АНОРЕКС: ХЭЗЭЭ САНАА ЗОВЖ ЭХЛЭХ ВЭ?

10-14 настай охин бие галбиртаа сэтгэл дундуурхан, тавагтай зуушийг хөдөлж цөхөн хоёр нэгээр сэрээдэж, илчлэг, тослогийг тооцоолж, “тураах” сайт-уудаар 24 цаг тэнүүчилнэ. Энэ чинь өвчин үү, аль эсвэл шилжилтийн насныхны ээлжит үзүүлэх тоглолт уу? “Миний охин 15-тай, тэр минь угийн л туранхай. Харин надад нэг удаа, би ямар ч хоолны дэглэм бариагүй, зүгээр л юу ч идмээргүй байдаг болчихлоо  гэхэд нь анх санаа зовж эхэлсэн юм.

Өөрийгөө ингэж эцэст нь тулгах нь ямар аюултай болохыг би охиндоо ойлгуулахыг яаж ч хичээсэн, тэр инээд наргиа болгоод л, миний болгоомжлолыг шал дэмий юм гээд байдаг. Хүүхдийн эмч болохоор охины минь хэт туранхай гэдэг дээр санал нийлж байгаа ч аймаар зүйл алга гэх. Би яаж тайван байх юм бэ, бүр нэг эмгэг өөрчлөлт болчих вий гэсэндээ нүд алдалгүй харж суух болсон” хэмээн ярьж буй найз маань өсвөр насны хүүхэдтэй орчин үеийн олон ээж аавуудын адил хүүхдээ анорексээр өвчлөх вий гэсэн айдас түгшүүр дээр үндэслэсэн шинэ хэлбэрийн мэдээллийн солиорлын золиос болоход бэлэн байна.

Үнэндээ энэхүү аймшгийг сэтгүүл дээрх биегүй шахам загвар өмсөгчдийн зураг, анорекст зориулсан интернэтийн фото-сайтуудын үс арзаймаар цувралууд, түгшүүрийн харанга дэлдсэн хэвлэлийн хуудас, сэдвийн дагуух наминчлал-номуудаар улам хөөрөгдөж байна. Мэдээж сэрэмжлэх зүйл байгаа ч шууд л ухаан алдатлаа айж тэвдэх хэрэг байна уу? Анорекс өвчин боловч шилжилтийн насныхны 1,5-2%-д л илэрч байна.

Энэ бол моод дууриан турах дон, гялсгээд өнгөрчихдөг өсвөр үеийнхний маяглал биш.

Анагаах ухааны төлөөлөгчидтэй сүүлийн хэдэн зууны туршид тулгарч буй сэтгэцийн өвчний тухайд л гол асуулт тавигдаж байгааг ойлгох хэрэгтэй. Бүр ХII зуунд Авиценна одоогийнхоор бол анорекс гэж оношлогдох шинж тэмдгүүдтэй нэгэн өвчтөний тухай тэмдэглэсэн байдгаас хойш ХХ зууны эхээр анорексийг сэтгэцийн эмгэг хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн байна.

“Хоолны дур хүслийн алдагдал” хэмээх онош энэ өвчний мөн чанарыг оновчтой илэрхийлэхгүй байна гэж сэтгэлзүйч-эмч нар үзэж байгаа юм. Өвчтөнүүд гоо сайхан ба гоолиг бие галбирын тухай “гажуу” хүрээн дотроо өөрсдийгөө олж үзэхийн тулд хооллох дур хүсэлтэйгээ цөхрөлтгүй дайтаж байдаг. Хүнсний бүтээгдэхүүнийг лаазалж нөөшлөх арга ажиллагаа болон хоолны эх үүсвэр-ээжийг орлох болсон “хөргөгч” хэмээх ашигтай төхөөрөмж бий болсноос хойш энэ өвчний тархалт эрчимжсэн нь сонин.

Францын психоаналитик Жак Лаканы үзэж байгаагаар анорекс-өвчтөн хамгийн цэвэр, хамгийн зөв, нүгэлгүй харагдаж байгаа тийм нэг цор ганц зүйлийг л иднэ. Энэ мөчдөө тэрээр өөрийн үнэмлэхүй бие даасан байдал, бүхнийг чадагч эрх чөлөөгөө мэдэрч байдаг гэнэ. Өөрийн ижилгүй чанарын эрэл нь хүүхдүүдийг гүнзгий зөрчилд оруулдаг. Өчүүхэн зүйлээр ч болтугай амьдралынхаа эзэн гэдгийг мэдрэх шаардлага, энэ эрх мэдлийнхээ үр дүнг бүх дэлхийд зарлан тунхаглах хүсэл, тэгээд дээрээс нь биеэ даасан хариуцлагатай том хүн болохоос, хийх сонголт, угтах амьдралаасаа эмээх сэтгэл тэднийг амар заяа үзүүлдэггүй.

Шилжилтийн насанд эрс өөрчлөгддөг биеийн хэлбэр, гадаад үзэмжээсээ болж өөртөө дур гутан ичихдээ хийсвэрлэлийн ертөнцөд нуугдах зэргээр өөрийгөө хайрлаж чадахаа больсон охид бусдын хайрыг хайж эхэлнэ. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авч чадахгүй хөөрхий охид “дотор муухайрам” биеийнх нь тухай сөрөг бодолд автахгүй л байвал болоо гэж хамаг байдгаа хичээл болон биеийн тамираар хичээллэхэд зориулдаг болж ч магад.

ХЭН БУРУУТАЙ ВЭ. Хоолны дэглэм барихаас түүх эхэлж болох боловч ямар нэгэн таагүй явдал: дотны хүний үхэл, эцэг эхийн салалт, оршин суух газрын өөрчлөлт, сургуулийн маргаантай асуудлуудын дараа хөнгөн сонирхол хүнд өвчний хэлбэрт шилжсэн нь ажиглагддаг. Анорексээр өвчлөгсдийн ихэнх нь эмзэг мэдрэмтгий, биеэ чагнадаг, их сэжигч, цээрч байдаг бөгөөд бэлгийн бойжилт явагдаж эхлэх үед эдгээр чанарууд бүр ч хурцаддаг. Хоол хүнсэнд хандах бидний хандлага нялх балчирт эх үрийн харьцаан дээр тулгуурлан бүрэлддэг учраас өвчний эхлэл, даамжрах явцад ээжийн үүрэг, ер нь ээж, аав-хүүхдийн харьцааны доголдол онцгой нөлөө үзүүлдэг байна.

ЖИНХЭНЭ ӨВЧИН. Туранхай байх ба анорекс хоёр адил утгатай биш шүү. Биеийн жингийн бага хэмжээ нь хөгжлийн онцлог, эсвэл дотор өвчний шинж тэмдэг байхад анорекс бол юуны өмнө сэтгэлзүйн өвчин. Сэтгэлийн энэ эрүүл бус байдал нэг талаас дунджаас дээгүүр интеллект, нөгөө талаас анорекс өвчтөний ментал биеийн нарийн хөгжлөөр давхар илэрч байдаг.

Анорексээр өвчилье гэж шийдчихэж болдоггүй, харин эсэргүүцэж хүчрэмгүй бодит байдал л өвчлөгсдийг юүлүүрийн эргүүлэг шиг ховх сорж, тэдэнд өөрийн үйлдлийн үр дагаврыг олж харах чадалгүй, зөвхөн өвчнөө үгүйсгэж амьдрах л үлддэг. Мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хүүхдийнхээ өвчтэй эсэхийг тогтоосны эцэст ямар ч тохиолдолд эрээ цээргүйгээр түүний амьдралыг хянаж, хэт ядаргаатай асуултуудаар хошуу дүрж, шархан дээр нь давс үрэхгүй байх нь дээр.

Хүүхдийг тань түгшүүртэй орчин биш, ямар л байгаа, яг тэр чигээр нь хүлээж авах
хайртай хүмүүс л хүрээлж байх ёстой шүү.

АЙДСЫН ДОХИО. Моодны хооллолтоор аальгүйтэж байгаа жаал охин ба анорексийн золиос хоёрыг яаж ялгах вэ?

ЗОРИЛГОГҮЙ ӨЛСГӨЛӨН. Даавруудын нөлөөгөөр галбир өөрчлөгдөж байдаг энэ үед охид илүү жингээ хасах гэж хоолны чанга дэглэм барьж болох юм. Энэ тохиолдолд тэр сарын дотор 3 кг хаяж, бариу жийнсэндээ төвөггүй багтах тодорхой зорилго тавина. Харин ямар ч хүндэтгэх шалтгаангүйгээр хоолойгоороо хоол давуулахаа болино гэдэг сэтгэл зовинох анхны сэрүүлэг юм. Хоолоо зүгээр л сойж буй охид хасагдсан амттануудын араас шүлсээ залгин үглэж байдаг бол анорекстсэн охин хэзээ ч юу ч хэлэхгүй. Харин ч бүр эсрэгээрээ өлсгөлөн түүнийг таатайхан мансуурлаар өлгийддөг.

ХҮНСНИЙ АНГИЛАЛ. Анорекс өвчтөний хувьд ширээний ард сууна гэдэг жинхэнэ шалгуур. Тэр илчлэгийн хүснэгтийг үржүүлэхийн хүрд шиг л цээжээрээ хэлж, өөх тос, чихрээс нүд анин татгалзаж, үмх бүрээ эцэсгүй удаан зажилна. Биеийнх нь төгс төсөөллийн цэвэр онгон байдлыг эвдэхгүйн тулд идсэн юмс нь холилдох ёсгүй, бие биетэйгээ шүргэлдэж ч болохгүй. Зүгээр л турах зорилготой охидоос ялгаатай нь тэд хоолноос зугтдаггүй. Зарим нь бүр өрөөндөө хоолоо өрж, биеэ барих чадвараа шалгаж, байдлыг гартаа авч буй мэт сэтгэгдэлдээ жингүйдэж байдаг.

ХЭТ ИДЭВХЖИЛ. Дэглэм барьж буй хүүхдүүд биеийн тамирын зовиуртай дасгалаас татгалзаж байхад анорексчүүд өөрийгөө нурж унатал спортоор “тамладаг”. Бас нэг шинж тэмдэг: шилжилтийн насныхан заримдаа сулбайж, “хөдөлнө” гэсэн бодлоосоо ч хүртэл ядардаг байхад анорекстсэнүүд эцэж цуцалтгүй гүйж харайж, хичээлээ явуут дундаа хийж, баадууг нь чангалчихсан юм шиг л цовхчиж байдаг.

ӨНГӨЛӨН ДАЛДЛАЛТ. Өвчин эхэлмэгц бяцхан анорекс өвчтөн биеэ нуух гэж хэлхгэр сул хувцаснууд сонгож эхэлнэ. Зоогийн ширээний ард суухгүйн тулд байж болох бүх шалтгийг (өвдсөн, унтсан, найзтайгаа хооллосон, жоохон байж байгаад идье г.м.) тоочдог болно. Хөөрхий амьтан, энэ бүхнийг таашаал авах гэж, тооцооны хариу болгож хэлээгүй, дотныхоо хүмүүсийг гомдоохгүй гэсэндээ л хийдэг.

Яагаад гэдгийг сайн ойлгодоггүй ч тэднийхээ сэтгэлд юм хийж байгаагаа мэдэрдэг учраас болох сөргөлдөөн бүрээс зайлсхийж (өөрийнхөө төлөө биш) байдаг. Гэвч бодит ертөнц ба дотоод ертөнцөд нь болж байгаа зүйлсийн дэнсийг тэнцвэртэй тогтоон барих нь маш хэцүү учраас энэ тэмцэл түүнийг дотроос нь сорж байдаг.

БУЛИМИ. Тодорхой цэгт хүрээд анорексээр өвдсөн 10 охины 9 нь бөөлжиж эхэлнэ. Ийм тохиолдолд өвчтөн дахин идэж эхэлдэг ба биеийн жин нь итгэлтэйеэ нэмэгдэж эхэлдэг учраас өвчнийг танихад хүндрэлтэй болдог. Гэвч үүнээс болж асуудал шийдэгдэхгүй. Булими бол анорексийн урвуу дүр.

Ядсан охид замдаа таарсан болгоноо хуу хамж идээд, дараа нь багларсан гэмшил харамслаа бөөлжиж гаргахыг хичээдэг болно. Улайсан хацар, шарлангуй, нулимс гүйсэн нүд булимигийн таних тэмдэг. Зарим тохиолдолд шээс хөөх, тайвшруулах, цэвэрлэх эм ууж болох ч дуршил бууруулах юуг ч хэрэглэж болохгүй. Булимигаар өвдсөн охид доторхоо цэвэрлэх гэж өдөрт 5-6 л ус ууж эхэлдэг.

ЭЭЖ ААВУУДАД. Өвчний идэвхтэй үед ээж аав-хүүхдийн харьцаа их төвөгтэй болж, хүүхдийн ментал сэтгэхүй элдэв арга залиар хэрэгжиж эхэлдэг нь нэгэнт ганхаж эхэлсэн гэр бүлийн хэлхээ холбоог нураачих нь бий. Хүүхдээ амлалт, тохиролцоо, албадлага, сүрдүүлгээр эдгээчихнэ гэж өөрийгөө бүү хуур. Бодисын солилцооны хэмнэл алдагдсанаас бэлгийн бойжилт удааширч сарын тэмдэг ирэхгүй байх хүртэл эрхтэн тогтолцооны хямрал болно.

Биеийн жин зогсолтгүй уруудах нь даралт багадах, биеийн дулаан буурах, хавагнах, зүрхний хэм алдагдахыг дагуулж арьс, хумс, шүдний асуудал толгойн өвчин болно. Эцэг эх дангаараа юу ч хийгээд хэрэггүй. Хоолны дэглэм судлаач, сэтгэлзүйч, мэдрэлийн эмч, хүүхдийн эмч нарын нэгдсэн баг тохиолдол бүрт эмчилгээний өвөрмөц барилыг тогтоох ёстой. Ээж аавууд сэтгэлийн хат, тэвчээр, ухаанаа шавхаж эмчилгээ үргэлжлэх хэдэн сарын турш хүүхдээ халуун элгэндээ түшиж, дэмжих ёстой болно доо.

Энэ бол маяг биш, өвчин юм шүү дээ гэдгийг бүү мартаарай.

Дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн зүй тогтлыг судалдаг эрдэмтдийн зарим нь анорекс бол шинэ эриний хүмүүсийн биологийн онцлог болох-хүнс тэжээлтэн биш, нар, агаар зэргээс энергийн түвшинд тэжээгддэг болох үйл явцын бэлтгэл гэж үзэж байна. Дэлхийн залуу бүсгүйчүүдийн 80% нь ямар нэг хэмжээгээр хоолны дэглэм барьж байгаагаас гадна цагаан хоолтон, цэвэр ногоон хоолтон, зөвхөн үр тариагаар хооллогсдын тоо нэмэгдсээр байна.

”Миний амьдралын туршлага намайг нэг л дүгнэлтэд хүргэсэн. Ямар ч тохиолдолд, ямар ч дүгнэлт бүү хий!” гэж нэг их ухаантай эмэгтэйн хэлснийг би санаж сууна. Анорекс одоохондоо дэлхийн хүн амын цөөн хэсгийг хамарч байгаа боловч нийгэмд ямар сөрөг үр дагавар үзүүлж буйг хэн ч тооцоолоогүй.

Анорексээр үрсээ алдсан эхчүүдийн гашуун нулимсаар энэ гарз хохирлыг хэмжих нь учир дутагдалтай мэт. Нөгөө талаас ямар ч өвчний үед дэвэргэж цочроосон элдэв шуугиан нь сэрэмжлүүлэг гэхээсээ сэтгэлзүйн дарамт болж өвлөгсөд, үхэгсдийн тоог нэмж, “хийсвэр” өвчлөгсдийг дагуулж байдаг гэмтэй. Аль ч тохиолдолд үр хүүхдүүд минь ээж ааваас илүү дотно найз, түшиг тулгуур гэж үгүйг санаж, хэлж ирдэггүй өвчнөө ялан гарахад нь халуун гараа сунгаж, хайрын энгэрээ дэлгэцгээе.

2012.03.22

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !