Эрчүүдийг юунд буруутгаж болохгүй вэ?

“Тэдэнд ёстой итгэж болохгүй” гэж хүүхнүүд ярвалзана. “Бүх эрчүүд но…” гэж зурагтын дэлгэцнээс хашгична. Ийм үгсийг сонсоогүй хэн байх вэ, харин өөр үгсийг сонсох гээд үзье. Жишээ нь, гэрлээд есөн жил болж байгаа, бяцхан хүүтэй, 36 настай залуу юу гэж байгааг. “Гэрээсээ хэд хоног “зугтчих” бодол жилд лав 20 удаа надад төрдөг ч би нэг ч удаа үүнийг хийж байгаагүй. Харин жаал амаръя гэж шийдсэн эхнэр маань хоёр ч удаа юмаа цуглуулаад, ямар ч эргэж хургах юмгүйгээр, амралтын өдрүүдээ найз хүүхнийдээ өнгөрөөхөөр явчихсан”.

Эрчүүдийг урсгал даган хөвж явахад, эмэгтэйчүүд хөдөлж байдаг.

Яагаад? Ээжийнхээ хувьд бүх юм нь гэдгээр өөрийгөө төсөөлж байсан балчир хүү 3-5 насандаа ээжийнх нь хүслийн тусгал бол тэр биш, эцэг нь юм байна гэдгийг олж мэдэх нь түгшүүр бас нэгэн зэрэг хөнгөрөл болно. Яагаад гэвэл, эцэг хүүгийн чин сэтгэлийн илэрхийлэл, бие биеэсээ хайр энхрийллийг хүсэн хүлээх нь гомосексуал буюу “хориотой” мэдрэмжтэй холбоотой байдаг. Иймээс эцэг хөвгүүд эрхлэх, энхрийлэх, зөөлөн байх бүх хэлбэрээс зугтаж байдаг нь хүүхдийн хувьд хайрыг нь хуваалцахгүй байгаа хөндүүр сэтгэгдлийг үлдээдэг.

Ингээд л хөөрхий хөвгүүдэд ямар ч нөхцөл болзолгүй анхны хайр-ээжийн хайраа дурсах, түүнийгээ даван туулж, өөр эмэгтэйтэй харьцаа тогтоож суралцах л үлдэж байгаа юм даа. Иймээс санаачилга гаргахаас эмээх, хаягдах, ганцаардлыг мэдрэх, гологдохоос шалтгаангүй айдаг сэтгэлзүйн онцлогтой эрчүүдийг эмэгтэй хүн ойлгох ёстой.

Харин охидын бэлгийн бойжилт шал өөр хөрсөн дээр явагддаг. Ээж охин хоёрын ичих зовох юмгүй “нялуун” харьцаан дээр эцэг охины эрүүл “гетеросексуал” хайрыг нэмсэн охидод энхрийлэл, хайр хүндэтгэл, сэтгэлийн илэрхийлэлд догдлон хандаж сурахад амар байх нь мэдээж. Аавын хандлага охидыг эмэгтэй хувь хүнийх нь хувьд баяжуулж, мэдрэмж ба үйл хөдлөлийн эрх чөлөөг мэдрүүлэхийн зэрэгцээ эсрэг хүйснээс ирэх хайрын хүлээлтийг нь өндөрсгөж байдаг.

Иймээс л эрэгтэй, эмэгтэй хоёр хүний учрал гэдэг бол хүн хоорондын харилцааны тухай тэс хөндлөн төсөөлөл, эсрэг тэсрэг хоёр туйлт туршлагын мөргөлдөөн байдаг юм даа. Эрэгтэй хүн бүр эмэгтэйгээ сексийн хувьд хангахгүй байх вий гэж болгоомжилдог. Эмэгтэй нь болохоор өөрөөсөө “Эмэгтэй байна гэдэг чинь яахыг хэлдэг билээ? Ээж яадаг байлаа? Загвар өмсөгч шиг хувцаслах уу? Эгч шигээ, найз шигээ хүүхэд гаргах уу” гэж тулгамддаг.

Эмэгтэйлиг байна гэдэг бол яг үнэндээ, нэг л бүрэн дүүрэн бус, ямар нэг юмаар дутна гэсэн үг юм шүү дээ. Тэгээд зөвхөн хайр сэтгэл л элдэв асуудал, гай тотгороос хамгаална гэж бүх эмэгтэйчүүд далд ухамсартаа бат шийдчихсэн байдаг. Энэ зэрэглээ л хайрыг абсолют болгон хувиргадаг. Гэтэл эмэгтэйчүүдийн тэгтлээ мөрөөдөөд байгаа туйлын хайр чинь бодит ертөнцийн, бодит эр хүнд цогцлон бүрдэх ямар ч боломжгүй. Тэгээд л хөөрхий урам хугарсан эмэгтэйчүүд Бурханыг хайрлах хайр, мэргэжлээрээ “өвчлөх”, хүүхдүүддээ өөрийгөө “золиослох” гэх мэт хайруудад амь хоргодохоос аргагүй болно доо.

“ТЭР НАМАЙГ ОЙЛГОДОГГҮЙ”. Хүн хоорондын харьцаа гэдгийг эмэгтэйчүүд, юуны өмнө, үгэн тохиролцоо гэж боддог учраас л “Чи надтай ерөөсөө ярьдаггүй” гэсэн зүйл ангиар бүх эрчүүд буруутан болно. Орчуулбал “Чи намайг ойлгодоггүй” л гэж байгаа юм. Энэ хэдхэн үгэнд хоёр хүйсийн сэтгэлзүйн эрс тэс хэрэгцээ маш хурцаар илэрч байгааг анзаарав уу? Эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөнөө амаар, бичгээр, үгээр л илэрхийлэхгүй бол багтарч, багларч, бөглөрч, бөөн юм болно. Өнгөрсөн өдрийнхөө хамаг юмыг хажуудахтайгаа нэгд нэгэнгүй шүүн хэлэлцэхгүй л бол ихэнх хүүхнүүд байж сууж чадахгүй.

Ийм харилцааны ачаар тэд өөрсдийнхөө сэрэмж мэдрэмжийг ухаарч, өөрсдийгөө ойлгож байдаг. Гэтэл эрчүүд шал ондоо. Ярих хэсгийг хариуцдаг тархины нейрон эрчүүдэд хүүхдүүдийнхээс 17 хувиар бага байдаг. Үүнээс гадна хөвгүүдийг багаас нь бага ярих, юу мэдэрч байгаагаа хүлцэн өнгөрөх, юу ч болоогүй мэт царайлахад сургаж байдаг учраас хэл яриаг тэд зөвхөн мэдээлэл дамжуулах хэрэгслийнх нь л хувьд ашигладаг. Тэгэх тэгэхдээ бүр маш гамтай, маш хэмнэлттэй ашигладаг гээч.

“ТЭР ДАНДАА АСУУДЛААС ЗУГТДАГ!”. Үг яриагаар ангаж цангадаг эмэгтэй хүний ургуулан сэтгэх дараагийн алхам нь “Чи дандаа л асуудлаас бултаж байдаг!”. Ямар нэг сөргөлдөөн болоход ямар ч эр хүн дуугаа хураадаг. “Улам зовоочих вий гэсэндээ л…” гэж тэдний ихэнх нь бувтнадаг ч, яг үнэн үү? “Би түүнийг дахин харахыг хүсэхгүй байгаагаа заавал хэлж яах юм бэ? Хэрвээ би утастахаа л байчихвал бүх юм дууссан гэдгийг надаар хэлүүлэлтгүй өөрөө ойлгох байлгүй дээ” гэх эр хүний үг юуг хэлж байна даа? Эрчүүдийн иймэрхүү “хулчгар” зан нь өөрсдийнхөө мэдрэмжээс айдаг айдастай нь холбоотой.

Аливаа асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийснээрээ эрчүүд санаа зовоосон зүйлсийг мартдаг.

Тэд өөрөөсөө нуугдаж байж л өөрийн үнэлэмжээ хамгаалдаг. Ээжээсээ “хагацан салах” үйл явцыг зүй зохистой даван туулж чадаагүй эрчүүд “дахиад дасал, дахиад хайрлал, дахиад хагацал”-аас зугтах загвараар л явна. Дахиад л урам хугарал, гарз хохирлын гашуун зовлонг амсахгүйн тулд тэд нээгдэхийг, харьцаандаа өөрийгөө бүтнээр нь зориулахыг хүсдэггүй. Иймээс л эрчүүдийн олонх нь мэргэжлийн асуудлыг шийдэх нь хосын харилцааг шийдвэрлэхээс хавьгүй дээр гэж үздэг юм.

Үүнчлэн, нөгөө хүнээ ямар ч л байсан дэргэдээ үргэлж байлгах гэсэн олон эмэгтэйчүүдийн хачин хүслийг тэд “түгшүүртэй” наалдалт гэж хүлээн авдаг. Талуудын аль аль нь хүүхэд ахуйдаа гэмтэж бэртсэн сэтгэлтэйгээ л учраа олох гэж мунгинаж байгаа хэрэг. Эцсийн дүндээ эм нь эрдээ тэмүүлнэ, харин тэр нь зугтан одно. Энэ зугталт бол эрчүүдийн үхэлд хандах онцгой үзэлтэй салшгүй холбоотой.

Шийдвэр гаргана гэдэг бол эргэж буцах боломжоо үүрд алдана гэсэн үг болохоор л энэ айдсаас салахын тулд эрчүүд “Хэрвээ би үхчихсэн байсан бол…” гэж байгаа юм шиг аашилдаг. Сэтгэцийн энэ байр суурь нь эрчүүдэд түгшүүр, дарамтаасаа ангижирч, өөрөөр хэлбэл, түүнийгээ эмэгтэйчүүдэд үүрүүлж, өөрсдийнхөө өмнөөс “үйл ажиллагаа” явуулах мэдлийг тэдний толгойд углаж орхих боломж өгдөг юм байна.

“ТЭДЭНД ЗӨВХӨН “ЭНЭ” Л ХЭРЭГТЭЙ”. Эмэгтэй хүн хайрлуулахын тулд секс хийдэг. Харин эрэгтэй хүн секс хийхийн тулд хайраа илчилдэг. “Чиний толгойд ганцхан л юм байдаг” гэсэн эмэгтэй хүний үгийг “Чамайг надтай унтаж байхад, чи үүнийгээ дурын хүүхэнтэй хийх байсан гэдгийг би мэдэрдэг. Харин чамайг надад “хайртай” гэж хэлэхээр л би өөрийгөө цорын ганц гэдгээ мэдэрдэг” гэж орчуулж болно. Эр хүн ямар ч эргэлзээгүйгээр “Секс бол хэрэглээ” гэнэ. Эм нь “Секс бол сэтгэл” гэнэ.

“БҮХ ЭРЧҮҮД ХҮҮХЭМСЭГ”. Эр хүний урвалт, эсвэл түүнээс салах нь эмэгтэй хүнийг “Би жинхэнэ эмэгтэй мөн үү?” гэх асуултаараа тархиа дахин гашилгахад хүргэдэг. Эр хүний хувьд бол ойлгохын аргагүй хариу үйлдэл. Түүний хувьд тэсэхийн аргагүй хэцүү юм бол хүүхнийг нь өрсөлдөгч эр нь эзэмдэж буй дүр зураг. Хайр ба секс хоёрыг салгаж ойлгодог эр хүн бол эмэгтэй хүний хувьд “зүгээр л хүүхэмсэг”.

Эмэгтэй хүнд нууц амрагуудын бүхэл бүтэн арми байлаа ч, бүхий л оршихуйгаараа тойрон эргэлдэж байдаг “цорын ганц” заавал түүнд байж л байдаг. Гэтэл эр хүн, бүр дурласан ч бай, нэг эмэгтэйд өөрийгөө бүхлээр нь зориулна гэж хэзээ ч байхгүй. Үхэн үхтлээ хайрлах ганц эмэгтэй түүнд аль хэдийн байгаа. “Энэ бол ээж”. Тэгэхээр энэ байрны төлөө ээжтэй тулалдах, хардах, тамираа баран өөрийнхөө сэтгэцийг хордуулах хэрэг байна уу? “Гэтэл би…” гэж бүү барьц.

Та нөхрөө ээжээсээ илүү хайрладаг бол энэ нь зөвхөн таны л асуудал бөгөөд ийм байхыг бусдаас шаардах нь хамгийн сайн түлхэх арга. Гэвч үнэндээ эр хүн, эмийг биш, эмэгтэй хүн л эр хүнийг эзэмддэг юм гэнэ билээ шүү. Эмэгтэйлэг аалиар ховсдуулсан эрчүүд анхны дайралдсан үл таних эмэгтэйд ямар ч эсэргүүцэлгүйгээр бууж өгдөг. Тэгээд л тэр гайхамшигтай хүүхэнтэйгээ улам дотносох гэнгүүт л үл ойлголцлууд эхэлнэ дээ.

Эр нь таашаалыг хүснэ, эм нь хайрыг хүснэ.

Эмэгтэй хүнд эр нь үргэлж л уяатай байх л хэрэгтэй. Харин эр хүнд хайртай эмэгтэйнхээ тухай цээж дүүрэн амьсгаагаар мөрөөдөхийн тулд өөрийн гэсэн ертөнцөд зай барих хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт л эм нь “хаягдчихлаа” гээд л эрийгээ буруутган зүхэж гарна даа. Зайлуул, нөгөө муу нь, ямар гээч ялд уначихсанаа ойлгох ч үгүй, дэмий л дуугаа хураан…

2010 он

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !