Миний тавилан – хайр

Миний хайртай ярилцлагуудын нэг.
Монголоос өөр хэлээр авсан миний анхны ярилцлага болохоор.
Энэ ярилцлагын эхийг уншаад Алиса уйлсан гэж туслах нь
хэлэхэд би бас баярлаад уйлсан болохоор.

“Надаас зөндөө хүн ярилцлага авч байсан. Мэдээж оросууд хамгийн олон авсан. Гэхдээ тэдний хэн нь ч намайг ингэж нээгээгүй. Надад намайг харуулсан танд хязгааргүй баярлалаа.” гэж Алиса хэлсэн болохоор. Алисаг Монголд ирэхэд нь ярилцлагаа авсан, харин би жилийн дараа Москвад очихдоо Алисатай ганцхан удаа 5-хан минут уулзсан. Хэзээ нэгэн цагт Алисатай зөндөө ярьж, москвагийн хуучин гудамжны булангийн кафед сууна даа гэж дандаа мөрөөддөг болохоор…

“Би нүцгэн, хэт мэдрэмтгий, цөхрөн орилсон, гүн нарийн, бас хатуу, ширүүн, заримдаа “алагдсан”, заримдаа аймхай. Алхам бүр л яг шалгалт мэт: алхам бүр минь эхнийх юм шиг, алхам бүр минь бас эцсийх юм шиг”. Алиса Толкачева

Москвагийн дээдсийн хүрээлэн, урлагийн алдартнуудындунд нэр хүндтэй дизайнер Алиса Толкачеваг монголд ирэх үеэр нь ярилцлага авахыг надад санал болгоход миний модон орос хэл намайг бүү яв хэмээн ятгаж эхэлсэн ч би өөрийн мэдэлгүй л орон зайг онгичин, үгэн урсгалыг шүүрдэж, асуулт цуглуулж эхэлсэн юм.

Тэгээд л Алисаг анх хармагц миний бүх тээнэгэлзэл, гайхшрал бут үсэрч, ойрд байгаагүй сайхан аашны хүрхрээ над дээр инээд алдан буугаад ирсэн дээ. Одоо бол энэ нэгэн гайхалтай ертөнцийг надад нээсэн Бурхандаа баярлаж сууна, би. Алисатай яг л гайхамшгийн оронд байгаа мэт үргэлж л үлгэрийн, үл итгэмээр зүйлс тохиолддог байх гэж надад санагдаж билээ. Түүний нэр адилхан болохоор биш, зүгээр л ид шид өөртөө итгэгсдэд л үзэгддэг болоод тэр.

Тоолж барамгүй олон завьтай нэг их далай миний нүдэнд дандаа үзэгддэг.
Завь болгон дээр нэг л хүн сэлүүрдээд байдаг. Хөөрхий эрэлхэг энэ сэлүүрчин нь ямагт эмэгтэй.

Завин дээр хүүхдүүд, хамаатнууд, найзууд, нөхөр(үүд) бас амраг(ууд). Үгүй ээ, XXI зууны эмэгтэй бол нийгмийн ч, гэр бүлийн ч тэжээгч гэж би хэлэх гээгүй юм шүү. Харин эмэгтэй хүн “амин цэнэг”-ийг биеэрээ гэхээсээ сэтгэлээрээ “үйлдвэрлэж”, хүчирхэг хүйсийн дээдчүүлийг ч амьдруулж явдаггүй гэж үү. Алисагийн юу нь надад таалагдсан гээч?Алиса илүү солио, цэвэрхэн холионы төлөө биш, зүгээр л бүх юм нэгэнт ингээд бүтчихсэн учраас байгаагаараа хангалуун сэлүүрдэж чаддагт л түүний баяр баясгалангийн ундарга байдаг биз.

“Язгууртан” гэдэг үг ер нь хэний хэн бэ, хэдэн тэг тоолдог, хэрхэн туйлдгийг илэрхийлсэн ухагдахуун уул нь бол биш юм. Энэ бол таны жинхэнэ язгуур чанар, амьдралаас амьдралд тасардаггүй, улам бэхжиж, улам гэрэлтэж байдаг цор ганц утсыг тань л хэлээд байгаа юм шүү дээ. Алисагийн бүхий л оршихуй нь тэр утсаараа нэвт шувт сүвлэгдсэн болохоор түүнийг “язгууртан” гэхээс өөрөөр нэрлэж би чадахгүй нь.

2009.06


Цогтын Амгалан.
Алиса, Таны нэрийг анх сонсоод оросын “Алиса”хамтлагийн дуучин Константин Кинчевийг би дотроо дуртайяа амьдрууллаа. Бараг 25 жилийн өмнө миний шүтдэг байсан нэг хөвүүн түүнтэй их адилхан байсан болоод тэр л дээ. Зүрхэнд татаад байсан нэг л таатай совин намайг хуураагүйд сэтгэл минь тун хангалуун байна. Юуны өмнө Та нэрнийхээ тухай ярьж өгөөч.

Алиса Толкачева. Нэг удаа ээж минь орост айлчилсан кубын жүжигчдийн балет үзэж л дээ. Тэнд Алиса Алонсо гэдэг бүжгийн жүжигчин байж. Зөвлөлт Оросын бүх л том хотуудад сонгодог балет байсан ч Алисагийн бүжиг ээжийг минь ёстой л ангайлгасан гэдэг. Кубын темперамент чинь сонгодог дэг жаягийн баригдмал хүрээн дотор хүртэл үнэхээрийн гайхмаар байсан хэрэг. Тэр л нар, далай, самба нийлээд дотор лугших амьдралыг гадагш нь сад тавиулснаараа нэгэн хэвийн, хэт ёсорхуу балетчидаас эрс ялгарсан байлгүй.

Намайг төрөхөд надад өгөх нэрийн талаар өчүүхэн ч эргэлзээ түүнд байгаагүй гэдэг. Гэвч аавын талын гэр бүлийн уламжлалаар бол намайг эмээгийн дурсгалд зориулж Елизавета гэж нэрлэх ёстой байсан учраас аав минь намайг албан ёсоор Елизавета гэж бүртгүүлсэн ч төрсөн мөчөөсөө л би Алиса байсан юм. Алисаг сохор байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Тэр бүжиглэхээсээ өмнө тайзан дээгүүр дөрвөн хөллөн мөлхөж, нүх сүв бүрийг нь тэмтэрч үздэг байсан гэдэг. Тэгээд Алисаг тайзаа хэрхэн мэдэрч, орон зайг эзэмдэж байгааг харсан хүмүүс түүний сохор гэдэгт огт итгэдэггүй байх нь аргагүй. Миний зураач болсон минь энэ нэрнээс минь л улбаатай.

Ц.А. Бүх л зураачдын адил Та бүтээлээрээ дамжуулж өөрийгөө нээж, бусдад түгээдэг байх. Ер нь хувцас гэж юу вэ? Өөрийнхөө “БИ”-г нуух хаалт уу, эс бөгөөс тэр “БИ”-гийн илэрхийлэл үү?

А.Т. Хайр гэдэг ойлголт үзэн ядалттай нэг шугаман дээр байдаг шиг бидний бүх үндсэн ухагдахуунууд энэ туйлт чанарыг ямагт агуулж байдаг. Хувцас бол хүний дотоод ертөнцийн хаалт ч мөн, нээлт ч мөн. Хүн чухам аль шатанд байгаагаас л бүх юм хамаараад байгаа юм. Ер нь бол юугаа нууж, юугаа үзүүлэх вэ гэдэг алтан дундаж бий л дээ.

Шилжилтийн насандаа яваа, эсвэл төлөвшиж гүйцээгүй, үгүй бол их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс “Би! Би байна! Намайг хараач!” гэж дэлхийг дүлийртэл чарлаж байгаа мэт хувцасладаг. Ингэхгүй байж чадахгүй болохоор тэднийг яах ч аргагүй. Нас нэмэх тусам хүмүүс сэтгэлдээ шарх, мөрөөдөлдөө гэмтэл авцгаадаг. Хэдийгээр өөртөө итгэлтэй, тогтсон үзэл бодолтой болдог ч өөрийнхөө сул талуудыг харуулахаасаа айдаг болдог байх.

Ц.А. Стилийг өөрийн болгох хэмжээнд хүртэл өсч чадаагүй хүмүүсийн аврах цагариг нь моод гэдэгтэй та санал нийлэх үү?

А.Т. Мэдээж. Өөрийнхөө дотор луу өнгийх чадвартай болохоосоо түрүүлээд юуг ч юм худалдаад авчих чадалтай болчихсон хүмүүс, харамсалтай нь, элбэг. Тэд далавчаа дэлгэн нисэхээс, буруу ойлгогдохоос, нийгэмд, тодорхой хүрээнийхэнд хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас айсандаа моодны цаагуур нуугдчихдаг шиг санагддаг.

Ц.А. Таны үйлчлүүлэгчдээс хэнтэй нь ажиллахад хамгийн таатай вэ?

А.Т. Энэ хүн бол ямар ч эргэлзээгүй Анжелика Варум. Бид арван зургаан жил хамт ажиллаж байна. Тэр миний хувьд зөвхөн захиалагч,хамтран ажиллагч төдий биш. Анжелика бол дуучин, эмэгтэй хүн, ХҮН. Ертөнцөд хандах бидний хандлагын эгшгийг сонсвол нэг өнгөөр л хослон дуулж байгааг сонсч болох байх аа.

Хүнтэй их удаан харьцаад ирэхлээр тэр хүнээ чихэнд нэг л дасал болсон, салахын аргагүй тийм нэг дуу шиг үнэлж эхэлдэг юм шиг.

Ингээд энэ дуундаа биеэ сул тавин хөвдөг болсон цагт нөгөө хүний ертөнцийг үзэх үзлийн нотнууд таныхтай хоолой хоршиж эхэлнэ. Өнгөрсөн жилүүдэд зөндөө л шинэ танилууд, найзуудтай болсон. Гэвч зарим нь миний хэлээр ярихгүй юм даа. Би хүмүүст маш мэдрэмтгий. Миний “Би”-гийн дэнс дандаа л эцэстээ тулсан байдаг. Заримдаа татгалзах маш хэцүү. Гэтэл заримдаа ам нээх хэцүү, жишээ нь, хэн нэгэнд хайртай гэдгээ хэлэх юу юунаас ч илүү аймаар байдаг.

Ц.А. Өөрийгөө яаж харуулахаа мэддэггүй хүмүүс оросын ОРТ сувгийн “Моодны ялын тогтоол” нэвтрүүлгийг үзэж, Эвелина Хромченкогийн тайлбар үгсийг сонсвол хэрэгтэй юм уу гэж санагддаг. Хүнийг орвонгоор нь эргүүлж байгаа тэр өөрчлөлтүүд зөвхөн гадаад хэлбэрүүдийг сайжруулснаар бус дотоодын хөрсөн дээр явагдаж байгаа нь илт. Үгүй сэн бол яг адил даашинз, адил өмсгөлтэй хоёр эмэгтэйд шал өөрөөр харагддагийг яаж тайлбарлах вэ дээ?

А.Т. Тиймээ, Эвелина энэ тал дээр өөрийн байр сууриа маш нягт, ёгтоор уран торгон илэрхийлдэг. Ер нь бол хүн нэвтрүүлэгт оръё гээд хүрээд ирчихсэн л бол ямарваа өөрчлөлтөд сэтгэл зүйн хувьд нэгэнт бэлэн болсон гэсэн үг. Заримдаа хүн өөрийнхөө зөв гэдгийг батлахаар ирэх нь ч бий. Гэхдээ боловсорч гүйцээгүй шилжилтийн насныхны инээд хүргэмээр ийм эрмэлзлэлүүдийг ганц удаагийн оролдлогоор чигийг нь өөрчлөх боломжгүй. Биологийн наснаасаа хамаарахгүйгээр, дотроо зөрүүд хүүхэд хэвээрээ хүмүүс зөндөө л байдаг шүү дээ.

Ц.А. Эвелина нэг удаа “Юуг ч, юугаар ч солих хэрэггүй. Бүгдийг нэг дор, нэг мөсөн байлгацгаая!” гэж хэлж байсан. Ер нь юугаар ч орлуулж болдоггүй, хэзээ ч устаж үгүй болдоггүй тийм чанар гэж байдаг уу?

А.Т. Олон сайхан илэрхийллүүд ямар нэг ерөнхий тодорхойлолттой байдаг. Бүгдээрээ л нэг манантсан маягтай. Юуг, хэзээ, хэн, нэг дор уу, үгүй юу гэдгийг шууд ингээд л барьж аваад хэлчихэд хэцүү. Энэ бүхнийг ойлгомжтой болгохын тулд эхлээд бүгдийг нь сайтар “зажилж”, боловсруулах хэрэгтэй л дээ.

Ц.А. Хэрэв бид нөмөрч явдаг бүхий л баг бүрхүүлээ, оо энгэсэг, гоёл гангараа, нийгмийн байр суурь, санхүүгийн үзүүлэлтүүдээ хуулаад хаячихвал бидэнд юу үлдэх бол? Жаахан цаашлаад бүр биеэ, тархиа гээчихье гэж бодвол …

А.Т. Энэ хорвоо ертөнцөд бид юутай ирсэн, тэр л юм үлдэнэ. Үхэшгүй Кащейг аваад үзье л дээ. Тэр нэг өндөг, зүү хоёрыг л үхэн хатан нандигнаад байдаг. Кащейд алтан алтан уулс, орчлонг эзэгнэсэн эрх мэдэл, элдэв хүч чадал байсан. Тэгсэн мөртлөө нөгөө л өндөг зүү хоёроо ухаангүй харамлаад, хайрлаад байдаг шүү дээ. Өндөг гэдэг чинь нэг тийм их л эмзэг зүйлийн бэлэг тэмдэг, зүү бол их нарийн юмыг л илэрхийлж байгаа юм. Хүн бүрт энэ өндөг, зүү хоёр байдаг. Хүмүүс тэгээд их л бодож өөрт байгаа энэ нандин юмсынхаа тухай бүдэг бадаг таамаглах юмдаа. Харин мэддэгүүд нь бол үүнийгээ аминаасаа ч илүү энхрийлдэг юм гэнэ лээ.

Хүмүүс үхэх агшиндаа өөрт нь юу байсныг хардаг гэсэн. Би өөрөө үхэж үзээгүй болохоор энэ тал дээр туршлагагүй, зөвхөн номноос уншсанаасаа танд ярьж байна. Заримдаа бид хүнийг хараад, харьцаж үзээд, тэр хүний нөгөө тэр нэг юмыг нь чухам яг юу вэ гэдгийг мэдэрдэг. Харин юу мэдэрснээ өөрсдөө даанч ухамсарлаж чаддаггүй л болохоос.

Далай лам л ийм нээлтийг хийгээд байгаа байх. Дэндүү агуу хүч энэ хүнээс цацарч, хүмүүсийг соронзддог болохоор амьтай бүхэн түүний хоолойг сонсч, зүгээр л дэргэд нь сууж, аураг нь харахсан гэж махан нүдээрээ биш билгийн мэлмийгээрээ татагддаг. Өөрийгөө ийнхүү нээж, үл үзэгдэх жигүүрээ дэвэн дэлгэж чадсан хүн үнэхээрийн их аз жаргал, тэгш амгаланг амсана. Энэ бол хүн гэдэг амьтны тэмүүлэх ёстой хамгийн дээдийн зорилго гэж би бодож байна.

Ц.А. Нэг мэдсэн, бид хоёр шал өөр сэдэв рүү орчихож.

А.Т. Яагаад гэвэл энэ бүхэн чинь холбоотой юм. Энэ ертөнцөд юуг ч, юунаас ч ялгаж салгахын аргагүй сүлжилдсэн байдаг.

Ц.А. Эмэгтэй хүний юу нь эр хүнийг татдаг юм бэ?

А.Т. Хүүхэнлэг чанар. Дотоодод нь амьдардаг жинхэнэ эмэгтэй хүн нь. Дотор эмэгтэй нь нээлттэй, гадна эмэгтэй нь үүнээсээ болж зовдоггүй бол энэ чинь л эр хүнийг татдаг юм. Манай нийгэмд хүний “бие”-ийг үнэлэх хандлага маш төвөгтэй. Эсвэл ичиж сүйд болно, үгүй бол бүр садар самууны туйл дээр цовхчино. Өөрийн “эмэгтэй”-гээ олж харж чадаад, түүнд цэцэглэн дэлгэрэх боломж өгч, дэмжиж байдаг эмэгтэй л бүсгүй хүний жаргалыг эдлэх гавъяатай.

Чадаагүйчүүд нь ажилла, ажилла бас дахин ажилла гэдэг л болно.

Бизнес, албан тушаал, мөнгө эд нар чинь халхавч төдий л юмс. Хэрвээ ямар нэг юм хийчихвэл түүнийг бүр илүү хайрлана гэж хүүхнүүд боддог. Үгүй ээ. Энэ чинь тун бүдүүлэг эндүүрэл, хуурмаг үзэгдэл. Хэзээ эмэгтэй хүний бүх юм нь зүй зохисоороо тавирч, дотор эмэгтэйтэйгээ зохиролтой болно, тэр цагт л нөгөө гавъяаны жаргал чинь ирнэ шүү дээ.

Ц.А. Бүх насаараа бие биеэ анхны өдөр шигээ л хайрлаж, “хамт амьдраад, хамт үхэх” тийм мөнхийн хайр байдаг уу?

А.Т. Энэ бол үлгэр шүү дээ. Бид маш олон удаа төрж байсан, гэвч энэ биен дэх амьдрал маань нэг л юм. Энэ “ганц” амьдралаас болж хүний амьдрал “тохиролцоо” болон хувирдаг. Буулт хийнэ гэдэг бол ялимгүй ч гэсэн эцсээ хүртэл чин сэтгэлээсээ биш байгаа ямар нэгэн дотоод урвалт гэж би боддог. Сүүлдээ чи энэ тохиролцол, буулцлын төлөө л амьдарч байгаа мэт болно. “Тийм дээ, ерөнхийдөө бол тийм ч муу хүн биш”.  Өөрийгөө эвдэж, дахин засч өрөөд, өөр хүнийд нүүж орно оо л гэсэн үг.

Яах гэж? Орчлонг орхин одохын өмнөхөн нүглээ наминчлах үедээ л хүмүүс энэ тухай боддог бололтой. “Би яах гэж үүнийг хийсэн юм бол? Харин тэр тухай яагаад хэлчихсэнгүй вэ? Надтай ингэж харьцахыг би яагаад зөвшөөрөв өө?” гээд л. Хэрвээ энэ бүхнийг эртхэн шиг, алсын аянд мордох гээд хэвтэж байхаасаа өмнө анзаарч эхэлбэл чи хүсэл тэмүүлэлтэйгээ, хайр дурлал, хажууд чинь байгаа хүнтэйгээ бүхэл, нэгэн цогц болж чадна.

Ц.А. Сексопил байна гэж юу вэ? Ума Турманаас нэг удаа “Та яаж сексбомб болсон бэ?” гэж асуухад тэр татаж унатлаа инээгээд, “43 өмсдөг хөлтэй секс бомбыг та хаана хараа вэ?” гэсэн гэдэг.

А.Т. Сексопил англи хувилбартаа “сексийн дэлбэрэлт” гэсэн утгыг агуулдаг. Энэ чанараа мяндсан мэдрэмжтэйгээр илэрхийлэн гаргаж чаддаг хүмүүс л икон болцгоодог. Тэд үүндээ нэвчиж, үүгээрээ эгшиглэж байдаг. Гэхдээ сексопилийг хувцас, будаг, манер, дүр төрхөөр бүтээж болно л доо. Гагцхүү яаж ч хичээгээд уулаасаа тэрхүү аялгууг дотроосоо дуулуулж чаддаг хүн болж барахгүй.

Сексийн энерги бол маш хурц, “тэсрэмтгий” оргилуун эд. Бүдүүн бааргийн задгай хүн бол энэ хүчээр тоглож, өөрийгөө харуулах гэж, үнэшүүлэх гэж зүтгүүлэх нь яван явсаар дур гутмаар болчихдог. Одоо секс бомб гэдэг алдрыг хааш яйш цацлахыг үзэхэд, тэдэнд үүнээс өөр хэлчих юм байхгүй юм шиг санагддаг. Ума Турман энэ асуудалд шогийн мэдрэмжтэй хандаж байгаа биз дээ. Буддист аавынх нь өгсөн саруул толгой аливааг хэтрүүлэггүй харж сурсан хэрэг.

Ц.А. Алиса, та хоёр ч удаа “Дээдсийн хүрээлэнгийн тэргүүн хатагтай” цолыг хүртэж байсны хувьд энэ хүрээний үндсэн хэмжүүрийг юу гэжүздэг вэ?

А.Т. Дээдсийн хүрээлэнд байна гэдэг бол юуны өмнө уран чимхлүүр, байнгын идэвхитэй хөдөлмөр юм. Хаа л бол хаана байж л байдаг, эцэс төгсгөлгүй цугларалт мэтээр энэ асуудалд тоомжиргүй хандаж болохгүй. Дээдсийн хүрээний ёс зүйн зарчмууд 10 жил тутамд солигдож байдаг. Гэхдээ мэдээжийн хэрэг аливаа хэм хэмжээний амин хөрс болдог, хэзээ ч баримтлагдаж байдаг зарчмууд бий л дээ. Хэтэрч давж болдоггүй, хэрэв тэгвэл шүүмжлэн хэлэлцдэг, цаашид тоохоо, урихаа, харьцахаа больдог тийм хил хязгаар заавал байна. Нийгмийн, нийтийн, хувийн, бүр гэр бүлийн хүрээний зааг ч байдаг боловч хэзээ ч өөрчлөгддөггүй тогтмол зүйл гэж байдаггүй шүү дээ.

Ц.А. Дээд зиндааны хатагтай нар нэрээ бодох ёстой юу? Пэрис Хилтон тэргүүтнийг харахад харин ч эсрэгээрээ юм шиг.

А.Т. Тухайн мөчид юу л хүсч байна, түүнийгээ гүйцэлдүүлэхээс айдаггүйгээрээ л жинхэнэ дээд зиндааны эмэгтэй бусад бүх хатагтай нараас ялгагддаг юм. Тэд мөрөөдөл хүслийн ертөнцдөө дэндүү эрх чөлөөтэй учраас л тийм өндөр чансаанд хүрч чадсан хэрэг. Яагаад гэвэл тэд өөрсдийн амин сүнсийг нухчин дардаггүй, харин тэтгэж, эрхлүүлж чаддаг. Толгойгоо дүүртэл элдэв юм үзэж, уншиж, будилсан охид, байж болох бүх дүрэм зааврыг ягштал мөрдчихвөл дээдсийн хүрээлэнгийх болчихно гэж гэнэхнээр найддаг бололтой.

Үгүй дээ. Тэр жинхэнэ хатагтай нар чинь жинхэнэ ноёдынхоо адил эгэл нэгний бодож ч зүрхлэмгүй “хэрэг тарьдаг”. Чин зүрхнээсээ хүсч байгаа зүйлээ хийхийг өөртөө зөвшөөрч чаддагт л эмэгтэй хүний хүч чадал оршдог. Хэн нэгнийг гайхшруулж, цочроохдоо биш, зүгээр л тэр үүнгүйгээр байж чадахгүйд л байгаа юм.

Ц.А. Их эмзэг зүйл хөндөж байгаад уучлаарай, та юуны тухай өөрөөсөө байнга асуудаг вэ?

А.Т. Би яах гэж ирсэн бэ.

Ц.А. …хариугаа олсон уу?

А.Т. Миний мөн чанар бол хайр юм. Энэ бол миний хувьд хүний байж болох хамгийн энгийн, хамгийн сайхан төлөв байдал. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэвэл их л улиг болсон сонсогдож байгаа байх, гэвч энэ бол миний хэл, өөрөөр би яагаад ч ярьж чадахгүй. Би энэ ертөнцөд үүнээс ондоогоор хувь нэмрээ оруулж чадахгүй.

Ц.А. Энэ бол Таны зориулалт, газар дээр ирсэн шалтгаан гэж ойлгож болох уу?

А.Т. Энэ тухайгаа Танд ярьж болох эсэхийг би мэдэхгүй байна. Миний хэлье гэсэн юмыг үгээр илэрхийлбэл дэндүү хачин болох байх, амьгүй цаасан дээр дүлий үсгээр буулгавал бүр ч гажиг болох вий гэж эмээж байна. Гэвч яаж хийгээд хэлэх гээд үзье л дээ. Зүүдэндээ ч юм уу, сэрүүндээ ч юм уу, сайн мэддэггүй юм, нэг тийм сонин байдалд би орсон юм. Миний яг байгаа цэгээс бүх юм ухарч, арагш ороогдож эхэлсэн. Өчигдөр, уржигдар, сарын, жилийн өмнө, арав, хорин жилийн өмнө, би өөрийгөө тавтайг, гуравтайг, хоёртойг, бүр ойтой байхыгаа харсан.Тэгээд би өөрийнхөө яаж төрөхийг харсан. Үгүй, төрөхийг биш, эргээд ээжийнхээ хэвлий рүү буцаж орохыг гэвэл илүү оновчтой болох юм байна. Дараа нь эхийн умайд л байгаа бололтой, янз бүрийн үйл явцуудыг бас үзсэн. Тэгээд өндгөн эс, гэнэтийн тэсрэлт.

Бүх зүйл намжихад, сарниж буй манангийн цаанаас харагдсан
газар дэлхийг, газрын зураг дээр хаачихаа хайж байснаа би санадаг.

Швед. Хот. Гудамж. Хаяг, самбарууд. Хүмүүс. Тэнд нэг хүн байсан. 45 орчим насны, баян эр. Би тэр хүнийг нэвт харж, түүний бүх сэрэл, сэтгэлийг яс махандаа тултал мэдэрч байсан. Би бүхнийг энэ хүний нэрийн өмнөөс мэдэрч байв. Ажил, хөрөнгө, гэр бүл, хүүхэд бүгд байхад, түүнд юу ч сонирхолтой сайхан байгаагүй.

Гэнэт түүнийг машин дайрахад би өөрөө л, миний бие л бяцлуулж, хэмхчүүлж байгаа мэдэрсэн. Яагаад? Яагаад? гэж намайг бачимдан асуухад тэр хүн надад, “Би бүх зүйлийг хийж үзсэн, харин хэзээ ч хайрлаж байсангүй. Чиний зорилго бол хайрыг л таних, хэрэгжүүлэх явдал” гэж хэлсэн. Өнөөдрийн би бол тэр хүний хойд төрөл гэх юм уу даа. Би энэ тухай өмнө нь хэнд ч, хэзээ ч ярьж байгаагүй юм шүү. Хүмүүст буруугаар ойлгогдож, солиотой гэгдэхээс болгоомжилсон юм.

Ц.А. Дотоод ертөнц… … хүний амьдралд ямар зай эзэлдэг юм бол оо?

А.Т. Энэ бол хүнд одоо байгаа, байх ёстой зүйлүүдийн хамгийн чухал нь.

Ц.А. Өнөөдрийн орчлон хорвоог хараад ингэж хэлэхэд хэцүү л юм.

А.Т. Энэ чинь шилэгдмэлүүдийн хувь тавилан байхгүй юу. Жинхэнэ лам гэдэг хуруу дарам цөөхөн. Би бүхий л амьдралдаа дотроосоо гэрэлтсэн ердөө хоёрхон хүнийг л харсан. Хэрвээ энэ амьдралдаа чухам хэн юм бэ гэдгээ ухаарч чадах аваас хүн хүрээлэн бүй орчин тойрондоо, юу юуны түрүүнд өөртөө тэс ондоогоор хандаж эхлэх болно. Ингэж чадвал ойр дотныхондоо, үр хүүхдэдээ энэ тухайгаа ярьж болно. Улмаар хөндлөнгийн хүмүүст ч үүнийг тайлбарлаж эхэлнэ. Үүнээс илүү буян гэж үгүй.

Ц.А. Та шүтлэгтэй юу?

А.Т. Аливаа итгэл бишрэлд юуны өмнө Бурханыг л бүхий л оршихуйгаараа мэдрэх хэрэгтэй юм шиг. Ямар ч тохиолдолд Бурхан бол нэг л юм. Нэрлэгээ гол биш. Ертөнцийн тэр агуу их Бурханлиг хайр алуурчдыг ч, хохирогчдыг ч нэгэн адил ивээж байдаг. Янз бүрийн ургамал, ялгаагүй бүх амьтад, шавьж хорхойнууд хүртэл амьдраад байгаа чинь цаанаасаа ингэж болох болоод л тэр. Энэ ойлголтын хувьд хүний хувийн тохиргоо таараад ирэнгүүт ямарваад маш хүлээцтэй хандаж эхэлнэ.

Дэндүү нүсэр дэг ёс, элдэв гомдол, хэлэлцүүлэг бас тэгээд нүгэл, чивлийнхээ төлөө тавих ёстой болдог тоогоо алдсан лаанууд ч хэрэггүй болно. Өнөөдөр Ганданд хүрд эргүүлж явтал утас дуугараад яалт ч үгүй солгой гараараа эргүүлэх болсон. Гэвч энэ бол зөвхөн хэлбэрдэлт гэдгийг бид бүгдээрээ л мэдэж байгаа шүү дээ. Хэрвээ хүн дотоод ертөнцийн хөгжлийг үнэхээр хүсч байгаа л бол энэ асуудалд их зөв хандах ёстой. Хүрдэнд, эсвэл эргүүлэх гарт, тавих лаанд, ямар шүтээний өмнө яаж мөргөхөд учир байгаа юм биш.

Харин орон зай, цаг хугацааны энэхэн огтлолцолд
чиний дотор юу байна гэдэгт л бүх зангилаа байгаа юм.

Үгүй ер нь, бид яаж Бурханд мөргөдөг билээ дээ? Үүнийг ерөөсөө мөргөл гэж нэрлэж болох ч юм уу, бүү мэд. Хүрч ирэнгүүтээ л, “Надад тэрнийг өгөөч, энийг хайрлаач” гээд л гуйлгачилж эхэлдэг биз дээ. Бид чинь өөрөө өөрсдөөсөө урваж, хүнд үед түшсэн гараа мулталж байдаг ухвар мөчид, гуйранч амьтад. Оюунлигийг дотроо бүрэлдүүлж чадвал хэн нэгэнд, юуны өмнө өөрөө өөртөө бид тулгуур болж чадна. Тэр цагт бид дотроо голтой болох юм. Үүнд л шашны зорилго оршиж байдаг. Чи голгүй, гуйвамтгай байгаа цагт чамд нөгөө лаа хэрэг болно, чи өөртөө биш лаанд л лайгаа, итгэлээ үүрүүлсээр л байх болно.

Ц.А. Та ямар ном уншдаг вэ?

А.Т. Нэг хэсэг би утга зохиолоос залхаж гүйцсэн. Сэдвүүд нь сум орох зайгүй болтлоо сийчүүлсэн сарампай бай шиг болчихоод байгааг би анзаарсан юм. Нийгэмд бол энэ ямбий байнууддаа дуртай л даа, гэвч шалтгаан нь юу билээ дээ? Зовлонгийн сэдэл бол хамгийн хурц сэдвүүдийн нэг яриангүй мөөн. “Ромео Жульетта хоёр”, “Гамлет”, “АннаКаренина” гэхлээр л жинхэнэ хайр гэж хүмүүс бодоцгоодог, харин би зовлонгоор тодотгол хийдэг аргацаасан зарчмаас зугтмаар санагддаг.

Хүмүүс харилцан шүтэлцээтэй, зохицолтой байна гэдэг чинь “гоо үзэсгэлэн ” гэдэг ойлголтын дээд ухагдахуун шүү дээ. Гэтэл биднийг хүчлэл, түгшүүр, адал явдал догдлуулж байдаг. Яг л мансууруулах бодис гэсэн үг.

Бид савлаж л байвал болоо; заавал нэг юм нь бүтэхгүй болж, нэг нь
нөгөөгөө хаяж, тэр нь амиа хорлож, дараа нь өнчин бутач хүүхдийг нь
мэнгээр нь таньж олох жишээтэй.

Тэгвэл л бид, аан, нээрээ хайр байна гэж бодно. Би найз хүүхнээ харахад дотор дулаацаад л явчихдаг. Нөхөртэйгөө өчнөөн удаан амьдарч байгаа хэр нь тэдний харьцаа сэтгэл хөдөлгөмөөр чин үнэнээсээ, бие биенээсээ уйдаагүй, одоо хэр хоёр биенээ сонирхож, нээсээр байгаа нь сайхан биш гэж үү? Иймэрхүү төрлийн уран зохиолын эрэлт ямар байхыг би мэдэхгүй, гэвч уншихад, ойлгоход таатай ийм зүйл гараад ирвэл ядаж нийгэм маань эрүүл болох юм даа!

Надад ямар ч аймшиг, эмгэнэл, гутамшиг байхгүй, харин ч дөнгөж уснаас гарсан мэт тийм нэг ариусгах юмтай оюуны зохиолууд таалагддаг. “Идэх” биш, амталж, таашааж хүртэх ёстой. Ийм номнуудын мөр бүхэн нь дээд цэгтээ тултал мөнхийн усаар ханасан байдаг учраас, ганц мөрөө уншиж цээж дүүрэн амьсгал авчихаад, бүтэн долоо хоног тэр мөрөөр амьсгалж, амьдарч болно. Урьдынхаараа дэвхцэж, давхцаж явах хэрэггүй, чи сэтгэцийн хувьд тархай бутархай биш, бүтэн болно л гэсэн үг.

Ц.А. Тийм зохиолуудаас нэрлэвэл…?

А.Т. “Бардо Тойдол-Төвдийн үхэгсдийн ном” нь үхлээс айх хандлагын үүднээс миний ертөнцийг үзэх үзэлд хүчтэй нөлөөлсөн. Энэ сэдвийг хөндөхөөс цэрвэцгээдэг ч үүнийг ертөнцийн үүсэл, бүрдлийн нэг өчүүхэн эс гэж хэлж болмоор. Зарим хэсгээс нь би хүүдээ уншиж тайлбарлаж өгдөг. Хүүдээ би их юм ярьж өгдөг, сэтгэхэд сургадаг, гүн ухааны мастеруудаас уншиж өгдөг. Хүүхэд ертөнцийг ямар нээлттэй, ямар ч ятгалга, хуйвалдаангүйгээр хүлээж авч байгааг хараад би үнэхээр гайхдаг юм. “Хүүхдүүд ийм хурдан өсч томордог нь харамсалтай. Биднийг жаахан ч атугай юманд сургах цаг тэдэнд хомсхон байх юм даа” гэдэг үг эх хүний зүрхийг минь дулаацуулан, ухаан нэмж байдаг.

Ц.А. “Бардо Тойдол”-ыг би маш муу орчуулгатай монгол хэлээр уншсан. Гэхдээ азаар Н.К. Рерихийн “Сансрын долоон нууц”-ыг уншаад би үхлээс огтхон ч айхаа больсон. Үхэл бол бидний амьдралын чухал хэсэг, яг нарийндаа амьдралын оргил гэдэгтэй эвлэрэхэд энэ ном их тус болсон.

А.Т. Тиймээ, Рерихүүдийг би уншдаг. Ийм номнуудыг шалгаж, баталж нотлох биш зүрхээрээ л хүлээж авах хэрэгтэй байдаг.

Ц.А. “Секрет” хамтлагийн “Алиса” гэдэг дуунд тун ч үлгэр жишээч охины тухай дуулдаг. Та бүх л алдартай эмэгтэйчүүдийн адил сайн охин байсан уу, эсвэл бас тэдний адил муу охин байв уу?

А.Т. Би маш сайн охин байсан. Миний ээж намайг, “Таалагдахгүй бол уучлал гуйгаад өөрөө гар” гэдэг зарчмаар хүмүүжүүлсэн болохоор заримдаа бүр юу ч хийж болмооргүй үе тохиолддог байсан. Надтай хамт хаана ч очсон, хэнд ч ичгэвтэр биш байсан, одоо ч гэсэн хэвээрээ. Гэхдээ нөгөө муу охин нь үргэлж л миний дотор амьдарсаар ирсэн. Одоо бол тэр охин хэлэмгий үг, хурц ёжлолоор л хааяа нэг хаалгаа нээдэг байх.

Ц.А. Та үргэлж л инээх юм.

А.Т. Ой, би чинь жинхэнэ инээд муутай амьтан. Надад уул нь томоотой, ёсорхог, язгууртны донжтой хүүхнүүд их таалагддаг. Би тэднийг яг л Кай, Цасан Хатанд ховсдуулсан мэт ширтдэг юм. Тэдний яаж сууж, ярьж байгааг, гар хуруу, нүүрнийх нь хөдөлгөөнийг нь нүд цавчилгүй ангайж, дууриах гэсэн ч миний уг чанар тэс ангид юм болохоор яаж болох вэ дээ. Би өөрийгөө үргэлж баясгалантай, тэгээд бас миний хажууд хэн нэгэн нь “сүүлээ хөөж” байгаасай гэж хүсдэг. (гөлөг сүүлээрээ тоглон эргэлдэхийг хэлсэн).

Тоглох, тоглоом даах чадвараа, ”гөлгөн золбоо”-гоо гээгээгүй хүмүүс миний баяр хөөрийг сэргээдэг.

Тэртэй тэргүй л ертөнцөөр дүүрэн хэт албархаг, хиймэл, гашуудмаар, галзуурмаар юмс байхад. Толгойгоо ганзагалж, бөгтийчихөөд л, гомдоллож явдаг хүмүүст йогууд, “Та эхлээд мөрөө цэхэлж, нуруугаа тэгшлээд дараа нь үгээ хэл” гэдэг гэсэн. Гадна хийж буй зүйл дотор ч бас явагдаж л байдаг. Тиймээс америкчуудыг шүүмжлэлгүйгээр худлаа ч гэсэн инээмсэглэж байвал сэтгэлд арай хөнгөн болно.

Ц.А. Тийм дээ, хүн бүр хажуудахдаа инээмсэглэдэг болчихвол… Бас загварын ертөнцөд ч инээсэн царай нэмэгдээсэй. Өнөөдөр моодны чиглэл хаашаа нисч явна вэ?

А.Т. Бүх юм эх булаг руугаа л буцаж байгаа шүү дээ. Энэ далимд нэг юм хэлэхэд, би Монголыг ардын урлаг, тэгээд хүмүүс, уран барилга, соёл, зоогонд илрэлээ олсон үндэсний өндөр соёлтой холбон төсөөлж байсан. Харин кирилл бичгээр дүүрсэн, зөвлөлт Оросын загварын, арчилгаагүй хотыг хараад самгардсан шүү. Би өөрөө Киев хотоос гаралтай л даа. Яг л ийм цаг ууртай, өрөвдмөөр азгүйхэн жаахан ургамалтай, хойт зүгийн ард түмнүүдийн л нэгэн адил кирилл үсгээр бичгийн соёлын түүхээ эхэлж байсан газар Улаанбаатарыг хараад би, “Өө, үгүй дээ, Киев” гэж халаглан дуу алдсан даа.

Монголчууд өөрийн гэсэн үндэсний бичиг үсэггүй гэдэгт би бүр итгэчихсэн байсан гээд л бод. Би ийм модон, тугалган гэдгээ хэлэхэд их эвгүй байна л даа. Гэвч үнэн юм. Харин би музейд очиж танай үндэсний, хүмүүн бусын сайхан бичгийг хараад монголын ард түмний төлөө хязгааргүй их баярласан шүү. Энэ гайхамшигтай хээ хуар мэт босоо угалзуудын уран хөдөлгөөний чамин гоёыг хэлээд яах вэ. Дараа нь хүний галбир, нэрс, юмсыг дүрслэн бичсэн зургуудыг үзээд би зүгээр л “ухаан алдсан”. Ямар ч хэл бичиг миний сэтгэлийг ингэтэл хөндөж байгаагүй юм шүү. Хэрэв та нар эх ундаргатайгаа нийлж, “ээж”-дээ эргэж очвол үймэлдэж байгаа бүхэн байр байраа олох байх аа.

Ц.А. Илэн далангүй үгэнд тань баярлалаа. Харин монголчуудаас Та юуг олж үзэв?

А.Т. Би олон сайхан хүмүүсийг харсан нь мэдээж. Гэвч төөрсөн хоньд шиг ямар нэгэн эзэнгүйрэл мэдрэгдээд байсан. Хэн нэг нь дуудангуут сүргээрээ хавчигнан хүйлралдаад л, байгаа айдсаа Чингис хаанаараа тавих газаргүй болтлоо бүтээн халхалсан мэт. Энэ нь яг өнөөдрийн хувьд хүмүүсийн зүүгдэн амьд гарч байгаа цорын ганц зүйл байж болох. Танай өнөө үеийн хүмүүст торниж байгаа шинэ ухамсар л монголын ард түмний амин сүнс болсон тэр нэг нандин зүйлийг ургуулж чадна.

Үр гэдэг чинь мянга, мянган жилээр ч хадгалагддаг, хатуу, нууцлаг эд, түүнийг ер нь жинхэнэ утгаар нь буталж, нунтаглаж болдоггүй гэж би боддог. Гэвч энэ үрийг ургуулахын тулд сэтгэлийн ямархан тэнхээ, эр зориг хэрэгтэй болохыг төсөөлөхийн аргагүй, даанч өөр гарц байхгүй. Тэгж чадаж гэмээнэ л нөгөө эмзэгхэн соёог аварга том, агуу үзэсгэлэнтэй мод болгох болно. Би Монголын ард түмэнд хүчирхэг, хамгийн гайхамшигтай цэцэглэлтийг чин зүрхний угаасаа ерөөж байна.

Шербацкийнханд олсон тайвшрал ариуслаа алдахгүй гэж Андрей Вронский шууд л гэртээ харьдаг шиг энэ эмэгтэйн үлдээсэн сэтгэгдлээр жигүүрлэсэн би гэдэг хүн ярилцлагаа дуусмагцаа л хүүхдүүд рүүгээ нисч явлаа.

Энэ өдөр би надад хүндтэй нэгэн эрхмийг хүлээж авах ёстой байсан юм. Харин тэр хүн утастаад, амжихгүй боллоо гэхэд нь гэнэтийн энэ чөлөөлөлтөөр долоо дахь тэнгэрт шидэгдсэн би шууд л орондоо ороод, дэндүү амттай нойронд живсэн билээ. Энэ шөнө миний зүүдэлсэн гайхамшгийн зүүдийг хүмүүний болхи хэлээр илэрхийлж даанч чадахгүй нь, яаж ийгээд дамжуулсан ч хэн ч итгэхгүй биз.

Бурхан минь, миний зүүдийг хамгаалж хайрла, хамаг амьтанд бас хайрла.

 “Би өөрөө өөртөө шүүгч бас цаазлагч. Эргэлзээ миний зүрхийг өмлөн хэмлэж, амьсгал боох үе байдаг ч хийсэндээ урамшин, дууч шувуухай шиг жиргэж, кайфанд умбах үе бас байна. Тийм хормуудад, би “өөртөө” дурладаг юм”. Алиса Толкачева

Цогтын Амгалан 2009.06

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !