Залуу насны цадиг

Хадан агуйд тохьгүйхэн амь зуудаг гэгээнтнийд харийн гүн ухаантан айлчлаад буцахдаа “Танд боломж байхад арай тав тухтай амьдарч болдоггүй юм уу” гэхэд гэгээнтэн мушилзаад “Бурхан надад 700-хан нас хайрласан юм гэсэн. Тэрүүхэн хооронд тэгтлээ төвхнөж төвөг удаад яах вэ” гэсэн юм гэдэг. Тэр хэдэн зуун нүд ирмэхийн чинээнд тооцогдож байхад хорь хүрэхгүй жил үргэлжлэх физиологийн залуу насны хугацаа чинь бүдүүн хүртэхүйд баригдахааргүй нарийн юм болж таарах нь л дээ.

Гэхдээ нэгэн зуны настай ялаа ч гэсэн насны шатуудыг дамжаад байхад чинь…
гэж барьцаад залуу насны тухай эрэгцүүлж зориглов.

Саяхан би 85 настай нэгэн найз эмэгтэйтэй сонин солилцсон юм. Мөнгөн сортой үсэндээ XIY Людвигийн үеийнх гэмээр хар хилэн туузыг цэмцгэр гэгч нь зангидаад, 60-аад оны стилийн доошоо бариу өмд, англи хийцийн илгэн хажаартай маш дэгжин ноолууран пиджак өмсчихөөд, хамгийн сүүлийн моодны хавтгай ултай атласан шаахайтай хөлөө яг л Дита фон Тиз шиг дэндүү зөв тавьчихсан зогсч буйг нь харвал бид хоёрыг үе чацуутнууд байна л гэж та бодох байх.

Гэхдээ тэр бүх хүнийг та гэж дууддаг юм. “Өө, тэгэхэд чинь би түүн шиг л ид залуухан, дөнгөж л 40 гаранхантай л амьтан явлаа шүү дээ” гэхийг нь сонсоод хэн нь хэн болохыг тааж цөхөн самуурах биз. Эрчүүд яагаад хүүхнүүдийг насаар нь ангилдаг талаар бид ярилцсан юм. “Бүх цаг үед, бүх үндэстний хөвгүүд хориотой жимсийг эгчмэд бүсгүйчүүдээс л амсч, хүслийн цэцэрлэгт хөл тавьдаг. Өөрөө хүүхэд байхдаа үеийнхээ охинтой гэрлэсэн зарим нь идэр насандаа их юмаа алдсан шиг сэтгэж, хоёр дахь орь залуу насандаа очдог юм даа” гэж тэр үдийн зоогны цэсийг хэлэлцэх мэт хайхрамжгүй өнгөөр хэлээд, сэтгэл татам инээмсэглэх нь Залман Кингийн “Хоёр сарны солбилцол” (Кино нь ч яахав, тиймэрхүү, харин эмээ бол …)-ын эмэг эхээс ч гайхалтай.

Хань, хамтрагчийнхаа насыг 2 дахин залуужуулсан танил эрчүүдийн жагсаал нүдний өмнүүр хөвөрч, 3 дахин залуужуулах ирээдүйтэй эрсийн зовхи нь, бас … нь өөдөө эрч хүч агаар өтгөрүүлэх шиг. “Гэхдээ яагаад… ?” гэж намайг ам нээж амжаагүй байхад харцнаас минь уншсан тэрээр аальгүйтэн, нүдээ жоонийлгож, “Яагаад гэвэл, эрчүүд хөгшрөхөөс үхтлээ айдаг юм” гэв.

Эмэгтэй хүн бол байгалиасаа амьдралын цэцэн ухаантай төрдөг амьтан.

Гэтэл эр хүн өөрийгөө маш олон үзүүлэлтүүдээр батлах ёстой болдгийн нэг нь мөнхийн залуу насны шалгуур. Тэгэхлээр … залуу эр хүн залуу бүсгүйг л сонирхоно гэдэг нь тэдний хувьд хамгийн мэргэн баталгаа болдог юм даа. Заавал гаа, бергамот, мэлрэгийн навч нэмж, тусгай усаар хандалдаг ногоон цайгаа үнэтэй коньяк шимэх мэт тамшаалан уух энэ ер бусын эмэгтэйг харах бүртээ би амьдралд буцаад л дурлачихдаг юм.

“Хонгорхон минь, эмэгтэй хүнийг зөвхөн аксессуар маягаар хэрэглэдэг эрчүүдийг би сонирхдоггүй. Би нэг жинхэнэ эр хүнийг мэддэг байсан юм. Нийгмийн “цөцгий” ялгарсан хамгийн дээд хэсэгт л тарвалзах боломжтой, хамгийн ухаалаг бомонд, сэхээлэг богемтай л шүргэлцэх мэргэжилтэй, хүний биед цогцолсон ертөнцийн гоо үзэсгэлэн дунд бүх цагаа өнгөрөөх бизнестэй тэр хархүүгийн муза нь залуу эмэгтэй байгаагүй юм шүү”. Гэрийнх нь босгыг даваад л түүхийн өөр цаг үед оччихдог, таван үг солиод л амьд 40, 50, 60, 70, 80 онуудыг бараг барьж болмоор мэдрүүлдэг энэ “найз бүсгүй” минь нээрээ нэг cool залуугийн тухай дээхнэ үед ярьж байсныг би эргэн санав.

Соёлт ертөнцийг аалзны тор шиг хэрсэн моделийн агентлагийн сүлжээтэй, загварын нэртэй орднуудын далд эзэн байсан эртэй дотноссон түүх нь 10-аад жил моодны эх оронд амьдарснаар эхэлсэн гэдэг юм. Тэгэхэд “найз бүсгүй” маань ёстой 40 гарантай л гялалзаж явсан уу, 30 шүргэн гунхаж явсан уу, мэдэхгүй.

“Залуу нас бол биет юм бус. Залуу нас гэдэг бол эрч хүч, энергийн гоо үзэсгэлэн юм шүү дээ. Менделеевийн үелэх системийн хэдэн элементүүдийн арьс үс, нүд шүдэнд оршдог тоон хосолгоо, тохиргооны алдагдал төдийг хөгшрөл гэдэггүйг тэр залуу надад сургасан юм. Тиймдээ ч түүний сэтгэлийн эх дагина нь тавь дундалсан эмэгтэй байсан.

Өө тэр бол … Тэр бол, тэр чигээрээ үлгэр, тэр бол жинхэнэ фантастик эмэгтэй байсан юм” гээд өмнөө юуг ч юм харах мэт, нүдээрээ инээмсэглэхэд нь би тэсэлгүй, та түүнийг харсан уу гэж орхив. “Тиймээ, миний хонгор оо, би түүнийг мэддэг байлаа” гээд тэр өвөр дээрээ байгаа үл үзэгдэх номын хуудсыг инчдэх мэт болсноо “Харин түүнийг мэддэг байсан бүх хүмүүс дахин өөртөө харъяалагдахаа больдог байсан юм” гэлээ.

“Тэд түүнтэй учирсан мөчөөсөө эхлээд л “Гоо үзэсгэлэнгийн эзэнт улс”-ын албат болдог байсан.

Гэхдээ энэ бол, уучлаарай, ихэнхийн бодож байгаа шиг үс ноос, элдэв даавуу, төмөр чулууны гоо сайхан биш, мах цус, яс үсний үзэсгэлэн бүүр биш шүү. Энэ бол таван хүртэхүйгээс хальсан гэрлийн үзэсгэлэн. Гэрэл, залуу нас хоёр чинь 2 өөр нэртэй нэг л юм. Гэрэлтэй л байгаа бол тэр хүний оршихуй наснаасаа үл хамааран өсч үржиж , цэцэглэж байна гэсэн үг. Харин гэрэлгүй л бол тэр хичнээн ч өсвөр залуу байгаад мөхөж, хатангиршиж байгаа юм. Гэхдээ гэрэл махан биеийг нэвт сүлбэн цэнэглэж, туяаруулж байдаг болохоор миний яриад байгаа тэр … гайхамшигтай эмэгтэйгээс илүү гоо үзэсгэлэнтэй хүүхнийг би хараагүй.

Хөөрхий, үр шигээ охидыг эмлэгч тослог харчуул эсвэл дүү эрсийн шимээр залуу насыг торгоогч хөрөнгөлөг авхай нараас ямар ч гэрэл энергийн урсгал биш насны тоон зөрүүний мөнгөн гүйлгээ л харагдах юм. За, тэгээд, “юу сайхан дур сайхан” гээд тэр өндийлөө. “Гэхдээ залуу, хөгшин хоёрыг чинь харваас л андашгүй биз дээ? гэж намайг бувтнах зуур 85-тай найз бүсүй маань кофе тавингаа “Хэн ямар хэмжээнд сэтгэж байгаагаас л болно шүү дээ! Хоёулаа ондоо хэлээр яриад байх шиг байна, хонгор минь. Оршихуй минь огтлолцож байгаа энэ хэмжээстээ кофегоо ууя даа” гэлээ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !