Урлагийг хуурдаггүй хүн

4-р сарын  28, 29-нд Тусгаар тогтнолын ордонд  “Хатан ятга” тоглолтоо хийх гэж байгаа
Ятгын хатан хаан Чулуунбатын Мөнх-Эрдэнийн хөргийг зурсан минь энэ.
Бараг л өөрөө намайг хөтөлж, астралаас гаргасан хөрөг дөө.

Түүнийг би анх  “Говь”-ийн загварын шоун дээр “амссан“ гэдгээ санадаг. Яагаад гэвэл би эхлээд түүнийг олж хараагүй юм. Амьд ба амьгүй манекенуудын завсар чөлөөгөөр нэг танилтайгаа муур хулгана бололцож байх зуур нэг ербусын хөгжим дуурьсч  дотор дэвтээхийг мэдэрч билээ. Хэдэн мөчийн дараа тэнэж яваад, загвар үзүүлэгчдийн дунд холилдох шахам тайзны араас гараад ирчихсэндээ бантаж хажуу тийшээгээ эргэтэл… над руу нэг хүн амьд хөгжим асгачихсан. Тэр бол Мөнх-Эрдэнэ байсан. Тэр асгараан дундуур би бороонд шалба цохиулан гүйх  хүүхэд шиг туйлж байхдаа л түүнд сэтгэлээ алдсан байх даа.

Өөрийгөө “хүн”-ээс агуу болохыг хурцаар мэдрэх мөчүүд тохиолддог гэдгээрээ л
урлагийн хүн “хүн”-ээс ялгардаг.

Агуу мэдэрч, агуу ухаарч, агуу гэрэлтэж байгаагаа агуу илэрхийлж чаддагт урлагийн хүний азжаргал оршдог гэж үзвэл Мөнх-Эрдэнэ шиг азтай, жаргалтай уран бүтээлч ховор. Гэхдээ түүний хамгийн чухал нь “гар” гэж  бодвол дэндүү инээдтэй байх сан. Мөнх-Эрдэнэ бол зүгээр л нэг ноот дуугаргадаг хөгжимчин огт биш. Тэр гүн сэтгэлээ эгшиглүүлж, амьдралыг аргадан байдаг учраас арван хуруунаас нь үерлэн буух хөгжмөн хүрхрээ зүрх бүхнийг дэвтээн ивэлгэж байдаг.

Би Бээжингийн Гранд Театрт италийн “Ромео Жульет хоёр” модерн балетыг үзээд гарч явахдаа бэлэг дурсгалын дэлгүүрт  нь санаандгүй яваад орчихож билээ. Хөгжмийн тухай юу ч мэддэггүй ч хөгжимгүйгээр амьдарч чаддаггүй, хөгжмийг ойлгож, үнэлж дөнгөхгүй ч амин судсаараа амтлан тамшаалан байж “уудаг” би гэдэг хүн тэр олон мэдэх, мэдэхгүй хөгжмийн зэмсгүүдийн дунд Сэм Сэмийг нээсэн Али Баба шиг л алмайран зогсч байснаа эргэн санах бүр “эрдэнэсийн сан” гэдэг үг л санаанд орж ирээд байдаг юм.

Тэгэхэд би яагаад ч юм, ятган хэлбэртэй ээмэг, пуантан зүүлт хэд хэдийг авснаа Монголд ирээд  хүмүүст тараачихаад ганц үлдсэн ятган ээмгээ харан харан, эрдэнэсийн санг дурсан суудаг байж билээ. Хэдэн сарын дараа  “Үхэл үгүй” номын нээлтээ Чойжин ламын сүм музейд хийхээр болох үедээ би заавал Мөнх-Эрдэнээр л тэр дагшин газрын сахиус нарт аялгуун мандал өргүүлэхийг хүсээд байгаагаа ойлгосон юм. Тэгээд танихгүй байж түүн рүү ярьсан.

Намайг тэр бас танихгүй байж, миний номыг дэмжиж, ая эгшгээрээ сэтгэлийн хадаг өргөе гэхэд нь би хязгааргүй их баярлаж “сайхан хүмүүс хичнээн олон юм бэ…” гэж уяран байснаа одоо эргэн санаж сууна. Нээлтийн  урьд өдөр урилган дотроос минь нөгөө ээмгийг олсон Мөнх-Эрдэнэ түүнийгээ зүүчихээд зуны эхэн сарын ханасан уусмал шиг агаарт хөлчүүрсэн моддын доор зогсоод жаахан хүүхдийнх шиг тунгалаг цэнхэр нүдээрээ над руу харан инээж байсан мөчийг би яг одоо харж байна. Тэгж бид хоёр анх нүүр тулан учирч байсан юм. Дараа нь “Үхлийн сурах бичиг” номынхоо нээлтийг Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд хийхэд бас л Мөнх-Эрдэнэ минь Бурхадыг баясган үгээр илэрхийлж боломгүйг хөгжмөөрөө хэлж байсан сан.

Сайн хүн л сайн уран бүтээлч байдагт би эргэлздэггүй.

Цөөхөн энэ хэдэн уулзалтын дараа энэ хавар л би Мөнх- Эрдэнэтэй удаан ярилцаж нэг суух үедээ энэ бүсгүй жаахан биедээ ямар аугаа хайрыг багтааж явдгийг харсан юм. Урлагийн хүн, уран бүтээлч гэдэг бол мэргэжил биш. Энэ бол “онош”. Урлаг гэдэг өвчнөөр эдгэршгүй өвдсөн гэсэн онош.”Би мэдэхгүй шүү дээ”, “Бодож байгаагаа илэрхийлж чадахгүй нь”, “Надаас биш гүн ухаанчдаас л асуумаар юм” гэж сууснаа урлаг гэхээр л нүднээс нь гэрэл цацраад, дуу нь нэг их сонин хайлан өтгөрөөд ирэх юм, түүний “Урлаг бол агаар. Байхгүй бол нь амьсгал тасарчих гээд байдаг тийм нэг юм” гээд инээд цацах.

Тэр нь таалагдах гэсэн, баясгах гэсэн, хүч оруулах гэсэн биш, ээжийгээ хараад дэрвэх үрийн инээд. Үрээ хараад өмөлзөх ижийн нулимстай инээд. Би зөндөө л олон хүнтэй ярилцаж байсан. Харин анх удаа л “уучлал” гэдгийн гарнаас ингэж удаан атган сууж байгаа мэт санагдаж байна. Гараа чанга гэгч нь зангидан цээжиндээ наагаад “Энд нэг юм урагдаж тасраад явчихдаг ч гэсэн уучлах л ёстой” гэхийг нь сонсч суухдаа би “Урлагийн амин сүнс бол номлол биш наманчлал” гэдэг үгийг өөрийн эрхгүй санаж байлаа.

Мөнх-Эрдэнэ номлож биш наманчилж тоглодог болохоор бүхнийг ховсдох мэт эрхэндээ хурааж, хүн бүрийн сэтгэлийн мухрын өрөөний салхивчийг цэлийтэл нээж байдаг байх. Тийм болохоор л түүний хуруу хөгжмийн чавхдасанд хүрэв үү үгүй юү, бодлын нүдний аяганд нулимс дүүрэн мэлтрээд, өдий хүртэл өргөж ирсэн бүхнийхээ өмнө өвдөг сөхрөн унадаг байх даа, бид. Үнэнийг хэлэхэд их нүгэлтэй нь наманчилдаггүй юм билээ л дээ.

Нинжтэй, голтой, мөстэй нь л наманчлах хүчтэй байдаг. Мөнх-Эрдэнэ тэр их хүчдэлийнхээ хүчээр “Хатан ятга”-ыг уйлуулан, “Ятгын хатан хаан” болсон байж таарна. Ятгыг гарт нь бариулж өгөөд, урлагийн омголон хүлгийн дөрөөнд хүргэсэн багшийгаа бурханчлан шүтдэг Мөнх-Эрдэнэ үнэхээр дээдийн шавь. Сайн шавь багшийгаа заавал давж гардаг жамтай. Ухаантай  шавь  улам л бөхийн сөгдөж, Багшийгаа тахин дээдэлж байдаг. Мулгуу нь цагийн сиймхийд гялсхийсэн гялбаандаа бардаж  уг, үрийн холбоогоо тасалдаг.

“Хэрэв би холыг харж чадсан бол аварга хүмүүсийн мөрөн дээр зогсч байсан гэсэн үг” гэж бодож явсан болохоороо Исаак Ньютон харж чадсан алсдаа хүрч чадсан хэрэг шүү дээ. Урьдын сайн ерөөлөөр шүтэн барилдсан багшийнхаа ачийг нандигнан эрхэмлэж явдгийнхаа буянаар Мөнх-Эрдэнэ урлагийн тэнгэрийг баясгаж бүтээлийн хураар халгиж цалгиж явдаг нь мэдээж. Дэлхийг хөлөглөөд нарыг тойрох тоолон зузаараад буй миний амьдралын номын эцсийн дүгнэлт нь “Хэзээ ч ямар ч дүгнэлт бүү хий” байх биз. Гэвч би тойргийн тооноос үл хамааран дүгнэлт хийсээр, хийх бүртээ алдаж, алдах бүртээ “ахин хэзээ ч…” гэж ам гарсаар … Мөнх- Эрдэнэтэй учирсан.

Ганпүрэв, Мөнх- Эрдэнэ хоёрыг харсан би урьдын дүгнэлтээсээ буцаж, “Эгэл байх нь эрхэмсэг оршихуйгаас хамаагүй дээгүүр юм” гэж бодох болсон.

“Би чамд хайртай” гэж байгаагаас “Чи надад хайртай юу” гэж асууж байгаа нь илүү хайртай гэж эндүүрч явсан би үгийн урлагт хэт автчихсан байж. Энэ хоёрын аль нь ч биш, хайртай хүнийхээ аз жаргалын төлөө өөрөө “зулын гол” болоход бэлэн байх чин зориг, халуун сэтгэлийг л хайр гэдэг юм байна гэж мэдэрсэндээ би тэр өдөр учиргүй олзуурхаж билээ. Гоо үзэсгэлэн ба зовлон нажид, хүн төрлийг хайрлах ба туурвихуйд тачаах, ганцаардлын гаслан ба хүмүүсээс залхах, зөрчил ба эвлэрлийн мөнхийн ихэрлэлийн дарамтан дор орших урлагийн аугаа мөн чанарыг олж таньсныгаа Мөнх-Эрдэнэ яаж  хэлэх гээд байгааг харин бид мэдэрч байна уу гэдэг бол өөр хэрэг.

Гэхдээ, “Өөрийг нь урлаг гэж танин барьсан мөчид л урлаг урлаг биш болдог” учраас урлагийн тухай цохож асуух тоолон Мөнх-Эрдэнэ надад “Би мэдэхгүй” гэж хариулж байсан биз. Үнэндээ урлагийг ойлгогчид бий болсон цагаас урлаг чөтгөр лүүгээ тонилсон гэж Р.Вагнер ямар мэргэн онож хэлээв дээ. Мөнх-Эрдэнийг,  уран бүтээлийг нь ойлгох гэж ядаж буй хүнд тэр хосгүй эрдэнэ ид шидээ үзүүлэхгүй.

Тэгээд ч урлан туурвихуйн үед амсдаг сэтгэлийн шуурга, шунал хүслийн түймрийг
уран бүтээлд бүрэн цогцолдог гэж бодвол эндүүрэл.

Дуу авиа бидэнд дуу авианы тухай л хэлдэг, тэгээд л гүйцээ. Үнэхээр ч “Хос эрвээхий” юм уу, “Хэдгэний нисэлт” бол амьгүй тэмдэгтүүдэд амиа нуусан өвлийн ёрдойсон мөчрүүд шүү дээ. Номыг уншигч амилуулдаг, замыг явагч хүчирхэгжүүлдэг шиг хөгжмийн бүтээл хичнээн агуу ч тоглоочийн гараар л амилж, цэцэглэж, үр жимсээ өгдөг гэж би “уран сэтгэдэг”. Сарнайн төрөл хичнээн олон янз билээ, тэр тоолон өнгө, үнэр нь давтагдашгүй.

Уран бүтээлч бүрийн амнаас нэг үг өөрөөр унаж, тоглооч бүрийн хурууны үзүүрээс нэг аялгуу ондоогоор эгшиглэн, өөр өөр зургийг зурдаг. Мөнх-Эрдэнээр овоглох “Conquest of Paradise” “Aranguez”  ямар үр хайрлахыг “Хатан ятга” тоглолтон дээр та эх барьж аваарай. Бид хүйн ээж, Мөнх-Эрдэнэ тээж төрүүлсэн ээж нь байх болно. Мөнх-Эрдэнэ шууд утгаараа маш сайн ээж, жаргалтай ээж, бас их зовлонг гатлан туулсан ээж.

Бурхан хайртай хүмүүсээ илүү сорьж, болд мэт хатааж ширээдэг гэдэгт би итгэдэг. Хүний нутгийн хүйтэн чулууг долоож явахдаа анхны үрээ аймшигт өвчнөөр алдах гэдэг эх хүнд тамын шаналан. Эх нутаг, ээж аав, элгэн садан үгүй … дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн гасланг туулах гүүр нь Мөнх-Эрдэнийн ятга нь байсан. Тэр гүүрэнд хүрэх тэнхэл тасарч, гишгэж цөхөн мөлхөж байхад нь өргөж тавьсан хүн бол амьдралын хань нь байсан. “Үхэлтэй бүжиглэхгүйгээр урлаг нас биенд хүрдэггүй“ гэдэг бол хэрцгий ч гэсэн бодит байдал.

Үхлийн царайг харсан хүн л амьдралын нүүрийг таньдаг.  Амьдралыг магтан дуулагч Мөнх-Эрдэнийн цагаан сэтгэл юу ч үзээгүй гэнэн хонгорынх биш болохоор хорвоогийн зүрх рүү гүн хавж ургасан аварга үндэстэй, хэр баргийн ган гамшгийг өнгөрөөх дотоод гол нь ийм бөх байдаг байх.

Эервүү, зөөлөн, хүний аясаар юм шиг хэрнээ “Бүтээлийг минь хэн ч мэдрэхгүй байсан ч миний мэдрэмжийг өөрчлөхгүй” гэх намуухан дуунд нь эрс өнгө тод.

Анхны сэтгэгдлээр мэл гайхуулж цэл хөхрүүлэгсдийн дэргэд Мөнх-Эрдэнэ сондгойрч гоцлохгүйгээр олонхтой дуртайяа нийлнэ. Харин ертөнцийг харах өнцөг, энэ орчлонг эдэлж барах зориулалтын тухайд хөдөлшгүй туйлын үзэлдээ үнэнч нэгэн. Эмэгтэй хүн байх, эх хүн байж чадахын хариуцлага, хүн төрөлхтний өмнө үүрэх ёстой эхнэр хүний ачааны хүндийг тоочихоосоо өмнө бүсгүй заяаны утга учрын зангилааг эвтэйхэн тайлчихаад илбэн эвхэж байгаад нь Мөнх-Эрдэнийн бадам язгуурын эмэгтэй хүч нь оршиж байдаг гэлтэй.

Ханьдаа зуугаас ч илүү хувь итгэдэг, гэвч амин орон зайдаа түүнийгээ зорчуулдаггүй, олон юмыг хийж чаддаггүй ч ганц зорьсноо эцсийг нь үзтэлээ тавьдаггүй, өрөөлийг мэддэггүй ч өөрийнхөө дүрийг таньдаг ийм нэгэн Хүн-Эрдэнэ. Хөгжим юуг ч нэрлэлгүйгээр Бүхнийг хэлж чадна. Гэхдээ хэлснийг нь бид ухаарах чадалтай байх ёстой.

“Бид хөгжмийг сонсдоггүй юм. Хөгжим биднийг сонсдог” гэж хэн хэллээ дээ. Бид хөгжмийн өмнө сэтгэлийн сонсголоо шалгуулж, солгой бодлоо хөглөн байж  амьдралаа дуулж өгдөг. Ер нь хөгжим бол толь биш. Өмнөө ирсэн болгоныг ямар ч шүүлтгүй тусгах албагүй. Урлаач бүр урлагийг өөрөөрөө нэвчүүлэн гаргахдаа дотроороо нэрж, савныхаа хэмжээгээр шүүлтүүр болдог юм болов уу.

Нэгэн үеийн лут өрсөлдөгчид Аль Пачино ямар ч дүрийг агуу нажид, гашуун бал болгож орхидог байхад, Роберт Де Нирогийн дүр бүр амьдралыг шоолон, дийлдэхдээ хүртэл инээсээр үхдэг. Мөнх-Эрдэнээр нэвтэрсэн болгон ч өөр туяатай болдог. Зөөлөн гэж таарахгүй, илүү гэрэлтэй болдог гэвэл  дөхнө. Буулт биш өршөөл. Гутрал биш эвлэрэл. Дайн биш энхийн уриа дуудлага. Үзэн ядалт биш үнэний агаар. Нэгэн мөрөөдлийг хуваалцахаар ирэх “Хатан ятга”-ын үзэгчид мөрөөдөл биелсний дараах тэр нэг гэгээн гэрлээр  их удаан амьдрах байх гэж бодно. Хэдэн жил, бүх насаараа магадгүй хэдэн амьдралд.

Бүтээл нь шүүмжлэлээс урт насалсан мастер хөөрхий. Харин бүтээлийнх нь тухай
мөнхөд маргалдаж, шүүмжлүүлж байдаг мастер л агуу.

Мөнх-Эрдэнийн “Хатан ятга”–ын тавих томоос том асуултад хариулах гэж нухан нухан бодож, харц минь нар, сараар ээлжлэн хувирахыг ажин ажихын гэгээн гуниг, нясуун жаргалыг эдлэхийг би л лав туйлгүй хүсч байна.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !