Хүсэл гэдэг “Чамд би солиорон дурлаж байна”, “Би чамайг хүсч байна”, “Яасан ч яахав”, “Өнөөдөр л биш, тэгэх үү” гэсээр л хайрын оргилуун найрлын дуу намсах тоолон дэлбээгээ гээдэг цэцэг л гэсэн үг. Тиймээс л “өнөөдөр биш…” биднийг ингэтлээ айлгаж, “бүр хүсэхээ байчихвал…” гэж түгшдэг биз. Бүх юм байх ёстой хэмжээндээ л байдаг гэсэн нийгэм судлаачдын баримтууд биднийг түрхэн зуур л тайвшруулна.
Яагаад гэвэл,хэм хэмжээ бидэнд ердөө падлийгүй, “бусадтай адил” байхыг бид хүсдэггүй, хэзээ ч унтрахгүй байх нь л чухал. Гэвч хөөрхий тэр хайр сэтгэл чинь түр сааталтай, агшин зуурын гялсхийлттэй, санаанд оромгүй сэдвүүдээр ёстой үнэмшмээргүй орон зайд өрнөх эрхтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрье. Хүсэл гэдэг хэзээ ч дүгнэн цэгнэх ухаан, сэтгэлийн хүчинд захирагддаггүй. Тиймдээ ч хүсэл байгаа юм.
Зөнгөөрөө жимслэн цэцэглэж, заримдаа өөрийн жамаар хагдран, дуугаа хураах эрхийг нь түүнд өгье.
Бас үес үесхэн гэнэтийн бэлэг барин мушилзах эрхийг нь ч гэсэн. Энэ бол хүслийн бидэнтэй хамт амьдрах цагийг нь уртасгах цорын ганц арга. Тэр өөрчлөгдөж байхдаа л амьд байдаг. Хүслийн мөн чанар хувирамтгай ч үүнтэй эвлэрэх хосууд улам цөөрсөөр байна. Бие биедээ хайртай хосуудын хүртэл янаглал царцаж, тэгснээ, “яагаад больчихов” хэмээн айдаг болж. Хүсэл яахаараа мөхдөг юм бол?
Хайрын харьцаагаа цохилтон доор тавьчихалгүйхэн шиг, хүслийн зайлшгүй гуйвлааг дайвалгүй даваад гарчих ухааныг яажшуухан олох вэ? “Бие биедээ л хайртай байвал секс ямар ч асуудалгүй” энэ бол орчин үеийн романтик төгөлдөршлийн нэг тал. Нэг нэгэндээ хэрвээ сэтгэлтэй л юм бол, шунал тачаал бол мэдээжийн зүйл гэж олон хүн төөрөлддөг. Тэгээд л хажуудахаа сонирхох нь бууран буурсаар бүр алга болоход гэнэт цочиж, тодорхойгүй гэмийн мэдрэмжиндээ мэрүүлж эхэлнэ. Хамтран амьдрагсдын 40 хувь нь хүсэл багасч байгааг, эмэгтэйчүүдийн 38 хувь, эрчүүдийн 20 хувь нь сүүлийн 12 сарын турш галзуу хүсэл огт төрөөгүй буюу хангалтгүй байгааг хүлээн зөвшөөрдөг.
Нийгэм судлаачдын үзэж байгаагаар хүслээ алдагсад дасал, ядаргаа, ахуйн нөхцөл, гэр орны ачаалал, хүүхдийг гол саад гэж нэрлэдэг ч хамгийн гол нь тэдний хамт өнгөрөөсөн хугацаа, хүслийн өрнөлтэй урвуу харьцаатай байдаг байна. Тэгээд ч орчин үеийн европын нийгэмд зонхилдог, амьдралд хэрэглээний байр сууринаас ханддаг хандлага л хүсэл тачаадал дээр тодотгол хийдэг бидний өвчнийг тайлбарлах байх.
Манай оронд яг л баруунтай адилаар, амжилттай хүн гэдэг бол ажил дээрээ ч, орон дотроо ч өндөрт байж, сексийг олон удаа, тэгээд дээрээс нь бусдаас сайн хийх ёстой гэж үздэг. Тиймдээ ч хосын харьцааны хэмийг сексийн давтамжаар нь хэмждэг болчихож. Хүслийн хуультай зөрчилдөн барин, ханамж таашаалын хойноос улангасан хөөцөлддөг уралдааны улаан зам дээр л өнөөдрийн хүн амьдарч байна.
Хүсэл гээч юманд чинь торнин бойжиж, өөрийгөө ил гарган харуулахын тулд заавал хязгаарлалт, хориглолт, ховордолт, хосын хоорондын зай барилт бас цаг хугацаа хэрэгтэй. “Хэн нэг нь байхгүй байх нь гэр бүлийн амьдралын хамгийн чухал бүрдэл хэсэг, байхгүй байх хэмжээний тунг тааруулах нь дээд зэргийн нандин ухаан” учраас ямар ч үнээр хамаагүй хүслийн хүчийг тогтмол байлгах дон нь хүслийг үргээх хамгийн шилдэг арга байх нь. Хүсэл ширгэдэггүй, зүгээр л дүрээ хувиргадаг.
Нейрофизиологчдын сексийн талбар дах нээлтийн ачаар хамтрагчид үр төлөө үлдээх энгийн хүслээ дээд тал нь гурван жил хадгалах чадвартай байдгийг бид мэдчихсэн. Сексийн хүсэл хүнийг бүхлээр нь эзэмдэж, асар хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг учраас эр эм гэлтгүй л түүнд шунаглан дурлаж, хүсэл мохохын цагт хэн хүнгүй л сэтгэл гонсойдгийг бас мэднэ. Гэхдээ, эрч хүчээ алдана гэдэг чинь хүсэхээ бүр мөсөн больчихлоо гэсэн үг биш болохыг мэдэх үү?
Гэр бүлийн сэтгэлзүйчдийн үзэж буйгаар хүмүүс яаран адган дүгнэлт гаргаж, сэтгэлээр унаж босох нь “хүсэл”, “сэрэл” гэдэг хоёр ухагдахууныг хольж хутгадагтай холбоотой юм байна. “Шинэхэн хосын тачаалаар ассан үеийн секс, урт хугацааны хамтын амьдрал дах бэлгийн харьцаанаас шал өөр” гэж секс судлаач Гонзаг де Лорак ярьж байна. Чухам “тэр үед” болон “харин одоо”-гийн харьцуулалт хосын хоорондын итгэлийг хуурайдаж, биесээ гэх мэдрэмжийн дөлийг унтраадаг аж.
Хүнтэй ижил дасал болно гэдэг хүслээ гээнэ гэсэн үг огтхон ч биш.
Харин ч эсрэгээрээ, он оныг хамт угтаж үдсэн нөгөө хүнийхээ тухай бэлгийн дотно мэдлэг нь илүү гүн гүнзгий, эрх чөлөөтэй, шинийг эрэлхийлсэн бүтээлч харилцааны суурь болж өгдөг ч ийм өндөрт хүрэхийн тулд цагийн эрхээр хүсэл өөрчлөгдөнө гэдэгтэй л эвлэрэх хэрэгтэй болно доо. Хүслийн эх булаг нь сэтгэл хөдлөлд оршино. 15 жилийн хамтын амьдралын дараа хүүхнүүдийн 40 хувь, эрчүүдийн 23 хувь нь сексийн хүслээ мэдрэхээ больсон гэж мэдэгдэж байгаагаас харвал хүүхнүүд байнгын харьцаанаас уйдах нь элбэг.
Сексийн хамтрагчийнхаа харьцаа гэхээсээ өөрийн физиологийн байдал, секс “механизм” нь үүргээ хэрхэн биелүүлж байгаад анхаарлаа их хандуулдаг эрчүүдийг бодвол харьцааныхаа сэтгэлзүйн ерөнхий уур амьсгалд мэдрэг байдаг эмэгтэйчүүдийн хувьд хамтрагчийн хандлагад өчүүхэн боловч цав гарах төдийд хүсэл нь сулрах буюу бүр алга болчихдог.
Бага гэлтгүй зөрчил хурц гэрлийн дор байгаа юм шиг тод илэрч байдгаас сексийн хэврэгхэн бие харилцан ойлголцлын бордоог байнга шаарддагийг умартсан орчин үеийн хүмүүс амьдралын хурдаас болж сексийн харьцаандаа өөрсдийгөө бүрэн зориулахгүй байгаа хэрнээ зөвхөн эсрэг талаасаа л санаачилгатай, идэвхтэй байдлыг хүлээж, секс хурц амтаа гээсэнд бусдыг буруутгах боллоо. Сэтгэл ханамжгүй байгаа үедээ “Иймдээ тулсанд би ямар хариуцлага хүлээх вэ?”гэдэг асуултыг өөртөө эхэлж тавьж байвал есөн шөнө хоосон хонох их санаагаа зөнд нь тавьж туухад тань туслах болно.
АНХААРАЛ, ОРОН ЗАЙ, ЦАГ ХУГАЦАА. Нэг нь нөгөөгийнхөө үргэлжлэл болж, урьдчилан тааж болохуйцаар ойлгомжтой болоод ирмэгц хүсэлд гишгэх газар хомстох болно. Биесдээ татагдахын тулд сэтгэлийн дотнослоос гадна ямар нэг “харийн” байдал зайлшгүй хэрэгтэй учраас хоёр тал тодорхой хэмжээгээр хаалттай байх ёстой. “Анчин” сэтэртэй эр хүнд өрсөлдөгчөө ялах, саадыг даван ангаа олзлох үйл явц чухал байхад эмэгтэйчүүдэд хөөлгөх, аальгүйтэн зугатах, үнэд орох, ямагт дуран авайн дор байгаа мэт сэтгэгдэл чухал учраас л хүслийг удаан амьдруулъя гэвэл өөр өөрийн дүрд үнэмшилтэй тоглож “жүжиг”-ээ тэтгэж байх хэрэгтэй.
Хэрэв нөгөө хүний тань хөл нийлэхгүй,танд үл баригдах оньсого мэт ондоо байдал нь ертөнцийг үнэлэх хэмжүүрт тань дүйцэхгүй байгаа тохиолдолд танил дууны дасал болсон хэмнэлд хүсэл унтарч эхэлнэ. Эсрэг талын ялгаатай зүйл нь харин болгоомжлуулж, заримдаа “шарх”-ыг тань хөндөж байвал хэдийгээр цочролд оруулсан ч энэ байдал бол хосын эротик харьцааны тулгын гурван чулууны нэг болох юм.
Сексийн их далайн толин мандлыг л буй болгох гэсэн горьдлогодоо дөрлөгдөн, бүх л хурц өнцгүүдийг мөлийлгөчихгүйхэн шиг, ондоо шинж чанаруудаа хадгалан үлдэхийн хамт нөгөө хүнээ хүндэтгэж байх нэг арга нь хүсэл юм шүү дээ. Хүслээ байлгах гэвэл та ч гэсэн өөрийнхөө “ганцхан агуулгатай биш” гэдгээ, давтагдашгүй өвөрмөц төрхөө, хувийн орон зайн дах тусгаар тогтнолын дархан байдлаа бат хадгалж, өөрийгөө “сургуультай амьтан” болголгүй, толгой өвтгөхөөргүй хялбархан тэнцэтгэл байхгүйн төлөө тэмцэхээс аргагүй болно.
Бие биесээ ёроолыг нь гартал нээгээгүй, зарим талаараа “танихгүй хүн” хэвээр байгаа гэдэг мэдрэмж хосын аль алинд байгаа цагт хүслийн гал бадарсаар л байх болно, та итгээрэй.
ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙН АМЬСГАЛАХ АГААР. Хайрын хууль хүслийн тоглоомын дүрмээс эрс ялгаатайг ухаар: хаана бүх юм танил дотно, аюулгүй байдал ноёрхоно, тэнд хайр соёолж, харин тодорхой бус хүлээлт, санаанд оромгүй учрал, гайхаш төрүүлсэн алхмуудаар хүсэл амьсгалж байдаг. Хайр уусан алдрахыг, харин эротизм зайнаас соронзлогдохыг шаарддаг ёсоор бие биенээ хайрлаж, гайхалтай сайн ойлголцдог хосууд хоорондоо секс хийхийг хүсэхээ больж, гуравдагчийг бүтүүхэндээ эрэлхийлэн, бусдыг бодоход л дүрэлздэг тачаалын түймэр хайртай хүнээ энхрийлэхэд ядахдаа уугидаггүйг ойлгож цөхрөн шаналдаг.
Гэр бүлийг төсөөлдөг өнөөдрийн томъёоллоор цорын ганц хайртай хүн бол
чиний сэтгэлийн уутаа гөвж болох, эргүүлээд чамд хүссэн бүхнийг чинь
амаар гартал цутгах нэгэн гэж бодох болж.
Урьд өмнө нийгмийн гишүүдэд хуваан оногддог байсан, экзистенциал ганцаардлаас биднийг аврах ёстой үүргийг одоо ганц хайрт маань л үүрэх ёстой болж байна уу даа. Хосын харьцаанаасаа хайрын гал, сэтгэлзүйн хамгаалалт, нийгмийн байр суурь, эротикоор зогсохгүй элдэв юмс хүлээдэг болсноос тусгаарлагдмал хоёрын битүү тойрогт хүслийн амьсгал боогдоод байгаа юм.
Цээж уужруулам цэнгэг агаартай, зоргоороо тийчлэх орон зайд урган төлждөг хүсэл гурван үеэрээ 10, 20-уулаа хамт амьдардаг байсан өнийн цагт яаж оршин тогтнодог байсан байх вэ? Хичнээн олуулаа байхаас үл хамааран гэр бүлийн гишүүн бүр хувийн орон зайдаа, зөвхөн өөрийнх нь өмч-бодол санаануудаараа амьдраад явдаг байж. Гэтэл орчин үеийн сэтгэлзүйчдийн хаалгыг татаж буй болгоны амнаас “Тэр надтай дуугарахгүй байна”, “Тэр юу мэдэрч байгаагаа хэлэхгүй байна”, “Түүний яг юу бодож байгааг би мэдэхгүй байна” гэх зэргээр өмнөө заавал нүцгэлэхийг шаардах болжээ.
Нэг нь нөгөөдөө наалдчихвал юугаа нээж, хэнийгээ байлдан дагуулж, хэнтэйгээ хөөцөлдөх болж байна аа? Гал ноцоохын тулд агаар хэрэгтэй. Өөртөө байгаагаа хүсэх хэцүү. Гэвч хэн нэгэн үүрд хөлд маань хэвтэж, хэзээ ч, хэн рүү ч явчихгүйгээр өмч минь болсон гэж бат итгэх бид хэн юм бэ?
БИДНИЙ ЛИБИДО ХОЛБООТНУУД. Сексийн дур хүслийг тодорхойлогч тестостерон хэмээх даавар нь хүний биед тогтмол хэмжээтэй байдаггүй, заримдаа 1-2 сар, бүр жилийн хугацаанд ч буурах тохиолдол байдаг. 30-аад наснаас багасч эхэлдэг тестостероны боловсруулалт 50-55 насны эрчүүдэд хоёр дахин буурсан байдаг.
Гэвч ганц дааврын хэмжээгээр сексийн дурыг хэмжихэд учир дутагдалтай.
Энэ сэдвээр байнга дайралт хийх, реклам, хэвлэл мэдээлэл, зурагтаар эротик дүрслэлийг замбараагүй ашиглах, биеийн шууд хавьталгүйгээр сексийг мэдрэх боломж (үзэх, ярих, хүртэх хэлбэрээр) гарын доор болчихсон зэрэг нь сексийн үнийг унагааж, эсвэл хүсэлгүйгээр хуурай секстэх эх адаггүй самууралд хүргэж байна.
“Виагра”, “Сиалис”, “Левитра” зэрэг нь эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэхэд эерэг нөлөөтэй ч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, элэг, бөөр, зүрх судасны өвчний үед сөрөг нөлөөтэй. “Климинорм”, “Ливиал” нь 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн өндгөвчний үйл ажиллагааг дэмжиж, бэлгийн дааврын тэнцвэрийг хангаж өгнө. Өнөөдөр эрэлт ихтэй байгаа эдгээр эм бэлдмэлээр асуудлын зөвхөн гадаад үзүүлэлтүүдийг түр хугацаанд өөрчилж болох ч эхний энэ алхамдаа сэтгэл ханалгүйгээр асуудалд, ерөөсөө аливаад хандах өнцгөө эргэн нэг харж байвал аз жаргалын алтан түлхүүрээ алдалгүй атгаж Та чадна аа!
2010 он