хэнээс ч илүү мэддэг SMW-ыг энэ үг ёстой нэг шумуул хатгасан төдий цочоохгүй биз ээ.

2010 он

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !