Ертөнц гүний өнгөт

 

Сэлэнгэ… 80-аад онд хүн бүхэн сургуулийн сурагчид шиг ихэрхэн, айл бүр нийтийн байр шиг ижилхэн байх үед ер бусын сэтгэлгээ, хэнд ч байгаагүй зохицол гайхамшгийн мэдрэмж, дэндүү эгэл аалиараа хүн бүрийн сэтгэлийг соронздож, тэр үеийн “эр хүн” гэж өөрийгөө тооцдог болгоны өдрийн бодол, шөнийн зүүд болж явсан Сэлэнгэ.

Дэрэвгэр том жабо, сэвсгэр хуниастай мөртэй цасан цагаан цамцан дээр
өргөн гэгчийн цагаан бүстэй, саарал бариу өмд тавьж, торон цагаан туфли
өмсөөд явж байхад нь “хайрлахгүй байхын аргагүй байсан даа”.

Нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсч, Ташкентын УААА-н дээд сургуульд сурч байгаад ирснийхээ дараа барилгын зургийн институтэд ажиллаж байгаад “Мөнгөн харандаа”-д дуулах болсон Сэлэнгээг сурагч ахуйдаа “Алые розы” хамтлагт байхаас нь л хүмүүс онцолж хардаг байсан гэдэг.

Хар савхин хүрэм, өмд, бас хэний ч зориглон өмсөөгүй хавтгай ултай, үдээстэй чешкитэй, түмэн долгистой тансаг үстэй үзэсгэлэнт охин тэнгэр Улаанбаатарын ганц цэцэрлэгт хүрээлэнгийн тайзан дээр бууж, Сан-Ремогийн хамгийн сэтгэлд хоногшсон дуунууд, “Words”, Лена Беолкати, Фьордализаг дуулж байхад зөвхөн Сэлэнгээг л харах гэж очдог байсан хотын сайхан залуус, сахал үс нь дөнгөж л өрвийн цухуйж байгаа “ээжийн” хөвгүүд жинхэнэ “оргазм”-ыг амсдаг байлаа. Алла Пугачёва, хар кофе хоёрыг тэнцүүхэн “уудаг”, оросын уянгын утга зохиол, англи хэл дээрх адал явдалд адилхан дуртай, “үлгэр жишээч хөвгүүд”-ээс “муу хөвгүүд”-ийг илүү тоодог байсан Сэлэнгэ хэзээ ч “амархан” байгаагүй юм.

Хэний ч охин, хэнбугайг ч сохруулдаг эрх мэдэл, эд баялаг, дууриамал “
жентельмэн төрх”-нд тэрээр ихэмсэг хөх инээдээр л хариулдаг байв.

Өрнийн тансаг соёл, дорнын төв хүмүүжилтэй, “уснаас номхон, өвснөөс намхан” Сэлэнгэ ажилдаа чинхүү махруун, яс хариуцлагатай чадварлаг мэргэжилтэн байсныгаа Дэд Бүтцийн Хөгжлийн Яамны “Нийтийн Аж Ахуйг сэргээх төсөл”-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа харуулж байлаа. Орчуулга, төсөл, бичиг баримт боловсруулалтаар олсон мөнгөө харин Сэлэнгэ ганцхан зүйлд зориулдаг байсан.

Би анх Сэлэнгээгийн тухай “80-аад оны сайхан хүүхнүүдийн нэг” гэдгээр нь л бичилхэн таталбар хийе гэж бодож байлаа.“Сэлэнгэ 80-аад оныхны үхэн хатдаг италийн билэгдэл, бодох ч хориотой байсан нөгөө ертөнцийн “хаврын салхи”-ны амт, цагийн товшоо шиг нэгэн хэмтэй амьдрал дундуур харваад өнгөрсөн алсын одны аялгуу байлаа…” гээд л. Гэтэл Сэлэнгээгийн хөргийг би бүтээх биш, тэр хөрөг миний оролцоогүйгээр он цагийн тоосон дундуур ялгуухан тодорсоор, өдөр өдрөөр өнгө будаг нэмсээр, одоог хүртэл гэгээн дүрийг нь зүрхнийхээ хойморт хадсаар явдаг олон, маш олон хүмүүсийн галт сэтгэлийн очсоор гэрэлтсээр яруу тунгалаг найрал мэт, цэвэр тансаг, “Ертөнц гүний өнгөт” туурвил болсон юм даа.

Болгарын элчин сайдын хүү Дмитрийтэй хөрст дэлхий хотолзтол нижгэр хуримласан нь тавхан жилийн амьдрал, ганц охиныг л орхисон. Охиноо Америк явуулснаас хойш Сэлэнгэ бүх цалин, гэрээрээ хийдэг байсан орчуулгын хөлс, сүүлд Канад-Монголын QJX компанид кэмп менежерээр ажиллаж олсон мөнгөө бүгдийг нь охиндоо явуулдаг болсон.

Хэдийгээр охин нь юугаар ч дутаагүй боловч очъё гээд дээшээ хол тэнгэр, доошоо хатуу газар мөргөхөөс цаашгүй байгаа эхийн сэтгэлээ өчүүхэн ч атугай хуурахсан гэж жигүүртэй бодлоо тээн илгээгээд, жигүүргүй биендээ гутран суудаг байсан…

АНУ-ын элчин сайдын яамнаас виз авах гээд өчнөөн оролдоод хоёр ч удаа хар тамга даруулчихаад, сэтгэлээр унаж, уйлаад ярьж байсныг нь найз нь гутрангуй дурсч билээ. Энэ хар тамга зүгээр л нэг хуулийн баримтлал төдий биш, ганц үрээ сар сарыг саатан санасан эхийн халуун зүрхэнд цус үсчүүлэн ширхийтэл шигдсэн хайлмал хар төмөр тамга, хүмүүсийн хувь заяан дээр төрөл дамнуулан тээглэсэн үйлийн үрийн хар мөр байлаа.

Бусдын адил л ингээд…,тэгээд…визээ авчихгүй, сохрын газар сохор, доголонгийн газар доголон явахгүй…” гэлцэх минь бидний мухар бодол, харалган зүрхтэй хазгар заяатайг маань л харуулах болохоос Сэлэнгээгийн шударга, цагаан сэтгэлийг будахгүй л болов уу.  АНУ-ын элчингийнхэн дүрэм номоо ягштал барьдагсан бол тэнд нэрээ бузарлаад яваачууд, энд виз гаргана гэж айл айлын голомтыг самраад яваачуудыг юу гэхсэн бол? Цаасан дээрх хууль, байгууллагын дотоод журам энэ тэрийг хүндэтгэх нь зүй, гэвч энэ замбуулин дээр хүн бүр хүн ёсны хуулийг дагацгаадагсан бол хилийн дээс гэгч нүдэнд үзэгддэггүй ёрын зураасаар амьдралаа тасчуулсан хичнээн хүний эмтэрсэн зүрх нийлж, хэдэн эх үр амьдын хагацлаар тарчлахгүй байсансан бол?

Бид хэнийг ч шүүх эрхгүй.

Яагаад, яагаад, яагаад…гэж ил далд чихний үзүүр чимхээд өнгөрдөг асуултуудыг бид хүний тухай хүнд биш, өөрийн тухай өөртөө тавьж байвал бодит байдалтай арай л нийцэх байх. Ганц үрээ долоохон настайд нь дүүгээ дагуулан Америк явуулаад, 11 жил нялх ахуйнх нь үнэрийг сэтгэлдээ үнэрлэхээс өөрөөр элгээ дэвтээх хувьгүй явах эх хүний сэтгэл ямар байх вэ? Төөрөг тавилангийн эрхээр ээжээс нь салаа замаар одсон ч гэлээ төрсөн аавыгаа хорт хавдраар халих хүртэл нь хоёр жил асарч байгаад ганцаар үлдэх ямар вэ?

Монголд үлдсэн ганц дүүдээ ч гэсэн төвөг удахгүйсэн гэж, ээжийгээ, охиноо санаж бэтгэрсэн элгээ тэврээд, дүүрээд ирэх нулимсаа дотогшоо залгиад, түрээсийн тухгүй байранд зөвхөн өөртэйгээ ярьж суух ямар вэ? “Цагтаа цалгидаг хорвоо” цагаа тулаад ирэхлээр энэрэлт багаа өршөөлгүй хуулан хаяж, жинхэнэ аймшигт зүсээ харуулахад өсгийгөө гялалзуулан зугтаагсдаас өрвийгөөд түшээд үлдэх нь хэд байдаг билээ дээ?

Хотын унаган охин, орос школтой үзэсгэлэнт бүсгүй “Бальзакийн нас”-нд хүрчихээд хөдөө аглаг Завханд хэцүү байдалд өдөр шөнөгүй ажиллаж, овоо юм олсноо охиныхоо их сургуулийн төлбөр гээд хуримтлуулж байсныг нь нэр бүхий нэг этгээд “зээлж” авчихаад эргүүлж өгөөгүй гэдгийг “Сэлэнгээ амьдралд бууж өгсөн…” гэх маягийн үг цухуйлгах гээд байдагсдын хэнгэргийг нь хагартал хэлчихмээр санагдана. Та бидний хэн нь дүү нарынхаа хүүхдүүдийг өсгөлцөн, үгүй ээ, тойлж, тойглож хүн болгосон бэ? За тийм, цөөнгүй нь. Тэгвэл хэд нь хэвтрийн, хэлэхэд эвгүй ч, саажилттай хүүхдийг төрөхөөс нь өсөх хүртэл нь асарсан бэ? Бүр цөөхөн нь. Золгүй хүүхдийн эх болох дүү бүсгүй нь хожим АНУ-ын иргэнтэй гэр бүл болоод явахад Сэлэнгээ хүний гар харсан тэр амьтныг арчлаад хоцорсон.

Хүний хувь заяа гэдгийг тайлбарлах ухаан хүрэхгүй юм. Харин тэр америк залуу Сэлэнгээгийн охинд их сайн ханддаг байсан болоод дараа нь гэр бүлдээ авсан төдийгүй, монгол эхнэртэйгээ хоёр тийш болохдоо охиныг аваад салсан сураг байдаг. Охиндоо өгөх хувь дутсан хайраа дүү нарынхаа хүүхдүүдэд харамгүй зориулж байсан Сэлэнгээг зүгээр л дэндүү энгийн байсан, бас “дээд зэргийн” байсан. Харин энэ ангилалд багтах эрхийг боловсрол, цус, мөнгөний алинаар нь ч олж болдоггүй нь хяслантай ч шударга нь сайхан.

Номоор амьсгалдаг, номоор тэжээгддэг, ондоо оюунтай хүнд дальтираа баярхал, яндан цэцэрхэл ямар нулимс гартал инээдтэй “харуусал” вэ? Инээдтэй юм гэдэг бол бусадтай тохиолдсон эмгэнэлт явдал гэдэгсэн. Жинхэнэ хайр гэдэг он уртын хагацлыг биш, жил жилийн хамтын амьдралыг тэвчиж гарсныг нь хэлдэг болохоор Сэлэнгээгийн чанд зарчимд нэг шөнө “дээд зэрэг”-ээр таацах бус, насан турш дүйцэх хэн нэгэн өвсөн дундах зүү шиг л байсан байх даа.

Хэрвээ Сэлэнгэ зөвхөн ганц биеийн жаргалаа хайсансан бол яаж ийгээд тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбох хэн нэгэн олдох л байсан. Талийгаачийг өнгөрсний дараа гэрээс нь өвчин намдаах эм боодлоороо биш, бүр хэдэн мянган ширхэгтэй том саваар олдсон юм гэдэг. Гайгүйхэн хөлстэй ажлаа алдахгүйсэн гэж, энэ төслөө л барчихвал гайгүй болчих гээд байна гэж найзууддаа ярьж байхдаа тас татах толгойн өвчнөө эмээр түр буулгачихаад шөнөжингөө суудаг байсныг нь мэдэх улс ховор.

Харин ганц бие, байрыг нь эзгүйчлэхээр, морьтны хишгийг хүртчихье гэсэн явгачуул олон байсан. Ганцаараа утсаа унтрааж, хаалгаа хэнд ч тайлалгүй суухдаа хоолойгоор нь хоол давахгүй, зангирсан нулимсандаа тээглэсээр, турсаар байсан Сэлэнгээ харин нэг удаа төрөл арилжсан юм. Дүүгийнх нь нөхөр байсан америк залуу Киевт ажлаар очихдоо охиныг нь дагуулаад, эндээс Сэлэнгэ очиж, ээж үр хоёр диваажинд хэд хоносон юм гэнэлээ. Эргэж ирээд царай нь аз жаргалаар гэрэлтэж, бүр жин нэмж, өнгө бутраад, их итгэлтэй, эрч хүч дүүрэн ирснийг нь ярьж байсан хүн дотроо уйлж байх шиг байсан.

Хоол гэснээс Сэлэнгэ ёстой жинхэнэ гурман байлаа. Нөхөр Диматайгаа “Eden” рестораныг ажиллуулж байхдаа ханцуй шамлан гал тогоонд гялалзаж, гараа гарган хоол хийдэг байсан Сэлэнгэ өөрөө ч гэсэн зоогийг сонгож хүртдэг байсан. “Pizza de la Cassa”, “Silk road”, том “Irish”-ийн хоолыг л тоож иднэ, үгүй бол өөртөө жаахан жаахан амттай юмнууд бэлдээд л найзуудыгаа дуудна даа. “Сэгий ямар цэвэрч гээч! Хаа ч явсан, арчаад л, зүлгээд л байна. Хажууд нь байхаас ч санаа зовмоор” гэж ойр байсан хүмүүс нь ярих юм билээ. Гаднаа төдийгүй дотроо тийм гойд цэвэр байсан болохоороо энэ буртагтай тортогтой хорвоогийн болхи халтар бүтээлүүдээс хэнийг нь ч хүлээн авч чаддаггүй байсан юм болов уу.

Бусадтай зөвхөн аз жаргалаа л хуваалцдаг байсан Сэлэнгээгийн хэнд ч үзүүлээгүй нулимсыг гашуун ундаа даруулж байхыг харсан цорын ганц үнэнч гэрч нь охиных нь зураг.

“Охиндоо л очихсон…”

Би Сэлэнгээгийн тухай сонсож суухдаа хар шилтэй байсан тулдаа л цийлэлзсэн нулимсаа харуулаагүй. Амьдралынх нь ямар мөчүүд хамгийн чухал байсныг хүмүүс дандаа л хожуу ойлгодог болохоор, бид хэнтэй нэгэн цагт амьдарч байснаа, хэнтэй нэг агаараар амьсгалж, хамтдаа дуулж, явснаа таг тасхийхэд л мэддэг юм болов уу даа.

Нам гүмээс илүү чанга чимээ байдаггүй шиг нойтон үг, хуурайхан үнсэлтээс илүү дүлийрэл гэж үгүй биз. Эцсийн амьсгалаа таттал элгээ эмтлэн санасан үр нь ээжийнхээ ачийг хариулж, сайн яваасай гэж би чин зүрхний угаас ерөөмөөр байна. Үр нь сайн явж аз жаргалтай байхаас илүү юм гэж эх хүнд юусан байх вэ. Ээж минь Бурханы орны хаалгыг татахдаа юу бодсоныг би бас тэр босгыг алхахдаа л ойлгох учраас одоо юу гэхээ ч мэдэхгүй байна.

Харин Сэлэнгээ бие нь муудахдаа ганцхан хүнийг л дуудсан байдаг. Сайдаж, муудаж явсан ч төрснөөс илүү нь гэж үгүй. Хүн яахаараа хэнийг ч итгэж дуудахгүй болдгийг би өөрийн биеэр туулаад өнгөрсөн учраас “Хорвоо хатуу биш, харин хүн л хатуу байдаг”-ийг амссан, амсахаар барахгүй, амаараа гартал цутгуулсан Сэлэнгээд тэгэхэд ямархуу байсныг зүрхээрээ мэдэрсэн. Сүүлийн жилүүдэд хамт байсан найз Алтантуяагийнх нь урлангийн хаалгыг дуугүйхэн хаахдаа би хүний ертөнцтэй холбосон утасны чимээгүй чарлаан дундуур Сэлэнгээгийн намуун хоолой “Лаа”-гаа асааж, лаваар уйлан хорвоог аргадахыг сонссоор явлаа.

 

Лаа

Наран цонхон цаана бууж
Манан бороон наана сууж
Аяархан, эгэлхэн, бүрэгхэн үдэш
Андын бас амь нэгтнүүдийн тухай
Алсын болоод газрын юмсын тухай
Асгаруулан лаа уйлан шатах юм
Уйлаад байх юм, үгүй ч юм шиг
Уул нь зөв амьдраад ч байгаа юм шиг
Гэхдээ бид хаа нэгтээ
Гэнэт төгөлдрийнхөө ард суугаад
Лавхан тоосыг тагнаас арчаад
Лаа асаах юм, дахиад л лаа
Харин чи хүний төлөө уйлан
Халиран, хуйлран, дөл чинь дуулан
Хайлан нулимсаараа орчлонг төөнөн
Хал хатаар, гал лаваар урсан
Халуун амиа надад зориулдаг чинь
Хамгаас чухал шүү, лаа минь
Лаа минь дээ!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !