Амьд лекц

Хэрэгтэй юм ярьж байгаа цорын ганц хүн нь би биш ээ. Толгой эргэм олон арга хэмжээ, нүд эрээлжлэм мэдээлэл дундаас энэ лекцүүдийг сонгоод ирж байгаа ээжүүддээ бол би бүр сөгдмөөр байна. Завтайдаа, мөнгөтэйдээ ингээд ирээд байдаг юм биш ээ, тэд.

Ажилгүй хүн гэж ганц ч байхгүй, илүү мөнгө хэнд ч байхгүй.

Өөрийнхөө амьдралыг үнэлж хүндэлж, тэр утгаараа өөрийн гэр бүл, харилцаануудаа илүү эрүүл, илүү гүнзгий болгохын төлөө зарим зүйлийг хойш тавин байж, зохицуулан барин байж лекц бүрт ирж байгаа та нартаа нөхрүүд, хүүхдүүд, ээжүүдийн тань өмнөөс, хамгийн гол нь саяхнаас та нарт үнсүүлж, тэврүүлж, эрхэлж эхэлсэн жаалхан охидын өмнөөс хзягааргүй их талархан мөргөмөөр байгаа юм.

Лекцүүдэд ирэхээр сонирхож байгаа ээжүүддээ хандаж хэлэх юм бас байна. Та бүхэнд юунд ирэх гэж байгаагаа, тэндээс юу олохыг зорьж байгаагаа эхлээд сайтар бодож үзээрэй.

Таны хамгийн үнэт зүйл болох амьдралын 2-3 цаг, мөнгө, эрч хүчээ зарцуулах зүйлдээ тоомсоргүй хандахгүй гэдэгт тань итгэж байна.

Тусгайлан цаг гаргаж сонсох, тунгааж бясалгах, хийх дасгал болохоос цагийг сайхан өнгөрөөх төдийхөн, босон суун, идэж уунгаа хийх юм биш ээ. Энэ бол хүн бүрийн ГАВ ГАНЦААРАА хийдэг тэр зүйл юм. Тэгээд бодохоор миний лекцүүдэд ирж байгаа ээжүүдийн сэтгэлийн хүчийг би биширдэг. Лекцийн бичлэгийг авч сонсоод, бүр хэд дахин сонсохоор үл барам цаасан дээр буулгаад, өдөр бүрийн цагийн хуваарьтаа тусгайлан цаг гаргаад, хичээл шиг хийгээд явж байгаа ээжүүдийн оюуны сахилга батыг шүтэхээс биш яах вэ?

Амьд лекц бол “Цагийг сайхан өнгөрөөгөөрэй”-с тэс өөр зүйл.

“Уйлмаар байвал инээ, дотор чинь онгойно. Өөдрөг бай. Бүх юм бүтнэ. Хүүхэд чинь болохгүй байна уу? Хайрла. Тэгээл болоо. Итгэ. Бодлын хүчээр бүгдийг болгоно. Хүс. ЧИ ЧАДНА” гэх маягийн хямдхан үзүүлбэрүүд энд байхгүй ээ. Би хүүхдээ яаж хүмүүжүүлж байна вэ? Би өөрөө хэр хүмүүжилтэй юм бэ? гэдгээ хамгийн түрүүнд харна. Ихэнх маань маш буруу хүмүүжсэн байдаг. Тэгэхээр хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд би өөрөөсөө эхлэх ёстой, аав ээжийнхээ цагтаа хийгээгүй юмыг одоо өөртэйгөө хийх ёстой болдог. Энэ лекцийн хамгийн гол үнэ цэнэ бол юуг ээж аав заавал хийх ёстой, юуг хийх хэрэггүй болон бидний хүчин чадал хаана хүрэх, хүрэхгүйг ялгаж салгаж ухаарахад оршиж байгаа юм.

Бид бүхнийг чадагч биш. Бурхан л биш юм бол. Биднээс хамаарах зүйл маш олон, бидний хүчин мөхөстөх зүйл ч олон.

Энэ лекцэнд ирэхээр шийдсэн бол танд баяр хүргэе. Таны хүүхдүүдийн өмнөөс баярлалаа гэж мэхийн ёсолъё. Лекцийн дараа сонссоноо хэрэгжүүлж, үнэхээр өөрчлөгдөхөөр шийдвэл би бүүр тэврээд үнсэх болно. Яагаад гэвэл энэ замаар цааш явах хувь заяа хүн бүрт байдаггүй юм. Заримынх нь дотор өчнөөн жил суурьшчихсан муу зуршлууд байраа амар тавьж өгөхгүй. Тэр хүмүүс орхидог. Зарим нь ойлговч “…хүсэхэд хясаад.. ” амжихгүй энэ тэр болдог.

Заримд нь бол энэ уулаасаа хэрэггүй байдаг. Тэгээд 1 өдрийн дотор “Би чадна” болгож өгөх өөр сургалт уулзалтаа хайгаад явдаг. Асуулт ямар байна, хариулт тийм л байна. Та юу олохыг хүсч байна, таны савны хэмжээ ямар байна, тэрийгээ дүүргээд л авна. Хүн бүр өөр. Миний лекцэнд ирсэн, ирж байгаа, ирэх гэж байгаа бүх ээжүүддээ би баярладаг. Таалсан, муулсан, надад чин сэтгэлийн үгээ хэлсэн, хамт уйлсан, инээсэн, хамгийн гол нь эдгэрч чадсан ЭЭЖ ТАНДАА БАЯРЛАЛАА!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !