Би онц сурдаг, урлаг спортын авъяастай, гэрийн ажил сайн хийдэг, ээж аавтайгаа сайхан харилцдаг, өөртөө өндөр зорилго тавьсан…нэг үгээр “асуудалгүй хүүхэд” байсан. Гэхдээ энэ бол надад “АСУУДАЛ БАЙГААГҮЙ” гэсэн үг огт биш. Надад маш олон асуудал байсан. Би энэ талаар ээж аавтайгаа ярилцдаг байгаагүй. Олон зүйлийн талаар найзуудтайгаа ярилцдаггүй байсан. Би ганцаараа бүхнийг даван туулсан.
Тэр замыг би мартаагүй, хүүхэд гаднаа харагдаж байгаа шигээ биш шүү гэдгийг дандаа санаж явдаг.
Яагаад гэдгийн хариултыг би одоо хүртэл бүрэн олоогүй, гэхдээ хүүхэд ээж аавтайгаа жинхэнэ “би”-гийнхээ тухай ярьдаггүй, өөр дүр эсгэдэг болохыг би өөрийнхөө ч, бас өөр олон хүний туршлагаас мэднэ. 14-тэй Амгаланд юу хэрэгтэй байсан, түүнийг одоо хүүхдүүдэд өгөх юмсан гэж би энэ урланг зохион байгуулж байгаа юм. Бяд сууж амжаагүй хавчиг цээжиндээ дааж ядан яваа бүхнээс нь хөнгөлж хуваалцъя гэсэн юм.
Ганцхан сарын дотор ямар ч хүн тэс ондоо болохгүй. Харин тэр ганцаараа биш юм байна, тэр өөрийнх нь айж байгаа шиг гажиг биш, өнөөдөр харагдаж байгаа бүхэн өнөөдрийн өнцгөөс л ингэж үзэгдэж байгаа гэдгийг ухаарах эхний алхмуудаа хийнэ. ТЭР ХҮҮХЭД ШИНЭ ЗАМ ДЭЭР ГАРНА. Өнөөдрийн хүүхдүүд хурдан өсч байгаа ч хүүхэд чигээрээ удаан үлддэг болсон цаг.
Хамаг юм нь томроод байгаа хэр нь харин өөрөө том хүн болж амжаагүй яваа энэ шилжилтийн насанд зөв чиглэл өгч чадвал нь хүүхдийнхээ төлөө бидний хийж чадах хамгийн том хөрөнгө оруулалт байж магад.
Бид өөрсдийгөө юу ч гэж боддог бай, яг үнэндээ хэн болохыг маань хүүхдүүдийн хандлага л харуулаад өгдөг дөө.
Дөнгөж хэлбэрээ олж эхэлж байгаа “ХҮН” болох аяныхаа эхэнд, олон салаа замын уулзварт зогсч байгаа орь залуу хүмүүс… Хүүхдүүдийг шаналгаж байгаа эргэлзээ, үл ойлголцол, дотоод зөрчил, итгэл алдрал, урам хугарлыг басч, үгүйсгэвэл ирээдүйн 60 жилийн амьдралд нь хэрээс тавьсантай адил юм болох учраас… ЭЭЖ ЭЭ, ААВ АА, ХҮҮХДЭЭ СОНС!
Та нарт хэлж зүрхлэхгүй байгаа бүхнээ өөр хэлбэрээр, өөр бусдад илэрхийлэх боломж өг!